“Сарны нулимс”-ын гал цогтой, “галзуу” Нарангарав, “Өдөр өдрийн нар”-ын адтай сэргэлэн Агиймаа эмч, “Их хотын залуус”-ын сандруу Балжмаа тэргүүтэй олон сайхан дүрээр нь жүжигчин Д.Ганцэцэгийг бид андахгүй мэдэх билээ. Энэ бол түүний тоглосон олон ангит киноны дүрүүд. Мэдээж “Аз ойрхон”, “Аравт”, “Оюутны нууц амраг”, “Уулын намар”, “Татар”, “Галбингаа” зэрэг нэг ангит бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээснийг ч дурдах учиртай. Харин өдгөө тэр С.Баттулга найруулагчийн ээлжит бүтээл болох “Эрсдэлтэй төрөх тасаг” киноны өрөвч зөөлөн, хайр энэрэл дүүрэн эмч Үжингийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна.

Тэрбээр энэ дүрийн саналыг хэрхэн хүлээн авсан тухай “Эрсдэлтэй төрөх тасаг” киноны зохиолч, продюсер С.Сумъяа надад энэ дүрийн саналыг тавьсан. Өмнө нь “Өдөр өдрийн нар” кинонд эмчийн дүрд тоглосон болохоор эхэндээ би адилхан л эрүүл мэндийн салбарын бүтээл юм байна гэж бодсон. Гэхдээ зохиолоо уншаад, өмнөх Агиймаагийн дүрээс огт өөр, дээрээс нь төдийлөн хөндөгдөөд байдаггүй эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн ажил, амьдралын талаар байсан нь надад их сонирхолтой санагдсан” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-ӨРӨВЧ ЗӨӨЛӨН ЗАНГААРАА БИ ҮЖИН ЭМЧТЭЙ ТӨСТЭЙ-
Үргэлжлүүлэн бид түүний бүтээсэн Үжин эмчийн дүрийн талаар болон бусад бүтээсэн дүр, дүрийн саналд хэрхэн ханддаг тухай нь ярилцсан юм.
Энэ ч үүднээс “Дүрдээ ажиллах явцдаа та эх барих эмч нарын ажил мэргэжлийг ойлгож, эмэгтэйчүүдийн төрөлтийн үеэрх хүндрэл бэрхшээлийг илүүтэй мэдэрсэн цаг хугацаа байсан болов уу” гэхэд, “Тийм ээ. “Эрсдэлтэй төрөх тасаг” кинонд эх барих эмчийн дүрд ажиллах явцдаа эмч хүний жаргал, зовлонг үнэхээр мэдэрсэн. Дүрийн судалгаагаа бид киноны зураг авалт эхлэхээс өмнө Нийслэлийн "Амгалан амаржих” эмнэлэг дээр очиж хийсэн. Бараг эх барих эмэгтэйчүүдийн богино хэмжээний сургалтад суугаад төгссөн юм шиг л олон зүйл мэдэж авсан даа. Хамгийн гол нь эмч нар хүнд хэцүү нөхцөлд ямар их ачаалалтай ажиллаж, амрах ч завгүй зүтгэдгийг дэргэдээс нь харж, хайрлан, өрөвдөж байлаа. Тэр дундаа эрсдэлтэй төрөх тасагт ирж байгаа эмэгтэйг эсэн мэнд амаржуулахын тулд эмчээс их сэтгэлийн хат, тэвчээр, оновчтой шийдвэр, мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаарддаг юм билээ. Бид эх барих эмч нарыг ихэнхдээ хүнээ төрүүлээд л болдог гэж бодоод өнгөрдөг. Гэтэл тэд төрөлтийн хүндрэл бэрхшээлийг даван туулахаас гадна гэр бүл, ойр дотны улсынх нь сэтгэл зүйн байдалд хүртэл анхаарал хандуулж, бүгдийг нарийн тооцоолж, хариуцлагыг гартаа авснаар сая нэг хүнээ төрүүлж, санаа амардаг юм билээ. Гэхдээ эх барих эмчийн хамгийн жаргалтай мөч бол хорвоод хоёр амь эсэн мэнд, шинэхэн мэндэлсэн үрийн дуугаа хадаах тэр агшин. Энэ бүхнийг Үжин эмчийн мэргэжлийн ур чадвар, сүр хүч дээр эх хүний зөөлөн сэтгэлтэй хослуулан гаргахыг хичээсэн” гэж байв.

Цаашлаад, “Таны ихэнх дүрүүд гал цогтой, сэргэлэн эмэгтэй байдаг бол Үжин илүү бодлогошронгуй дүр шиг санагдсан. Мэдээж дүрээсээ хамаарч байгаа байх, нөгөө талдаа уран бүтээлчийн хувьд тодорхой он цагийг туулсантай холбоотой байх” гэх асуултад, “Дүрийн ялгаа бий л дээ. Нөгөө талаар хувь уран бүтээлчийн цаг хугацааны уртад амьдралаас ойлгож мэдсэн зүйл ч нөлөөлж байгаа байх. Энэ бүтээлд Үжин эмчийн ажил мэргэжлээс гадна хувийн амьдрал, асуудлууд ч гарч байгаа шүү дээ. Эмчийн мэргэжил, ур чадвараас гадна хүн л болсон хойно гуних, баярлах, хайрлах дурлах гээд амьдралын бүх л зүйлс тохиолддог. Цаг явах тусам хүн ухаарч байдаг шүү дээ. Тэр ухаарал, амьдралын туршлага энэ дүр дээр ажиллах ажиллагаан дээр илүү туссан байж мэдэх юм" гэсэн юм.
Харин бүтээсэн дүрүүд дотроос нь хувь зан чанартай нь адилхан дүрийн талаар сонирхоход, Үжин эмчийн өвчтөнтэй харилцах харилцаан дээр өөрийн дотны хүн шиг сэтгэлээсээ хайрлан энэрч өрөвдөх зөөлөн зан, бусдын төлөө гэх сэтгэл нь түүнийхтэй төстэй гэнэ. Үнэхээр ч Үжин эмч эзэмшсэн мэргэжлийнхээ үүргийн хүрээнд хийж өвдөж шаналсан улсад туслахаас гадна ээж, аав шигээ, үр хүүхэд шигээ, дүү шигээ санаж, анхаарал тавьж, зарим тохиолдолд өвчтөнөө амьдралынх нь зөв замд ч чиглүүлэн өгдөгөөрөө онцгой.
-Та удаж байгаад л часхийсэн содон дүрээр гарч ирдэг. Энэ нь таны уран бүтээлийг үзэх дуртай хүмүүсийн сонирхлыг илүү татдаг юм шиг санагддаг?
-Би сонин содон дүрүүдэд өөрийгөө сорих дуртай. Яг ижилхэн дүрд тоглоод байж болохгүй. Энэ ч үүднээс миний ажилласан дүртэй төстэй бол татгалзахаас өөр аргагүй болдог. Уран бүтээлч хүнд уран бүтээлийн урын сан гэж бий. Тэр урын сангаа би аль болох бүх төрөл жанртай, содон сонин дүрээр баяжуулмаар байна шүү дээ. Зарим үед надад ирж байгаа уран бүтээлийн саналд тогломоор байвч амьдрал ахуй, хувийн ажил төрлөөс үүдэн тоглож амжихгүй байх тохиолдол ч байгаа. Хэрэв сонирхолтой, содон дүрийн санал ирээд л байвал би ар араас нь ажиллахыг ч үгүйсгэхгүй.
Ярианыхаа хоёр дахь хэсэгт бид уран бүтээлээсээ холдсон он жилүүд, сургуулиа төгсөөд л ажилласан тайз, бага залуу түүний тухай ярилцсан юм.
![]()
-Нээрээ та хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн шүү дээ. Энэ хугацаанд юу хийж байв?
-Таван жил Хятад Улсад суралцсан. Энэ их хугацаа, тэвчээр шаардсан он жилүүд байсан. Энэ хугацаанд дүрийн санал ирж байсан ч би хичээлдээ зуун хувь анхаараад ямар ч уран бүтээлд ороогүй юм. Энэ ч зорилгодоо хүрч, Бээжингийн Театр урлагийн сургуулийн театрын менежментийн ангийг магистраар амжилттай төгсөөд ирсэн. Харин намайг төгсдөг жил ковид гарч, улс даяараа хөл хорионд ороод дахиад хоёр орчим жил уран бүтээлдээ ороогүй. Одоо харин идэвхтэй уран бүтээлдээ ажиллаад явна аа гэж бодож байгаа
-Та уран бүтээлээсээ хэсэг завсарлаж байгаад “Эмоци” продакшны “Нэгэн зуны цэцэг” бүтээлд тоглосон. Эргээд тайзнаа гарах сайхан мэдрэмж байсан байх?
-Тийм ээ. Сургуулиа төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт арваад жил ажиллаж, олон сайхан бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Тайз, дэлгэцийн уран бүтээлээсээ холдоод удсаны дараа “Нэгэн зуны цэцэг” жүжигт тоглох санал ирсэн болохоор надад их шинэлэг, сайхан байсан.

-“Та театрынхаа тайзыг санаж байгаа байх. Одоо маш олон жүжиг эргэн сэргээгдэж, залуу найруулагчдын шинэхэн тавилтаар дэлгэгдэж байна шүү дээ. Бүтээж байсан тайзны дүрээсээ онцолбол?
-“Тайзаа саналгүй яах вэ. 2012 онд Япон Монголын найрамдалт харилцааны 40 жилийн ойд зориулан тавьсан Японы алдарт туульсийн бүтээл Гэрэлт "Гэнжийн туульс"-ыг манай театр "Эсрэг дурлал" нэртэйгээр тайзны бүтээл болгоход гол дүрийн хатанд тоглож байсан. Энэ дүр надаас тэс өөр үндэстний, тэр дундаа япон хүний сэтгэхүй, театрын урлагийн тоглолтын арга барил гэхчлэн бүхий л зүйлээрээ их хол байсан учраас судалгаа ч их шаардсан онцлогтой бүтээл байсан. Одоо дахин сэргээгдэн тайзнаа тавигдаж байгаа олон уран бүтээл байна аа. "Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” гээд жүжгүүд маань шинээр тавигдаж тоглолоо. “Тэнгэрийн хүү” жүжгийн анхны составт нь орж байсан. Саяхан амжилттай дахин сэргээлээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Тамгагүй төр” жүжиг анх 1998 онд тавигдаж байсан, сая өнгөрсөн онд "Монгол хаан" нэртэйгээр дахин сэргээгдэж дэлхийн нэртэй театруудаар Монголынхоо театр урлагийг төлөөлж монгол түүх, соёлоо дэлхийд таниулсан бахархмаар сайхан үйл явдал байлаа. Мөн олон шинэ залуу найруулагч, шинэ хувийн театрууд гарч ирж театр урлагийн өрсөлдөөнийг бий болгож байгаа нь театрын урлагтай холбоотой хүний хувьд бахархалтай сайхан байдаг.
-Тайз, дэлгэцийн бүтээлээс гадна та мэргэжлийн уртын дуучнаар төгссөн юм байна?
-Тийм ээ. Үүнийг салбарынхан маань мэддэг ч үзэгчид төдийлөн мэддэггүй байх. Би СУИС-ийг кино, драмын жүжигчнээр төгссөнийхөө дараа мэргэжлийн уртын дуучнаар 2011 онд МУГЖ Б.Батболд багшийнхаа удирдлага дор мөн сурч төгссөн. Сургуулиа төгсөөд жүжигчнээрээ ажилласан ч дууны уран бүтээлээ хийж амжаагүй явсан юм. Тэгээд саяхан анхны дууны уран бүтээл “Хэрлэнгийн баръяа” уртын дуугаа дүрсжүүлэн гаргалаа. Өмнө нь би “Асар өндөр” уртын дууг “UBS” телевизийн цагаан сарын нэвтрүүлэгт орохдоо мөн дуулж бичүүлж байсан юм. Тэр бүтээлээ дахин дуулж, өөрийн болгож, илүү сайхан чанартай хэлбэрээр ард түмэндээ хүргэхсэн гэж боддог. Цаашид дууны уран бүтээл дээрээ түлхүү ажиллая гэж зорьж байгаа.
СЭТГҮҮЛЧ: Увсын жүжигчин хэмээх тодотгол түүний нэг хэсэг. Уул усны диваажин болсон тэр сайхан нутагт төрсөн олон сайхан хүмүүс өнөөдөр салбар салбартаа манлайлж, олон талын авьяас билгээрээ урлагт цойлж, түүчээлсээр буй. Үүний нэг нь тэр бөгөөд тайз, дэлгэцийн чадварлаг уран бүтээлчээс гадна мэргэжлийн уртын дуучин. Жүжигчнээр нь илүүтэй мэдэх түүнийг харин ямархан чадварлаг, өөрийн гэсэн өнгө аястай дуулдгийг анхны уран бүтээл “Хэрлэнгийн барьяа”-гаас өгсүүлэн, цаашид гаргахаар зорьж байгаа олон сайхан уран бүтээлээс нь бид харах юм.
Үргэлжлүүлэн бид урлагийн хүн болох таны багын мөрөөдөл байв уу гэхэд, “Тийм ээ. Би мөрөөдлийнхөө замаараа л явж байгаа. Анх СУИС-ийн жүжигчний ангийн томилолт аваад, мөрөөдөл минь бодит болсон учраас. Бас дахин дуулах хүсэлээ бодит болгож мэргэжлийг нь сурсан учраас. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Хийж бүтээе гэсэн олон зүйл байна. Харин бодсон, санасандаа бүрэн дүүрэн хүрсэний дараа бахархал дүүрэн ярих сайхан даа" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
| ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |