• Өнөөдөр 2024-04-25

20 жилийн турш үргэлжилсэн Афганистаны дайны ЦУСТ ТҮҮХ

2021-08-17,   1385

Талибан хөдөлгөөнийхөн өнгөрсөн ням гарагт Афганистаны нийслэл Кабул хот руу дайрч, эзлэн авсан. Талибуудыг дайрах үеэр тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани төрийн ордноо орхиж, эх орноосоо дүрвэсэн байв. Улмаар Талибан хөдөлгөөний төлөөлөгч Мохаммед Наем АНУ болон түүний холбоотон орнууд, Афганистаны Засгийн газрын эсрэг хийсэн 20 жилийн түүхт дайн дууссаныг зарласан юм. Уншигч та бүхэнд 20 жилийн турш үргэлжилж, олон мянган хүний цус урсгасан Афганистаны дайны түүхийг тоймлон хүргэж байна.

-АФГАНИСТАНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ-

          2001 оны есдүгээр сарын 11. Исламын Аль-Каида террорист бүлгэм зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж, АНУ-ын нийслэл Вашингтон болон Нью-Йорк хот руу халдсан юм. Ингэхдээ алан хядагчид дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр барилга болох Пентагоны байрыг мөргөсөн. Хоёр өндрийн халдлагад 2997 хүн амиа алдсан байдаг. Харин нэг онгоц нь Вашингтонд байрлах Пентагоны барилгыг мөргөсөн бол үлдсэн нэг нь тус хотоос зайд газарт унасан билээ. Энэ мөчөөс л Афганистаны Аль-Каида, Талибан зэрэг бүлгүүд болон АНУ, түүний холбоотнуудын дундах дайн эхэлсэн билээ.

          Хоёр өндрийг мөргөсөн халдлага болохоос хэдэн сарын өмнө АНУ-ын эрх баригчдад алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байгаа тухай тусгай албаныхан мэдээлж байсан гэдэг. Тэгсэн ч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн тушаалаар Аль-Каида бүлэглэлийн анхны удирдагч Осама Бен Ладеныг эрэн сурвалжилж эхэлсэн юм. Харин 2001 онд Афганистаны эрх баригч Талибан хөдөлгөөнөөс есдүгээр сарын 11-ний халдлагад харамсаж буйгаа илэрхийлж, мөн уг хэрэгт Осама Бен Ладеныг холбоотой эсэхэд эргэлзэж байгаа тухайгаа мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч АНУ болон түүний холбоотон орнууд 2001 оны аравдугаар сарын 7-нд Афганистан дахь Талибан хөдөлгөөний төвүүдийг бөмбөгдөж эхэлсэн.

          Тухайн үеийн Афганистан Улсын Засгийн эрхийг Талибууд барьж байсан бөгөөд АНУ, түүний холбоотнуудын гэнэтийн дайралтын дараа Талибан хөдөлгөөний хүч суларч, ухарсан. Улмаар Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод олон улсын баг хурал зохион байгуулж, түр Засгийн газар байгуулж, Хамид Карзайг түр засаг захиргааны тэргүүнээр сонгож байв. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Кабулын эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчнийг байгуулсан юм. Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчинд АНУ, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн орнууд нэгдэж, Аль-Каида болон Талибан бүлэглэлийн эсрэг тэмцэхээр байгуулагдсан.

-ТАЛИБУУД ЭРГЭН ИРСЭН НЬ-

          2001 оны аравдугаар сарын 7-нд цохилт авч, ухарсан Талибан бүлэглэлийг Мулла Омар удирдан зохион байгуулж, дахин 2003 оноос эхлэн Афганистаны Засгийн газрын эсрэг бослого гаргаж эхэлсэн юм. Талибууд болон бусад жижиг бүлгүүд Афганистаны хөдөө, орон нутагт партизаны довтолгоо, отолт хийх, хот суурин газрыг сүйрүүлэх, энгийн иргэдийг хэрцгийгээр алан хядах зэргээр тухайн үеийн Афганистаны Засгийн газрын эсрэг цохилт өгч эхэлжээ. Улмаар эргэн ирсэн Талибууд довтолгоогоо эрчимжүүлснээр 2006 онд Афганистаны Засгийн газрын сул талыг ашиглаж, өмнөд болон зүүн хэсгийн орон нутгуудад хяналтаа тогтоож, өөрсдийн нөлөөг дахин бий болгов. Талибан бүлэглэлийн нөлөөгөөр Афганистан дахь хүчирхийлэл 2007-2009 онуудад хэд дахин нэмэгдсэн аж.

          Талибан хөдөлгөөний алан хядлага газар авч эхлэх үед буюу 2009 онд АНУ-ын шинэ төрийн тэргүүн Барак Обамагийн санаачилгаар Афганистан дахь цэргийн хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж, Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчнээс цэргийн хүч явуулсан. 2009 онд Афганистанд гаднын орны 68 мянга гаруй цэрэг байсан бол 2011 онд 140 мянга гаруй болон нэмэгдсэн юм.

-АЛЬ-КАИДА БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ ОСАМА БЕН ЛАДЕНЫГ ХӨНӨӨВ-

          Хоёр өндрийн алан хядах ажиллагааг зохион байгуулсан Аль-Каида бүлэглэлийн удирдагч Осама Бен Ладен 2001 оны аравдугаар сарын 7-ны Афганистан дахь бөмбөгдөлтийн үеэр оргон зайлсан байдаг. Тухайн түүнийг алан хядах ажиллагааг зохион байгуулсан эсэхийг баттай болгож чадаагүй ч 2002-2003 оны үед  Осама Бен Ладен хоёр өндрийн халдлагыг зохион байгуулсан гэдэг нь нотлогдож байв. Осама Бен Ладен АНУ болон холбоотон орны бөмбөгдөлтөөс зугтсаны дараа удаан хугацаанд Афганистан, Пакистаны хилийн орчим дахь уул, хаданд орогнож байсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн байдаг. Гэсэн хэдий ч Аль-Каида бүлэглэлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар байжээ. 

          АНУ-ын Нью-Йорк хот дахь хоёр өндрийн халдлагын дараа 2002 оны дөрөвдүгээр сард Аль-Каида бүлэглэл Тунис Улсын олон нийтийн газар алан хядах ажиллагаа зохион байгуулж, бөмбөг дэлбэлж, 17 хүний амийг хөнөөсөн юм. Мөн 2002 онд Индонезийн Бали аралд бөмбөг дэлбэлж, 200 хүний амийг хөнөөж, 2003 онд Их Британийн Консулийн газрын гадна талбайд нэг алан хядагч өөрийнхөө амийг золиосолж, бөмбөг дэлбэлж, 54 хүний амь эрсэдсэн байна.

Харин 2004 оноос Аль-Каида бүлэглэл нэг хүнд төвлөрсөн Осама Бен Ладены удирдлагаас татгалзаж, дотроосоо бутарч эхэлсэн юм. Энэ үеэс л зартай алан хядагч Осама Бен Ладен алан хядах ажиллагаа зохион байгуулахаа больж, суртал ухуулгын ажил хийдэг болсон аж.

          2011 оны тавдугаар сарын 2-нд АНУ-ын тусгай салаа Осама Бен Ладеныг хөнөөсөн талаар олон улсад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж байв. Ингэхдээ түүнийг хөнөөх гэж байгаа талаар өөр бусад гаднын орон, албаныхан мэдэгдээгүй юм. Тухайн өдөр Осама Бен Ладен Пакистан Улсын Аббрттад хотын нууцлаг байршил, тусгай харуул хамгаалалттай хувийн эдлэндээ байжээ. АНУ-ын тусгай салааныхан гэрт нь байсан 18 хүнийг хөнөөж, Осама Бен Ладенг толгой болон цээжин тус газарт нь буудан хөнөөсөн байдаг. Тусгай салааны мэдэгдлээр Осама Бен Ладеныг хөнөөснийхөө дараа шарилыг тэнгисийн усанд урсгаж, лалын шашны бүх ёс заншлыг үйлдсэн тухай мэдээлж байжээ. Гэсэн хэдий ч анх алан хядагч Осама Бен Ладеныг устгах зорилготой нэгдсэн Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчний тэмцэх дайн дуусаагүй юм.

Осама Бен Ладеныг хөнөөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанаас цэргүүдээ татах тухай төлөвлөгөөгөө олон улсад танилцуулсан. Түүний төлөвлөгөөнд 2014 оны арванхоёрдугаар сар хүртэл бүх цэргээ татах бөгөөд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсад цэргийн хүч үлдээх байсан юм. Барак Обамагийн мэдэгдлийн дараа дэлхийн нөлөө бүхий орнуудын удирдагчид 2011 оны арванхоёрдугаар сарын 5-нд Герман Улсын Бонн хотод уулзалт хийсэн. Уг уулзалтаар Афганистан Улсын Засгийн газар, ирээдүйг дэмжих зорилгоор олон тэрбум  ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүний дараа НАТО-гийн гишүүн орнууд ч Афганистанаас цэргээ татаж эхэлсэн байдаг. Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчин ажиллагаагаа бүрэн зогсоож, аюулгүй байдлын бүрэн хариуцлагыг Афганистаны Засгийн газарт албан ёсоор шилжүүлсэн билээ.

2018 он

          2018 оны нэгдүгээр сарын байдлаар Талибууд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын 14 дүүргийг эзэлж, бүрэн хяналтдаа оруулаад байв. Гэтэл нэгдүгээр сарын 27-нд нийслэл Кабул хотын эмнэлгийн түргэн тусламжийн машинд алан хядагч амиа золиосолж, бөмбөг дэлбэлснээс 100 гаруй хүн амиа алдсан байдаг. Уг хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибан хөдөлгөөнийхөнтэй байгуулсан энхийн гэрээгээ цуцлах шийдвэрт хүрсэн юм. Тухайн үед НҮБ-ын гаргасан судалгаагаар 2017 онд Афганистан Улсад 10453 энгийн иргэн шархдаж, амиа алдсан тухай мэдээ олон улсын анхаарлын төвд орж байлаа.

          Талибан бүлэглэл 2018 онд Афганистаны Засгийн газрын эсрэг хийж байгаа бослогоо эрчимжүүлж, Дарзаб дүүрэг, Газни хотыг эзлэхээс гадна тухайн жил Афганистаны парламентын сонгуульд нэр дэвшиж байсан Абдул Жабар Кахраманыг хөнөөсөн байдаг. Харин АНУ-ын дипломат ажилтнууд 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад дайныг зогсоох, энхийг хэлэлцээг үргэлжлүүлэн хийх талаар Талибуудтай уулзалт зохион байгуулсан билээ.

2019 он

          2019 оны нэгдүгээр сарын 21-нд Талибан бүлэглэлийнхэн Афганистаны Майдан Вардак мужид халдаж, Үндэсний аюулгүй байдлын газрын 100 орчим хүний аминд хүрсэн юм. Уг халдлагын дараа гарсан судалгаагаар 2014 онд Ашраф Гани Афганистаны Ерөнхийлөгч болсноос хойш 45 мянга гаруй аюулгүй байдлын хүчнийхэн амиа алдсан аж. 2019 оны нэгдүгээр сарын Афганистаны Засгийн газраас гаргасан тайланд тус улсын нийт дүүрэг, суурьшмал бүсийн 53.8 хувь нь Засгийн газрын хяналтад, 33.9 хувь нь Талибан хөдөлгөөний талд, 12.3 хувь нь бусад алан хядах бүлэг, босогчдын нөлөөн дор байсан юм.

