• Өнөөдөр 2024-04-19

П.БАТХУЯГ: Зохиолчдод ЮУ ДУТАГДДАГ вэ

2021-11-19,   1475

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Оюунт Монгол” булангийн маань ээлжит зочноор уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Монголын урлагийн Нобель” гэгддэг “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуягийг урьж, оролцууллаа.

 

“Зохиолчид юу дутагддаг вэ” гэсэн асуултад зарим хүн “Авьяас” гэж хариулж магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ авьяас, билэг гэхээсээ илүү тухайн уран зохиолын төрөл зүйлээ бичих гэсэн хүсэл, зориг дутагддаг.

          Надад уран зохиолыг үйл, хэрэг болголгүй сонирхогч, шохоорхогчийн түвшнээр утга зохиолд ханддаг, утга зохиолын үйл хэргийг хямдханаар төсөөлсөөр яваа хүн олон байдаг юм шиг санагддаг. Тэр хүмүүс өөрийн гэсэн зорилго, уран зохиолын үйл, хэргээ тодорхойлж чадаагүй байдаг болов уу гэж боддог юм. Нөгөөтээгүүр өөрийгөө дайчлах эр зориг ч дутагдсан байж болно.

          Зохиолчдын уран зохиолыг таньсан хүрээ, хязгаар, боловсролоос шалтгаалан тулгардаг асуудал нь янз бүр байна. Нийтлэг байдлаар нь авч үзвэл, миний бодлоор өнөөгийн залуу зохиолчдод ГУРВАН ЗҮЙЛ маш их дутагддаг юм шиг санагддаг.

          Тодорхой хэмжээний туршлагатай боллоо ч гэсэн дараа дараагийнх нь яруу найраг, хүүрнэл зохиол, кино, жүжгийн зохиол, утга зохиолын судлал, шүүмжлэл, эсээ бичлэг рүү ороход мөн л эл гурван асуудал дутагдаад эхэлдэг.

 

-УРАН  ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ-

          Уран зохиолын хангалттай боловсрол олж чадаагүй нь маш том асуудал болдог. Жишээ нь, жүжгийн зохиол бичих санаа олж, асар их бодсон боловч түүнийг хэрхэн бичдэг, ямар бүтэцтэй байдаг, бүлэг, үзэгдлээр нь хэрхэн, яаж хуваах вэ гэх зэрэг асуултаас үүдсэн туурвил зүйн туршлага дутдаг.

          Зохиолчид унших гэдэг асуудлыг хойш нь тавьж, бичихээ нэгдүгээрт тавьж байгаа нь асуудал. Амжилттай бүтээн туурвиж байсан зохиолчдыг харахаар унших, бичих хоёр үйлийг зэрэг хийсэн байгаа юм. Үүнийг бичингээ унших, уншингаа бичих гэж хоёр төрөлд ялгадаг. Унших, бичих хоёр хоорондоо салшгүй холбоотой байснаар тухайн уран бүтээлч, зохиолч амжилттай байх, олон төрөл зүйлээр нэгэн зэрэг жигд сайн бичих боломж нь нээгдэж байжээ.

          Хүн боловсрохгүйгээр туурвил зүйн өөр нэгэн төрөл рүү ороход төвөгтэй. Зохиолч хүн маш идэвхтэй уншигч байх ёстой. Зохиолч болохын тулд эхлээд уран зохиолын цаад чанарыг ухаж гаргадаг, таньж мэддэг, сэтгэлгээний цар хүрээгээ тэлсэн уншигч байх хэрэгтэй.

 

Зохиолч хүн маш идэвхтэй уншигч байх ёстой

 

-ТУУРВИН БИЧИХ АРГА БАРИЛ-

Туурвих бичихийн тулд алдаа, онооны туршлага хэрэгтэй болж байна. Туршлага нь бичих явцад сайжирч, арга барил, ур чадвар нь ч нэмэгддэг.

          Тухайн зохиолч яг өөрийн гэсэн арга барилаа олохын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэг болно. Утга, уран зохиолын аль үед хамаарч, амьдарч байхдаа туурвин бүтээж байсан зохиолч бүрт өөрийн гэсэн арга барил бий. Ашигладаг хэлээрээ бичих, найруулах тал дээрээ сайн байж болох ч, арга барилд сэтгэлгээ маш их нөлөөлдөг.

          Манай зохиолчдыг хараад байхад аягүй сайхан найруулан бичихээ нэгт тавьсан хэрнээ сэтгэлгээгээ хоёрт тавьсан байгаа юм. Зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, хэрхэн өвөрмөцөөр, давтагдахгүйгээр сэтгэх асуудлыг үргэлж орхиж байдаг. Сайхан хэл найруулгаар сайн бичдэг болоод бүх юм шийдэгдэнэ гэдэг худлаа. Сайн хэл найруулгатай, дахин давтагдахааргүй сэтгэж бичихийн тулд цаг хугацаа хэрэгтэй.

