• Өнөөдөр 2025-02-05

ҮЗЭСГЭЛЭНТ ОДЕТТА

2024-10-07,   520

         Нуурын мандалд цагаан хунгуудын хатан хаан үзэсгэлэнт Одетта жигүүрээ дэлгэн цэмцгэнэн зогсоно. Муу санаат шидтэн түүнийг гүнж байхад нь хун болгон илбэдэн хувиргасан нь энэ шүү дээ. Ханхүү Зигфрид харин түүнд ухаангүй дурлана. Гэхдээ хайр дурлалын зам ямагт дардан байдаггүй. Оросын алдарт хөгжмийн зохиолч Пётр Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг мэдэхгүй хүн тун ховор.

 Үзэгч миний хувьд лав  “Хунт нуур” тайзнаа тоглох гэнэ.

 Цагаан хунгийн дүрд Гавьяат жүжигчин О.Анужин тоглоно" гэсэн мэдээ хэдийнэ дотно агаад эрхгүй бахархал төрүүлнэ. “Хунт нуур” балет, хунгийн тухай бодох бүрд надад богино өгүүллэгийн мастер Ж.Лхагвын “Сүм хөх бүрд” өгүүллэг санаанд ордог юм.

        Та нар санаж байна уу. “...Чамайг кордебалетад гарч байхаас өгсүүлээд хүсэл чинь биелж Одеттад тоглох болсон өдрүүдэд тоглолт болгоныг алдал үгүй үзэж, чамтай хамт тайзан дээр баясаж, бүжиглэхээс бусдыг нь хийсэн билээ. Чамайг хослон бүжигч рүүгээ дүүлэхэд миний сэтгэл урьтан тосож аваад өндрөөс өндөрт өргөхөд чи ч жигүүрт цагаан гараараа дэвэн дэвсээр, бидэн хоёр долоон бурхдын тэнд очоод, нижигнэн алга таших агшинд эх дэлхийдээ бууж ирдэг байлаа...” гэж тэр Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин Ю.Оюуны тухай бичсэн байдгийг. Мэдээж энэ цагт Одеттагийн дүрд тоглож буй тэргүүн гоцлоочид бий ч үзэгч миний хувьд хамгийн хайртай Одетта бол О.Анужин. Хамгийн анх түүний тоглосноор "Хунт нуур" балетыг үзэж байлаа. Жигүүр дэлгэн ихэмсэг дэвэн бүжиглэх түүний тоглолт, тайзнаас буусан ахуйдаа ч гэрэлтэн байдаг нүд мартагдахгүйгээр сэтгэлд хоногшиж, "Хунт нуур" тоглох тов гарах бүрд Дуурийн театрыг зоримоор болдог юм. Театр энэ намрын тоглолтоо "Хунт нуур"-аар нээлээ. Эхний өдрийн Одеттад гарцаагүй тэр гоцолж байв. 

ТҮҮНИЙ ТУХАЙ БИЧИХЭЭС ӨМНӨ

     Хийж буй зүйлээсээ уйдаж, шантармаар мэдрэмж төрөх үедээ би мэргэжилдээ эзэн болж, авьяас, чадвараа дайчлан өөрийгөө бүтээж буй хүмүүсийн тухай бодож, тэдний амжилтын тухай уншихыг хичээдэг юм. Тэгээд саяхан “Хунт нуур" тайзнаа тоглох сургаар Дуурь бүжгийн эрдмийн театр орж, балетчдын бэлтгэлийг сонирхонгоо, балетмейстер Д.Дашлхагва багшаас ярилцлага авсан юм. Тэр “Балетчид бол төрдөг. Бие, сэтгэл, арьс, нүдний харц, үсний өнгө, хэлбэр галбир, гадаад үзэмж, хөл биений зохилдолгоо нийлж, эцсийн дүнд хатуужил, сэтгэцийн бяд, сэтгэлийн хүч, зүрхний бяр, хүслийн хэмжээ таарч байж тэргүүн гоцлооч болдоггэсэн юм. Эдгээр үгс надад нэг л гүн сэтгэгдэл төрж, эрхгүй тэдний тухай онцлон бичих санаа төрсөн юм. Түүнийгээ Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужингаар эхэлж байна. Одоо түүнийг цааш Одеттагаар бичвэртээ дурдах болно.

           Арван настайгаасаа тэр балетаар хичээллэж эхэлжээ. Тэр насанд ихэнхдээ хэн нэгэн үлгэр дуурайлал үзүүлэгч, хөтлөн дагуулагч, дотоод хүслийг асаагч байдаг. Бяцхан Одеттагийн хүслийг түүний ээжийн найз болох МУГЖ, бүжигчин Ц.Наранханд асаажээ. Анх тоглолтыг нь үзэж суухдаа л “Бүжиг, балет гэж ийм зүйл байдаг байх нь” гэсэн бодол О.Анужин охинд төрж, тэр цагаас хойш Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид шалгалт өгөх хүртлээ мөрөөдөн явжээ.

