• Өнөөдөр 2024-04-27

Үндэсний хөтөлбөрүүдээс үр дүн нэхье

2020-09-06,   676

Монголд сүүлийн хорь орчим жил моод болтлоо дэлгэрсэн үг бол үндэсний хөтөлбөр. Чихэнд чимэгтэй, сүржин нэртэй хөтөлбөрүүд уг нь хэрэгждэг, ажил хэрэг болдог бол үүн шиг чухал зүйл үгүй сэн. Харамсалтай нь, үндэсний гэх тодотголтой хөтөлбөрүүд салбараа мэддэг хүмүүсийн цангаагаа тайлдаг бизнес, хэдэн арван тэрбумаар нь хөрөнгө төсөвлөж аваад мөнгө угаадаг хэрэгсэл болон хувирсан гэвэл хилсдүүлсэн болчихгүй болов уу. Үндэсний гэх хөтөлбөрүүдээс “Энэ л сайн хэрэгжсэн” гээд оноогоод хэлчих хөтөлбөр  үнэндээ алга. Гэсэн атлаа тоо томшгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэн байх юм. Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд л гэхэд нийт 85 орчим үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ. Тэдгээрээс 70 орчим нь шинээр боловсруулсан үндэсний хөтөлбөр бол 15 нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөтөлбөр байх юм. Зөвхөн үйлдвэрлэлийн чиглэлээр л гэхэд “Үйлдвэржилт 21:100”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хүнд үйлдвэрийн хөгжил”-ийн хөтөлбөр байх жишээтэй. 
 
Харин мал аж ахуй, хөдөө аж ахуйд чиглэсэн хөтөлбөрүүд нийт хөтөлбөрийн багагүй хувийг эзлэх аж. Тухайлбал, “Монгол малчин”, “Малчид, ногоочдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Малын эрүүл мэнд”, “Малын эмийн үлдэгдлийн хяналт”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Хоршоог хөгжүүлэх нийгэм” гэх мэт. Эрүүл мэндийн салбарт л гэхэд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөр хэрэгжиж байх жишээтэй. Боловсрол, соёл урлагийн чиглэлд “Судалгаанд суурилсан их сургууль”, “Орлоготой оюутан”, “Сонгодог урлаг”, “Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр”, “Чулуун соёлын өв”, “Соёлын биет бус өвийг хамгаалах” зэрэг хөтөлбөр байна. Бүр ямар зорилго, зорилттой нь нэрнээс нь үл мэдэгдэх “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Биологийн олон янз байдал”, “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх” гэх хөтөлбөр ч цөөнгүй байв.Урьд өмнө нь хэрэгжиж байсан, эсвэл хэрэгжих шатандаа саатсан хөтөлбөрүүдийг оруулбал энэ тоо хэд хүрэхийг таашгүй.
 
Мөн эдгээрт нийт хэчнээн төгрөг зарцуулж, юу хийсэн, ямар үр дүн гарсан талаарх нэгдсэн мэдээлэл ч алга. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ихэвчлэн хэрэгжүүлэгч агентлаг, хамаарал бүхий байгууллага нь дүгнэж, тэдний үгээр тайлан гаргадаг учраас үр дүн нь эргэлзээтэй байдаг. Монголчуудын хамгийн их мэддэг, танил болсон үндэсний хөтөлбөрүүдээс заримынх нь үр дүн, хэрэгжилтийг танилцуулъя. 

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 

Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзлэх болсон нь дэлхийн дунджаас даруй зургаа дахин их үзүүлэлт юм. Иймээс Засгийн газраас үүнд онцгойлон анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө тусгаж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан байдаг. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж буй. Эхний шатанд В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны иргэдийг хамруулсан бол хоёр дахь шатанд 15-39 насны 1.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 18.8 тэрбум төгрөг, 2018 онд 19.8 тэрбум төгрөг зарцуулсан. 2019 онд В, С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт буюу эмчилгээний зардалд 17.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин В, С вирусийг тоолох эрхтэй 28 лабораторид 7.2 тэрбум төгрөг олгосон юм.
 
Гэтэл энэ хөтөлбөрийг далимдуулан лабораториуд бизнес хийж, эмч хүний ёс зүйгээ уландаа гишгэж, мөнгө олохын тулд хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглох болсныг манай сонин “Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт”  гарчигтай найман цуврал нийтлэлээрээ ил болгосон билээ. Тодруулбал, В, С вирус тоолох эрхтэй 28 лабораторийн 15 нь мэргэжлийн эмчгүй, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулж байсан нь ил болсон. Үүнээс болж ЭМДЕГ “Хаппи веритас”, “Айти” лаборатори, “Итгэл” эрүүл мэндийн төвд акт тавьсан. Харин үүнийг нь эдгээр байгууллага үгүйсгэж, шүүхдэлцээд байгаа. Энэ бол эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа олон хөтөлбөрийн ердөө нэг нь. Мөн манай нийтлэлийн дараа ЭМЯ-наас лабораториудын үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс хуудуутай нь ил болсон нь энэ болохоос өөр хэчнээн хөтөлбөр хэрэгжиж буй нэрээр улсын хөрөнгийг үр ашиггүй үрж буйг таах аргагүй юм. 

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Энэ хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн  нь 1999 он. Өдийгөөс 21 жилийн өмнө гэсэн үг. Дээрх хугацаанд дөрөв дэх удаагаа хэрэгжиж байгаа тус хөтөлбөрийн гол зорилго жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлт бий болгон хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэхэд оршиж байлаа. Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77, нийт ажиллах хүчний 72 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан гэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувь, экспортын 2.3 хувийг тэд бүрдүүлж буй. Гэхдээ тоон мэдээлэл зөрүүтэй, техник, технологийн мэдлэг хангалтгүй, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн уялдаа холбоо тааруу байгаагаас үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг амжилттай эрхлэх боломж хязгаарлагдмал байгааг энэ салбарынхан онцолдог. Цөөн тооны жижиг, дунд үйлдвэр чанар болон аюулгүй байдлын стандартаа хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч олон улсын болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвар  сул хэвээр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” үндэсний хөтөлбөр 2019-2022 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжихээр болсон.
 
ХХААХҮЯ-наас жижиг, дунд үйлдвэрийн салбарт хийсэн ажиглалт судалгаа болон Монголбанкны “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт байдлын судалгаа”-наас үзэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Улсын хэмжээнд 2009-2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26454 төсөл ирсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ингэснээр 40628 ажлын байр шинээр бий болсон гэнэ.
 
Мөн  Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой хүмүүс нь буюу яам, агентлагийн дарга, УИХ-ын гишүүд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, дээрх сангаас их хэмжээний зээл авсан нь ил болсон билээ. Эл хэрэгт ХХААХҮ-ийн сайд нь хүртэл холбогдсон. Энэ бол “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” үндэсний хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй, хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байгаагийн том илрэл юм. Үндэсний хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн бол өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрийн царай харж гудайхгүй, иргэд ч гаднын орныг зорин өндөр үнээр бараа худалдан авахаар явахгүй байх байлаа.

“АЛТ” ХӨТӨЛБӨРҮҮД

“Алт-1” хөтөлбөрийг санаачлагч нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат. 1992-1999 оны хооронд хэрэгжсэн “Алт” хөтөлбөрөөр монголчууд гаднаас хөрөнгө оруулалт татаж, энэ нь зах зээлд шижлжээд удаагүй байсан хүнд хэцүү үеийг даван туулах гол хөшүүрэг болсон гэж олон хүн үздэг юм билээ. Хөтөлбөр хэрэгжсэн найман жилийн хугацаанд алтны жилийн олборлолт 0.7 тонноос 11 тонн хүртлээ суга өсөж, улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлж байжээ. Гэвч энэ төслийг “Байгаль орчинд хамгийн халгаатай төсөл болсон” хэмээн өнөө хэр шүүмжилдэг. Учир нь, алт олборлогчид байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүйгээс экологид нөхөж баршгүй хохирол учруулсан. Одоо ч үүний хор нөлөө Төв аймгийн Заамар суманд оршсоор буй. Тус бүс нутагт ургадаг байсан 100 орчим нэр төрлийн эмийн ургамал устаж, малчид жилийн жилд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулах болсон. Гэтэл Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгаж, өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сард баталсан.
 
Хөтөлбөр хоёр үе шаттай, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж, энэ жил дуусна. Хөтөлбөр хэрэгжсэнээр Монголбанканд жилд тушаах алтны хэмжээ 25 тоннд хүрэх төдийгүй алтны салбараас жил бүр тэрбум ам.долларын орлого бүрдүүлэхээр зорьсон. Улсын хэмжээнд олборлож буй алтны хэмжээг нэмэх, олборлосон алтыг Монголбанканд тушааж, валютын нөөц бүрдүүлэх нь “Алт-2” хөтөлбөрийн гол зорилго. Гэтэл Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2018 онд 21.9 тонн байсан бол өнгөрсөн 2019 онд 15.2 тонн болж буурчээ. Өөрөөр хэлбэл, нэмэх бус хасах үзүүлэлттэй явааг, “Алт-2” хөтөлбөрийн үр дүн төдий л хангалттай бус гэдгийг энэ  тоо илтгэнэ. 
Энэ мэт үндэсний нэртэй төсөл, хөтөлбөрүүдийг жагсааж, тэдгээрийн үр дүнг нэхвэл эерэг үзүүлэлт гарахгүй нь. Үндэсний нэртэй “том” хөтөлбөрүүдээс үр дүн нэхдэг болмоор байна. 

Үндэсний хөтөлбөрүүдээс үр дүн нэхье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188