• Өнөөдөр 2026-03-18

Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА

2026-03-18,   187

Тэр яг л “The voice of Mongolia” шоунд оролцохдоо дуулсан дуунууд шигээ эрч хүчтэй, мэдрэмжтэй, гэрэл цацруулж, хэн нэгнийг тайвшруулдаг хүн юм билээ. Хүчирхэг хоолойгоороо Ука шүүгчийг хэдхэн секундийн дотор эргүүлсэн, чадварлаг, авьяаслаг дуучин тэрбээр УДЕТ-ын студи ангийн жүжигчин Б.Тэмүүлэн. Бидний сайн мэдэх “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит киноны эгдүүтэй, хөөрхөн Бамбар билээ. Ингээд залуу уран бүтээлчтэй ярилцсанаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “The Voice of Mongolia” шоунд тун амжилттай оролцлоо шүү дээ. Анх шоунд оролцохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?

                -The Voice of Mongolia шоунд оролцохыг олон жил мөрөөдсөн. Гэхдээ боломж нь ерөөсөө бүрддэггүй байсан юм. Анхны шоу зарлагдахад 14 настай учраас болохгүй, дараа нь оюутан болоод завгүй болчихсон. Намайг Америкт байх үед найзаас маань шинэ улирлынх нь бүртгэл эхэлсэн талаар мэдээлэл явуулсан. Тэр дор нь бүртгүүлж, шоуныхаа аяллыг эхлүүлсэн дээ.

-Blind audition-ий үеэр таныг дуулж эхэлмэгц Ука шүүгч эргэсэн шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?

                -Эхний шатандаа ч тэнцэх эсэхээ мэдэхгүй дуучны хувиар анх удаа тийм том, нэр хүндтэй тайзан дээр гарч байгаа учраас үнэхээр их сандралтай эхэлсэн. Миний хувьд дууны эхлэл, эхний хэдэн нот маш зөв байвал шүүгч нар сайшааж, тэнцэх юм шиг санагдаж, илүү анхааралд хандуулсан. Тайзан дээр гараад дөнгөж эхнийхээ мөрийг дуулж байхад Ука шүүгч эргэхийг нь сонсоод үнэхээр их баярласан, гэхдээ тэр дор нь өөрийгөө хянаж бүх шүүгч нарыг эргүүлэхийн тулд дуугаа бэлдсэнээрээ сайн дуулахыг хичээсэн.

-Тэгэхээр эхний шатанд дуулсан дуугаа өөрийн болгохын тулд нэлээн удаан бэлдсэн байхдаа?

                -Хоёр сар бэлдсэн, байнга дуулна. Гэртээ бэлдэж, хоолойгоо бичээд сонсоно, хэдэн зуун удаа бичсэн байх. Өөрийнхөө хүссэн өнгийг гаргаж чадахгүй байх үнэхээр бачуурмаар юм билээ. Хоолойгоо базаад авмаар, уйлмаар санагдсан үе олон.

-Таны хувьд анхнаасаа Ука шүүгчийн багт орно гэж бодож, зорьж байв уу. Хамгийн их эргэж хараасай гэсэн шүүгч нь хэн байв?

                -Би анхнаасаа л Ука шүүгчийн багт орохыг хүсэж, зорьсон. Хүмүүс яагаад Ука шүүгчийн багыг сонгосон талаар асуусан л даа. Хариулт нь тун энгийн тэр хүн л миний дотоод ертөнц, миний юу илэрхийлж харахыг хүссэнийг минь хүндэлж, илүү өнгөлж, тордох юм шиг санагдсан. Үнэхээр л миний төсөөлсөн шиг байсан. Бие биеийнхээ ямар донж маяг, дуулалт хүсэж байгааг сайн мэдэрч, ойлгосон.

-“The Voice of mongolia” шоуны аяллын хамгийн гайхалтай мөч нь хэзээ байсан бэ?

