Сэтгүүлч, зохиолч, продюссер С.Түвшинжаргалын “Тавалжин” хэмээх ном уншигчдын хүртээл боллоо. Тэрбээр өмнө нь “Есдүгээр сарын навчсын ганганаа”, “Тархины цэцэрлэг” шүлгийн түүврээ хэвлүүлсэн. Мөн тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төдийгүй яруу найраг, кино зохиол, баримтат кино, хөрөг шинжлэх ухааны чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Түүний гуравдах уран бүтээл болох “Тавалжин” хэмээх энэ ном нь дотоод сэтгэл, хүүхэд нас, эх орон, байгаль дэлхийтэйгээ харилцах яруу нандин мэдрэмжүүдийг уран яруугаар илэрхийлсэн бүтээл болжээ.
Зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш О.Содномпил энэхүү номын тухай “Он гарсаар шүлгийн номууд уншаад бодол санаа минь ямар өөдрөг болчихов оо. С.Түвшинжаргалын “Тавалжин” номын уншихад өөртөө яруу найргийн цэнзүүр тавьж, хэвлүүлэх гэж яардаггүй нь хамгийн чухал олз байлаа. Өөрийн мэдэрсэн ертөнцөө утгат үгсээр ил биш, далд чинадад өгүүлсэн нь мэдрэгдэнэ. Уран бүтээлд хүндэтгэлтэй ханддаг нь, шүлгийн эргэлт, бодомж нь сониролтой.
С.Түвшинжаргалын шүлгүүд дотоод сэтгэлийн хашхираан ч юм шиг, ухаарал, амьдралд хандах хандлага нь өөрчлөөсэй хэмээх залбирал ч юм шиг санагдлаа.
Яруу найраг маань ямар чигт яваа нь түүний шүлгээс харагдаж, сонсогдож буй мэт. Тэр эрээлжин дүрс. Гэгээн Эмзэг Гүн Эгэл Гунигт-ТАВАЛИЖИН” хэмээжээ. Ингээд та бүхэнд онцлох таван шүлгийг хүргэе.
Үүрийн нарны сэрүүхэн туяаг
Балтын салхитай хамт залгиж
Үлгэрийн хотын талбай дээр
Амьдран сууж буй хүмүүүсийн
Урд урдаа тавьсан жижигхэн вааран торхнуудад
Үнэр нь үнэр сэтгэж, амт нь амт сэтэлсэн
Үнэхээр нэг сайхан яриа чихэнд одоо ч хөөсөрнөм.
Зөгийн балтай шар айраг цэлэлзэх зуур
Зүүсэл худалдаж авахаар жаахан удсан намайг
Сандал дээр тохсон хүрэм маань хүлээж яджээ
Сар томрон томорсоор яг л жинхэнэ болчихжээ
Сая бодогдсон нэг сайхан яриа тэндээс хөвөрсөн
Сарны гэрлээс ч харамлан сайхан яриа байсан юм.
Амьдрал бид заримдаа бүрэн хяналтаа алддаг
Аль болох ойлгох гэж хичээсээр яваад л дуусчихдаг
“Энэ амьдрал гэхдээ тогтворгүй нэгэн гэгээ байдаг
Эгшинг цэгнэж болохуйц тийм тод гэрэлтэй
Буй биеэр тэр гэгээ дүүрэн цацрахад
Болж байгаа бүхнийг мэдэрч болдог тийм гэгээ
Үүрдийн амьдрал хайгчид түүнийг л олборлох гэж
Үеийн үед бясалган суусан байж мэднэ”-
Мөнхийн амьдрал/Оюуны ертөнц/-ийг бүтээх нь
Энэ ертөнцийн ажил биш гэхэд минь
Нэг тийм гэрэл үнэхээр гялсхийсэн
Энэ ертөнц ямар ажилтайг
Оюун санааг бүтээхийн тулд юу бодохыг
Бодол бодлын дунд хэрхэн төөрөхгүй байхыг
Эгшинг хүртэл цэгнүүлж чадахыг нь сонсоод
Эртний чулуун ханыг бүдэг гэрлүүд даган урсав
Эрт урьдын нэгэн хотыг налан суув.
Манай хотын төвд юу байдаг вэ?
Магадгүй нэг хаан байдаг байх.
Тэр хааан юу хийдэг вэ?
Тэндээ л сууж байдаг байх.
Хааны дотор юу байдаг вэ?
Гол байдаг байх
Хаа байсан гол гэдгийг хэлээд аль?
Тиймэрхүү гол
Яг ямархуу гол гэдгийг нь хэлээд аль?
Монгол гэдэг.
Тэгвэл тэр устай гол чинь юу юм?
Дэлхийн гол.
Ус хамгийн гол зүйл нь гэж чи хэллээ.
Уг нь би таныг мэддэг гэж бодсон.
Эртэч болжмор
Ойр ойрхон дэвхэрч
Очих газраа хүрнэ
Хархан нүдээ онийлгон
Дээш өлгийж
Хэн нэгнийг хайна...
Харин тэр
Дулаахан гартаа
Хачин зүйл өргөөд
Хөшөө шиг зогсож байна
Тийм л нэг зураг
Тэнгэрт өлгөөтэй байдаг.
Ногоон хөндийг хага ярсан
цасан цагаан тогтоц
Нөмөргүй байхдаа л цаг хугацаа
ингэж харагдах байх
Санаагүй бүхний эрэлд хатсан намайг
сарны хэлээр ярьдгийг мэдэх үү?
Сарны төрх харин яагаад
энэ хөндийд үлдэж хоцроо вэ?
Надад хэлээч
Давтагдашгүй
Памукалле!
Цаг хугацаан дээр халтирч
өвдгөө шалбалсан намайг
Цасны гоод хувилсан салхи түүхээрээ
үлээж аргадав
Харин би тэнгэрийн толинд нүүрээ тусган буй,
сахиусан тэнгэрт хувилж
Хөндийн энгээр дүүлэх эрхтэй болчихоод
хэрхэн тайтгарах билээ дээ.
Надад хэлээч
Давтагдашгүй
Памукалле!
Мөнхийн залуу Клеопатра энд
бүлээн уснаа бодлогоширч
Эхгүй болохоор тэнгэрийг
өрөвдөөд байдаг юм
Энэ тэнгэрийг өмөлзөх хайрлах хүн
ээжээс өөр хэн ч алга
Амандаа бувар бувар үглэж,
аашийг нь тэвчин
Аадар мөндрийг нь аргадах нь
ээжээс өөр хэн ч билээ.
Захгүй энэ тэнгэрт
атга чихрээ өгөөд л
Заримдаа цааш харан
сүү өргөөд л зогсдог.
Энэ тэнгэр нэг л өдөр
сайхан зүйл дуулгана гэж
Итгэж хүлээдэг ээжийн минь
ганц амины тэнгэр.
Хажууд нь намайг байгааг
анзаардаг ч юм уу
Хүсэл зориг,
хамаг юмаа шивнэж,
Холын тэнгэртэй шивнэлдээд
хар үүүрээр үгсээд байхаар нь
Өрөвдөөд байдаг юм
ШИНЭ НОМ: ТАВАЛЖИН |
|
2025-07-07 00:07:00
2025-07-06 21:46:26
2025-07-06 21:27:37
2025-07-06 15:33:54
2025-07-06 10:17:47
2025-07-06 10:16:22
2025-07-06 10:15:20
2025-07-06 10:13:46
2025-07-06 09:39:44
2025-07-06 09:10:50
2025-07-06 08:59:12
2025-07-06 08:44:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |