Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл охин Аниртаа зориулан "Миний анир" шүлгийн ном гаргажээ.
Тус номын тухай Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч С.Ууганбаяр "Миний анир"-т ямар нэгэн гоёчлол, тэс хөндлөнгийн ондоошил, тэгтлээ халаглах уянга ч алга. Гэхдээ хүнийг автуулах маш том "шид" байгаа нь байгаль ижий юм гэдгийг анзаарч тогтож уншсан хүнд аль ч утгаараа төвөггүйхэн бууна. Ерөөсөө хээ шаагүй уншигдах авч хөндөх аргагүй утга учраас бүрдэх энэ номыг уншаад дуусахад хаяа нь шуулттай гэрийн тулганд цай даргилж, эзэгтэй утаа зуусан тооно өөд өртөөлөн самарч, гэрийн эзэн дүнсний утаан дунд бодол хэлхэх, гэрт гадаагүй хүүхэд шуугих, нэгийг үдэж, нөгөөг угтах дүр зураг сэтгэлийн нүднээ шуудхан бууна..." хэмээн тодотгожээ. Ингээд уншигч танд түүний номоос дараах шүлгүүдийг онцлон хүргэж байна.

***
САВЛУУР
Хайрт минь хоёулаа охиддоо
Савлуур хийж өгье
Сэтгэлээ суудал болгож
Итгэлээрээ олсыг орлуулж
Газраас тасран тэнгэрт хөөрч
Гариг эрхэст ойртох шиг санагдах
Ганган бус ч бат бөх
Савлуур хийж өгье
Чи тэндээс
Би тэндээс тэднийгээ дэмнэж
Чи охидынхоо нүүрэнд тодрох мишээлийг харж баясаад л
Би харин тэднийхээ инээдийг чимээгүйхэн сонсоод л
Ажин түжин орчлонгийн
Анир үргээх охидынхоо
Аз жаргалаар зүрхээ тэжээн
Амьдраад л байя хайрт минь.
***
Гуниггүй нүдтэй эрххэн байхад чинь
Гэргийгээ болгож дээ, чамайгаа
Энгэрийн хэсэг үүлсээс ч хамгаалж явдаг
Эмзэгхэн байж дээ, чи минь
Бороон дусалд норж
Бодолдоо нялхамсаж
Цээжийг минь дэрлэж
Шүлгэнд минь итгэж, минийх болж дээ
Цасан дороос нүдэлж ургадаг
Цагаахан хос цэцэг шиг
Өөртэйгээ ижилхэн хоёр цэцгийг
Өвөр дээр минь ургуулж дээ
Зовоохгүйсэн гэж бодсоор явтал
Залуу нас минь дуусах нь дээ
Миний л төлөө хадгалсан нулимсаа
Мэлмэрүүлэн урсгаад барах нь дээ
Гомдооё гэж гомдоодоггүйгээ
Би мэднэ
Голыг чинь гогодсон ч уучилж
Чи минь л чадна.
***
Наран дундах толбо шиг
Голдоо хар цэцэгтэй
Нэг тийм шар цэцгийг охин минь тастаад
Гэзгэндээ зүүчихэж...
Гомдол тунирхал төрсөөр
Буруу харж хэвтэхдээ
Ганцхан удаа цэцэг тасалсан
Багын явдлаа эргэн санахуй
Хорвоогийн бүх өнгийг сүлж ургасан
Үзэсгэлэнт цэцгийг ээждээ үзүүлэх гэж
Хойд уулынхаа энгэрээс тастаад
Харьж явахад минь
Гоо үзэсгэлэнгээ гарт орхиод
Голын зүг эрвээхэй болоод нисчихэж билээ...
Инээдэн дундаас чинь нэгэн эрвээхэй
Эгшигт дутсан нүдээр
Өөрийг чинь харснаа
Эргээд нисвэл охин минь
Энхрийлэн байж үсэндээ түрүүхэн зүүсэн
Өнөөх шар цэцгээ мөн гэдэгт итгээрэй
Байгалийн гоог мэдэрч л болохоос
Барж болохгүйг тэгж ойлгоорой.
***
ҮРГЭЛЖЛЭЛ
Эцгийнхээ үргэлжлэл гэдгээ таньсан хүү
Эргэж буцалтгүй алхсаар байжээ,
Энэ л замаар...
Эрвээхэй хөөж, цэцэг тасдахаа
Хорин оны өмнөөс больж
Хонгор өдрүүдийн гэгээн сайхныг
Ээждээ ярьж өгөхөөр зэхдэг болжээ.
Жигүүрээ дэлгэвэл л нисчих гээд байдаг учир
Жирийн хүмүүсийн дунд хүрэм дотроо нуугдан алхаж
Жил сарын цаана тэгшилж суусан дэр чулуугаа
Жижигдүүлээгүй байгаадаа гэж эмзэглэдэг болжээ.
Их усан дунд наран харж зогсоо хандгай
Ихээ хол төрөлдөө гурван настай хүү байсныг
Нулимсаар нь мэдээд уйлахад нь
Нэрхийтэл цочоод цааш дүүлжээ.
Хорвоогийн бүхий л замаар
Хонгорхон охидоо нуруундаа үүрч, эхнэрээ дагуулаад
Холын холд алхсаар байхдаа
Хэзээ нэг өдөр эргэж харахад нь
Өөрийг нь дуурайж төрсөн үргэлжлэл
Өөдөсхөн үр нь алхаж байна гэдгийг
Ойлгодог болоод уджээ.
***
Үглээ бяцхан болжморыг дуурайх
Үрийнхээ дууг сонсон хэвтэхэд
Үндэслэн цэцэглэж буй нялх ногооны
Үнэрийг тээн ирэх салхи
Сөхөөстэй хаяагаар шургалан орж ирээд
Сонсоогүй, дахиж сонсохгүй
Үлгэр шивнэх нь соньхон
Үргэлжийн хөдөлгөөнд орших амьдралд
Үрсээрээ дамжуулан өнө мөнхөд
Үргэлжлэн амьдарна гэдгийг минь
Өглөөний тунгалаг салхи
Өнөөх л өхөөрдөм болжмор хоёр
Дандаа надад дуулгасаар байхад
Дүүрэн орчлонгоос буцах тухай бодомгүй.
| "МИНИЙ АНИР" НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |