• Өнөөдөр 2025-05-10

ТОЙМ: ИХ ГҮРНҮҮДИЙН ЭХЛҮҮЛСЭН ШИНЭ “ТОГЛООМ”-Д ХӨГЖИЖ БУЙ, БУУРАЙ ОРНУУД ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДЭХ ВЭ

2024-10-28,   440

Дэлхийн сонгуулийн жил гэгдээд буй 2024 он олон улсын улс төр, эдийн засагт шууд нөлөө үзүүлсэн онцгой жил болж байна. Тухайлбал, энэ онд 80 орчим оронд Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгууль болсон нь улс бүр өөр өөрийн удирдагч, ард иргэдээ төлөөлөх гишүүдээ сонгосноор сүүлийн хоёр жилийн хугацаанд зөвхөн бүлэг, нэгдлээрээ улам бүр хүчирхэгжих болсон олон улсын нэгдлүүдийн холбоо, харилцаа, байр суурийг өөрчлөв. Түүнчлэн НҮБ, “Их долоо”, “20-ийн бүлэг”, ШХАБ, “Брикс” тэргүүтэй улс орнуудын нэгдэл 2024 онд дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулж, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудалд өөрсдийн баримтлах нэгдсэн байр сууриа тогтоож, зарим нь хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


“ИХ ДОЛОО”-ГИЙН ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО БА АЧ ХОЛБОГДОЛ

Дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлох эрх мэдэлтэй олон улсын нэгдэл болох “Их долоо”-гийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Италид дээд хэмжээний уулзалтаа хийсэн. Тус нэгдэл 1975 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, хөгжлийн асуудлуудыг хариуцаж, нэгдлээрээ дамжуулан удирдан зохион байгуулах, чиглүүлэх ажил хийж ирсэн байдаг. “Их долоо”-гийн бүлэгт АНУ, Их Британи, Япон, Герман, Франц, Итали, Канад зэрэг дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг гүрнүүд багтдаг бөгөөд Европын холбоо ч уг бүлгийн зарим уулзалтад оролцдог. Харин Италийн Фасано хотод болж байгаа энэ удаагийн уулзалтаар глобал сорилтуудын талаар хэлэлцжээ.

Түүнчлэн “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаар яригдсан гол сэдвүүдийг дэлхийд өрнөж байгаа хоёр геополитикийн асуудалтай холбож тайлбарлаж болох гэнэ. Тухайлбал,

Украины дайн:

“Их долоо”-гийн удирдагчид Украиныг ОХУ-ын түрэмгийллээс хамгаалах олон улсын дэмжлэгээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Харин энэ удаагийн уулзалтаар Украинд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд ОХУ-ын царцаагдаад буй хөрөнгөөс хүү бодож, ашиглах асуудлыг хэлэлцэх гэнэ. Үүний хүрээнд 50 тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгож, Украины сэргээн босголтыг санхүүжүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

Газын мөргөлдөөн:

Одоогоос жилийн өмнө эхэлсэн Газын зурвасын мөргөлдөөн өдгөө зарим улсын хямралд хүчтэй нөлөөлж байна. Үүнтэй ч холбогдуулан “Их долоо”-гийн удирдагчид Газын асуудлаар дахин хэлэлцэж, хүмүүнлэгийн тусламжийг сайжруулах, гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжийг судална. Түүнчлэн Ойрх Дорнодод дахин энх тайван тогтоож, хямралыг шийдвэрлэхийн тулд “Их долоо” үйл ажиллагаа явуулах гэнэ.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Д.ТРАМП УУ, К.ХАРРИС УУ

Америкчуудын арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ирэх дөрвөн жил АНУ-ыг удирдах Ерөнхийлөгчөө сонгоно. Санал хураалтын өдөр ойртохтой зэрэгцэн улс орнуудын сонгууль дундаас хамгийн их өрсөлдөөн гардаг АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажлууд ч хурц, ширүүн өрсөлдөөнтэй явж байна. Тухайлбал, энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа экс Ерөнхийлөгч Дональд Трамп болон одоогийн Дэд ерөнхийлөгч Камала Харрис нар ойролцоо санал авах магадлалтай, эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа гэж барууны шинжээчид үзэж буй бөгөөд нэр дэвшигчид сүүлийн сарын хугацаанд Америкийн гол мужуудад төвлөрч, олон удаагийн кампанит ажил, арга хэмжээ зохион байгуулж буй. Хамгийн сүүлийн судалгаагаар, сонгогчдын дунд өндөр хуваагдал үүсээд байгаа учир Д.Трамп, К.Харрис нарын хэн нь ч ялалт байгуулах боломжтой талаар өгүүлээд байгаа.

Тэдний кампанит ажлыг дэлгэрүүлбэл, Пенсильванид кампанит ажлаа хийх үеэрээ чихэн тус газраа буудуулсан Дональд Трампын нэр хүнд эргэн өссөн. Улмаар экс Ерөнхийлөгч өмнө нь ялалт байгуулж байсан аргаа дахин ашиглахын тулд томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, “уламжлалт” гэгдэх ахимаг насны сонгогчдоосоо санал авахын тулд идэвхтэй үйл ажиллагаа, телевизийн нэвтрүүлэг, реклам явуулж байна. Үүнд дэлхийн толгой тэрбумтнуудын нэг Элон Маск ч оролцож, Д.Трампыг дэмжих хүмүүсээс сонгуулийн санал хураалтын өдөр хүртэл хүн бүрд сая ам.доллар бэлэглэхээ амлаж, эхнээс нь бэлэглэж эхлээд буй. Харин нөгөө талд Дэд ерөнхийлөгч Камала Харрис өндөр рейтингтэй байгаа ч судалгаанд дурдсаны дагуу мөн л ялагдал хүлээх магадлал өндөр. Тиймээс К.Харрис Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий, тэргүүн хатагтай асан Мишель Обаматай хамтран сонгогчдод хандсан уриалга гаргаж байгаа аж.

Ташрамд дурдахад, Европын зарим хэвлэлээр олон улсын анхааралд өртөөд байгаа Ж.Биберийг хүчирхийлсэн гэх Шон Комбс буюу “Дидди”-гийн хэргийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх магадлалтай гэж бичжээ. Тодруулбал, уг хэрэгтэй холбоотойгоор “Дидди”-гийн зохион байгуулдаг гаж үдэшлэг болох “Freak Off”-д оролцдог хүмүүсийн нэрс ил болсон. Тэр дунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Камала Харрисын холбоотнууд байсан. Мөн Камала Харрис нь өөрөө "Дидди"-тэй дотнын найз гэх бөгөөд үүнтэй холбогдуулан Д.Трамп сонгуульд ялалт байгуулахын тулд “Дидди”-гийн хэргийг ашигласан байж болзошгүй гэж зарим хэвлэл мэдээлээд байна. Гэсэн ч өдгөө Холбооны мөрдөх товчоонд шалгагдаж байгаа “Дидди”-гийн хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоогүй боловч нэр дэвшигчдийн холбоотнууд, гаж, буруу хүслийн талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид кампанит ажил, үйл ажиллагаандаа оролцуулаад эхэлсэн гэнэ.

ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ БА ЭСКАЛАЦИ

2024 он гарсаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдал улам дордож байгаа гэж судлаач, шинжээчид анхааруулах болсон. Тухайлбал, Газын дайнаас гадна Израил болон Ираны хооронд мөргөлдөөн өрнөж, Иран, “Хезболла” зэрэг хүчний бүлгүүд Израил руу халдлага үйлдсэнтэй холбоотойгоор Израил хариу арга хэмжээ авч, Ираны газар нутгийг бөмбөгдөөд байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ойрх Дорнодын орнуудын хагарал, мөргөлдөөн нь эскалацид хүргэж болзошгүйг анхааруулж, хүний эрхийг зөрчиж буй үйлдлээ зогсоохыг шаардаж, олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад байгаа. Гэсэн ч бүс нутгийн хэмжээний нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа бөгөөд Ойрх Дорнодоос олон мянган хүн дүрвэжээ.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

Олон улсын валютын сангийн 2024 оны “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд удаашрах магадлал өндөр байна. Тухайлбал, АНУ болон Европын зарим орны эдийн засаг удаашрахад голлон нөлөө үзүүлэх хандлагатай байх бол нөгөө талд БНХАУ, БНЭУ зэрэг Азийн цөөн оронд л хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн эерэг үр дүнтэй байх аж. Хэдий Азийн бүс нутаг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ч дэлхийн жишгээ даган олон улсын түвшинд инфляц өсөж, Ойрх Дорнод, Африкийн зарим бүсэд эдийн засгийн уналт, зөрчилдөөн, иргэний дайнд хүчтэй нөлөө үзүүлэх таамагтай байна.

АРДЧИЛЛЫН ТУХАЙ АСУУДЛУУД БУЮУ ОЛОН УЛСЫН СОНГУУЛЬ

2024 оны эцэс гэхэд дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь сонгуульд оролцсон байна. “Дэлхийн сонгуулийн жил” гэгдээд буй 2024 онд АНУ, Энэтхэг зэрэг улсад ардчиллын хямрал, сонгуулийн үед үүсэх зөрчилдөөн нэмэгдэж байгаа нь зөвхөн хувь удирдагчийг сонгохоос гадна олон нийтэд нийгмийн хямрал үүсэж болзошгүй гэх айдас төрүүлж байгаа гэнэ. Дээр дурдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж байгаа экс Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд кампанит ажлууд нь улс төрийн туйлшрал, хуваагдлыг улам гүнзгийрүүлэх аюул гаргаж байгааг сануулсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Европын холбоо ч мөн ардчилсан үйл явцын хүнд сорилттой нүүр тулгарч, бүгд найрамдах болон барууны хэт туйлширсан гэх бүлгүүд олширч, “Ардчиллын” гэх зүйлсээ хойш тавьж байгаа нь олон улсын улс төрийн нэг томоохон асуудал болж байгаа юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУД БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Мөн энэ онд Канад Улсад болсон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP16” дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн. Тус хурлаар био олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах асуудлууд яригдсан бөгөөд уулзалтын төгсгөлд улс орнууд байгаль орчныг хамгаалах шинэ төлөвлөгөөгөө зарлаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн хэт халуун болон үерийн гамшгийн улмаас дэлхийн олон орон тодорхой хэмжээний хохирол амсаж, иргэдийнх нь амьдралд шууд нөлөөлж байгаатай холбоотойгоор ирэх онд дахин хуралдаж, хоёр, гуравдагч хүчин зүйлсийг хэрхэн зохицуулах, хохирлыг хэрхэн нөхөх талаар хэлэлцэхээр болсон юм.

 


ТОЙМ: ИХ ГҮРНҮҮДИЙН ЭХЛҮҮЛСЭН ШИНЭ “ТОГЛООМ”-Д ХӨГЖИЖ БУЙ, БУУРАЙ ОРНУУД ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188