       Цэврүүтсэн хөл дээрээ арай ядан гишгэж, буларсан биеэ даан босохоос л бүх зүйл эхэлнэ. Цэврүүтэй хөлдөө каскигаа өмсөөд юу ч болоогүй юм шиг бүжиглэнэ гэдэг амаргүй ч тэр гоо урлагийг орь дуу тавих мэт, тарчлан зовох мэт үзүүлж үл зүрхэлнэ. Ерөөс өд мэт хөнгөн, гоо байж гэмээнэ балет оршино. Тиймээс л тэнцвэрээ олж, хүнд техникүүдийг өөрийн мэт эзэмших түүний тэмцэл анх балетын ангийг сонгон орсон цаг мөч буюу 2005 оноос эхэлжээ. МУГЖ Т.Туул багшийн хөдөлмөр зүтгэлгүйгээр түүний Хөгжим бүжигт долоон жил сурсан цаг хугацаа, өнөөдрийн амжилтын тухай ярих аргагүй. О.Анужингийн хамгийн анхны амжилт Улаан-Үдэд болсон олон улсын фестивальд сургуулиа төлөөлөн оролцож байсан нь.  Мөн суралцаж байхдаа Сөүл рүү олон улсын тэмцээнд явж байжээ. Дараа нь Бээжингийн олон улсын тэмцээнд яваад финалд шалгарч, Япон Улсын олон улсын тэмцээнээс гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ.

  Өөрийгөө сорьж, тэмцээн уралдаанд орсоор он цаг нэг мэдэх нь ээ таван жилээр улирч, Дуурь бүжгийн эрдмийн театрт гэрээт бүжигчнээр ажиллах болжээ. Мэдээж энэ бол 2010 он. Сургуулиа төгсөөгүй байхдаа тайзнаа гарах болсон нь ирээдүйд бүхий л үндэсний болон дэлхийн сонгодог балетын гоцлооч болох мөрөөдөлтэй охины өмнө нээгдсэн том хаалгын нэг.

      Хамгийн анх тэр театрт ороод 16 хунгийн нэг болон тайзнаа гарч байжээ. Харин анхны гол дүр нь Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет. Үүний дараагийн томоохон балетад гарцаагүй "Хунт нуур" нэрлэгдэнэ. “Хунт нуур” балетын тухай тэр “Маш мундаг бүжигчидтэй нэг тайзан дээр зэрэгцэж гарна гэдэг бол их бэлтгэл сургуулилалт шаарддаг. Хунт нуур” бол балетчдын мөрөөдөл. Б.Саруул эгч бид хоёр “Хунт нуур”-т сар сараар ээлжилж тоглодог. Энэ бол жүжигчдийн уран чадварыг шалгасан хэцүү техниктэй балетуудын нэг. “Хунт нуур”-т бүжиглэхэд одоо ч хэцүү санагдах үе бий. Одоо ч гэсэн шантармаар үе гарна. Бидний дунд “Хунт нуур” бол “Хунт нуур” юм даа гэсэн үг бий” гэж ярьсан байдаг.

      2016 онд монголчууд нэгэн бахархал дүүрэн баярт мэдээ сонссон нь БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А" зэрэглэлийн уралдаанд О.Анужин амжилттай оролцож, медаль хүртсэн явдал юм. Энэ бол Монголын балетын урлагт том амжилт бөгөөд алдарт Ю.Оюун балетчнаас хойш 35 жил эмэгтэй бүжигчин аваагүй шагнал байсан юм. Ингээд л 23 настай түүнд Гавьяат цол олголоо. 2018 онд дараагийн том амжилт болох Монголд болсон олон улсын балетын тэмцээнд Гранпри шагнал хүртсэн. Мөн болоогүй одоогоос зургаан жилийн өмнө Шанхайгийн олон улсын тэмцээнд хамтран бүжигчинтэйгээ оролцож шилдгээр шалгарч, дараа нь ганцаараа явахдаа хүрэл медаль хүртсэн байдаг. Тэрбээр Дуурийн театрын тайзнаа тоглосон "Хунт нуур", "Жизель", "Нойрсож буй гүнж", "Дон Гихот", "Уран хас", "Үйлийн гурав", "Эрдэнэсийн охид" зэрэг үндэсний болон сонгодог бүхий л балетад гоцлон бүжиглэжээ. Мэдээж тэр үргэлж алдаагүй, төгс, чадварлаг байгаагүй. Тайзнаа унаж, түүндээ шаналан, дараа нь уйлж байсан ч үе бий юм билээ. Гэхдээ балетын урлагийн гоо сайхан, төгс төгөлдөрийг харуулахын төлөө өнөө хэр нь чин халуун сэтгэлээр зүтгэсээр байна. О.Анужин “Тайз минь надад нэг л өдөр “Чи одоо боллоо” гэж хэлбэл инээмсэглээд “Баярлалаа” гээд орхиж чадах юм сан гэж боддог” гэсэн байдаг.

          Тэр хүртэл "Хунт нуур", үгүй бүр өөр ямар балетын гол дүрд тэр тоглох бол... Үзэгчийн хувьд алгасахгүй үзэх сэн. Хоёр өдрийн тоглолт үзүүлэхийн тулд жил, сараар бэлдэж, өдөр бүр бэлтгэлээ хийхгүй л бол тайзнаа алдаж мэдэх өндөр хариуцлагатай, хэзээ ч амарна гэж байдаггүй сонгодог урлаг бол балет. Энэ бүхнийг яс биелүүлж, өөрийгөө дайчилсан нь л тэргүүн гоцлооч болж, тайзнаа тоглож буй бүх л гол дүрд тоглох боломж олдоно. Нэгэнтээ тайзнаа бүжиглэх хувь тавилан бий л бол түүн дээр ямар бүтээл тавьж байна, тэр бүхэнд бүжиглэх л хэрэгтэй. Энэ бол түүний ч, бусдынх нь ч бүхний дэгүүр бүр ч өндөрт жигүүрлэх гол хүсэл.


ҮЗЭСГЭЛЭНТ ОДЕТТА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188