• Өнөөдөр 2020-10-19

Ж.Дэлгэрсайхан: Арван жилийн дараа тэтгэврийн тогтолцоо үргэлжлэх боломжгүй болно

2020-09-04,   63

Тэтгэврийн реформ хийх асуудал нийгэмд хурцаар тавигдаж буй. Энэ талаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. 
 
-Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор манай улсын эдийн засагт урт хугацаанд үүсэх сөрөг үзүүлэлт цөөнгүй байна. Ер нь эдийн засгийн ямар өөрчлөлт гарах вэ? 
-Тоо баримт хэлэхэд хэцүү. 800 гаруй тэрбум төгрөг гүйлгээнд оруулж байна. Мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлснээр валютын ханшид нөлөөлж, эрэлтийг өдөөнө. Дээрээс нь гадаад зах зээл дэх нэр хүндээ унагана. Манай улс 1995 оноос тэтгэврийн шинэ тогтолцоонд шилжих алхмынхаа суурийг анх тавьсан байдаг. 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль баталснаар хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих үндэс суурь тавигдсан. Тухайн үед хүн амын тэтгэврийн тогтолцоо, насны бүтэц зэрэг эдийн засаг, нийгэмд гарч болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцоолж тэтгэврийн шинэчлэл хийх талаар төрөөс 2021 он хүртэл баримтлах бодлого  баталсан байдаг.
 
Харамсалтай нь, энэ хугацаанд дорвитой хийсэн шинэчлэл байхгүй. Одоогоор “Эв санааны” гэж нэрлэгдээд байгаа ажил эрхэлж байгаа иргэдийн төлсөн шимтгэлээр өндөр настны тэтгэврийн асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоотой хэвээр л байна. Улс төрийн хүрээнийхний дунд энэ шинэчлэлийг хийх зориг, хүсэл алга. 1999 онд гаргасан бодлогод тэтгэврийн даатгалын нэрийн дансны дагуу 1960 оноос хойш  төрсөн хүмүүс хагас хуримтлалын тогтолцоогоор тэтгэвэр авах ёстой. Гэтэл тэтгэврийн даатгалын нэрийн данс хий хоосон мөнгөний бичилт болж хувирсан. Бодит хуримтлал үүсэж чадаагүйн улмаас 2015 онд манай улс бодлогоо дахин шинэчилж, 2030 он хүртэл баримтлах төрийн бодлогыг дахин баталсан. Ингэснээр 1979 оноос хойш төрсөн хүмүүс хагас хуримтлалын тогтолцоогоор тэтгэвэр авах болсон.
 
Тухайн үед 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс цалинд суурилсан тэтгэвэр тогтоолгох эсвэл нэрийн дансны зарчмын дагуу хагас хуримтлалын зарчмаар авах гэсэн хоёр сонголттой нүүр тулж байлаа. 1960 онд төрсөн хүмүүс хагас хуримтлалын зарчмыг дагавал одоо баримталж байгаа хуваарилалтын тогтолцооноос бага тэтгэвэр авах нөхцөл үүссэн. Хуваарилалтын тогтолцоо цааш үргэлжлэх боломж нь улам хязгаарлагдсаар байна. Учир нь, тэтгэврийн сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, дунджаар 500-600 тэрбумд хүрсэн.  Энэ алдагдлаа улсын төсвөөс санхүүжүүлэх зарчмаар явж байгаа. Цаашид энэ байдлаар явах боломжгүй болсон. Улстөрчдийн буруу алхмуудаас болоод тэтгэврийн тогтолцоо хүндэрсээр л байна. 
 