          Гэсэн хэдий ч нэгдүгээр сараас хойш Талибууд дахин үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хэд хэдэн дүүргийг эзэлж, олон хүний амийг хөнөөсөн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны сүүлчээс хойш яригдаж байсан энхийн хэлэлцээрээс татгалзах шийдвэрт хүрсэн билээ.

-АНУ ШИНЭ ЗАСАГ ЗАХИРГАА БОЛОН ИБНАУ-ЫН ТӨГСГӨЛ-

          2020 оны хоёрдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибан хөдөлгөөнийхөнтэй 2021 оны тавдугаар сарын 1-ний дотор АНУ Афганистанаас цэргээ гаргах хэлэлцээ хийж, Талибууд ч хэлэлцээг баталж, гарын үсгээ зурсан юм. Хэдий гэрээ байгуулсан ч түүний дараа Талибуудын үйл ажиллагаа АНУ болон түүний холбоотнуудын эсрэг чиглэж, аюулгүй байдалд нь заналхийлсэн аж. Үүнд зөвхөн Талибууд бус Энэтхэгийн хойгоор суурьшсан Аль-Каида бүлэглэл Афганистаны зарим нутагт алан хядах үйл ажиллагаа явуулж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Дональд Трамп 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Афганистан, Ирак дахь цэргийн тоог 2500 болгон бууруулж, үлдсэн цэргийг нь татах төлөвлөгөө боловсруулаад байв.

          Харин Жо Байден АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Афганистан Улсаас бүх цэргээ татаж, хамгийн сүүлчийн ээлжийг хоёр өндрийн халдлага болсон есдүгээр сарын 11-ний өдөр татах тухай төлөвлөгөөгөө гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Их Британи болон НАТО-гийн гишүүн орнууд АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг дагаж, мөн л цэргийн хүчээ татаж эхэлсэн. АНУ болон холбоотон орнуудын Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас цэргээ татах ажиллагаа өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Талибан бүлэглэлийн довтолгоо, халдлага ч эрс нэмэгдсэн юм.

          Тэгвэл өнгөрсөн ням гарагт Талибан хөдөлгөөнийхөн Афганистан Улсын нийслэл Кабул хот руу дайрч, эзэлсэн юм. Талибууд дайрч ороход Засгийн газрын цэргүүд хариу үзүүлээгүй бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани төрийн ордноо орхиж, эх орноосоо дүрвэсэн байв. Улмаар Талибан хөдөлгөөний төлөөлөгч Мохаммед Наем АНУ болон түүний холбоотон орнууд, Афганистаны Засгийн газрын эсрэг хийсэн 20 жилийн түүхт дайн дууссаныг зарласан юм.

          Долдугаар сарын 9-ний байдлаар Афганистан Улсын нийт нутгийн 167 хотод мөргөлдөөн болж, 141 нь Засгийн газрын, 90 нь Талибаны хяналтад байсан бол энэ сарын 15-ны байдлаар Талибууд 345 сууринг эзэлж, 41 сууринд мөргөлдөөн үргэлжилж байгаа гэнэ. “Браун” их сургуулийн нэгтгэсэн мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 20 жилийн хугацаанд үргэлжилсэн Афганистаны дайнд 51 мянга гаруй сөрөг хүчний цэрэг амиа алдсан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр Афганистаны дайны үеийн өвчин, хоол, хүнсний хомсдол, дэд бүтэц, дайнаас шууд бус үр дагавраас болж нас барсан хүний тоог оролцуулбал төсөөлөхгүй муу үзүүлэлт гарах аж.

Олон улсын улстөр шинжээчдийн үзэж байгаагаар Талибууд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс гэх албан ёсны нэрийг өөрчилж, Афганистаны Исламын Эмират Улс болгон зарлах төлөвтэй байгаа гэнэ. 20 жилийн турш үргэлжилсэн дайны дараа хүн төрөлхтний мэддэг Афганистан Улс үгүй ч болж мэдэх юм.


20 жилийн турш үргэлжилсэн Афганистаны дайны ЦУСТ ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188