• Өнөөдөр 2024-04-27

Б.Дөлгөөн: Сэргэн мандалт, Соён гэгээрлийн үеийн онцлох 10 философийн бүтээлээ хуваалцлаа

2020-10-20,   3652

Энэ удаагийн "Оюунт Монгол” буландаа улс төр судлаач, Францын Sciences Po их сургуулийн судлаач Б.Дөлгөөнийг урьж оролцууллаа. Тэрбээр 2016 онд өөрийн “Бодит байдал: Монголчуудын өнгөрсөн ба одоо” хэмээх улс төрийн антропологи сэдэвтэй номоо бичиж, хэвлүүлсэн. Түүнчлэн Францын зохиолч Мишель Уэльбекийн “Тулааны талбарын тэлэлт” номыг монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. Хамгийн сүүлд “Монсудар-Нийгмийн ухаан” цувралын Монтескьегийн "Хуулийн амин сүнс", Никколо Макиавеллийн “Хунтайж” хэмээх хоёр алдартай философийн номуудад орчуулгын редактораар ажиллаж, философийн нэр томьёоны тайлбар толийг бичсэн юм. Бидний зочин Б.Дөлгөөн Сэргэн мандалт, соён гэгээрлийн үеийн онцлох арван философийн бүтээлээ хуваалцлаа.

1. Хомер “Илиада” & “Одиссэй”/ НТӨ 725-675/

Сэргэн мандалт, соён гэгээрлийн үеийн философийн тухай хөөрөлдөхөөс өмнө, өрнийн соёлыг сайтар ойлгох үүднээс эртний Грек-Ромоос Данте Алигьери хүртэлх он жилүүдийг заавал дурдах ёстой. “Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульс нь яах аргагүй хүний оюун ухаанаар бүтсэн бүх цаг үеийн хамгийн агуу бүтээл мөн билээ.

2. Виргилий “Энейн дуулал” (НТӨ 29-19)

Хомерын “Илиада”, “Одиссэй” туульсын “албан бус” үргэлжлэл хэмээдэг уг бүтээлийг эртний Ромын яруу найрагч Виргилий туурвижээ.

Трой хотын уналтын дараа Одиссэй төрөлх нутаг руугаа буцлаа. Харин Трой хотын иргэн Эней баатар орон гэргүй болсон ард иргэдээ дагуулан шинэ нутаг хайхаар адал явдалд гарна. Түүний аялал үргэлжилсээр Итали Улсын газар нутагт хүрч ромчуудын өвөг дээдэс болсноор зохиол төгсдөг.

3. Маркус Аурелиус – “Эргэцүүллүүд”(161-180)

Ромын эзэн хаан, философич Маркус Аурелиусын амьдралынхаа сүүлийн 10 жилд бичсэн тэмдэглэлүүдийн эмхэтгэл нь юм. Энэхүү бүтээлийг хүн төрөлхтний философийн гол эх сурвалж, сувд эрдэнэс гэх нь бий.

4.Данте Алигьери “Тэнгэрлэг туульс” (1300)

Бүх цаг үеийн утга зохиол, яруу найргийн дээжис болсон гайхамшигт бүтээл билээ.

5. Никколо Макиавелли “Хунтайж” (1532)

Сэргэн мандалтын үеийн оюун санаанд хувьсгал, тэсрэлт болсон гайхалтай бүтээл хэмээдэг.  

6. Никколо Макиавелли “Дайтах урлаг” (1520)

Макиавеллийн өөр нэгэн агуу бүтээл нь “Дайтах урлаг” ном бөгөөд Наполеон Бонапартын ширээний ном байсан гэлцдэг.

7. Барон де Монтескье “Хуулийн амин сүнс” (1748)

Францын Соён гэгээрлийн үеийн хамгийн чухал бүтээл бөгөөд хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн бүтээл юм.

8. Барон де Монтескье “Перс захианууд”(1721)

Соён гэгээрлээс өмнөх францчуудын харанхуй, бүдүүлэг сэтгэлгээг Перс хүний өнцгөөс захидал хэлбэрээр ёжлон бичсэн зохиол юм.

9. Вольтер “Кандид”(1759)

Францын Соён гэгээрлийн гол төлөөлөгчдийн нэг Вольтер “Кандид” зохиолдоо философийн нарийн, төвөгтэй үзэл санааг энгийн, ойлгомжтой байдлаар, уншигчдыг уйдаалгүйгээр хүргэж чадсан уг бүтээлийг онцолж байна.

10. Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ” (1762)

Уг ном, Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номын хамти Францын Соён гэгээрлийн онцлох хоёр ном болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулсан юм.

- Эдгээрээс аль нь таны ширээний ном бэ?

-Маркус Аврелиусын “Эргэцүүллүүд” юм даа.

-Манай булан оролцогчоороо дараагийн зочноо нэрлүүлэх хүсэлт тавьдаг. Та аль чиглэлийн, хэн гэдэг хүнийг санал болгох вэ?

-Дараагийн зочноор Монсудар хэвлэлийн газрын захирал, хүндэлж явдаг Р.Энхбат ахыг нэрлэмээр байгаа ч, өмнөх дугаарт оролцсон учир, орчуулагч, эдийн засагч О.Гомбожавыг нэрлэж байна.


Б.Дөлгөөн: Сэргэн мандалт, Соён гэгээрлийн үеийн онцлох 10 философийн бүтээлээ хуваалцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 23:04:47
    Zochin: Dyydee bayr kjyrgye. Amjilt byteeliin ekh uurkhai yavaarai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188