• Өнөөдөр 2025-03-17

“ЕСӨН БҮХЭЛ ДӨРӨВНИЙ ГУРАВ” НОМООС ОНЦЛОХ 10 ШҮЛЭГ

2025-02-18,   1052

Таван жилийн өмнө 20 гаруйхан настай залуу шүлэгч бүсгүйн “Есөн бүхэл дөрөвний гурав” нэртэй анхны яруу найргийн түүвэр хэвлэгдэж, уншигчдын хүртээл болмогцоо утга зохиол судлаач, шүүмжлэгчдээс чамгүй сайшаал хүртэж, уран зохиол сонирхогчдын анхаарлын төвд орж байлаа. Анхны номоороо л Монголын нэн шинэ үеийн яруу найрагт өөрийн өнгө аяс, өвөрмөц хэлбэр, хэл найруулгаараа өөрийн байр сууриа тогтоосон уг залуу яруу найрагчийг Мөнхдоржийн Ундрал гэдэг. Өдгөө тэрбээр хоёр дахь яруу найргийн түүврээ уншигчдын хүртээл болгохоор зэхэж буй бөгөөд үүнтэй холбогдуулан Эргэлт.мн мэдээллийн сайт яруу найрагч М.Ундралын анхны яруу найргийн түүвэр болох “Есөн бүхэл дөрөвний гурав”-аас 20 гаруйхан настай шүлэгч бүсгүйн хайр, гуниг, шаналан, хайртай хүмүүстээ зориулж бичсэн 10 шүлгийг онцлох уншигч та бүхэнд танилцуулж байна.  

 

***

Уйлахгүй ээ,

гэхдээ өвдөнө!

Тэврэхэд нь дотор шатдаг

Тийм халуун биеийг мартахгүй!

 

Хэмлэх үгс л уруул давдаг

хэтэрхий хүйтэн, үнэнээ нуудаг,

Жишүү хардаг ч

жинхэнэ дурладаг гунигт нүд

Өөр нэгний утаанд мансуурахгүй

Өвдөлт бүртээ чамайг л хайрлана

Хүзүүн дэх

толбоноос өөрийг

Дурсахгүй байж чадна

Гэвч,

хүрмэгц чинь л

уйлаад наалдахаа мэднэ

Энэ мөчийг өгөхгүй л юм бол

Өдөр бүр намайг үхүүлээрэй!

 

***

Үүнийг л бичих гэж

Үдэш бүр уйллаа гэж үү?

 

Олчихлоо гэж итгэсэн минь

Одоо ч худал хэвээр байна

Олон, олон хаврыг угтсан

Догдлол минь харин үнэн байна

 

Гэнэхэн биш ч

Гэгэлхэн зүрх минь

Гээж мартаад

бүгдийг уучилсаар байна

Гэвч эргээд ирвэл чинь л...

 

***

Уйлж дүүргэсэн цүнхээлдээ

Унаж живээд,

Ууж согтоод,

Уучилчихсан шүү дээ, би чамайг

Уйлахад минь чи яагаад дургүй байнам?

 

Гунигаас тасарч тогтсон гүн их усан

Ганихын халуунд дэгдээд үүл болно

Дээрээс чинь унах энэ дусал бүхэн

Дэндүү гэгээн уучлал минь юм шүү!

 

Гуйя,

Хэмлэх үгээ азна

Зэмлэх харцаа ч буулга!

 

Жиндээх салхин мэт

чиний тэврэлтэд цочисхийгээд

Үйрч унах гунигууд минь

Цас болж будраад байна

Амь халуунгүй чи

Цасны гунигийг даанч танихгүй ээ...

 

Яруу төсөөллөө түр орхиё,

Яг одоо

Өвдгийг минь дэрлээд

Дээш хар,

Бороошиж чам руу ширтье,

Бодол бүр минь нүдийг чинь оног!

 

Ямархан нэгийг

мэдэрч чадав уу?

Яагаад уйлсныг минь ойлгов уу?

Яв даа, одоо яв!

Би чамайг уучилсан.

 

***

Гар хангалга мэт шүлгүүд

Ганц шөнийн хурьцал мэт шүлгүүд

Ханаагүй,

 тайчиж амжилгүй

 тавирсан мэт шүлгүүд!

 

Чиний дургүй

миний гунигтай шүлгүүд

Чиний нэртэй

миний нулимстай шүлгүүд!

 

Нүүрээ буруулах чи мэт шүлгүүд

Нүгэл гэж чичлэх тэд мэт шүлгүүд

Шүлэг болоод л надаас холдох чи

Шүлгээ л бичээд үүрдээр үлдэх би!...

 

***

Хайр...

минийхээр,

хамт үзсэн

хоёр кино!

 

Зэрэгцэж суугаад

харц буруулсан ч

Цээжнээ дотногших

Имрэгдэх биегүй ч

Эрчлэх нь мэдрэгдэх

Тийм нэг зүйл!

 

Хайр...

минийхээр,

утас руу чинь хяламхийж

чамайг үзэн ядах!

 

Кино дуусаж гэрэл асахад

Олны үймээнээ мэнэрэн

Эргэцүүлж, өнгөрснийг нэхэн дурсаад

Эргэж харалгүй салан одоцгоох!

 

ӨНӨӨДӨР БОЛ ИХ ХООСРОЛЫН ӨДӨР

Улаанбаатарын дотноглогч гудмаар хэрэхүй

Зөрж өнгөрөх хүмүүн нэгээхэн ч үгүй

Араас гүйцээд ирэх нь ч үгүй

Салхи бүгдийг хийсгэж надаас холтгоод л

Сааралтсан тэнгэрээс нь ч юу ч унахгүй!...

 

Өнөөдөр бол

Их хоосролын өдөр!

 

Их дэлгүүрийн таван давхрын

Элгэмсэх танхимнаа ч ажин түжин

Дэлгэц дуугүйхэн ширтсээр

Дэмий бодолд ээрэгдэн толгой дүйрнэ

Энд ирэгсэд ч ганцаардлаа хүлцсээр!...

 

Өнөөдөр бол

Их хоосролын өдөр!

 

Үзвэрийн турш зэрэгцэж суусан эрэгтэй

Гэнэтхэн босоод явчих нь ч хөндүүр

Биес хүрэлцсээр сэтгэл болдогийг

Хэлэхээр завдан араас нь өндийхөд

Хэдийнэ, шатаар уруудаад

 нуруу бие нь далд орно...

 

Өнөөдөр бол

Их хоосролын өдөр!

 

Явуугийн дэргэд ч ганцаараа

Ядахнаа намайг дагаж бөхөлзөх өвс ч алга

Өвс нэгийг оллоо ч өнөө салхи нь намжчихна

Ингээд л би ахин ганцаар уйман үймэрсээр сууна

Эцэстээ надтай хамсаатах хэн ч, юу ч алга!

 

Өнөөдөр бол

Их хоосролын өдөр!

 

***

Цаг хугацаа

урсаад л өнгөрчихдөггүй ээ!

Эргэлдэх газраа эргэлдэж

Эрчлэх газраа ч эрчилнэ

Амтат шөнө

аравхан хоромд атал

Ард нь зуун түмэн түгшээн

сая живаа дарамтыг

амьдралаараа үүрнэ!

Цаг хугацааны

энэ тохируулгыг

Бид шийддэггүй нь

хамгаас тохуутай...

Ингэж л бид хүлцэж сурдаг!

Ингэж л бид хүлээж дасдаг!

 

***

Үг бүрийг чинь дуугүй хүлцдэг намайг

Үзэн ядахдаа л чи хайртай гэж итгүүлсэн!

Чамд юуг ч тохохгүй,

бурууг нялзаахгүй,

Цаашлан явахдаа чи өөрийгөө шүүж таарна...

Өөрийн чинь тухай

ингээд л бодохоор

Үхмээр санагддаг ч

Үхлийн тухай

шүлэг хэлхээд л

Үхэлгүй үлддэг ээ, би!...

 

***

1.

Охиныхоо

таталсан зурааснуудаас хардаг

олон, олон дүрс!

Одоо хаана байгааг нь мэдэхгүй

Огт танихгүй танил мэт чи минь

Бяцхан гарын зурсан энэ олон эрчлээнээс

Юуг олж харах байсан бол?

2.

Чамд хүрнэ гэж хэр удаан тэнэглэх бол?

Чамайг дурсаж би хэдэн шүлэг бичих бол?

3.

Биеийг чинь тэврээд

Бодлыг чинь хардаж асан өдрүүд,

“...Хайрлаагүй болохоор чинь л

Хайрласан юм!...” гэх

Хамгийн тэнэг үгээр

нэрлэчихмээр энэ учрал

Хаа хүрч дуусах бол?

Эсвэл дуусчихсан уу?

Холыг л мөрөөдөөд байж дээ...

4.

Охин чинь “Аав аа!” гэх дуулдана

Ойлгохгүй чи сонсох ч үгүй байх,

Юуг ч юм батлах гэж төрсөн энэ бяцхан амь

Юу ч юм хэлээд л чамайг сануулаад байх юм...

 

***

Гандмал хаврын тэнэмэл салхинд

Гурван хэрээг дагаж өдөржин л алхлаа.

Орчлонг мэддэг шиг л

Миний охин

ээжийгээ хөтлөөд хааш ч юм бэ, зүглэнэ...

 

-Шувуу гэдэг юм аа, миний үр

-Сувуу, сувуу...

 

Намайг аврагч

миний бяцханы

нар цацраасан инээд!

 

-Ээд ээ! Сувуу, сувуу...

Ээд ээ, айвава*!

-Айвава!

 

Надад л зориулж хэлэгдсэн

Намрын исгэрээ

Хаврын шулганаан!

Хатаасан хувцас салхинд дэрвэнэ

Тэр ч бас шувуу

Хоосон уут агаарт эргэлдэнэ

Тэр ч мөн шувуу

Нисэж буй бүхэн шувуу

Нүдээрээ инээдэг ээж нь ч түүнд шувуу!

