АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрөгч долоо хоногт болж экс Ерөнхийлөгч Дональд Трамп дахин төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Түүний хувьд Америкийн Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди Жуниор нартай өрсөлдөн нийт 71 сая иргэний саналаар ялалт байгуулав. Харин энэ удаагийн сонгуулиар дахин Цагаан ордонд суух эрхтэй болсон Дональд Трампын хувьд мөрийн хөтөлбөртөө “Америкийг дахин сэргээн мандуулах”-ын цогц төлөвлөгөө буюу эдийн засаг, гэмт хэрэг, цагаачлалтай холбоотой хатуу арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт өгсөн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын ирэх дөрвөн жил Цагаан ордныг удирдахдаа хэрэгжүүлэх “Америк нэгдүгээрт” мөрийн хөтөлбөр олон улс болон Монгол Улсын эдийн засаг, геополитикт хэрхэн нөлөөлөх тухай гаднын шинжээч нарын бичсэн таамгийг тоймлон хүргэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трампын ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх эдийн засаг, гэмт хэрэг, цагаачлал, эрчим хүчний шинэ бодлогын цогц хөтөлбөр буюу "Америк нэгдүгээрт” мөрийн хөтөлбөр нь олон улсын эдийн засаг, геополитикт хэд хэдэн том нөлөө үзүүлэхийг шинжээчид хэлж байна. Тухайлбал,
Д.Трампын олон улсын худалдааны хязгаарлалт, татварын бодлого нь Европын үйлдвэрлэл, экспортын салбарт сөрөг нөлөө үзүүлж, Европын эдийн засгийн өсөлтөд саад болж болзошгүй. Европ, АНУ-ын эдийн засаг нягт уялдаатай байдаг бөгөөд АНУ-ын эдийн засгийн аливаа уналт Европт шууд дам нөлөөлнө гэж таамаглаж байгаа аж. Мөн Д.Трампын НАТО-гийн санхүүжилтийг багасгах, Европын холбоотой түншлэлийн байр сууриа хатууруулах бодлого нь Европын бүсийн орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлийн төсөвт дарамт учруулж болзошгүй.
Латин Америкийн Мексик, Аргентин, Бразил зэрэг улс АНУ, БНХАУ-ын худалдааны хязгаарлалтаас богино хугацаанд ашиг хүртэж магадгүй. Гэсэн Д.Трампын хатуу цагаачлалын бодлого, худалдаа өндөр татвар нь Латин Америкийн орнуудын экспортод саад учруулж, бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Түүнчлэн Д.Трамп нефть, хийн олборлолтыг дэмжихээ амласан нь эсрэгээрээ Латин Америкийн орнуудын экспортын өрсөлдөх чадварыг сулруулах гэнэ.
Ази тивийн хувьд, Д.Трампын АНУ-д үйлдвэрлэлийг эргүүлэн татах, шинэ татвар тогтоох бодлого нь худалдааны маргааныг улам гүнзгийрүүлж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулж магадгүй. Харин Зүүн Өмнөд Азийн орнуудын БНХАУ-д тавьсан АНУ-ын худалдааны хязгаарлалтаас богино хугацаанд ашиг хүртэх боломж гарч байгаа боловч урт хугацаанд бүс нутгийн худалдааны салбарт томоохон сөрөг нөлөө үзүүлэх юм.
Д.Трампын эрчим хүчний бодлого нь Ойрх Дорнод болон Хойд Африкийн орнуудад томоохон нөлөө үзүүлэх гэнэ. Тухайлбал, АНУ нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурахад нөлөөлнө. Улмаар Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг нефть экспортлогч орнуудад эдийн засгийн хүндрэл үүсэх төлөвтэй байна. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын цэрэг, батлан хамгаалах салбарын зардлаа бууруулах төлөвлөгөө нь Ойрх Дорнод дахь тулаан, мөргөлдөөнүүдийг илүү эрсдэлтэй болгох аж.
АНУ-ын эдийн засагт аж үйлдвэрийг буцааж төвлөрүүлэх бодлого нь Африкийн уул уурхайн салбарт хамгийн сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, АНУ-ын зах зээл дээрх эрэлт буурах нь Африкийн түүхий эдийн экспортыг үлэмж хэмжээгээр бууруулж, эдийн засгийн өсөлтөд саад учруулж болзошгүй гэж үзэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллах Дональд Трамп Монгол Улстай шууд холбоотой бодлого, стратеги хэрэгжүүлж байгаагүй. Гэсэн ч өмнө нь Цагаан ордонд суух төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Ази-Америкийн харилцааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд нь Монгол Улстай холбогдож байсан. Тухайлбал, Д.Трампын засаг захиргаа 2016-2020 оны хооронд Монгол Улсыг “гуравдагч хөрш” буюу Хятад, Оросоос гадна стратегийн түнш гэж үздэг бодлогоо үргэлжлүүлсэн Монгол Улстай харилцаа тогтоож байсан. Уг бодлого нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байв.
Харин геополитикийн ач холбогдлын хувьд Монгол Улс нь АНУ-тай шууд бус ч ОХУ, БНХАУ гэх хоёр хөршөөрөө дамжуулж, АНУ болон түүний холбоотнуудтай стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Д.Трампыг Ерөнхийлөгчөөр ажилласан 2016-2020 оны үед Монгол Улстай эрчим хүчний аюулгүй байдал, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч байсан билээ.
Мөн Монгол Улс Афганистаны олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон цөөн орны нэг. Тийм ч учир тус улсад үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын батлан хамгаалах хүчин Д.Трампыг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд Монголын талтай цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн АНУ-аас цэргийн сургалт, дэмжлэг авч байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй Д.Трампыг 2016-2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй төрийн түшээд АНУ-д айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санамж бичиг байгуулж байсан түүхтэй.
Д.Трамп 2016-2020 онд Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байхдаа шууд бусаар Монгол Улстай “холбогдож” байсан ч эерэгээр нөлөөлөх бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлээгүй гэдэг. Харин энэ удаад Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан болон ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого Монгол Улсад шууд болон шууд бус байдлаар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэнэ. Тодруулбал,
Гадаад худалдааны хатуу бодлого: Д.Трамп худалдааны хатуу бодлоготой, үндсэрхэг чиглэлийг барьдаг хандлагаараа танигдсан. Тиймээс ч өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа БНХАУ-тай өрнүүлсэн сөргөлдөөнөө үргэлжлүүлж, БНХАУ-тай хориг арга хэмжээний "дайн” зарлана гэж үзэж байгаа. Харин эдийн засаг, худалдааны хувьд БНХАУ-аас дийлэнхийг нь авдаг манай оронд Д.Трампын хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, гадаад худалдааны хатуу бодлогын сөрөг нөлөө учирч болзошгүй аж.
“Гуравдагч хөрш”-ийн бодлого: Монгол Улс АНУ болон түүний холбоотнууд, бусад барууны орныг “гуравдагч хөрш” гэж үздэг. “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо улс төр, эдийн засгийн тэнцвэрээ хадгалдаг. Харин Д.Трампын хувьд АНУ-д ашигтай байдлыг харгалзан үзэж хөдөлдөг нэгэн. Тиймээс Д.Трампын төрийн тэргүүнээр ажиллах ирэх дөрвөн жилд сайжирч, ойртож байсан АНУ, Монгол Улсын харилцаа холдох эрсдэлтэй гэнэ.
Цэргийн хамтын ажиллагаа: Д.Трамп АНУ-ын холбоотон орнуудад үзүүлж буй цэргийн туслалцаа, хамгаалалтын зардлыг бууруулааа амласан. Хэрэв тэрбээр АНУ-ын цэргийн хамтын ажиллагааны бодлогыг хязгаарлах чиглэл баривал Монгол Улсын АНУ-тай хэрэгжүүлж байсан цэргийн хамтын ажиллагаа зогсож, цэргийн тусламж, сургалт багасах магадлалтай.
Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин: Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд оролцохоос зайлсхийх, байгаль орчны дүрмийг сулруулах бодлогыг баримталж буй. Харин Монгол Улсын хувьд уур амьсгалын нөхцөл байдал тогтворгүй түвшинд байгаа бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа. Тэгвэл Монгол Улсын энэ байр суурь АНУ-ын сэргээгдэх эрчим хүчнээс татгалзах бодлого зарим чиглэлээр сөргөлдөж болзошгүй гэнэ.
Олон улсын дэмжлэг буурах эрсдэл: Монгол Улс АНУ-аас багагүй тусламж, дэмжлэг авч, дотоодын төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Харин Д.Трампын үед АНУ-аас гарах тусламжийн зардал улам буурч, зөвхөн “ашигтай” гэж үзсэн орнууддаа өгөх учир Монгол Улс олон улсын дэмжлэгээ алдах эрсдэлтэй тулгарч байгаа аж.
Хамгийн чухал нь, дээр дурдсаны адил ирэх дөрвөн жилийн хугацаанд Д.Трампын засаг захиргаа БНХАУ-тай харьцах харилцаа нь таарамжгүй хэвээр байвал Монгол Улсад худалдаа, импортын сөрөг нөлөө үзүүлнэ. Тодруулбал, ирэх дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах ханш өссөний улмаас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, эдийн засгийн дарамттай нүүр тулж болзошгүй байгаа юм.
Энэ мэтчилэн Дональд Трамп дахин дөрвөн жилийн хугацаанд АНУ-ыг удирдахаар болсон нь бүсүүдийн эдийн засаг, геополитикт батлан хамгаалах, худалдаа, аж үйлдвэрлэл, түүхий экспорт, импортын хоригоор нөлөөлөх бол Монгол Улсад гадаад худалдааны хатуу бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогын улмаас ам.долларын ханш өсөж, инфляцийн дарамт үзүүлж болзошгүй байгаа юм байна.
Д.ТРАМП ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ ДӨРВӨН ЖИЛД МОНГОЛ УЛСАД ИНФЛЯЦИЙН ДАРАМТ УЧИРЧ, АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТЭНГЭРТ ХАДАХ УУ |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |