• Өнөөдөр 2024-05-07

ДӨРӨВДҮГЭЭР САРД УНШИХ ШҮЛГҮҮД

2024-04-01,   918

                          Хаврын бүлээн салхи үлээсэн дөрөвдүгээр сарын мэндийг дэвшүүлж, энэ сард унших шүлгүүдийг хүргэж байна.

                                                                      Линь Хуэй-Инь
                                                             Орчуулсан: Нац. Энхбаяр
Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!
Инээх дуу чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт
Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одно.
 
Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан,
Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлөн! Өөр юу ч биш зүгээр л
Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!
 
Тайвшрал болоод ариусал – чи бол,
Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм өмсөгч, чи бол
Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!
 
Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн
Анхны нахиа мэт тунгалаг ногоон – чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг
Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!
 
Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр тойрон
Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,
бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!
                                                                                             А.Эрдэнэ-Очир                                                                             
 
Гадаа мянган жилийн өмнөх салхи ирж биднийг чагнаархан амсхийхэд
Гайхамшигт хором бүхнийг наран саранд шивнээд урсан одов
Эрд урьдын нэгэн сонин зүүд бидэнд адилхан зүүдлэгдээд
Энгэр дотор гэрэл гэгээ татсан нь тэнгэрийн зурсан зураг байв
Ээвэр газар өвлийн цасан доороос нэг яргуй цэнхэр туяа цацсан нь
Эрх нандин сэтгэлд минь алсаас ниссэн бодлын шувуун дэвэлт байв
Гэлмэгтэж голын мөс нарны доогуур танхил өнгө татаад
Гэрэл гэгээ амьдын орчлонг уясган уярал авчирав
Эмнэг жаргалт хорвоогийн цаг мөчийг би алтлан дурсгаад
Эрин зуун чамд бэлэглэсэн минь энэ болой
Эх нутаг, эх орон, энхрий янаг
Энэнээс илүү юуг би хойч ирээдүйд үлдээх билээ?
 
                                                           Г.Лхагвадулам
 
Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй
Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй
Сүүмийсэн одод хийснэ.
Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,
Агаарт тогтсон нь гуниг болж
Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна
Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт
Хамгийн хэцүү нь өмнө минь байна
Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх...
Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь
Хав халуунаар дотор минь мөстөж
Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.
 
                                                       Х.Чилаажав
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа
 
Алсын уулсыг ноолсон буурал салхитай
Аргаа барсан аятай цагаан өвстэй
Хургаа дагуулсан хонины ядарсан дуутай
Хуурай саарал хавар болж байгаа.
 
Хайртай аав минь амьд сэрүүн байхад
Хаврын өдрүүд өнгөтэй санагддаг байлаа
Төлийн дуу цээжин дотор эгшиглэж
Төрсөн гэр минь нүдэн дотор налайж
 
Хаврын тухай өөдрөг сайхан зурагтай
Харьж очих гэж яаран суудаг байлаа
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа.
 
                                                             Л. Моломжамц
Хадны чийг үнэртэж, хөлрөөд
Чиний ороосон алчуурын хошуу толгодын цаад руу намирч одоод
Хаа холын ууланд тэнгэр дуугарах шиг газрын амь хөдлөөд
Хажуу дэргэдхэн өвснөөс гэрэлт хорхой хөдлөн одоод
 
Хээрийн замаар үл таних хүн явган алхаж одоод
Хэний хүү хаа хүрч яваа юм бол гэж эмгийн өрөвч дуу хадаад
Ядарч цонхийсон нар газрын соронзонд татагдах шиг зулай төөнөөд
Ноднин намрын эсгий малгай авдрын хөндийгөөс гэнэтхэн олдоод
 
Гэгээн хавар ирж хүлээн авагчийн долгион дээр шувуу суугаад
Гэрт ороход урины ааш хоймор тухалж гадаа гармаар санагдуулаад
Манайхыг чиглэж хөтөлгөө морьтой хүн хатируулаад
Мэнд амар мэдэж, газрын өнгө хүүрнээд
 
Өвлийн ирсэн төмөр тэрэгний боолт өнгө орж цасны доороос олдоод
Өчигдрийн ирсэн хүнээр үг хэлүүлдэг байж гэж гэнэн бодоод
Морин тэргэн дээр хээрийн гоёхон шувуу ирж суугаад
Монгол газрын зэрэглээ эрх хүүхэд шиг цовхчин тоглоод
 
Худаг руу одсон жимээс хур үнэртэх шиг болоод
Хувцас дээл нэг тээртэж нөгөө хөнгөдөөд
Хот айлын бүсгүй эсэн мэнд нярайлж гэж дуулдаад
Хошуурсан хуй шиг нөхөр нь хөөрч давхин одоод
 
Үдшээр ган гун дуугарч нугас шувуу огторгуйд мэндчилээд
Өвөлжөөнөөс гарч сэлүүхэн хаварт буухаар шийдмэглээд
Цагаан адуу шиг нар улам л наашилж тодроод
Цагийн ааш нялхарч манцуйгаа тийчих хүүхэд шиг хавар ирээд
Гавар мэт цоргиж
“За дүү минь сэтгэлээ барь” гэж чанга дуугаар уйлав аа. 
 

ДӨРӨВДҮГЭЭР САРД УНШИХ ШҮЛГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188