• Өнөөдөр 2024-09-18

ХАН ГАН: УТГА ЗОХИОЛ ЯГ ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ. ХҮНИЙ БИЕД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЧ, БҮР “ХҮЧИНДЭЖ” ЧАДДАГ

2024-07-05,   301

Өмнөд Солонгосын орчин цагийн шилдэг зохиолчдын нэг Хан Ганы “Whitereview” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

       Хан Ган нь 1970 оны арваннэгдүгээр сарын 27-нд БНСУ-ын Гванжу хотод төрсөн бөгөөд өдгөө 53 настай зохиолч. Тэрбээр бага насны эмзэглэл, траумагаасаа болж утга, уран зохиол сонирхож эхэлсэн нэгэн гэдэг бөгөөд 1993 онд Солонгосын “Утга зохиол ба нийгэм” сэтгүүл “Сөүлийн өвөл” нэртэй цуврал шүлгээ хэвлүүлснээр уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Уран бүтээлийн хувьд Хан Ган “Хар буга”, Цагаан”, “Цагаан хоолтон” тэргүүтэй долоон роман хэвлүүлснээс “Цагаан хоолтон” романаараа Мэн Бүүкерийн олон улсын шагналт хүртсэн байдаг. Харин түүний зохиол, бүтээлүүдээс “Хөвгүүн ирлээ”, “Цагаан хоолтон” хоёр нь монгол хэл дээр орчуулагдаад байгаа билээ. Ийнхүү уншигч танд өнөө цагт ид бүтээн туурвиж байгаа дэлхийн зохиолчдын нэгэн сод төлөөлөл, Солонгосын зохиолч Хан Ганы 2016 онд “Whitereview” сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.

-ХҮН БОЛЖ ТӨРӨХ, ХҮН БАЙХ ЧИНЬ ӨӨРӨӨ ШАНАЛАНТАЙ ШҮҮ ДЭЭ-

-Дэлхийн түүх уншигч, сонирхогчийн хувиар Солонгосын XX зууны үеийн түүх их траума агуулдаг гэж боддог. Тэр цагт үй олон бослого, эзлэн түрэмгийлэл болсон байдаг шүү дээ. Харин тэр дундаас Куанжүгийн үеийн бослогын онцлон бичих болсныг тань эхэлж асуух ёстой болов уу?

       -ХХ зуун зөвхөн Солонгост төдийгүй бүх хүн төрөлхтөнд гүн шарх үлдээсэн. Би 1970 онд төрсөн. Тийм ч учраас 1910-1945 оны хооронд үргэлжилсэн Японы эзлэн түрэмгийлэл, 1950 онд эхэлж, 1953 онд галаа зогсоосон Солонгосын дайныг ч сайн мэдээгүй, мэдрээгүй. Анх 23 насандаа үргэлжилсэн үгийн зохиолын болон яруу найргийн номоо хэвлүүлж байлаа. 1931 онд анх удаа энгийн иргэн (цэргийн бус хүн) Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө иргэдэд тийм эрх байгаагүй шүү дээ. Өнгөрсөн үеийнхэн шиг улс төрийн даалгавраар гэмшил мэдрэн байж бичдэг байсныг бодвол манай үеийн зохиолчид хүний дотоод мэдрэмжийг илэрхийлж бичих боломжтой болсонд би их баярлаж явдаг юм.

 

Миний бүтээлүүд хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлд тулгуурладаг гэж боддог. Хүн төрөлхтөн галт тэрэгний зам дээр унасан хүүхдийг аврах эсэхэд тээнэгэлзэх ёсгүй боловч Аушвицийн хорих лагерийн хэрэг шиг хүчирхийлэгчид оршсоор л байгаа. Гэвч хүн төрөлхтөний дотоод хүрээ эрхэм дээд зүйлээс харгислалд хүртэл өргөн цар хүрээг агуулдаг аж. Ердөө энэ  асуулт л миний хувьд хүндхэн “гэрийн даалгавар” хэвээр байна.

 

       Нөгөөтээгүүр миний ном, зохиолуудыг харгислал агуулдаг гэж бодож болно л доо. Үнэндээ хүн болж төрөх, хүн байх чинь өөрөө шаналантай шүү дээ. Харин яагаад гэдгийн үндсийг л мэдэхийг хүссэн юм. Тэгж л өөрийгөө тэмтчиж явсаар 1980 онд болсон Куанжүгийн бослоготой дам байдлаар нүүр тулсан.

-Куанжүд болсон үйл явдлын талаар бичихдээ дурсамж байдлаар дүр болгон өөрийгөө оруулсан байдаг. Энэ нь амьдрал, урлаг, өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн гүүр болсон бүтээл болжээ гэж харагддаг. Анх энэ үйл явдалтай хэрхэн нүүр тулсан талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

-Би Куанжү хотод төрсөн. Гэхдээ есөн настайдаа эцэг эхийгээ даган Сөүл рүү нүүсэн юм. Хядлага болохоос ердөө дөрөвхөн сарын өмнө шүү дээ. Аав, ээжийн минь санамсаргүй байдлаар гаргасан тэр шийдвэр биднийг “сохор аз”-аар аварсан. Гэвч эсрэгээрээ тэр явдал манай гэр бүлийг урт удаан хугацаанд зовоосон доо.

       Анх 12 настайдаа Куанжүгийн хядлагын гэрч болсон хүмүүсийн нууцаар хэвлэж, тараасан гэрэл зургуудыг үзэж байв. Аав маань тийш яваад ирэхдээ авчирсан юм л даа. Тэр явдал өнгөрсний дараа бараг бүхий л томчууд баримтыг нь авч, тус бүр номын хавтсанд хийгээд нуусан байдаг. Харин би гэж хүн тэр номыг юун тухай болохыг мэдэлгүй нээснээс л эхэлсэн хэрэг. Жаахан байсан болохоор тэр их хүчирхийлэл агуулсан зургуудыг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байсан. “Хүмүүс яаж нэгэндээ ийм зүйл хийж чаддаг байна аа” гэсэн асуултын дараа “Бид хүчирхийллийн эсрэг юу хийх ёстой вэ” хэмээн бодсон. Цусны донор болохыг хүссэн хүмүүсийн дуусашгүй цуваа, эмнэлгийн гадаа жагсаж буй олны зургийг одоо ч мартдаггүй. Маш олон хүн аюулгүй байдлаа умартан, шархадсан хүмүүст цусны донор болохыг хүссэн юм. Цэргийн арми мужийн захиргаанд эргэж ирэхэд Куанжүгийн олон нийтийн 10 хоногийн засаглал нурж, засаглал барьж байсан хүмүүс үхэхээ мэдсэн ч тэмцсээр байсан тухай тэр номонд тэмдэглэсэн байдаг. Миний зүрхэнд хүчирхийлэл, хүний нэр төр гэх хоёр тайлагдашгүй оньсого тамгалагдан үлдсэн юм. "Хөвгүүн ирлээ" бүтээл маань энэ хоёр оньсого руу чиглэсэн дээ.

-Та уг бүтээлийг 2012 оны сүүлчээр Ерөнхийлөгч асан Паг Гынь-Хегийн сонгуулийн дараахан бичжээ. Эл номонд түүний тухай маш олон нэр томьёо, адилтгал, 1980 оны Куанжүгийн бослого гардаг. Түүний сонгууль хэрхэн "Хөвгүүн ирлээ" бүтээлийн үүтгэл болов?

       -Тэр үнэн. 2012 оны сүүлчээс би Куанжүгийн материалыг эмхэлж эхэлсэн. Гэхдээ энэ тухай бичиж эхлэх ёстой гэсэн мэдрэмж 2009 оны нэгдүгээр сараас төрсөн юм. Яг тэр үед Сөүлийн Ёнсан дүүргийн нэгэн барилгыг дахин төлөвлөлтөд оруулахад жижиг, дунд бизнес эрхэлж байсан олон хүн дээвэр дээр нь суулт хийж, тэдэнд өгөх багахан нөхөн төлбөрийг эсэргүүцсэн юм. Засгийн газар энэхүү эсэргүүцлийг зогсоохын тулд хүч хэрэглэхэд, гал гарч таван эсэргүүцэгч, нэг цагдаагийн алба хаагчийн амь эрсэдсэн юм. Тэр мэдээг харж суухад өөрийн эрхгүй Куанжүгийн хэрэг бодогдож билээ. Куанжү бидэнд өөр дүрээр эргэн ирсэн мэт санагдаж, бид өөрсдөө ч мэдэлгүй Куанжү дотор амьдарч байсныг энэ явдал илчлэх шиг санагдсан. Куанжүгийн түүх бол тухайн бүс нутгийн биш, дэлхий нийтийн анхаарал хандуулах ёстой үйл явдал гэж би итгэдэг. Тиймээс ч зөвхөн Куанжүгийн түүхийг бус, Аушвицийн, Босниа, Нанжин, Америкийн уугуул иргэдийг хоморголон устгасан түүхээс ч мөн судалсан.

-Харин таныг ном хэвлэгдэж, дэлхий даяар хэдэн сая уншигчид хүрсний дараа улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бол. Энэ бүтээл өнөөдөр хэвлэгдсэн бол ямар байх байсан бол? 

       -"Хөвгүүн ирлээ" бүтээл хэвлэгдэх хүртэл уншигчид хэрхэн хүлээж авах талаар төсөөлөл байсангүй. Миний бодсоноос эсрэгээрээ, хэвлэл мэдээлэл ихээр дэмжсэн. Уншигчид "Бид Куанжүгийн хэргийг санаж байна, энэ хэргийг мартахыг хүсэхгүй байна" хэмээн хүлээж авсан даа. Одоо хэвлэн гаргасан ч адил үр дүнд хүрэх байсан байх. Одоо нөхцөл байдал улам дордож байх шиг байна. Куанжү гэдэг үгийг хүчирхийлэл, нэр төрийн тухай дурдахдаа ашиглах нь элбэг болж байх шиг.

-Таны бүхий л зохиол хүн байхын утга учиртай холбогддог гэж хэлсэн. "Хөвгүүн ирлээ" зохиол "Цагаан хоолтон"- оос огт өөр юм шиг санагдлаа?

       -Тийм ээ. Гэхдээ энэ хоёр ном хоорондоо адилгүй ч харагдаж байж болох ч үндсээрээ холбогдсон бүтээлүүд юм. "Цагаан хоолтон" бүтээлд би хүний хүчирхийлэгч зан гэм буруугүй байх магадлалтай эсэхийг эрэлхийлсэн юм. Гол дүр Ён Хэ өөрийн хүн биеэ орхиж, ургамал болж, хүмүүний хүчирхийллээс нүүр буруулах гэсэн оролдлогын ард хүн төрөлхтөнд цөхөрсөн, эргэлзээ нуугдаж байдаг. Мөн миний "Грек хичээл" хэмээх номонд хүчирхийллийг эсэргүүцэн, ярихаа больдог нэгний тухай өгүүлдэг.

 

"Цагаан хоолтон" бүтээлд хүчирхийлэлд шаналсан ч нэр төрийг "Гэгээлэг газар, цэцэгс дэлгэрсэн" дүрслэлээр илэрхийлсэн юм. Энэ л миний хувьд туужаа үргэлжлүүлэн бичих урам зориг болсон доо.

 

-"Хөвүүн ирлээ" бүтээлд аллагын хохирогчийн сүнс шүглэсэн тухай гардаг шүү дээ. Та Солонгосын утга зохиол болон ардын үлгэр дэх сүнсний ойлголтын тухай ярьж өгөөч?

       -Энд бүтээлд гарч буй таны хэлээд буй зүйлс Солонгосын итгэл үнэмшилтэй нэг их холбоогүй. Солонгосын Хон(сүнс) гэдэг үг англи хэл дээрх сүнс болон сэтгэл гэдэг үгийн аль нь ч биш бөгөөд энгийн л зүйл мэт уншигддаг. Хоёрдугаар бүлэгт Хон нь хэн нэгнийг үхсэн эсэхийг мэдэх чадвартай, нэгнийхээ оршихуйг мэдэрдэг,хүрэхэд нарийхан, зөөлөн зүйл хэмээн дүрслэгддэг.

       Тавдугаар бүлэгт өгүүлж буй Сон Жугийн төсөөлж, Дун Хогийн мэдэрч буй бүдэг хөлний чимээ нь ердөө л Хонгийн мэдрэмж. Энэ зохиолыг бичихээс өмнө Хонгийн тухай маш олон бодол төрдөг байв. Би тэднийг үргэлж зөөлхөн, бүдэг зүйл мэт төсөөлдөг дөө. Их сургуулийн дээд ангийн яруу найрагч "Сэтгэл шиг ямар нэгэн зүйл бий гэвэл тэр нь дурласан хүний зүрхэн доторх шиг гэрэлтсэн зүйл байх болов уу" гэж шүлэглэж байв. Миний өөрийн бодол ч мөн адилхан. Надад Хон сүүдэр шиг нарийхан, сүүтгэнэсэн зүйл мэт санагддаг.

-Солонгосын контемпорари "үндэстний" утга зохиол гэж бий юү. Хэрэв бий бол "Хөвгүүн ирлээ" бүтээл ямар сэдвийг хөндөж, хариулт өгч буй мэт санагддаг вэ?

-Би үндэстний утга зохиол гэдгийг дан ганц, салангид ойлголт гэж үздэггүй. Харин хэлийг үргэлж биширч ирсэн. Гүнээс гүн зөрчилтэй соёлын нарийн давхаргыг хэлээр дамжуулан бүтээж буйдаа баяртай байдаг. Яруу найраг болон Солонгосын утга зохиолд би маш их өртэй, тиймдээ ч ихэнх цагаа үүний л төлөө зориулсан.

       "Хөвгүүн ирлээ" нь Лим Чул Вогийн "100 жилийн зочид буудал" зохиолтой төстэй сэдвийг хөнддөг. Лим залуу хүний хувьд Куанжүгийн бослоготой шууд холбож бичсэн бөгөөд уг явдлын гэрч болсон нь зохиолчийн хувьд амьдралаа зориулахад ч бэлэн байлаа. "Хаврын өдөр" хэмээх таван бүлэг романд нь мөн Куанжүд өрнөсөн 10 өдрийн үйл явдлыг сэргээж бичсэн байдаг. "100 жилийн зочид буудал" түүний дараахан хэвлэгдсэн бөгөөд "Хаврын өдөр"-өөс богинохон боловч Куанжү төдийгүй ХХ зууны Солонгосын тухай өгүүлсэн зохиол юм. Хэдий тийм ч үндэсний уран зохиол хэмээн нэрийдэх эсэхдээ эргэлзэж байна. Гэлээ ч уран зохиол надад эрээ цээргүй зүйл шиг санагддаг. Эрээ цээргүй, хуумгай, хангай яг л эр хүн шиг. Тэр зүйл чиний биед зөвшөөрөлгүй хүрч, бүр хүчирхийлж чаддаг гээд л бод доо.

-Та дараагийнхаа номын ажлаа эхэлсэн үү. Хэрэв нууц биш бол ямар зохиол дээр ажиллаж буй тухайгаа дэлгэхгүй юү?

       -Хэсэг хугацааны өмнөөс ямар ангилалд багтах нь төвөгтэй, маш богино нэгэн номон дээр ажиллаж байна. Энэ нь нэг төрлийн эсээ найраг бүтээл байгаа юм л даа. Уг бүтээлд нэгэн уран бүтээлч гэрэл зураг болон хөдөлж буй дүрсийг ашиглан өрөг урлаг бүтээж буй тухай бөгөөд энэ номын хэвлэлтэй хамт өрөг бүтээлийн нээлт хийхээр зэхэж байна. 

 


ХАН ГАН: УТГА ЗОХИОЛ ЯГ ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ. ХҮНИЙ БИЕД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЧ, БҮР “ХҮЧИНДЭЖ” ЧАДДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188