 

***

1.

Цас хараад бодлогоширдог

Бурхны нүдтэй охин минь

Цонхон цаана юу буйг

Цог адил харцнаас чинь үзлээ

Ахиад нэг амьдарлаа, ээж нь...

Цас хараад догдолдог

Бодлогогүй гэгэлгэн ээж нь

Цонхон цаанаас

зурвас инээд олчихоод

Цоргисон харцтай чинь

гэнэт тулгараад

Ахиад нэг ухаажлаа...

2.

Ээжийн охин

Хонгорхон шар үр минь

Хорин насны ухаарал

Зүүд зөнгийн биелэл минь

Зүрхээ, бас нүдээ

Чамдаа өглөө, Ээж нь!...

 

***

Халуун нуруунд тань

үүрүүлж явсан

дурсамж минь бүүр түүрхэн...

Хөр цасанд шигдэх

Хөлийн чимээ тань ч бүдэг-бадаг...

 

Аав аа,

би өөр юу ч санахгүй байна

Аавын тухай дуунаас

хүүхэд нас минь олдохгүй байна

 

Гэлээ ч,

Залуугийн тань л алдаа шүү дээ

Заавал би уйлах албагүй ээ...

 

Охиноо хайрлах хайр тань үнэн ч

Одоо ч ээжийн нулимс хатаагүй байна

Он жил өнгөрөөд, орчлонг танихаар том болсон ч

Олон, олон “яагаад”-ын хариуг олж чадаагүй л явна, аав аа!

 

Яруу найрагчийн тухай:

Залуу яруу найрагч Мөнхдоржийн Ундрал 1995 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотод төрсөн. Тэрбээр Баруунхараа суманд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд дээд боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө банк, санхүүгийн салбарт ажиллаж буй. Харин уран бүтээлийн хувьд залуу яруу найрагч М.Ундрал анхны яруу найргийн түүврээ “Есөн бүхэл дөрөвний гурав” нэртэйгээр 2020 онд хэвлүүлсэн бөгөөд өдгөө хоёр дахь шүлгийн номоо хэвлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

          М.Ундралын яруу найргийн талаар Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч М.Уянсүх “М.Ундралын шүлгүүдийг би ангаж цангасан цөлийн аянчин цэв хүйтэн ус олоод яаран залгилах шиг нэн шунамгай уншсан байх. Уншиж дуусаад дахин бодохдоо түүний сэрэл мэдрэмж, дотоод шаналал, ухаарал, эргэцүүлэл болгоныг цаашид сайн сайхан руу, гэрэл гэгээ рүү тэмүүлээсэй гэж чин зүрхний угаас санаашран хүсэв. Гэвч бидний САЙН САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ гэж нэрлээд байгаа тэр зүйл маань яг хаана байгаа, юу гээч билээ гээд бодохоор гуниг төрөв. Гэлээ гээд бидний нэрлэсэн тэр ГУНИГ гээч нь хүмүүний амьдралыг утга учиртай байлгаж, дүүрнээс нь дундалж чаддаг шигээ дундуураас нь дүүргэж чаддаг гэдэгт дахин нэг итгэв. Дотортой бичнэ гэж ийм л байдаг даа” хэмээн байдаг.

          Түүнчлэн судлаач, зохиолч, яруу найрагч Г.Бямбажав түүний тухай “Мөнхдоржийн Ундралын ‘Есөн бүхэл дөрөвний гурав’ номын шүлгүүдээс хаана ч, хэзээ ч, хэнд ч танигдах тийм нэгэн ‘сэтгэл’ үнэртэнэ, шүлэг бүрээс нь тэр сэтгэл амилан өндийнө. Бүсгүй цаг хугацааг гэтэлж бараад СЭТГЭЛ гэдгийг таниад эгэхдээ цаг хугацааны үүрэг элж мартагдахад оршдог гэдгийг ухаарна. Тэрээр сэтгэлийнхээ дотоод гэрэлд гялбалзах дурсамжийнхаа бяцхан хэлтэрхийнүүдийг түүн цуглуулж, дотоод мэдрэмжээ түншин байж амьдралын цөм рүү нэвтрэхийг хүснэ. Тэр өөрөө туулсан гэхэд үнэмшимгүй худал, өөр хэн нэгнийх юм шиг санагдах харь амьдралын тухай хүүрнэхийг хүснэ, маш их хүснэ...” гэсэн нь бий.

 

 


“ЕСӨН БҮХЭЛ ДӨРӨВНИЙ ГУРАВ” НОМООС ОНЦЛОХ 10 ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 07:56:07
    Уншигч: Сэтгэлмйн философ, амьдралын үнэн, хүний заяа, тарилан, ирэх ирээдүй бүгд бахтажээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-18 18:31:17
    Баянмөнх.Булган: Шүлэг яруу найргийг сонирхолын түвшинд уншдаг. Ундралын шүлэг сэтгэл хөндүүрлэж, их л зүйлийг бодогдуулна
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188