Японы нэрт яруу найрагч Таникава Шүнтаро өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 93 насандаа таалал төгсөв. Анх 21 насандаа "Хоёр тэрбум гэрлийн жилийн ганцаардал" номоо хэвлүүлснээс хойш 70 жилийн турш тасралтгүй шүлэг, яруу найргаа бичиж, зөвхөн Япон төдийгүй орчин цагийн дорнын шилдэг яруу найрагч болсон билээ. Нэрт яруу найрагч таалал төгссөнтэй холбоотойгоор Таникава Шүнтарогийн 2020 онд "Woki Kochi" нэртэй орон нутгийн нэгэн сэтгүүл өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Яруу найрагч Таникава Шүнтаро 1931 оны арванхоёрдугаар сарын 15-д төрсөн. Тэрээр 17 наснаасаа эхлэн шүлэг бичиж, 21 насандаа анх түүврээ гаргасан бөгөөд насан эцэс болтлоо шүлэг, яруу найргаа бичсээр байсан юм. Харин монгол хэлнээ түүний шилмэл 100 шүлэг бүхий "Сонгомол шүлгүүд" ном хэвлэгдсэн бөгөөд орчуулагч С.Хадаагийн орчуулгаар уншигчдын хүртээл болсон билээ.
-Та 1966-1967 онд АНУ, Европоор аялсан байдаг. Мөн 2003 онд Кельн, Берлин, Рига, Парис дахь Японы сангийн арга хэмжээнд оролцож, уран уншлага, яруу найргаа танилцуулсан. Энэ бүх аялал, олон улсад хуримтлуулсан туршлага таны уран бүтээлд хэр нөлөөлсөн бэ?
-Японоос өөр оронд явахад хоол хүнс, байгаль, соёл зэрэг олон зүйл ондоо санагдаж, сэтгэл хөдөлгөм аяллууд болдог. Гэхдээ би зөвхөн япон хэлээр ярьдаг тул бусад орны хүмүүстэй шууд харилцахад бэрхшээлтэй. Гэсэн ч яруу найраг унших нь өдөр тутмын ярианаас өөр утга агуулдаг, нэг төрлийн жүжиглэлттэй адил юм. Үгийг нь ойлгохгүй байсан ч шүлэг, тайзны харилцаа сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж чадна. Хөгжмийн зэмсэг тоглохтой адил энэ орчинд бусад орны яруу найрагчидтай хамт тайзнаа гарах нь маш сонирхолтой байдаг.
-Гадаадад шүлгийг тань хэрхэн хүлээн авч байв. Тухайлбал, таны Японы үлгэр домгийн амьтны тухай бичсэн "Каппа" шүлгийг өөр орны хүмүүс уншсан ч гэсэн ихэд таалсан гэсэн. Энэ бүхэн таны шүлгэнд гаднын туршлага шингэсэн холбоотой болов уу?
-Тийм байж магадгүй. Ялангуяа шүлэг орчуулсан бүтээлүүд намайг ихэд нөлөөлсөн гэж боддог. Жишээ нь, ноён Огасавара Тоёки Францын яруу найрагч Жак Превертийн шүлгүүдийг япон хэлээр орчуулж байсан нь миний бодож, бичих хэв маягт нөлөөлсөн. Энэ мэтчилэн, орчуулгын тусламжтайгаар гадны уран бүтээлчдийн ертөнцийг таньж, өөрийн бүтээлдээ шингээсэн байдаг.
-Хэлний хувьд, япон хэлний өвөрмөц байдал таны уран бүтээлд хэрхэн гарч ирдэг гэж боддог вэ?
-Япон хэлний онцлог болох ханз, хирагана, катакана бичвэрүүдийг ашиглах нь миний шүлэгт шинэ мэдрэмж нэмж өгдөг. Үүнээс гадна, багадаа хятадын сонгодог уран зохиол заалгаж өссөн нь ч миний бичлэгийн арга барилд нөлөөлсөн.
-Орчин үед мэдээлэл маш хурдацтай солигдож байгаа нь бидний мэдэх шүлэг болон яруу найргийн утга учрыг мартаж, үнэ цэнгүй болгож байна уу?
-Бид яруу найргаа алдсан гэж бодохгүй байна. Харин бид яруу найргийн үнэ цэнийг ухамсарлах эсэх нь л чухал. Компьютер тоглоом, технологиуд улам хөгжихийн хэрээр хэлний хэрэглээ багасаж, зарим нарийн холбоос алдагдаж магадгүй. Гэхдээ яруу найраг бол хүн төрөлхтний мөнхийн чанар учраас бидний дотор үргэлж хадгалагдаж байх болно.
-Та өөрийгөө ганцаардалтай хэрхэн тулгардаг гэж боддог вэ. Жишээ нь, "Хоёр тэрбум гэрлийн жилийн ганцаардал" номын шүлгүүд ганцаардлын тухай их өгүүлсэн байдаг?
-Би угаасаа ганцаардлыг их тайван хүлээж авдаг. Багадаа ганцаараа тоглох дуртай байсан, одоо ч ганцаараа байх нь амар санагддаг. Гэхдээ хүн гэдэг нийгмийн амьтан учраас би ухамсартайгаар бусадтай харилцдаг.
-Шүлэг бичих олон арга хэрэглэдэг тань таны бүтээлүүдийг улам сонирхолтой болгосон гэж бодогддог. Ирээдүйд шинэ зүйл турших төлөвлөгөө бий юү?
-Одоохондоо шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй хэвээр байна. Гэхдээ ирээдүйд үүндээ дургүй болж, сонирхлоо алдаж магадгүй. Гэсэн ч шүлэг бичих нь миний хувьд зүгээр нэг ажил биш, амьдралын хэв маяг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
-Та олон чиглэлд ажилладаг ч шүлэг бичих нь таны хамгийн чухал үүрэг мэт санагддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Би багадаа шүлэгт огт дуртай байгаагүй. Гэхдээ нэгэнт яруу найргийн ертөнцөд хөл тавьсных, түүний хүрээг тэлэхийг хүссэн. Би шүлгийг зөвхөн урлагийн бүтээлээс гадна, нийгмийн нэг хэсэг болгохыг зорьдог. Шүлэг нь хүнийг бусадтай холбох гүүр болж чадна.
-Та шүлгийн талаар "хүний хийж чадах зүйл биш" гэж хэлсэн байсан. Энэ тухайгаа яривал?
-Шүлэг гэдэг бол хувь хүний сэтгэл, мэдрэмжээс гадна бусдын нөлөөлөл, харилцаанаас бүтдэг зүйл. Энэ нь дан ганц уран бүтээлчийн хүчин чармайлтаар бус, харилцан хуваалцсан уур амьсгалаас бий болдог гэж би үздэг.
ТАНИКАВА ШҮНТАРО: ҮНЭНДЭЭ ЯРУУ НАЙРАГЧ БОЛОХ ХҮСЭЛГҮЙ БАЙСАН. ГЭХДЭЭ ШҮЛЭГ БИЧИЖ АМЬДАРСАН 70 ЖИЛДЭЭ ХАРАМСАХГҮЙ |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |