• Өнөөдөр 2026-03-18

Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН

2026-03-18,   125

            Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

-Тугалхүү ахын хүүхдүүд их ой сайтай гэж нутгийнхан ярьдаг юм байна лээ. Эндээс яриагаа эхлэх үү? 
 
    -Бид Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу буюу өнөөгийн Ховд аймгийн Цэцэг сумын харьяат. Цаст богд Сутай хайрхан, Цэцэг нуур, Авдрантын нуруу, Бэлийн цахирын өндөр хөх уулс, Бооржийн гол, Гурван улаан толгой зэрэг газарт хүүхэд насны минь гэгээн дурсамж бий. Түмэн-Өлзий гэдэг хүн гурван хүүтэй байсны ахмад нь Лэгсрэн гэх бөгөөд бидний эцэг Тугалхүүгийн аав бөлгөө. Нутгийнхан Тугалхүү, бас Тугал додио гэж авгайлна. Сум, багийн дарга, агент хийж, мал маллаж явжээ. Бидний эх Чогсомжавын Цэдэндамбын Дарьсүрэнтэй сууж гал голомтоо бадраагаад 12 хүүхэд төрүүлжээ. Би нэг эгч, хоёр ах, хоёр дүүтэй. Бусад нь эндэж үгүй болсон. Манай сум чинь нийслэл хот, аймгийн төвөөс алслагдсан зах хязгаар нутаг. Намайг бага хүүхэд байхад хөхлүүш хэмээх нэртэй хүнд ханиад гэнэт гарч түргэн зуур газар авч тархаад сумын 0-3 хүртэлх насны нялх хүүхдүүдийн ихэнх нь үрэгдэж үгүй болсныг мартдаггүй юм. Эм тан үгүйн зовлон энэ мэтээр алс хязгаар нутгийнхныг нэрмэж байж. Эцэг минь биднийг бага балчир байхад өвчнөөр нас барж их эрт өнчирцгөөсөн. Бүдэг бадагхан ганц нэгхэн зураглалыг эс тооцвол эцгээ би санадаггүй юм. Эгчээ дуурайгаад би Тугалхүү гэж, хоёр ах болохоор Тугал гэж овгоо паспортан дээрээ бичүүлсэн байдаг юм. Өнчирч хоцорсон, эцгээ мэдэхтэй үгүйтэй хүүхдүүдэд тохиолддог нэг зовлон энэ. Та нарын овог чинь Тугал юм уу, Тугалхүү юм уу гэж зарим хүн асуудаг. Эгч минь аймаг яваад улмаар Улаанбаатарт очиж хүнтэй суусан гэж сонссоноос цаашгүй, их санана. Эцэг үгүй болсон тул том ах Мягмар бага сургуулиа орхиж өрх толгойлон нэгдлийн мал маллав. Дараагийн ах Жанлав Мөст, Цэцэгт дунд сургууль үгүй тул Зэрэг сумын дунд сургуульд шилжин суралцсан. Би найман нас хүрч сургуулийн зарлан дуудах авсан ч хонь хариулах хүнгүй тул ээж сургуульд оруулсангүй, авч үлдэв. Яг энэ үед Дуламжав эгч нөхрийн хамт хотоос нутагтаа ирж хэдэн өнчин дүү нар, ээж ээ нийслэлд нүүлгэж шилжүүлснээр бидний сургууль номын мөр хөөх үүд хаалга нээгдсэн юм аа. Сумаас аймаг, аймгаас хот орох шуудангийн тавин нэг тэргийг ер мартдаггүй. Анх удаа ачааны тэрэгний тэвшин дээр багтаж ядалцан сууж байгаа юм чинь. Ховд хотыг, хоёр зуун настай хөгшин сүрлэг улиасуудыг нь хараад сүрдэн биширч явлаа. Нийслэл хотод сургуульд орсон. Эгч, ах нар маань бүгдээрээ их, дээд сургуулийг дүүргэсэн. Би арван жилээ алтан медальтай төгсөөд ЗХУ-д М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд элсэн орж сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд, сүүлд Москвад Нийгмийн Ухааны Академид суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Эцэг, эхийн аль алиных нь талд ном судрын угшил удамшил байсан юм билээ. Мэдээж тэр гени нь уламжлагдан дамжиж нөлөөлсөн байж таарна.
Тэгэхдээ хамгийн гол нь тухайн цаг үеийн нам төрийн бодлого, үйл ажиллагааны бодит үр шимийг бид хүртэцгээсэн улс. БНМАУ чинь бүх нийтээрээ үнэ төлбөргүй суралцаж мэрэгжил эзэмших боломжтой байлаа. Эмнэлэг сувилал ч мөн адил үнэ төлбөргүй. Өмнөх нийгмийг олон хүн муулж муучлах гээд байдаг, би бол тэгдэггүй, сайн сайхан юм бас байсан юм шүү гэж үнэнийг хэлдэг. Нэг намын хатуухан систем, захиргаадалт, хувь хүний хийгээд хэвлэлийн эрх чөлөө энэ тэр гээд яривал дутагдал доголдол байсан л даа. Сайн, муу аль алиныг үнэнээр нь хэлж байх ёстой юм аа.
        Тугалхүү гэдэг хүний өнчирч үлдсэн зургаан хүүхэд зургуулаа их, дээд сургууль төгсч дээд мэргэжил эзэмшицгээсэн. Миний эгч Т.Дуламжав эдийн засагч мэргэжилтэй, худалдааны байгууллагад нэг насаараа ажилласан. Дүү нарынхаа амьдралын замд эргэлт гаргасан хүн. Хэрэв биднийг нийслэлд авчирч сургууль соёлын мөр хөөлгөөгүй бол хувь заяа ямраар эргэх байсныг хэлж мэдэхгүй. Ная гарч өндөр насалсан даа муу эгч минь. Ах Т.Жанлав физик, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын эрдэм шинжилгээний томоохон төв Новосибирск хот, Дубна дахь олон улсын цөмийн шинжилгээний төвд цол зэрэг хамгаалж, бас эрдэм шинжилгээний ажилтнаар олон жил ажилласан. Монголын ШУА-ийн гишүүн, академич, МУИС-ийн эмират профессор. Хэрэглээний математикийн чиглэлээр дагнаж мэргэшсэн хүн. Бүтээл туурвил нь ОХУ, АНУ-д ном болж хэвлэгдлээ. Дэлхийн улс орнуудын математикийн салбарын чиглэлээрх тэргүүлэх их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд бүтээл туурвилыг нь үзэж судалж, ашиглаж хэрэглэж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт математикч хүн. Эдүгээ ч тоогоо бодсоор л явна. Манайхны ганц бахархал. Ахын тархи бол амралтгүй ажилладаг аварга том компютер л гэсэн үг. Дэргэд нь бол би юу ч биш. Хэрэв хэн нэгэн танай ах математикийн салбарт дэлхийн хэмжээний нээлт хийчихжээ гэж хэлбэл би ердөө ч гайхахгүй. Том ах Т.Мягмар барилгын салбарын хүн. Улаанбаатар хотын барилга засварын трестэд насаараа ажилласан. Монгол Улсын гавьяат барилгачин. Дүү Т.Борхүү физик, математикийн багш, профессор, хэд хэдэн ном сурах бичиг бичсэн. Бага дүү Т.Лхагважав их сургуулиа цахилгааны инженерийн мэргэжлээр төгсөөд илгээлтээр Эрдэнэтэд очсон, одоо ч тэндээ аж төрж байна. Шинэ Эрдэнэт хотыг бүтээн босголцсон анхдагчдын нэг. Би өөрөө 52 дахь жилдээ улс нийгэмд хөдөлмөрлөж байна. “Үнэн” сониноос хөдөлмөрийн гараагаа эхлээд Хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй ажиллалаа. Монгол Улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөний дагуу зай завсраар нь их, дээд сургуульд багшилж Монголд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх үйлсэд гуч гаруй жил зүтгэжээ. Эргэж хараад эргэцүүлж бодоход өнгөрсөн зууны тавиад оноос хойшхи монголчуудад нийтлэг тохиолддог амьдралыг л бид нар гатлан туулцгаажээ. Аав ээжийн залж чиглүүлснээр замнаж, ах эгч нарынхаа мөрөөр орж эрдэм номд шамдаж, улс нийгмийнхээ төлөө хөдөлмөрлөн үнэн сэтгэлээсээ зүтгэцгээсэн байна. 
 
-"Дэндүү хөдөлмөрч, хамт ажиллаж байгаа хүмүүсээ хөлдөө чирдэг хүн шүү" гэхчлэн таны тухай олон сайхан яриа дуулж байлаа...
 
    -Алс хязгаар Ховд нутгийнханд нэвт шингэсэн нэг чанар, ялгарах онцлог бий. Энэ бол хөдөлмөрч байх, хүсэж тэмүүлсэн зүйлийнхээ төлөө туйлбартай зүтгэж ард нь гарах. Бид чинь Алтайн чулууны хэлтэрхийнүүд шүү дээ. Нутгийн уул ус, нутгийн зон олны минь буян заяа түшиж, аав ээж, ах эгч нарын ажилсаг чанар надад нөлөөлсөн байж мэднэ. Яв гэсэн газарт нь явж, хий гэсэн ажлыг нь хийсээр өнөөг хүрлээ. Ер харамсдаггүй. Хаана ч очсон ажлаа мэддэг, ажилдаа дуртай, юмыг хийж бүтээе гэсэн хамт олонтой таарч ханцуй  шамлан хамтарч ажиллаж байснаа мартахын аргагүй.
Өмнөө тов тодорхой зорилго дэвшүүлэн тавьж, түүндээ хүрэхийн төлөө ухаан бодол, ур чадвараа уралдуулан ажиллах шиг сайхан зүйл үгүй. Цаг хугацаа хэрхэн яаж өнгөрснийг ч мартчихсан байдаг юм. Үр дүнд хүрнэ гэдэг хөдөлмөрийн бүтээмжийн хамгийн тод томруун илэрхийлэл, үндсэн гол шалгуур шүү дээ.
 
-Монголын сэтгүүл зүйд таны оруулсан гавьяаг төр засаг үнэлж “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол олгоод багагүй хугацаа өнгөрчээ?
 
        -Энэ асуултыг сонсоод би Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигийг ахин нэгэнтээ гүйлгэн харлаа. 2009 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн тэрхүү 41-р зарлигт “Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж утга зохиол, сэтгүүл зүй, эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлээр шилдэг ном зохиол бичиж туурвин, Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “МОНЦАМЭ” агентлагийн дарга, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсүгэй” гэжээ. Нээрээ л багагүй хугацаа буюу 17 жил өнгөрчихсөн байна. Утга зохиол, сэтгүүл зүй, эрдэм шинжилгээ,судалгааны чиглэлээр шилдэг ном зохиол бичиж туурвин, Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж гэж онцолсон тул өөрийн бүтээл туурвилын талаарх тоон мэдээллийг товч дурдах нь зүйтэй болов уу. Өнөөдрийн байдлаар миний бичиж нийтлүүлж өргөн олон түмэндээ өргөн барьсан уран зохиол, нийтлэлийн ном зохиолын тоо 40, эрдэм шинжилгээ судалгааны ном түүвэр 46 орчимд хүрсэн байна. Мэдээж энэ дотор ахиж хэвлэгдсэн хийгээд орос, халимаг, польш зэрэг гадаад хэлнээ хөрвүүлэгдсэн ном зохиол ч орж байгаа. Том бага, нимгэн зузаан янз бүрийн л номууд бий.
Үзэг, цаастай нөхөрлөсний минь нэг ёсны үр дүн, ухамсарт амьдралын үйл ажиллагааны минь тайлан мэдээ гэж хэлж болно.
 
-Монголын сэтгүүл зүйн үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын талаар таны туурвисан олон боть бүтээлд төрийн шагнал олгохоор нэр дэвшүүлж байсан санагдана. 
 
   -Тийм тохиолдол бий. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай тийм санал гаргаж ил тодоор илэрхийлэн миний таван ботийг нэрлэж санал болгож байсан удаатай. Ховд аймгийн сэтгүүлчдийн салбар бас ийм санал гаргаж байсныг санаж байна. Б.Галаарид МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад албан ёсоор эл саналыг дэмжиж миний ”Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгалт бичиг мөн”, “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал таван ботийг нэр заан тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлж байсан. Төвийн зарим сонин, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бичигт энэ тухай тэмдэглэгдэж үлдсэн байдаг юм. Сүүлд дээрх ботиудаа үргэлжлүүлэн нэмж хоёр боть зохиолоор баяжуулаад долоон боть болгож хэвлүүлсэн.
 