-Тэтгэврийн тогтолцоо хүндэрсээр байгаа гэлээ. Ер нь одоо ямар түвшинд байна вэ?
-2015, 2016 оны үед тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ДНБ-ий тав орчим хувьтай тэнцэж байсан. Олон улсад энэ тоо хоёроос дээш хувьд хүрвэл тухайн улсын эдийн засаг, нийгэм хүнд байдалд орлоо гэж үздэг. Манай улсын хүн амын бүтэц, насны суварга өөрчлөгдсөөр байна. 1960, 1970-аад он буюу хүн амын огцом төрөлтийн үеийн хүмүүс тэтгэвэрт гарч эхлэхэд ажил эрхэлж байгаа арван хүн тутамд ногдох тэтгэвэр авагчийн тоо улам нэмэгдэнэ. Одоогийн байдлаар энэ тоо дөрөв орчим байгаа. Цаашид тав, зургаа гэх мэт нэмэгдсээр 2070, 2080 оны үед тэтгэвэр авч байгаа болон ажиллаж байгаа хүний тоо хоорондоо тэнцэх магадлал өндөр байна. Ер нь арван жилийн дараа тэтгэврийн тогтолцоо цааш үргэлжлэх ямар ч боломжгүй, алдагдал нь улам нэмэгдэх байдалтай болно. 
 
-Тэтгэврийн тогтолцооны зорилго юу вэ. Манай улсын иргэд ядуу байгаа нь тэтгэвэр үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Тэтгэврийн тогтолцоо өндөр настныг орлогын доройтол, ядуурлаас хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ онолын хувьд тэтгэврийн сангийн алдагдал тийм ч чухал асуудал биш болж хувирна. Харин иргэд тэтгэвэрт гараад шууд бага орлоготой иргэн болж, ядууралд өртөж байна. Үүний нэг жишээ нь, тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудлаас харагдана. Монгол Улсын иргэдийн цалингийн дундаж орлого сая гаруй төгрөг байна. Тэд тэтгэвэрт гараад 400 мянган төгрөгийн цалинтай болж хувирна. Энэ нь тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго манай улсад хэрэгждэггүй, үүргээ биелүүлж чаддаггүй гэсэн үг. Мөн тэтгэврийн тогтолцоо иргэдийг эрсдлээс хамгаалахаас гадна хуримтлуулсан хураамж нь эргээд тухайн иргэнд үйлчилдэг зарчимтай.
 
Манайд энэ зарчим байхгүй учир тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд тэр хүний хуримтлуулсан шимтгэлийг гэр бүлийн хүмүүс нь авах боломжгүй. Мөн 30, 40 жил шимтгэл төлсөн иргэд төрийн хамгааллын тогтолцоонд хамрагдах боломжгүй гэх зэрэг олон сул тал бий болгож байгаа юм. Олон улсын жишгээс харахад тэтгэврийн томоохон сан бүрдүүлж иргэн, тэтгэвэр авагчдаа хамгаалахаас гадна нийгэм эдийн засгийн эерэг үр дагавар гаргадаг тогтолцоотой юм билээ.  Сингапур, Австрали, Япон, зүүн хойд Европ зэрэг сайн жишигтэй орнууд их бий. Тэднээс суралцах нь зөв ч шууд хуулбарлаж болохгүй. 
 
-Тэтгэврийн шинэчлэл хийх асуудалд төр, засгаас хэрэгжүүлж буй хувилбарууд хэр оновчтой вэ? 
-Тэтгэвэр авагчдын насыг нэмэгдүүлэх, НДШ төлөлтийг өсгөх гэсэн идэвхгүй хувилбарыг төр, засгийн зүгээс хэрэгжүүлж байна. Энэ нь эргээд томоохон эрсдэл дагуулна. Иргэдийн дундаж настай харьцуулахад тэтгэврийн насыг өсгөх нь буруу, эдийн засгийн үр ашиггүй тогтолцоо болж байгаа юм. Тийм учраас төрийн албан журмын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй. Суурь давхаргын тогтолцоогоо бүх нийтийг хамарсан байх ёстойг шийдэж нэн даруй тодорхойлох, одоо хэрэгжиж байгаа тогтолцоог хагас хуримтлалын зарчим руу яаралтай шилжүүлэх хэрэгтэй. Хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлснээр ажил олгогчдод учруулж байгаа татварын дарамтыг бууруулах шаардлага үүснэ. Үүний зэрэгцээ хувийн тэтгэврийн тогтолцоог албан журмын байдлаар оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн тэтгэврийн тогтолцоог сайжруулж иргэд, аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаа өндөр татварын дарамтыг аажмаар бууруулж байж хувийн тэтгэврийн тогтолцоо орших нөхцөлийг бүрдүүлнэ. 
 
-Тэтгэврийн шинэчлэл хийх талаар нэлээд удаан ярилаа. Гэтэл дорвитой шийд, гаргалгаа гарсангүй. Ер нь шинэчлэл хийх бодлогын гацаа хаана байна вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг холбоо, иргэд, эдийн засагчид гээд бүх л хүн ярьж байна. Сүүлийн 20 жил ярилаа, дорвитой хэрэгжсэн зүйл алга. Эсрэгээрээ тэтгэврийн даатгалын сан улсын төсвийн томоохон нэг хэсэг болчихсон. Түүгээрээ дамжуулаад улс төрчид тэтгэврийн даатгалын тогтолцоог сайжруулах биш улс төрийн оноо авах, нийгмийн тодорхой хэсэгт хандсан, шийдвэр гаргаж байна. Үүний нэг жишээ нь, тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал. Мөн энэ оноос хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэвэр авах боломж бүрдүүлж байгаа явдал юм. Өнгөц харахад иргэнд ээлтэй шийдвэр мэт боловч тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо болон эдийн засагт хортой шийдвэр гаргаж, сангийн алдагдлыг нэмэгдүүлэх, улам доройтох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ийм учраас хамгийн эхний шийдэл нь тэтгэврийн шинэчлэлийг улс төрийн түвшинд зоримог хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн тэтгэврийн тогтолцоог улсын төсөв, улстөрчдийн нөлөөллөөс аль болох холдуулах шаардлагатай.
 
Үүний нэг гарц нь хуримтлалын тогтолцоонд шилжих. Тэгэхээр гол гацаа нь улс төрийн хүрээнд байна. Улстөрчдөд шахалт үзүүлж, иргэдэд тэдний төлж байгаа шимтгэл өөрийнх нь ирээдүйг хамгаалах ёстой, мөн сонгогчдоос оноо авах гэсэн улстөрчдийн шийдвэр байх ёсгүйг ойлгуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнөөгийн нөхцөл байдлыг ихэвчлэн иргэдтэй холбон тайлбарлах хандлага нийгэмд мэр сэр байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Тэтгэвэр авч байгаа иргэдийг хэн ядуу болгосон, нийгмийн энэ доройтлын гол буруутан нь хэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Сүүлийн 20, 30 жил сайн засаглалтай байсан бол иргэд ядуу, дорой амьдрахгүй байсан. Тийм учраас улс төрийн сайн нам, сайн засаглал бий болгохоос бүх асуудал эхэлнэ. 
 
-Тэтгэврийн зээлийг тэглэсэн, дээрээс нь бид энэ жил шинэ Парламентаа сонгоно. Үүнээс улбаалж манай улсын эдийн засаг цаашид хэрхэх бол?
-Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой асуудалд “Эрдэнэс Монгол” компани бонд гаргаж, улс төрийн буруу шийдвэртээ Төв банкийг татан оруулж, нийт мөнгөний нийлүүлэлтийн тав орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаагийн нийлүүлэлтээр банкны системд оруулж ирэх бололтой. Ингэснээр үнийн тогтворгүй байдал үүсэж, эрэлт зохиомлоор нэмэгдэнэ. Валютын ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн өсөх сөрөг нөлөөтэй. Мөн ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчиж, монголчууд худалч гэдгээ дахин баталлаа. Үүний үр дүнд ОУВС эдийн засгийн ямар хариу арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ хатуу арга хэмжээ авбал мөнгөний нийлүүлэлт, валютын ханшинд богино хугацаагаар нөлөөлөхөөс илүүтэй том хохирол учирна.
 
