Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар өргөн тархаж байгаа асуудлаар ХӨСҮТ-ийн Насан хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч М.Оюунгэрэлтэй менингококкт халдварын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Менингококкт халдвар нь чухам хэрхэн үүсэж, яаж халдварладаг өвчин бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Менингококкт халдвар (МХ) нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэлээр илэрдэг. Нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Neisseria бүлгийн Neisseria meningitidis гэгдэх эсийн дотор хосоор байрладаг 0.6–1 мкм хэмжээтэй, грам сөрөг нянгаар энэ өвчин үүсгэдэг. Энэ халдварыг хэн тээж, бусдад тарааж болох вэ гэвэл иргэдийн хэлдгээр цахилгаан менингит өвчнөөр өвчилсөн хүн. Хоёрдугаар хамар, залгиурын өрөвсөлтэй хүмүүс тээгч болох нөхцөл хурдан байдаг.
-Халдвар хэд хоногийн дотор хүндэрдэг вэ?
- Өвчин ихэнхдээ 2–7 хоног үргэлжилдэг. Өвчтөн 38–40°С хүртэл гэнэт өндөр халуурч, хоолонд дургүй болох, нойрмоглох, бөөлжих, хүүхдэд уйлагнах зэрэг шинж илэрнэ. Нярай болон бага насны хүүхдэд хоёр хоногийн дотор суулгалт, ерөнхий хордлогын шинж илрэх нь элбэг. Өвчин эхэлснээс хойш 24 цагийн дотор эмнэлзүйн содон шинжүүд тод илэрнэ. Менингококцемийн үед цусархаг тууралт, менингитийн үед менингийн хам шинж илэрнэ. Хөнгөн явцад улаан бор өнгөтэй толбо, хүнд үед одлог хэлбэрийн, арилдаггүй, янз бүрийн хэмжээтэй тууралт гарна.
Менингококкцеми дунд явцтай байвал 39-40°C хэм хүртэл халуурах, хордлогын шинж тод илрэх, царай цонхийх, тайван биш цочромтгой болох, хоол унданд дуршилгүйцэх, 1-2 удаа бөөлжих, эсвэл суулгах, гэдсээр базалж өвдөх, үеэр өвдөх, нүдний салст бүрхүүл улайх зэрэг шинжүүд илэрч, өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор цөөн тооны гүвдрүүт болон олон тооны цусархаг тууралт гар, хөл, цээж, хэвлий, нуруугаар гарна. Халууралт 3-5 хоног үргэлжилнэ. Энэ хэлбэрийн үед хамар уруулын гурвалжин хөхрөх, хэл гашиг үзүүр хөхрөх, зүрхний цохилтын болон амьсгалын тоо олшрох, зүрхний авиа бүдгэрэх, судасны лугшилт сулрах, артерийн даралт хэвийн эсвэл 90/60, 100/60 мм.муб хүртэл буурах, эсвэл артерийн доод даралт буурах, шээсний ялгаралт багасах, нүдний салст бүрхүүлд ганц нэг цус харвалт гарах зэрэг байдлаар ХХШ-ийн 1-р зэргийн шинжүүд илэрнэ.
Хүнд явцтай менингококкцеми 40-41°C хэм хүртэл халуурах, хүчтэй хордлогын шинжээр эхэлнэ. Халууралт 5-7 хоног үргэлжилдэг. Өвчин эхэлснээс хойш богино хугацааны дотор бүх биеэр шигүү жижиг цусан тууралт олон тоотой, эсвэл цөөн тооны том цусан болон үхжилт тууралт гарч хоёр нүдний салст бүрхүүлд цус харвасан байна. Энэ үед хамар уруулын гурвалжин болон хөл гарын үзүүр хөхрөх, хөхрөх, арьс эрээнтэх, сэтгэц-хөдөлгөөний хөөрөлд, эсвэл саатлын байдалд орох, зүрхний авиа бүдгэрэх заримдаа агшилтын шуугиан ирэх, судасны лугшилт эрс сулрах, зүрхний цохилтын тоо олшрох, артерийн дээд болон доод даралт хоёулаа буурч 80/50, 60/40 мм. муб болох буюу тухайн хүний хэвийн хэмжээний даралтын 50% хүртэл буурах, амьсгаадах, цусархагийн хамшинж илэрсэнээр тууралт улам нэмэгдэх, тариа тарьсан газар хөхрөх, шээсний гарц багасаж бөөрний цочмог дутагдал, бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал, тархины цочмог хаван, ХХШ-ийн 1, 2-р зэрэг зэрэг хүндрэлүүд тохиолдоно.
Нэн хүнд явцтай менингококкцеми эхлэхдээ гэнэт өндөр 40-42°C хэм хүртэл халуурч эхлэнэ, дараа нь халуун бууж хэвийн халуунаас бага болно. Эхний 4-6 цагийн дотор бүх биеийг хамарсан шигүү жижиг, эсвэл олон тооны том цусан болон үхжилт, эсвэл “хүүрийн толбо”-ны шинж бүхий тууралт гарч бүх бие хүйтэн хөх болно. Энэ үед цусархагийн шинж цус алдалтын хэлбэрээр илрэхээс гадна амьсгал зүрх судасны цочмог дутал, ухаангүй, эсвэл ухаантай байсан ч, татах, менингитийн шинжүүд илрэх зэрэг тархины хавангийн шинжүүд илэрнэ. Цусны эргэлтийн гүн хямралын улмаас артерийн даралт хэмжигдэхгүй, судасны лугшилт мэдрэгдэхгүй болох ба энэ хэлбэр нь ХХШ-ийн 3-р зэргээр илэрч 90 гаруй хувьд нь нас баралтаар төгсөх жамтай.