          Хоёр цаг суугаад найман мөр шүлэг бичих, хоёр өдөр суугаад богино өгүүллэг бичих, хоёр жил суугаад тууж бичих, гурван жил суугаад роман бичих нь зохиолчийн хувьд цаг хугацааг бага зарцуулж байгаа хэрэг. Харин үүнээс харахад туурвил зүйн хөдөлмөр хөнгөнөөсөө хүнд рүүгээ шилжиж байдаг гэж ойлгож болно. Гэхдээ бага цаг хугацаа зарцуулж болох шүлэг, богино өгүүллэгийг “хөнгөн” гээд нэрлэчихэж байгаа юм биш. Харьцуулахад их цаг зарцуулж байгаа жүжгийн зохиол, тууж, романыг бичихэд тухайн зохиолч цаг хугацаагаа гаргаж, дээр дурдсан арга барил, хүлээлттэй тулгарч байгаа гэж ойлгож болно. Магад гаргасан цаг хугацаа, хэл найруулга, хэрхэн сэтгэсэн байгааг нь сайн харж байж л цаг хугацаа л зохиолчийн хөдөлмөрийг арай илүү бодитой үнэлэх болов уу даа гэж боддог юм.

 

Сайхан хэл найруулгаар сайн бичдэг болоод бүх юм шийдэгдэнэ гэдэг худлаа

 

-СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭХ-

Олонх зохиолч уран зохиолыг тодорхой үйл, хэргээ болгож, сэтгэл зүйн хувь өөрийгөө бэлдэж чадаагүй байдаг.

          Зохиолчид зохиолоо бичихээсээ өмнө бичих сайхан номын сан, бичгийн ширээ, сүүлийн үеийн сайн компьютер зэрэг материаллаг зүйлс бодоод байдаг юм. Мэдээж таатай орчин бүрдүүлэх нь ажиллах үр дүнг нэмэгдүүлнэ. Гэхдээ сайн утга зохиолын бүтээл бичихийн тулд өөрт таатай орчин бүрдүүлнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт.

          Зохиолч хүн өнгөрсөн болон өөртэй нь нэгэн цагт идэвхтэй бичиж байсан, бичиж байгаа бусад зохиолчоо уншиж байж л туурвин бүтээх сэтгэл зүй бэлтгэл, итгэл үнэмшлээ олж авдаг. “Д.Намдаг ингэж бичсэн юм байна”, “Д.Батбаяр ингэж бичжээ”, “П.Баярсайхан ингэж бичсэн байна” гээд бусдыгаа уншиж, тэднээс суралцаж, “Энэ хүн ингэж бичсэн юм чинь би тэгж бичиж болох юм байна” гэсэн итгэлийг төрүүлж, туурвиж бичих сэтгэл зүйг бүрдүүлдэг гэж би боддог юм. Тиймээс бичих итгэлээ олж, сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд өнөө л уншлага гэх зүйлээ дахин давтах хэрэгтэй болно.

 

Сайн утга зохиолын бүтээл бичихийн тулд өөрт таатай орчин бүрдүүлнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт

 

***

Дээр дурдсан дутагдалтай зүйлсээ нөхөөгүй зарим зохиолч бүрэн боловсроогүй “зохиол”-оо хэвлүүлж, олон нийтэд түгээж байгаа нь “Ийм зохиол бичээд зохиолч болж байгаа юм чинь би ч гэсэн ийм юм бичээд зохиолч болж болох юм байна” гэсэн буруу бодлыг бусдад өгч байгаагаараа хор хөнөөлтэй. Харин зохиолч нь уран сайхан, бичлэг, сэтгэлгээний хувьд асуудалгүй бүтээлийг хэвлүүлж, уншигчдад хүргэх юм бол уншигчдад сэтгэлгээний таашаалаас гадна, уран зохиолыг таниулж, хэрсүү уншигч бий болгоно.

          Хуучин цаг шиг шалгаад, цагдаад, тодорхой хэмжүүр тавьж, хориод байх юм бол энэ цаг үед нэлээн асуудалтай. Энэ нь зөвхөн Монголд бус, АНУ, ОХУ, БНХАУ, Японд ч асуудалтай байна. Харин уран зохиол өөрөө уран зохиолоор дамжуулж нэр алдар олох гэсэн, одон медаль, шагналын төлөө явсан хүмүүст хэл найруулгын, бичгийн, сэтгэлгээний хориг тавьж байдаг. Гэсэн ч уран зохиолдоо ч бүрэн боловсроогүй, уран зохиолыг ойлгох ойлголт нь хүртэл ядмаг, үйл, хэргээ болгох хүсэлгүй “харанхуй” давхиж орж байгаа хүн олон болсон гэж харж байна.

 

 

 

 


П.БАТХУЯГ: Зохиолчдод ЮУ ДУТАГДДАГ вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-19 15:29:38
    Тавхай хүү: Зөв байнаа. Ингэж ярьж байх ёстой юмаа. Академич Цэрэнсодном гуай нэгэн илтгэлдээ "Сүүлийн 25-30 жилд манай яруу найраг ер хөгжөөгүй, Б.Лхагвасүрэнгийн хэдэн бор шүлгийг эс тооцвол... гэж хэлсэн байсан. Ер нь ортой үнэлгээ. Гэхдээ Галсансүх, Өлзийтөгс, Эмүжин зэрэг уран бүтээлчдийн шүлэг, зохиол бас бий...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-19 13:47:36
    Д.Дашдондов: Зохиолч бүр санууштайг сайхан бичжээ. Мэдлэгээ бусдаас харамлахгүй байна гэдэг өөрөө чадварлагийн илрэл гэж би боддог. Бусад хүн надаас илүү гарчихна гэж айгаад арга туршлага, мэдлэгээ нөхдөдөө хэлдэггүй, хэлэхийг хүсдэггүй "том" зохиолчид ч байх шиг ээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188