Гэрээний хугацаа дуусах дөхөж байгаа учраас валютын сан биднийг шууд орхих, эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ гэрээний хугацаагаа дуусгалгүй орхих юм бол манайх олон улсын зах зээл дээрх бүхий л дэмжлэгээ алдана гэсэн үг. Дээрээс нь ФАТФ-ийн саарал жагсаалтаас гарах болоогүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа дээрээ ОУВС-гийн дэмжлэгийг алдах юм бол асар том эрсдэл үүснэ. Ганц найдвар нь уул уурхайн салбар дахь эрдсийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаасай гэдэг л хүлээлттэй болно. Улстөрчдийн популист амлалтаас болоод эдийн засагт сөрөг үр дагавар учирж байгаа олон жишээний нэг нь энэ. 
 
-Манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд эерэг үзүүлэлттэй байсан. Гэтэл арай гэж тогтворжиж байгаа эдийн засгаа улам доройтуулчих шиг? 
-2021 оноос эхлэн эргэн төлөх томоохон өрүүдээс гадна энэ онд Хятадын ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацаа дуусна. ОУВС нүүр буруулбал Хятадын зүгээс своп хэлцлийг дахин сунгахгүй байх магадлал өндөр. Учир нь ОУВС-гийн гэрээний хүрээнд яригдсан асуудал учир БНХАУ дангаараа шийдэхгүй, танайх гэрээгээ зөрчсөн гэдэг байдлаар татгалзаж болзошгүй. Бид татгалзах шалтгаан хэлэх боломжийг нь нээгээд өгчихсөн. Сүүлийн хоёр, гурван жилд эдийн засаг эерэг үзүүлэлттэй байсан. 2020 оны эдийн засаг өнгөрсөн хоёр, гурван жилийнх шиг эерэг байхгүй. Эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байх магадлал өндөр байгаа нь бидний ганц найдвар. 
 
-Тэтгэврийн зээлийг тэглэж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Дээрээс нь саарал жагсаалтад орсон гээд асуудал их. Үүнийг дагаад валютын ханш нэмэгдэж төгрөгийн ханш сулрах, инфляц өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэл үүснэ. Ер нь ханшийн нэмэгдэлд бид ямар хариу арга хэмжээ авч байж эдийн засгийн хүндрэлийг давах вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн, сүүлийн 20-иод жил манай улсын эдийн засаг муу байгаа нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Тогтвортой эдийн засгийн бодлого түүнийг хэрэгжүүлж байгаа арга механизм байсангүй. Цаасан дээр бичигдсэн бодлогын баримт байвч хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй явж ирсэн. Тийм учраас манай улсын эдийн засаг гадаад зах зээлээс хамааралтай болсон. Гадаад зах зээл дээр эрдсийн үнэ унавал бид доройтдог, ийм л эмзэг эдийн засагтай болсон. “Тавантолгой” компанийн IPO, төмөр замын төсөл гэх зэрэг эрчим хүчний төслүүдийг яаралтай эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах мөн манай улсад тохирсон урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
Тэгэхгүй бол ойрын 10, 20 жилд дахиад ОУВС-г гуйх, гадаад зах зээлээс хэт хамааралтай хэвээр байх гэсэн нэг тойргоор явсаар байх магадлал өндөр байгаа. Ямартай ч Монгол Улсын эдийн засгийн бодлого төлөвлөлттэй, тогтвортой байх ёстой гэдэг ерөнхий чиг хандлагыг үндсэн хуулиндаа тунхаглалаа. Энэ өөрчлөлтөд бага зэрэг найдаж байна. 
 
-Хурдацтайгаар тархаж байгаа коронавирусын халдварын улмаас хилээ хаалаа. Хил хаасантай холбоотой эдийн засагт ямар сөрөг нөлөө бий болох бол? 
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шууд өснө. Манай улсын импортын хамгийн өндөр хувь Хятадад ногдож байгаа. Тэгэхээр хил орчимд болон эдийн засагт хүчтэй цочрол өгнө гэсэн үг. Харин эерэг талаас нь харъя гэвэл гадаад руу гарах мөнгөний урсгал багасна. 

Ж.Дэлгэрсайхан: Арван жилийн дараа тэтгэврийн тогтолцоо үргэлжлэх боломжгүй болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com