-Өнгөрсөн долоо хоногт менингококкт халдварт өвчний улмаас нэг хүүхэд нас барсан харамсалтай зүйл болсон. Энэ онд дэгдэлт хэр өндөр түвшинд хүрсэн байгаа вэ?
-Улсын хэмжээд 2020 онд-8, 2021 онд-3, 2022 онд-3, 2023 онд-6, 2024 онд-2, 2025 онд-12 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл энэ он гарснаас хойш нийт гуравхан сарын дотор зургаан тохиолдол гарсан байна.
-Халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх вэ?
-Уг өвчнөөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилж, хүндэрдэг. Мөн хамар, залгиурын үрэвсэлтэй, дархлаа сул хүмүүсээ бид анхаарах, эмчлэх шаардлагатай. Ингэхдээ хоёр төрлийн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой. Эхний арга нь энгийн дадал буюу ариун цэврээ сахих, хоёр цаг тутам агаар сэлгэх, дархлаа дэмжиж, өдөрт хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ хийх юм. Ерөнхийдөө бүлээн усаар хоолой зайлж хэвшихээс эхэлнэ. Нөгөө арга нь вакцин хийх арга байна.
-Вакцинд бүх насныхан хамрагдаж болох уу?
-Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн товлолт вакцинууд хийж эхэлдэг. Гэхдээ менингококкт халдварын эсрэг вакцин товлолт вакцинд тусгагдаагүй. Харин сайн дураар ХӨСҮТ-д эмчийн үзлэгт хамрагдаад, төлбөртэй вакцин хийлгэж болно. Нэг цэн, дөрвөн цэн гэж хоёр төрлийн вакцин бий. Нэг цэн вакциныг зургаан сараас дээш насныхан, дөрвөн цэнг 10 наснаас дээш хийдэг.
-Вакцин хийлгэсэн ч халдвар авсан, үр дүнгүй гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг. Энэ талаар?
-Ингэж асуух нь зөв л дөө. Вакцин хийлгэсэн тохиолдол тусахгүй байна гэсэн ойлголт биш. Гэхдээ өвчлөл хөнгөн явагдаж, нас баралтаа урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм. Ковид шиг хэдэн мянгаараа хүн өвдөөгүй байхад яагаад бид урьдчилан сэргийлж байна гэвэл нас баралт өндөртэй. Тэр тусмаа хүүхэд өвдлөө гэхэд зургаахан цагийн дотор хамаг арьс үхжиж, нас барах эрсдэлтэй. Улаанбаатарын нэг захаас ХӨСҮТ рүү түгжирч явах үедээ л артерийн даралт буурч, тархи нь хавагнаж, бөөрний архаг дутагдал орж шокорч нас барах магадлалтай аймшигтай өвчин шүү дээ.
-Хүүхэд 6-12 цагийн нас барах тохиолдол гардаг гэлээ. Энэ үед хүүхдэд ямар шинж тэмдэг явагддаг вэ?
-Эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ нас барсан тохиолдол бол байхгүй. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож авч байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдаас шууд хамааралтай. Хүүхдээ сайн ажиглаарай л гэж дахин дахиин хэлээд байгаа минь тэр. Хүүхэд эмнэлэгт ирэхдээ артерын даралт нь байх ёстой хэмжээнээс уначихсан. Цагаан халууралт өгөөд тархи нь хавагнасан. Бага насны хүүхдийн зулай нь төмбийсөн. Бие нь үхжиж, харласан нүд халтирам ирдэг шүү дээ.
-Цахилгаан менингит, менингококкт халдвар хоёр нэг өвчин мөн үү?
-Ер нь бол нэг өвчний хоёр өөр хэлбэр юм. Цахилгаан шиг хурдан хугацаанд хүндэрдэг гэдэг утгаараа иргэд тэгж нэрлээд байдаг. Менингит нь тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, цусан үхжлийн үе шат юм. Менингококкт нь цусархаг тууралттай. Тэрнээс анагаах ухаанд цахилгаан менингит гэсэн нэр байхгүй.
-Иргэдэд сануулж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Хүүхэд тань унтаарч, бөөлжиж, цочиж орилох, өндөр халуурч байвал яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Хүүхдийнхээ биеэр тууралт гарч уу шалгаарай. Эмчид яаралтай үзүүлэхгүй бол хамгийн дээд талдаа 48 цаг багадаа зургаан цагийн дотор хүндэрдэг. Мөн хүүхдийн бие хүйтэн байгаа хэрнээ халууныг хэмжихээр 39 хэм хүрсэн байх үе ч байдаг. Анагаах ухаанд үүний цагаан халууралт гэдэг. Мөн хоолой нь өвдөөд байгаа бол заавал гүйцэт эмчлүүлээрэй. Энгийн дадал суулгаарай гэж хэлмээр байна.
| М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |