• Өнөөдөр 2024-04-27

Модоо баригсад ба мөнгөөр туйлагсад

2020-08-30,   785

Бид “Монголчуудын амьдрал” булангийнхаа энэ удаагийн дугаарт хүмүүсийн амьдрал баян ядуугийн хоёр хязгаарт хэрхэн оршиж буйг харуулахыг зорилоо. Ингэхдээ борчууд, дундаж давхаргынхны хамгийн их үйлчлүүлдэг  гэгддэг “Нарантуул” худалдааны төв болон билэгжүү хүмүүсийн үйлчлүүлэхийг илүүд үздэг “Централ таур” худалдааны төвийг сонгон сурвалжилгаа бэлтгэлээ.  
 
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун хойд буланд байрладаг хуучин буюу комиссын бараа зардаг лангууны дэргэд очив. Шинээр задарч байгаа бололтой том, том шар шуудайтай бараан дээр худалдан авагчид “алалцаж” байлаа. Шуудайн дотроос гарч ирсэн хувцсаа дээш нь өргөж, хальт хараад л сугавчилсан цүнх рүүгээ чихэж, дахиад л шуудай руу тонгойх нь алт, эрдэнэс хайж байгаа юм шиг харагдана.
 

МОДОО БАРИГСАД: ЦАМЦ 1500, ӨМД 3000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Эсвэл эд зүйлсээ гээчихээд, түүнийгээ олохоор эрэн хайж байна уу гэлтэй. Тус захын эл хэсэгт бараа авч байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. “Тэрэнд, энэнд, тэрний маань хүүхдэд ч таарах болов уу” хэмээсээр өнөөх шуудайгаа ухаж, тонгочсоор байлаа. Зарим нь тус лангуунуудын хажуугаар хамраа дарж өнгөрдөг хуучин хувцасны үнэрийг тэд жишим ч үгүй хэдэн арван минут үнэрлэж, сая нэг эрлээ олсон болов уу гэмээр авсан бараагаа торондоо хийнэ. Нарны гэрэл тусахгүй, бүүдгэрхэн мухарт  хэсэг бүлэг хүн ийн худалт авалт хийж байв. Худалдагч бүсгүй “Шилэгдээгүй, шинэ бараа задарч байна шүү. Цамцаа 1500, өмдөө 3000 төгрөгөөр аваарай” хэмээн барааныхаа модон хайрцган дээр бохь зажилсан шиг сууна.
 
Хүмүүс таалагдсан бараагаа өвөртөлж, таалагдаагүйгээ хааш нь ч хамаагүй шидэлсээр том шар шуудайтай бараа яах ийхийн зуургүй дундрав. Энд дан ганц хувцас гэлтгүй, цагаан хэрэгсэл, нимгэн хөнжил зэрэг төрөл бүрийн бараа зардаг юм байна. “Нарантуул” захын хойд хэсгийн дөрвөн эгнээнд комиссын гэх тодотголтой лангуунд 30 орчим хүн худалдаа үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Эдний олонх нь 10-20 жилийн турш хуучин хувцас зарж байгаа арвин их туршлагатай аж. Олон жил бараа зарж байгаа учраас байнгын үйлчлүүлэгч олонтой. Тэдэн лүүгээ “Шинэ бараа удахгүй задарна” гэж хэлэхэд л хот, хөдөөгийн хаанаас ч гэсэн хүрч ирэн, худалдан авалт хийдэг гэнэ. Энэ талаар комиссын барааны гурав лангууны худалдагч Л.Даарийнямбуу “Энэ хэсэгт зарахгүй хувцас гэж байхгүй.
 
Хүний өмсөж, хэрэглэх бүх зүйл бий. Нимгэн фудволк, цамц 1500 төгрөгөөс эхэлдэг. Харин зузаан ноосон цамц 8000-25000 төгрөгийн хооронд зарагддаг. Оймс нимгэн, зузаанаасаа шалтгаалаад 600-1200 төгрөгийн үнэтэй. Өмд гэхэд л материалаасаа шалтгаалаад 3000 төгрөгөөс дээш үнэтэй. Гадуур хувцас 10 мянган  төгрөгөөс эхлээд, 50-60 мянга гэдэг. Зарим бараа материал сайтай ирдэг. Тухайлбал, савхи, арьсан цүнх, гутал яг үйлдвэрийн оригнал байдаг. Хүмүүс манай энэ хавиас савхи, цүнх, гутал их худалдаж авдаг. Эндээс аваад будуулаад л оригнал, шинэ савхитай болчихно шүү дээ.
 
Томоохон дэлгүүрүүдэд брэнд гээд зарж байгаа цүнх бол манай энд зарж байгаагаас материал муутай. Тэгсэн хэрнээ хэдэн саяас наашгүй үнэтэй. Манай лангууны олонх худалдан авагч нь хөдөө орон нутгийнхан байдаг юм. Тэд ирээд л бөөндөж аваад явчихдаг. Бараагаа эргэлтэд хурдан оруулахын тулд хямдхан зарна. Ер нь бөөндөж авбал хямдхан тусна. Тийм болохоор л хүмүүс багц багцаар нь буюу гахай гахайгаар нь авч яваад зардаг. Хэрэв задлаагүй гахай худалдаж авах юм бол шилэгдээгүй, дотроос нь чамин, чамин бараанууд гарч ирдэг болохоор хүмүүс түүнийг мэддэг. Манайх бараагаа Солонгос, Туркээс голчлон авчирдаг. Туркийн гутал илүү чанартай. Харин Солонгосын бараа загвар, материал сайтай байдаг.
 
Хүмүүс ер нь ихэнхдээ 1500-3000 төгрөгийн барааг сонирхож, худалдаж авдаг” гэв. Л.Даарийнямбуугийнх бараагаа бөөндөөд зарчихдаг учраас лангуу нь тийм ч их барааны сонголттой биш. Лангууныхаа захад өнгө өнгийн савхи эгнүүлж, “1500-3000” төгрөг гэсэн хаяг хатгасан модон авдар дотор уул, овоо шиг дүүрэн эсэн шидийн хувцас овоолжээ. 
 

“ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮД МАНАЙ БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ”

Харин түүний лангуунаас хойш яваад, тав дахь лангуунд 50 орчим насны эмэгтэй хүүхдийн хувцас зардаг юм байна. Түүний өөдөөс харсан лангуунд залуухан эр ажлын хувцас зарж байв. Хүүхдийн хувцастай лангуу олон үйлчлүүлэгчтэй байв. Хүүхдээ урдаа суулгаж, эсвэл хажуу дахь хүндээ тэврүүлсэн, эс бөгөөс ардаа үүрсэн ажилчин шоргоолж аятай хэдэн эмэгтэй хувцасны эрэл хайгуул ид хийж байлаа. Хүүхдийн хувцас зардаг лангуу энэ хэсэгт тун цөөн. Лангууны худалдагч “Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонх нь олон хүүхэдтэй ээжүүд. Манай лангуу хүүхдийн хувцас зардаг учраас тийм ч үнэтэй бараа байхгүй. Хамгийн үнэтэй нь гэхэд 3000-8000 төгрөгийн хооронд зарагддаг. Эмзэг бүлгийн, шинэ хувцас авах боломжгүй олон гэр бүл манай улсад бий шүү дээ.
 
Аль болох бараагаа хямдхан зарах юм сан л гэж боддог. Одоогоор худалдан авагч багатай байна. Харин дулаан ороод, баяр ёслолын өмнөх өдрүүдэд хүмүүс энүүгээр ярзаганаж байдаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүд комиссын бараа худалдаж авахгүй гээд яах билээ дээ. Гэхдээ бас ажил, төрөлтэй хүмүүс хүртэл худалдан авалт хийдэг. Материал сайтай барааг дотор лангууныхан биднээс худалдаж аваад “Хямдарсан бараа” гээд энд зарж байгаагаас үнэтэй зардаг. Хүмүүс аваад л байдаг юм билээ. Мөн барааны үлдэгдэл буюу зарж болохооргүй бараанууд гэж гардаг. Тэднийг “Нарантуул” захын “Мангасын ам”-ныхан буюу хар захынхан худалдаж аваад, 1000-2000 төгрөгөөр зардаг. Тэд бараг үнэгүй авсан бараагаа мөнгөөр зарж, ашиг олдог. Бид чинь лангууны түрээсийн мөнгө төлнө. Харин тэд бол цэвэрлэгээний мөнгө гэж өдөрт 500-1000 төгрөг л төлдөг юм билээ” гэв.  Тус захын хамгийн олон хүнтэй газар “Мангасын ам”-ны хар зах гэнэ. Энд зарахгүй зүйл гэж үгүй бөгөөд хүн зөрөх зайгүй шахам бужигнаж байлаа. 
 

МӨНГӨӨР ТУЙЛАГСАД: ШИЛЭН ТИРКО 132 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

“Нарантуул” захын булан тохой бүрт амьдрал буцалж, 2000 төгрөгийн цамц авахын тулд зарим нь хэдэн арван удаа эргүүлж, тойруулан “Үүнээс арай хямдхан байхгүй юу” хэмээн асууж, “Энийг авахгүй бол дахиад хямдхан хувцас олдох болов уу” гэх бодол өвөртөлж, хэдэн төгрөгөө байн байн тоолсоор, худалдан авалт хийж байсан юм. Энэ бол монголчуудын нэг хэсгийн амьдрал бөгөөд нөгөө талд харин шал өөр дүр зураг угтана. Эндээс бид “Централ таур” худалдааны төвийг зорилоо. Эл хульхан, бараг л эзэнгүй гэмээр цэмцгэрхэн хэдэн лангуу биднийг угтав.
 
Шил толь болсон шилэн лангуунуудын барааг ганган нь дэндсэн гэмээр хүмүүс сонирхон, холхино. Зарим нь 1500 төгрөгийн барааг хямдруулах гэж улайран зүтгэж, хоёр сардаа ганцхан хувцас худалдаж аваад амьдарч байхад нөгөө хэсэг нь хэдэн сая төгрөгийн хувцас худалдаж аваад, түүндээ ханахгүй зогсож байх. 30 орчим насны, үсээ задгай тавьж, үнэтэй хүрэм өмсөж, албаны хувцасласан залуухан эмэгтэй “Саатай шилэн тирко хэд вэ гэхэд худалдагч “Хамгийн хямдхан нь 132 мянган төгргөөс эхэлж байгаа” гэх юм. Өдөржин “Нарантуул” захын хуучин барааны лангуунуудаар намиргасан надад 132 мянган төгрөгийн шилэн тирко дэндүү үнэтэй санагдав. Үнийг нь гайхаж, үнэтэйг нь толгой сэгсрэн бодож байх зуур хоёр ч хүн тирко худалдаж аваад гарч одох нь тэр. Тирко, ноосон өмд л зардаг эл лангуунд бараг хүн тасарсангүй. Үнийг нь асуухгүй “Энийг авъя” хэмээн картаа сарвайх эмэгтэй олон.
 
Харин эл лангууны эсрэг талд хямдралтай худалдаа явагдаж байгаа бололтой. Эмэгтэй хүний бэлэн хувцас зардаг юм байна. Шилэн хаалган дээр 20-40 хувийн хямдрал зарласан тухай бичжээ. Дотор нь хоёр хүн бараа сонирхож, “Энэ арай том юмаа. Үүнээс захиалбал хэд хоногт ирэх вэ” гэхэд худалдагч бүсгүй “Уучлаарай, манай хямдралтай бараанууд дахиж ирэхгүй. Шинэ бараа ирэх гэж байгаа учраас хямдруулсан юм. Энэ хэсгийн лангууны цамцнууд 689 мянгаас 20 хувь хямдарсан. Харин энэ хэсгээр байгаа нимгэн даавуу өмднүүд 389 мянга шүү” гэв. Мөн “Өвлийн куртик, шупа 50 хувийн хямдралтай байгаа” гэлээ. “50 хувь хямдраад хэдэн төгрөг болсон бэ” гэхэд худалдагч “Дунджаар1.8-3.2 сая төгрөгөөр зарж байгаа” гэсэн юм. Тус худалдааны төвийн олонх лангуу 10-40 хувийн хямдрал зарлажээ. “Нарантуул” зах шиг олон хүн цуглахгүй ч тэнгэрт хадсан үнэтэй тэдний барааг авах хүн олон. Зорьж ирсэн болгон худалдан авалт хийдэг болохоор байнгын орлоготой байдаг бололтой.
 

ӨДӨРТ ОЛОХ ОРЛОГОНЫХОО 30-40 ХУВИЙГ Л ОЛЖ БАЙНА

Коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор тус худалдааны төвийн борлуулалт 40-50 хувиар буурсан гэнэ. Энэ талаар эмэгтэй бэлэн хувцас зардаг худалдагч “Манай бараа барагтай л бол хямдраад байдаггүй юм. Цагаан сараас хойш борлуулалт буурсан учраас бараагаа 20-40 хувь хямдруулсан. Манай хувцасны дундаж үнэ 700-900 мянган төгрөгийн үнэтэй. Худалдан авалт буурлаа, буурлаа гэхэд ийм ч муу болж байгаагүй юм. Энэ хавар бүр муудчихлаа. Зарим үед бүр түрээсээ ч төлж чадахгүй байна. Гэхдээ бас чанартай бараа зардаг болохоор байнгын үйлчлүүлэгчид маань үйлчлүүлж байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өдөрт ойролцоогоор 8-10 сая төгрөгийн орлого ордог байсан бол одоо үүнийхээ дөнгөж 30-40 хувийг олж байна. Удахгүй шинэ бараа ирэхээр худалдан авалт сайжрах байх” гэв. 
 
Хотын захын,  худалдан авагчид “Нарантуул” гэх мэт ил задгай худалдааны төвийг зорьж, аль болох хямд үнээр олон зүйл худалдаж авахыг эрмэлздэг бол өндөр шилэн барилгад ажиллаж, амьдардаг “томчууд” шал нь хүртэл нүүрээ харж болохоор гял цал оргисон, өндөр үнэтэй бараатай худалдааны төвүүдийг зорино. Тэндээс тэд оймсоо хүртэл хэдэн зуун мянгаар худалдаж авдаг байхад нөгөө захад 10 мянган төгрөгөөр бүрэн хувцаслаж байх жишээтэй. Үүнээс Монголд баян, хоосны ялгаа ямар байгааг харуулах гэсэн хэрэг. Угтаа бид нэг л хүн. Гэхдээ бидний хэрэглээ хэн нь хэн бэ гэдгийг хэлээд байх шиг... 

Модоо баригсад ба мөнгөөр туйлагсад
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188