• Өнөөдөр 2024-10-15

ТАКЕР КАРЛСОНЫ В.ПУТИНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: УКРАИН БОЛ И.СТАЛИНЫ ХҮСЛЭЭР БИЙ БОЛСОН ХИЙМЭЛ УЛС

2024-02-16,   776

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны хэвлэлийн томоохон төлөөллүүдийн нэг “Fox News”-ийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлага нь энэ долоо хоногт “X” платформоор түгж, дэлхийн анхаарлын төвд ороод буй.

                     Зөвлөлт, Оросын түүхээс эхлэн Украины дайн, АНУ, НАТО, БНХАУ, “БРИКС”, “Их долоо”-гийн бүлгийн тухай дэлгэрэнгүй ярьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ярилцлагаас онцлох агуулгуудыг хөрвүүлэн хүргэж байна.

-ҮНДЭСТНҮҮД ӨӨРИЙН ГАЗАР НУТГИЙГ ЭРГҮҮЛЭН АВАХ “БОЛОМЖТОЙ” Ч ЭРГҮҮЛЭН АВАХ ЭРХ БАЙХГҮЙ-

-Та 2022 он хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины мөргөлдөөн эхлэх үед хийсэн мэдэгдэлдээ АНУ НАТО-гоор дамжуулан манай улс руу гэнэтийн халдлага хийж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсний улмаас Украин руу цэргээ оруулсан тухайгаа хэлсэн. Түүнчлэн хэдэн зууны турш одоогийн Украины зүүн нутаг Оросын эзэмшил байсан тухай архивын баримт харуулж байна. Хэрэв тийм байсан бол та аль 24 жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэх үедээ яагаад Украины асуудлыг хөндөөгүй юм бэ. Танайд цөмийн зэвсэг байсан. Харин Украинд үгүй. Гэсэн ч та “Оросын газар нутаг” гэж байгаа ч яагаад ингэж удаан хүлээсэн юм бэ?

                  -Дэлхийн II дайн өмнө Польш Гитлертэй хамтран ажиллаж, зарим асуудалд Гитлерийн шаардлагыг биелүүлээгүй хэрнээ Чехословакийг хуваахад Гитлертэй хамт оролцсон. Түүнээс хойш Польшууд Данзигийн коридорыг Германд өгөөгүй учир Гитлер дайрч, дэлхийн II дайн эхлэхэд хүргэсэн. 1939 оны есдүгээр сарын 1-нд Польшийн эсрэг дайн яагаад эхэлсэн бэ. Учир нь, Польш Гитлертэй эвлэршгүй болж, Гитлер Польшид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй хүрсэн. Би ЗСБНХУ-ын архивын баримт бичгүүдийг сайтар нягталсан. Архивын баримтад бичсэнээр Зөвлөлт Чехословакт туслахын тулд цэргээ Польшийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрч, Польшоос зөвшөөрөл хүсжээ. Гэтэл тухайн үеийн Польшийн Гадаад хэргийн сайд “Хэрэв Зөвлөлтийн онгоц Польшийн дээгүүр нисвэл манай нутагт унана” гэсэн байдаг. Гэхдээ энэ нэг ч их хамаагүй. Хамгийн гол нь, дайн эхэлж, Польш Чехословакийн эсрэг явуулж байсан бодлогынхоо золиос, Молотов-Риббентропын гэрээний дагуу тэр нутаг дэвсгэрийн нэг хэсэг, тэр дундаа баруун Украиныг Орост өгөх ёстой байв. Тиймээс тухайн үед Зөвлөлт хэмээн нэрлэгдэж байсан Орос Улс түүхэн газар нутгаа эргүүлэн авсан юм.

                           Бидний нэрлэж заншсанаар аугаа эх орны дайн буюу дэлхийн II дайнд ялалт байгуулсныхаа дараа тэр бүх газар нутаг эцсийн дүндээ Орос, ЗСНБНУ-ын мэдэлд шилжсэн. Польшийн хувьд нөхөн олговроор Германы нутаг дэвсгэрээс хүлээж авсан. Тухайн үеийн Германы зүүн хэсэг өнөөдрийн Польшийн баруун бүс нутаг.

                       Харин 1922 онд ЗСБНХУ байгуулагдаж байхад большевикууд Зөвлөлт Украиныг байгуулсан. Иосиф Сталин тэдгээр Бүгд Найрамдах Улсыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд автономит байгууллага болгон оруулахыг шаардсан. Гэсэн ч ямар нэг шалтгааны улмаас Зөвлөлтийг үндэслэгч Владимир Ленин тэр улсуудыг Зөвлөлтөөс гарах эрхтэй байлгахаар зүтгэсэн байгаа юм. Түүнээс хойш дахин үл мэдэгдэх шалтгааны улмаас шинээр байгуулагдсан Зөвлөлтийн Бүгд Найрамдах Украин Улсад зарим газар нутгийг оршин суугчдын хамт шилжүүлсэн байдаг. Гэхдээ тэр газар нутгийг хэзээ ч Украин гэж нэрлээгүй.

-Гэхдээ яагаад Ерөнхийлөгчөөр 20 орчим жил ажиллахдаа Украины тухай эрт хэлээгүй юм бэ?

                    -Зөвлөлт Украинд хэзээ ч харьяалагдаж байгаагүй асар их нутаг, тэр дундаа Хар тэнгисийн бүс нутгийг өгсөн. Нэгэн цагт Орос-Туркийн дайны үр дүнд Орос тэр газар нутгийг эргүүлэн авахдаа “Шинэ Орос” эсвэл Новороссия гэж нэрлэж ч байсан. Хамгийн гол нь, Зөвлөлтийг үндэслэгч Владимир Ленин Украин байгуулахдаа ингэж байгуулсанд л байгаа юм. Зөвлөлт Украины Бүгд Найрамдах Улс байгуулагдсан цагаасаа хэдэн арван дамжин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж, хөгжсөн. Харин энэ дунд больвевикууд дахин Зөвлөлт Украины Бүгд Найрамдах Улсыг украинчлах ажилд оролцсон. Зөвлөлтийн удирдлагад Украинаас гаралтай хүн олон байсан учир гайхаад байх зүйл биш байх. Гэхдээ Украин Зөвлөлтийн ашиглаж байсан бусад Бүгд Найрамдах Улсаас ирсэн иргэдийг үндэсний хэл, соёлыг сурталчлах замаар иргэншүүлэх ерөнхий бодлогыг ашигласан. Украин ингэж л бий болсон.

                       Дэлхийн II дайны дараа Украин дайнаас өмнө Польшийн эзэмшилд байсан газар нутгаас гадна Унгар, Румын, одоогийн баруун Украинд харьяалагдаж байгаа бүс нутгаас авсан. Энэ утгаараа Украин бол Иосиф Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах үндэслэл бий.

-Тэгвэл Унгар Улс Украинаас газар нутгаа эргүүлэн авах эрхтэй болов уу. Бусад үндэстэн ч 1654 оны хил хязгаар, газар нутаг руугаа буцах боломжтой юу?

                     -Тэд буцах эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ И.Сталины үед буюу Сталины дэглэм гэгддэг дэглэмд хүний эрхийг олон удаа зөрчиж, бусад муж, улсын эрх зөрчигдөж байсан гэж болно. Харин тэр өөрсдийнхөө газар нутгийг эргүүлэн авах “боломжтой” ч эргүүлэн авах эрх байхгүй.

-“ТИЙМ” ГЭСЭН ХАРИУ СОНССОН БОЛ БИ ОХУ-ЫГ НАТО-Д ЭЛСҮҮЛЭХ БАЙСАН-

-Танайхаас гадна бусад үндэстэн ч бас байгаа шүү дээ. Маш олон үндэстэн XX зуунд болсон дайны дараа шинэчлэн тогтоосон хил хязгаар эсвэл мянган жилийн өмнөх дайнуудад сэтгэл дундуур, бухимдаж байдаг. Одоо та энэ тухай дурдаж байгаа ч энэ зүйл хоёр жилийн өмнөх хоёрдугаар сар хүртэл олон нийтэд ил болоогүй. Харин та үүнийг тайлбарлахдаа барууны зүгээс аюул заналхийлсэнтэй холбон тайлбарласан. Тэр дундаа НАТО цөмийн аюул заналхийлж байж болзошгүй учир хийхэд хүргэсэн гэсэн. Гэхдээ одоо та ингэж хэлж байгаа нь шударга байх уу?

                 -Миний ярьж байгаа зүйлс ярилцлагын сэдвээс хол байж магад. Тиймээс ч би чамаас ярилцлагын эхэнд “Ноцтой яриа хийх үү эсвэл шоу хийх үү” гэж асуусан. Харин чиний “Ноцтой яриа” гэсэн. Тийм учраас надад битгий гомдоорой. Бид Зөвлөлт Украиныг бий болгох мөч дээрээ ирэхдээ ЗСБНХУ задран унасан. Харин Украин Оросоос бүх зүйлээ “бэлэг” болгож авсан. Эцсийн эцэст, Оросын удирдлага үр дүнтэй ажиллаж, ажлаа эхлүүлсэн нь Зөвлөлтийн задралыг эхлүүлсэн. Тухайн үед Оросын удирдлагууд юу руу чиглүүлж байсныг ойлгохгүй байгаа ч “Бүх зүйл сайхан болно” гэж бодох хэд хэдэн шалтгаан байсан байх.

Дэлхийн II дайны дараах Зөвлөлт Холбоот Улсын газрын зураг. Эх сурвалж: OmniAtlas

                    Нэгдүгээрт, Оросын удирдлага Орос, Украины харилцааны үндсэн зарчмаас үндэслэсэн гэж бодож байна. Тэндэхийн хүн ам, нийтлэг хэл гээд хүн амынх нь 90 гаруй хувь орос хэлээр ярьдаг байсан. Нийтлэг соёл, нийтлэг түүх, нийтлэг итгэл болон гүнзгий холбоотой эдийн засаг нь суурь болсон. Энэ бүх зүйл бидний харилцааг зайлшгүй болгодог.

                    Хоёр дахь нь маш чухал. Би Америкийн иргэн чамайг болон танай үзэгчид энэ тухай сонсоосой гэж хүсэж байна. Оросын хуучин удирдлага Зөвлөлт оршин тогтнохоо больсон учир үзэл суртлын хуваагдал байхгүй болсон гэж үзсэн. Орос сайн дураараа Зөвлөлт задран унасныг хүлээн зөвшөөрч, “Соёл иргэншсэн баруун” гэх хамтын ажиллагааны урилга болно гэж ойлгож, итгэж байсан. Тиймээс Орос АНУ болон бусад барууны орноос хамтын ажиллагаа хүлээж байсан.

                    Би 2000 онд Ерөнхийлөгч болсон. Тэгээд “За, Югославын асуудал дууссан. Гэхдээ бид харилцаагаа сэргээхийг хичээх хэрэгтэй” гэж бодсон. Тэгэхдээ Оросын орох гэж оролдсон хаалгыг дахин нээхийг оролцсон. Би энэ тухайгаа олон нийтэд зарласан. Дахиад ч хэлж чадна. Тухайн үед ажлаа хүлээлгэж өгч байсан Ерөнхийлөгч Билл Клинтонтой Кремльд уулзах үеэрээ “Билл, хэрэв Орос НАТО-д элсэхийг хүсвэл та боломжтой гэж бодож байна уу” гэж асуусан. Тэр “Чи мэднэ дээ, сонирхолтой юм аа” гэсэн. Харин оройн хоолны үеэр “Би багийнхантайгаа ярилцаж үзсэн. Одоо боломжгүй юм байна” гэсэн дээ. Чи итгэхгүй байвал түүнээс ч асуусан болно шүү дээ. Тэр ч бидний ярилцлагыг үзэх байх. Тэгээд батлах болно. Хэрэв тийм зүйл болоогүй бол би ийм зүйл ярихгүй шүү дээ.