                -Battle-ийн шат юм байна. Эхний шат дээр бүгд шүүгчдээ эргүүлээд нэг баг болсон шүү дээ. Багийн гишүүдтэйгээ байх мөч хамгийн дурсамжтай сайхан цаг хугацаа байсан. Тэдэнтэйгээ бүтээсэн дурсамж тун олон. Мөн battle шат надаас үнэхээр их зориг шаардсан. Prince-ийн дууг дуулж байгаа учраас хувцаслалт, жүжиглэлт, нүүр будалтдаа их ач холбогдол өгсөн. Хүмүүс шоуны арын алба надаас тэр хувцас, хэрэглэлийг шаардсан гэж бодсон юм билээ. Үгүй ээ, тэр бүр миний сонголт байсан. Battle-ийн шат дээр өөрийнхөө мэргэжлийн онцлогийг харуулахыг зорьсон. Тэгэхээр миний хувьд Battle-ийн шат хамгийн адал явдалтай, аз жаргалтай мөч байж.

-Та тус шоун үеэр өөрийгөө дахин шинээр таних аялал хийсэн үү. Өөрийнхөө ямар талыг шинээр нээсэн бэ?

                -Өөрийнхөө сул талыг мэддэг болсон нь миний давуу тал болсон юм болов уу даа. Сул талаа мэднэ гэдэг үнэхээр амттай санагдсан. Би зориггүй байж, хэр барагтаа хүнд үгүй хэлж чадахгүй, хүний үгээр байгаад байдаг байсан юм билээ. Өөрийн бодлоо хүнд илэрхийлж чадахгүй, ямар байхыг хүсэж байгаагаараа байж чаддаггүй, зориггүй байсан юм билээ. Зориггүй байдлаасаа болж олон боломжийг алдсан юм байна гэдгээ ойлгосон.

ӨВӨӨ ШИГЭЭ ХҮМҮҮСТ АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭДЭГ, ХҮНТЭЙ ИНЭЭГЭЭД МЭНДЭЛЧИХДЭГ ХҮН ШИГ ХҮН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ

 

-УДЕТ-ийн “Театр-Студи” ангийн жүжигчин шүү дээ. Хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Театр бол бүх жүжигчний мөрөөдөл шүү дээ?

                -Театрын жүжигчин болох гол шалтгаануудын маань нэг нь миний буурай өвөө байсан. Хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ П.Дагважамц, УАДБЧ гэж байх үед Монголын анхны Үндэсний хөгжмийн найрлын удирдаач байсан хүн. Жаахандаа өвөөгөө харж “Урлаг ямар гоё юм бэ” гэдэг мэдрэмж авч байлаа. Гэр бүлийнхэн маань намайг их дэмжинэ. Эмээ, аавынхаа хувцасыг өмсөөд жүжиглэж, дуулах дуртай хүүгээ Үндэсний телевизийн дугуйланд оруулсан юм. Тэндээс жүжигчин болох бүх л хүсэл минь эхэлсэн. Театр бол үнэхээр гайхалтай газар. Театрын хаалгаар уран бүтээлч, жүжигчний хувиар орж ирэх юм сан гэж хүсдэг байлаа. Хоёрдугаар курст орж, жүжгийн олны хэсэгт ажиллах боломж олдож, ажилчдын хаалга татах мөч үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Шалгалт өгч театрынхаа студи ангийн жүжигчин болохдоо өөрөөр үнэхээр их бахархсан. Театрт ажилладаг хүн нэг бүрээр нь бахархдаг, бид хамтдаа зүтгэж, Монголын театрын алтан хуудсыг эргүүлэхээр хичээж байгаа хүмүүс шүү дээ. Илүү хичээж, илүү сайн байж театртаа насаараа ажиллахыг хүсдэг дээ.

-Өвөөгийнхөө авьяас урлагийн мэдрэмжийг өвлөсөн учраас үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр илүү үүрэг хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байгаа байхдаа?

                -Тийм ээ, үүрэг хариуцлага ирдэг шүү. Өвөө минь үнэхээр мундаг хүн байсан. Тэгэхээр би нэрийг нь муугаар дурсгах хүн байж болохгүй. Хүмүүс өвөөг минь “Байнга инээдэг,нүүрний баясгалантай, цэмцгэр царайлаг, ажлаа яс хийдэг хүн байсан” гэж ярьдаг юм. Би яг тэр зан чанаруудыг нь алдахгүй зарчимч, өөртөө арчаатай, хүмүүст аз жаргал бэлэглэсэн, хүнтэй инээгээд мэндэлчихдэг хүн байхыг зорьдог доо.

-Тайзан дээр дуулахад жүжигчин мэргэжилтэй нь илүү дэм болж байв уу?

                -Үнэхээр том дэм шүү дээ. Дөрвөн жил номын дууг нь сонсчихсон, тайзан дээр гарч үзсэн хүний хувьд тайзан дээр гарах нэг талаараа амар байдаг. Гэхдээ бас олон зүйлийг бодогдуулдаг. Өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэдгээ хэтэрхий их төсөөлдөг. Дууны энэ хэсэг дээр ямар хөдөлгөөн хийх үү гэдгээ хүртэл тооцоолно гэхдээ энэ нь хэтрэх юм бол хуурамч болчихно, тиймээс мэдрэмжээ хадгалж, түүгээрээ дуугаа хүргэхийг хичээдэг.

-Үзэгчид таныг “Яаралтай тусламжийн тасгийнхан” киноны Бамбарын дүрээр сайн таних байх. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу. Магадгүй анхны уран бүтээл байв уу?

                -Анхны уран бүтээл Монголын үндэсний радио телевизтэй холбоотой. Би их сахилгагүй хүүхэд байсан юм, дугуйлангийн хичээл явж байхад хоол идэх гэж телевиз дотор явж байгаад. Эфир явж байгаа студид ороод ирсэн. Тэнд нэг алиалагч үзүүлбэр үзүүлж байгаад камерын ард зогсож байсан намайг татаад хамгийн анх камерын өмнө зогссон. Тэндээс намайг н.Болд найруулагч намайг хараад “Тоглоомыг тойрог” нэвтрүүлгийн хөтлөгч болсон. Хичээлээ тараад л нэвтрүүлгийнхээ зураг авалтад ордог байлаа. Дараа нь Л.Ариунжаргал найруулагч дүрийн шалгаруулалтад орооч гэж хэлээд, “Хоймор өнжих нар” киноны нэг гол дүрд тоглосон. Миний хамгийн анхны бүрэн хэмжээний кино, уран бүтээл байсан даа. “Яаралтай тусламжийн тасгийнхан” кинонд тун сонирхолтой байдлаар тоглохоор болсон юм. Бага байхаас надад ажлын тал дээр тавьсан гурван зорилго байсан юм. Үйлчилгээний байгууллагат ажиллах, Найрамдал зусланд багшлах, U flim-д ажиллах гэсэн гурван зорилго. Эхнийхийг нь арван жилд байхдаа чөлөөт цагаараа биелүүлчихсэн. Цар тахлаас болоод Найрамдал зусланд багшилж чадаагүй. Заавал U flim-д ажилламаар байсан учраас нэг орой Г.Ундармаа эгч рүү инстаграмаар “Танайд л ажилламаар байна, юу ч хийсэн болно” гээд мессеж биччихсэн. Тэгсэн нээх удахгүй Г.Ундармаа эгч “Зургийн даргын туслах хийх үү” гэсэн юм. Би тэр хариуг аваад ямар их баярласан гэж санана аа. Тэгээд цар тахлын хөл хориотой үед зураг авах газар судлаад эгч рүү явуулдаг байлаа. Гэтэл Г.Ундармаа эгч намайг “Яасан сүрхий ажилтай, ажилдаа хариуцлагатай юм бэ” гээд 16-хан настай намайг зургийн даргаар ажиллах санал тавьсан. Би тэр ажилдаа үнэхээр дуртай, бичиг цаасныхаа ажлыг яс хийнэ. Г.Ундармаа эгч нэг өдөр “Бамбар гээд хүүгийн дүр чамтай төстэй юм байна. Нэг бичлэг хийгээд явуулчих. Хэрэв тэнцвэл маргаашийн хурал эхлэхэд “Өглөөний мэнд Бамбараа” гэж мэндэлье, тэнцэхгүй бол “Өглөөний мэнд Тэмүүлэн” гэе” гэсэн. Тухайн үед хөл хориотой, манайх цахимаар хуралддаг байсан юм. Тэгээд өөрийгөө хэдэн янзаар нь бичиж эхэлсэн. Өөрийнхөө хувьд хамгийн сайныг нь явуулаад хариугаа догдолж хүлээсэн дээ. Маргааш хурал “Өглөөний мэнд Бамбараа” гэдэг үгээр эхэлсэн. Тэр үед үнэхээр их баярласан. Нэгдүгээр курсийн оюутан, 16-хан насандаа тоглосон кино. Миний хэсгүүд хүмүүст их хүрэхэд хамгийн их баярласан.

-Хүний итгэлийг алддаггүй уран бүтээлч, хүн гэдэг нь The Voice of Mongolia шоуны үеэр мэдэгдсэн л дээ. Г.Ундармаа жүжигчнээс эхлээд таныг таньдаг, тантай ажиллаж байсан олон хүн таны талаар пост оруулж, таныг дэмжихийг уриалсан байсан. Хүний итгэлийг алдахгүй байна гэдэг сайхан чанар шүү дээ?

                -Эмээ минь байнга хэлдэг юм. Насаараа дарга хийчихсэн хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн, зарчимч хүн бий. Хайрладаг, буруу юм хийвэл бурууг нь ойлгуулдаг хүн. Эмээ минь үргэлж “Хүнтэй сайхан харьц, чи түрүүлж очоод мэндэл, хэнийг ч битгий ялгаж харьц” гэдэг юм. Эмээгийнхээ хэлснийг л биелүүлж явахыг хичээдэг.

-Яагаад дуучин биш жүжигчин болохыг сонгосон юм бэ?

                -Жүжигчний мэргэжил дулахаас илүүтэйгээр миний дотоод мэдрэмжийг өргөн, том болгодог. Тайзан дээр дуулах сайхан ч жүжигчин, тэр дундаа театрын жүжигчин байна гэдэг хэмжигдэшгүй их энерги цуглуулж, цацруулдаг.

-Хүсэж мөрөөдсөн театртаа ажиллах, тайзан дээр жүжиглэх ямар байна?

                -Итгэж өгдөггүй, энд байгаадаа. Тайзан дээр гарахаасаа өмнө тайзныхаа хажууд зогсоод энерги цуглуулдаг. Жүжигчдэдээ за жаргалттайгаар ажилт хүсээд тайзан дээр гардаг. Хөшиг нээгдэхэд үзэгчдээ хараад дотор хүн минь хөөрч догдолдог. Одоо ч энд ажиллаж байгаадаа итгэж өгдөггүй. Тайз миний хувьд тийм их үнэ цэнтэй, яг л зүүд зэрэглээ мэт сайхан зүйл шүү дээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Театртаа урд удаан хугацаанд ажиллаж, театрын уран бүтээлч байхыг хүсдэг. Хажуугаар нь өөрийнхөө дуу уран бүтээлийг хүргэхээр ажиллаж байна. Удахгүй дуучны хувиар анхны уран бүтээлээ хүргэх болно. Мөн кино уран бүтээлүүдэд ажиллахыг хүсэж байгаа, ирээдүйд хувцас загварын салбарт ажиллахыг хүсэж байна. Би их шуналтай, урлагийн бүх салбарт мундаг нь байхыг хүсэж, хичээж байгаа.

 


Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-18 14:10:22
    Азула: Хөөрхөн хүү байна. Бүх зүйлд нь амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-18 13:56:19
    Өлзийсайхан: Дүү маань үнэхээр мундаг, сайхан ярилцлага өгчээ. Үргэлж хүмүүсийг баярлуулж, хайр инээд түгээсэн гайхалтай багаасаа л их онцгой хүүхэд байсан. өвөө эмээ дээрээ цагаан сараар ирж золгохдоо их хөөрхөн шүлэг их уншдаг багаасаа л авъяас нь тодорч байсан. Дүүгээрээ маш их бахархаж байна шүү. Урлагийн бүх салбарт мундаг нь байхыг нь хүсэн ерөөе. АМЖИЛТ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-18 13:55:26
    Batdelger: Wow хүүдээ баяр хүргэе. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байг.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188