-Монголын сэтгүүлчид таны бүтээлийг уншиж судалж, ширээний номоо болгож байгааг төр үнэлж “Ардын багш” цол олгосонд баяр хүргээд, сэтгэгдлийг тань сонсмоор байна?
      -Баярлалаа. Том хариуцлага үүрүүллээ гэж сүрдэж байгаа. Зүгээр суух эрхгүй болчихлоо. Бүтээл туурвил хийгээд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэхэд оруулсан өчүүхэн хувь нэмрийг минь төр өндрөөр үнэллээ.
     Сэтгүүлчдийн унших ширээний ном хэмээх тодотголд чинь би Монголын сэтгүүл зүйн өнгөрсөн 113 жилийн үүх түүх, сэтгүүл зүйн онол, практикийн зарим асуудлыг ямар нэг байдлаар хөндөж шинжилсэн “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал долоон ботийн хүрээнд туурвисан. Мөн “ХХ зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл”, “1921 оны ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн хөгжил”,“1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв”, “Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь” ,“XXI зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүлчдийн уран чадварын зарим асуудал”, "Монголд чөлөөт хэвлэл “устах” аюул нүүрлэж байна”, "Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал" зэрэг номоо хамруулж хэлэх саналтай байна. Мэдээж ”Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгалт бичиг мөн” /Монголын нууц товчоон дахь баримтын мөрөөр мөшгихүй/, 2017 онд хэвлэгдсэн “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ”, “Монголын үнэн” сонин-Монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” зэрэг нэг сэдэв зохиолуудаа нэмж нэрлэе. Эдгээр бүтээлд үе үеийн сэтгүүлчдэд, сэтгүүл зүйн судлаач шинжээчдэд санаа оноо авах зүйлс байгаа болов уу гэж найдаж байна. МУИС, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, “Шинжээч-XXI”, Отгонтэнгэр их сургууль гээд нийтдээ бараг 40 гаруй жил багшилжээ. Зөвхөн "Улаанбаатар" эрдэм их сургуульд гэхэд 30 жил багшилчихсан байна.  Энэ хгуацаанд би хэдэн арав, зуугаар тоологдох шавь бэлтгэжээ. Миний шавь нар радио, телевиз, үндэсний мэдээллийн агентлаг, өдөр тутмын сонин, орон нутгийн сонин хэвлэл, цахим сайтуудад үр бүтээлтэй ажиллаж буй. Түүнчлэн цөөнгүй магистр, докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулжээ.
 
-Та "МОНЦАМЭ" агентлагийг удирдаж байхдаа “Алтан дүрэм” бүтээсэн нь үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний баримталдаг гол дүрэм болсон гэж хардаг?
 
      -"МОНЦАМЭ" агентлагийн “Алтан дүрэм”  сайхан дүрэм шүү. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн туршлагаас санаа авч боловсруулсан юм. Олон жил мөрдөж байна. Тэгэхдээ уг дүрмийг тус агентлагийн сэтгүүлчдийн ёс зүйн зарчим гэж махчилж ойлгож болохгүй. Энэ бол үндэсний мэдээллийн агентлагийн үйл ажиллагааны өвөрмөц онцлог, ерөнхий чиг хандлагыг хураангуйлан томьёолж тодорхойлсон баримт бичгийн шинж агуулга бүхий  мөрийн хөтөлбөр юм.
 
    -Л.Түдэв даргатай ойр дотно байсны хувьд тэр хүний талаар танд олон сайхан дурсамж бий байх?
 
     -Монголын утга зохиол, сэтгүүл зүйн нэгэн ноён сүмбэр оргил. Энэ хүнийг “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч бөгөөд Монголын Сэтгүүлчдийн холбооны даргаар ажиллаж байхад би сэтгүүлчдийн байгууллагын орон тооны орлогч даргаар нь хамтран ажиллаж байлаа. Сүүлд 1995 онд БШУЯ-ны сайдын тушаалаар МУИС-д сэтгүүл зүйн мэргэшсэн эрдмийн зөвлөл байгуулагдахад тус эрдмийн зөвлөлд бас дарга, орлогчоор томилогдон сэтгүүл зүйн чиглэлээрх залуу эрдэмтдийг бэлтгэлцсэн болохоор Лодонгийн Түдэв гэдэг хүнийг сайн мэднэ. “Оройгүй сүм” роман, “Хүмүүс” нийтлэлийн номонд нь шүүмж бичиж нийтлүүлж байв. Өнгөрсөн жил энэ эрхэм хүндэт хүмүүний мэндэлсний 90 жилийн ой тохиосон. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын ажлын хүрээнд “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн найм дахь ботийг Лодонгийн Түдэвийн уран нийтлэлүүдээр бүтээлээ. Задлан шинжилсэн өөрийн эрдэм шинжилгээний өгүүллээ дагалдуулж хэвлүүлсэн. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МЗЭ, “Монголын үнэн” сонин зэрэг газруудаас хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд түүний сэтгүүлчийн үйл ажиллагааг тодотгосон гол илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн. Мэндэлснийх нь 90 жилийн ойд зориулж хэвлүүлсэн “Лодонгийн Түдэв-мятаршгүй, яндашгүй, элэршгүй” номонд бас гар бие оролцлоо. Товчоор хэлэхэд бид “Лодонгийн Түдэв судлал”-ыг эхлүүллээ. Эрчимжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж хэлье.
 
-"МОНЦАМЭ" агентлагийн үүх түүхийг хойч үед өвлүүлэн үлдээснийг тань онцгой гавьяа байгуулсан гэж бодож байна?
 
        -Үүх түүхийг нь бичилцсэн гэдэгтэй санал нийлж байна. Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагт би нийтдээ 15 жил ажилласан байдаг юм. Хаа очсон газрынхаа үүх түүхийг судлах хоббитой болоод ч тэр үү Монгол Улсад үндэсний мэдээллийн агентлаг, бас гэрэл зургийн алба  үүсэж хөгжсөн түүхийг анхалж судлах хувь заяа надад оногджээ. “Монголын сэтгүүлчдийн байгууллагын үүсэл хөгжлийн тухай товч тэмдэглэл” , “МОНТА буюу  МОНЦАМЭ: түүний өчигдөр ба өнөөдөр, маргааш”, “Миний нэр, миний гэр-МОНЦАМЭ” , “МОНЦАМЭ: үе үеийнхэн”, “1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв”, “МОНЦАМЭ-Монгол Улсын нэрийн хуудас” зэрэг судалгаа шинжилгээ, сурталчилгааны ном зохиол бичиж туурвин нийтлүүлж, эмхлэн эрхэлж ерөнхийлөн редакторлаж гаргасан. "МОНЦАМЭ" үндэсний мэдээллийн агентлагийн маань 105 жилийн ой энэ оны долдугаар сарын 19-нд болно.
 
-Ю.Цэдэнбал даргын талаар шүүмжилсэн, магтсан аль нь ч мэдэгдэхгүй цуу яриа гарч түүнээс болоод та албан тушаал буусан яриа байдаг?
 
      -Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэнгүй. Амьд мэнд, албан тушаал дээрээ байхад бөгсийг нь долоох шахам долгинож, наалдаж явсан нэг этгээд огцорсон хойно нь зуун наян градус эргэн зүсээ хувиргаж шүүмжлээд эхлэхээр дургуй хүрч тэр нөхөрт "Хоёр нүүр гаргахаа болиоч, буурал даргад Монголын ард түмэн гүн хүндэтгэлтэй хайрлаж ханддаг шүү дээ, би ч тэдний нэ"г гэж хэлснээс болж албан тушаалаасаа чөлөөлөгдөж, намаас донгодуулж шийтгүүлсэн явдал бий. Сүүлд ерээд онд намайг донгодож шийтгэсэн болоод шийтгэлээ эргэж харан арилгаж цагаатгасан Намын хянан шалгах хорооны тогтоолын аль алийг хүчингүй болгосон. Тэгэхээр надад намын шийтгэл байхгүй. Хэлмэгдсэн нь үнэн ч хэл ам таталж зарга залхай хийгээгүй. Цагийн өнгө, салхины аясыг даган намирч явдаг хоёр нүүрт хамелионуудын хийсэн ажил, матаас маталт, атаа жөтөө, өөр юу ч биш.
 
       -Та Хохлов зэрэг орос багш нарынхаа талаар үе үе дурсаж байх юм...

    -Хохлов бол Москвагийн Улсын Их Сургуулийн ректор, физикийн шинжлэх ухааны нэртэй том төлөөлөгч. Дэлхийд нэрд гарсан том эрдэмтэн. Тэр хүний гараас “Улаан диплом” гардаж авсан азтай монгол оюутны нэг нь би. Москвагийн Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбарын декан доктор, профессор Я.Н.Засурский, багш П.И.Пронин, Г.Г.Ястребов, доктор, профессор Е.П.Прохоров, В.М.Грохов, Е.А.Блажнов гээд олон эрдэмтэн мэргэдийг гүнээ хайрлан хүндэтгэж явдаг. Би тэдний шавь, надад сэтгүүл зүйн шинжлэх ухааныг ойлгуулан нүдийг минь нээж өгсөн ачтанууд. Нийгмийн Ухааны Академид эрдмийн ажлыг минь удирдсан доктор, профессор П.Смирнов багшаа нэмж нэрлэе. Морозов, Глебова гээд том том профессоруудаар ном заалгасан шүү. Зөвлөлтийн хүмүүс, эрдэмтэн багш нар бидэнд найрсаг сайхнаар хандаж, зүйл бүрээр туслан дэмжиж залж чиглүүлж байсныг мартах учиргүй.

-Өгүүллэг, тууж, роман гээд үргэжилсэн үгийн бүхий л төрлөөр та олон ном бүтээжээ...

    -Бага сургуульд сурч байх үеэсээ шүлэг, өгүүллэг оролдож эхэлсэн. “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлд бүтээлээ нийтлүүлдэг байлаа. Долдугаар ангийн сурагч байхдаа 1965 онд “Анхны пионерийн бүрээн дуу” баримтат нийтлэлийн номоо хэвлүүлсэн. Дорнын их уран зохиолч Д.Намдаг гэдэг хүний гарын шавь болсон доо. Олдошгүй ховорхон хувь заяа. “Цаг төрийн үймээн” роман, тэрчлэн өөрийн алдарт  жүжгийн зохиолуудаараа БНМАУ-ын төрийн шагналыг хоёронтоо хүртсэн том зохиолч. Их С.Буяннэмэх, Д.Нацагдорж нартай хамт ажиллаж, суралцаж байсан хүн. Амьдрал тэмцлийн хатуу ширүүн замыг туулж гянт болд адил хатаагдсан гярхай уран бүтээлч.
“Алтны хажууд хэвтсэн гууль шарладаг” гэдэг байхаа. Өнгөрсөн хугацаанд “Тал”, “Оточ, “Бутач”, “Сайхан цэнхэр нуур минь”, “Хар ус нуурын хаялга”, “Монетон бөгж”,  “Өрхийн тэргүүлэгч”, “Дэлхий минь, өлгий минь” зэрэг зуу гаруй өгүүллэг, “Алтай”, “Өвгөн цохио”, “Нүдэн булаг”, “Нэг орцныхон” зэрэг арав гаруй уянгын тууж,  “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” /I ба II дэвтэртэй/ роман, “Сумын эмч”нэртэй телевизийн долоон ангит уран сайхны кино бүтээжээ.

     Одоо “Ухаарахуй, сэхээрэхүй, гэгээрэхүй” нэртэй роман дээрээ ажиллаж байна. Уран зохиолын бүтээлүүдээ долоон ботиор эмхэтгэн хэвлүүлж уншигчдад хүргэсэн. “Монголын уран зохиолын дээжис-108” ботийн хоёр удаагийн хэвлэлтийн 71 ба 82 дахь дугаар миний тууж, өгүүллэгүүдээр хэвлэгдсэн. “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн 25 дахь дэвтэр нь миний уран нийтлэлүүдээр гарсан. Энэ бол Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарт босгосон бүтээл туурвилуудын минь номон суварга, хүн болж төрсний минь үлдэж хоцрох тод ул мөр гэж бодож явдаг.

     “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийг үүсгэн санаачилж, 2010 оноос эхлүүлээд энэ жил дуусгах үе шатандаа орлоо. Үүндээ сэтгэл ихэд хангалуун байгаа. Уран бүтээлч иргэний хувьд нийгмийнхээ сайн сайхны төлөө хийсэн нэг ажил, хүн ардаа танин мэдүүлж соён гэгээрүүлэхэд оруулсан хувь нэмэр гэж бодож буй. Энэ ажилд бүтэн 16 жилийн хөдөлмөрөө зориуллаа. Өөрийн шавь Б.Номинчимэдэд өвлүүлэн хүлээлгэж өгнө. Залуучууд үргэлжлүүлээд баяжуулаад аваад явна гэдэгт итгэл төгс байна. “Тэрбумтан” роман, “Алтай” тууж орос хэл дээр, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл” Варшавт польш хэл дээр, “Төрсөн нутгийн уянга” хүүхдийн сэдэвт өгүүллэг, тууж Элстэй хотноо халимаг хэлээр тус тус хэвлэгдсэн. Казах, Болгар, Хятад хэл дээр хэвлэгдсэн бүтээл ч бий. “Алтай” тууж маань надад Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагнал авчирсан. “Тэрбумтан” роман гурван удаа хэвлэгдэж уншигчдын гар дээр очсон байх, хүмүүст хүрсэн зохиол, хот хөдөөгүй сайн мэддэг юм. “Уулс, үүлс, туульс” романдаа хайртай. Өвөрмөц дүрүүдтэй, үнэн түүхийн өгүүлэмжтэй. Хорьдугаар зууны сүүлч, хориннэгдүгээр зууны эхэн үеийн Монгол Улсын нийгэм, улс төрийн үйл амьдрал, нэг нийгэм нөгөөгөөр солигдож буй түүхэн чухал өөрчлөлтийг уран сайхны аргаар нээн үзүүлсэн бүтээл. 

-Сайхан хүмүүстэй хамт амьдарч, тэдний уран бүтээлээр сэтгэл зүрхээ баясгаж буй бид азтай хүмүүс. Тийм хүмүүсийн нэг нь та яах аргагүй мөн...

     -Хөх мөнгөн тэнгэрийн дор, хөрст алтан дэлхийн дээр хөх толбот монгол хүн болж төрнө гэдэг Бурханы дээд хишиг буян, олдошгүй ховорхон хувь заяа. Сайхан хүмүүсийн тухай насаараа бичиж байна. Олон арав, хэдэн зуун хүний тухай мэдээ мэдээлэл, сурвалжлага, тэмдэглэл, найруулал, хөрөг, таталбар бичжээ. Сонин хэвлэлд нийтлүүлсэн шилдэг нийтлэлүүдээ бас шүүмж судлалын өгүүллүүдээ түүвэрлэж “Төрийн түшээ гэж хэн бэ”, “Наран, саран, дэлхий”, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “Зохиолчид, сэтгүүлчид “солиотой” хүмүүс”, “Бөмбөрцөг бөөрөнхий”, “Алдар нэр, алдаа оноо, атаа жөтөө”, “Хичээнгүй”, “МОНЦАМЭ: үе үеийнхэн”, “Сэтгүүл зүйн судлаач Ломбын Норовсүрэн”, “Сэтгүүл зүйн онолч, доктор профессор М.Зулькафиль”, “Сэтгүүл зүйн нэрт судлаач Гэндэнжамцын Дэлэг”, “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ”, “Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо”, “Нэгэн жарны сударласан сургамж” , “Ой санамж: Арай өөр гишүүн, тууштай бас тустай”, “Ая дуу, айзам эгшгийн ноён сүмбэр оргил”, “Монголын үнэн” сонин-монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн”, “Австралийн тухай тэмдэглэл”, “Олон ургальч үзэл бодлоор оюун ухаанаа удирдуулсан мэргэдийн яриагаар бүтээсэн онцгой содон цувралын тухайд,  “Дуртгал дурсамж, дадлага туршлага, сургамж сургаал, тэдгээрийн түүхэн чухал ач холбогдол”, “Олон давтагдахгүй онцгой содон дээлтэй судар” өчүүхэн тэмдэглэл” зэрэг нэртэйгээр ном болгож гарган нийтийн хүртээл болгосон байна.

      Нэгэн зуунд хамт аж төрж, бүтээж туурвиж явсан эдгээр эгэл жирийн атлаа эрэлхэг баатарлаг хүмүүсийн үйл ажиллагаа, үндсэн чанар, зорилго тэмүүллээс санаа авч “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг тууж, “Тэрбумтан” ба “Уулс, үүлс, туульс” романаа туурвисан гэж хэлж болно. “Сумын эмч” телевизийн олон ангит кинонд л гэхэд Говь-Алтайн Тонхил, Ховд аймгийн Цэцэг, Мөст суманд тавь, жар, далаад онд ажиллаж байсан сумын эмч, сувилагч нарын үнэн бодит дүрүүдийг товойлгон гаргасан юм.Миний “Наран, саран, дэлхий” дурсамж нийтлэлийн ном “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” гэсэн “Хүний сайхан сэтгэл” дууны хоёр мөрөөр дуусч байгаа. Үнэн сэтгэлийн үг минь тэр. Би насан туршдаа хүн ардаа магтан дуулсан, тэдний сайн сайхан үйлсийг тод томруунаар товойлгон гаргахыг хүсч зорьсон зохиолч, сэтгүүлч, судлаач. Наяад ном гаргасан байна. Нэгэн жарны турш үзэг, цаас ноцолдуулжээ. Эхнэр маань хэвлэлийн инженер хүн. ШУА-ийн хэвлэх, Засгийн газрын хэвлэх үйлдвэрт насаараа ажилласан, миний бичсэн номуудын цөөнгүй нь эдгээр хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн.  Номоор хувь заяа холбогдсон хоёр доо.Аймаг сум, орон нутагтайгаа холбож хэлэхэд 2002 онд “Ховд аймгийн хураангуй толь”-ийг ерөнхийлөн эрхэлж хамтран зохиолцож хэвлүүлжээ. Эхлэлийг нь тавьсан, өнөө болоод хойч үеийнхэн улам баяжуулан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ховд аймгийн Цэцэг сум” нэртэй номыг тус сумын 90 ба 100 жилийн ойгоор тус тус бичиж оюуны хандив болгож өргөсөн байх жишээтэй. Нутаг орон, хүн ардтайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой явж иржээ. “Ая дуу, айзам эгшгийн ноён сүмбэр оргил” ном бол Ховд аймгаас төрж гарсан алдарт дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайн тухай шинжлэлт нийтлэл юм. Монголын урлаг судлалын шинжлэх ухааны “Зангад судлал”-д зориулж өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

-Хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатарын “Цэцэг нуурын хөвөөнд” гэсэн морин хуурийн сайхан аялгууг та сонсох дуртай юу?

     -Сайхан аялгуу, сонсох дуртай байлгүй яах вэ. Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд” хэмээх яруухан аязыг өөрийн эрхгүй санагдуулдаг юм. Эх орон, газар нутаг, уул усаа гэсэн бүтээл туурвил уран бүтээлчдийн сэтгэлийн гүнээс, зүрхэн тольтоос ундран бургилж оргилон гардгийн тод жишээ энэ мөн буй за. Манай Цэцэг сумаас МУСГЗ яруу найрагч Б.Хүрэлбаатар, МУСГЗ сэтгүүлч Ш.Цэен-Ойдов зэрэг цөөнгүй авьяаслаг уран бүтээлчид төрж гарсан байдаг юм. Тэд бүгдээрээ л Цэцэг нуураа, Цаст Богд Сутай хайрханаа, Бооржийн голоо магтан дуулцгаажээ. Уншигчид, сонсогчид, үзэгчдэд тэдгээр бүтээл нь илүү хүрч наалдсан, илүү ойр дотно байдаг гэж санадаг шүү.

-Таны аялах, сонсох дуртай дуу?

     -Дуунд муу, дуулах авьяасаа хөгжүүлж чадаагүй орхигдуулсан. Харин ардын болоод зохиолын дуу сонсох, дагаж аялах дуртай. Сонгодог хөгжим сонсон, Оросын телевизээр бямба, ням гариг бүрт нэвтрүүлдэг “Привет Андрей” /”Андрейн мэндчилгээ”/, “Песня от всей души” /”Чин сэтгэлийн угаас ундрах эгшиглэн”/ дуу хуурын нэвтрүүлгийг хөгшинтэйгээ хоёулаа байнга үздэг. Сэтгэл сэргэх шиг болдог.  Дуу хуур бол хүний сэтгэл, зүрхний жигүүр, хүсэл тэмүүллийн тод илэрхийлэл юм.

-Баярлалаа, танд сайн сайхныг, уран бүтээлийн амжилтыг хүсье.

    -Баярлалаа.

 

 

Ярилцсан сэтгүүлч Үржингийн Даваасүрэн

Ховд-Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сар.

 

 

 


Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188