-Хэрэв боломжтой байсан бол та ОХУ-ыг НАТО-д элсүүлэх байсан уу?

                    -Миний “Боломжтой юу, үгүй юү” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулсан.

-Гэхдээ “Тийм” гэж хариулсан бол та НАТО-д элсэх байсан уу?

                    -Хэрэв “Тийм” гэсэн хариу сонссон бол тэдэнтэй ойртон үйл явц эхэлж, түншүүдийнхээ санал, сэтгэгдлийг сонсож, тийм зүйл болох л байсан. Гэвч болоогүй.

-Та үүнд харамсаж явдаг гэж бодож байна. Гэхдээ тэр үед яагаад барууны орнууд таныг эсэргүүцсэн юм бол оо. Яагаад дайсагнасан юм бэ. Хүйтэн дайны төгсгөлд харилцаагаа засаж, сэргээх боломжгүй байсан гэж үү?

                    -Та намайг харамсаж байна гэж бодсон бололтой. Гэхдээ үгүй, энэ харамсал биш бодит байдал. Бид ямар нэгэн айлын хүргэн, сүйт бүсгүй биш. Тиймээс бидэнд харамсал, хорсол, дургүйцэл энэ төрлийн асуудлынх бус. Би биднийг тэд хүлээж авахгүй гэдгийг ойлгосон. Тэгээд л болоо. За яах вэ, харилцаагаа өөр хэлбэрээр байгуулъя, өөр орноос өөр зүйл хайя гэсэн бол болох л байсан байх. Гэхдээ би АНУ, НАТО-д асуудал хэрхэр шийдэгддэгийг сайн харсан хүн.

 

Бид 2022 онд дайн эхлүүлээгүй. Энэ бол зогсоох гэсэн оролдлого.

 

                    Харин Украины тухай өөр жишээ хэлье. 2008 онд Украинтай юу болсон тухай юм. Би чамд нууц задлахгүй, шинэ зүйл хэлэхгүй. Гэхдээ хүмүүсийн мартаад байгаа зүйлийг эргэн сануулж хэлье. АНУ-ын удирдлагаас үзүүлсэн дарамт шахалтад НАТО-гийн гишүүд дургүй байсан ч дуулгавартай саналаа өгдөг. Биднээс татгалзсанаас хойш ч бид янз бүрийн аргаар харилцаа тогтоохыг хичээсэн. Жишээ нь, Ойрх Дорнод, Иракт болсон үйл явдалд бид АНУ-тай харилцаагаа маш болгоомжтой, алгуурхан байгуулж байсан. Харин Хойд Кавказ дахь салан тусгаарлалт, терроризмыг АНУ дэмжихгүй ёсгүй гэсэн асуудлыг би удаа дараа тавьсан. Гэсэн ч тэд хийсээр байсан. Мөн Кавказ дахь террорист бүлэглэлүүд улс төрийн дэмжлэг, мэдээлэл, санхүү, тэр бүү хэл цэргийн дэмжлэг ч АНУ болон түүний дагуулуудаас ирсэн байдаг.

ЗУРГИЙН ТАЙЛБАР. Хойд Кавказад ажиллагаанд оролцож байгаа орос цэргүүд

                    Би нэг удаа АНУ-ын Ерөнхийлөгчид энэ асуудлын тухай хэлэхэд “Танд нотлох баримт байгаа юу” гэж асуусан. Би “Тийм” гэж хэлээд яриандаа бэлдэж, нотлох баримтуудаа ч гаргаж ирж үзүүлсэн. Харин тэр юу гэсэн гэж санана. Тэр “Би тэдний өгзгийг өшиглөх болно” гэж хэлсэн дээ. Миний хөндсөн асуудал, салан тусгаарлалтыг дэмжих ёсгүй гэсэн асуудлыг хүлээн авч, “Ямар нэгэн хариу ирүүлэх болов уу” гэж бодож байсан ч ямар ч хариу өгөөгүй. Тэгэхээр нь би Тагнуулын төв газар руу “Ерөнхийлөгчтэй ярилцаад ямар үр дүнд хүрсэн бэ” гэсэн утгатай захидал явуулж, хэд хэдэн удаа асуусан. Тэр захидал маань архивд ч бий. Харин Тагнуулын төв газраас “Бид Оросын сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллаж ирсэн. Үүнийг хийх нь зөв. Бид үүнийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн. Инээдтэй юм. Тэгээд л би “За яах вэ, боломжгүй юм байна” гэж ойлгосон доо.

-Таныг эсэргүүцэж буй хүчнүүд үү. Тагнуулын төв газар танай Засгийн газрын унагах гэж байна гэж та бодож байна уу?

                    -Мэдээж. Тэд Кавказад бидэнтэй тулалдаж байсан салан тусгаарлагчдыг, террористуудыг хэлсэн. Тэд террористуудыг л сөрөг хүчин гэж нэрлэсэн.

-ХЭРЭВ МАЙДАН ДАХЬ ЦУСТ АЛЛАГА БАЙГААГҮЙ БОЛ БИД ХУРУУГАА ХӨДӨЛГӨХ ТУХАЙ Ч БОДОХГҮЙ БАЙСАН-

-Одоогийн ОХУ, Украины мөргөлдөөний эхлэл нь одоогоос найман жилийн өмнө гэж болно. Таны бодлоор юу мөргөлдөөнийг өдөөсөн бэ. Та “Үүнийг хийх ёстой” гэж бодсон мөчийнхөө тухай ярихгүй юу?

                    -Украинд болсон төрийн эргэлт мөргөлдөөнийг өдөөсөн. Тэр үед Украинд Европын холбооны гурван улс Герман, Польш, Францын төлөөлөгчид очиж байсан. Тэд Януковичийн Засгийн газар болон сөрөг хүчний хооронд байгуулсан гэрээний батлан даагч байсан юм. Батлан даагчаараа гарын үсэг зурсан хэдий ч сөрөг хүчин төрийн эргэлт хийж, дээр дурдсан орнууд энх тайвнаар зохицуулах баталгаа, батлан даагч болсон гэдгээ санахгүй байгаа дүр эсгэсэн. Бүр мартсан юм шиг алга болсон.

                    Сөрөг хүчин, эрх баригчид, түүний гурван батлан даагч хооронд байгуулсан гэрээний талаар АНУ юу мэддэг эсэхийг би мэдэхгүй юм. Гэтэл тэд энэ байдлын улс төрийн талбарт эргүүлсэн авчрахын оронд төрийн эргэлтийг дэмжсэн. Үнэндээ Ерөнхийлөгч Янукович бүх болзлыг хүлээн зөвшөөрч, ялах ямар ч боломжгүй байсан ч хугацаанаас нь өмнө сонгууль явуулахад бэлэн байсан. Үүнийг бүгд мэдэж байсан. Гэтэл яагаад төрийн эргэлт гарч, хүмүүс хохирч, зарим нь Крымийг заналхийлж, Донбасст ажиллагаа явуулах болов. Тагнуулын төв газар ч төрийн эргэлтийг хурдан дуусгахын тулд ажиллагаанд оролцсон. Их хэмжээний мөнгө, бараг таван тэрбум болсон гэж нэг Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн шүү. Гэсэн ч улс төрийн талаасаа алдаа нь маш том байсан. Тэр бүхнийг хуулийн дагуу, ямар нэгэн хохирогчгүйгээр, цэргийн ажиллагаагүйгээр, Крымийг алдахгүйгээр хийж болох л байсан. Хэрэв Майдан дахь цуст аллага байгаагүй бол бид хуруугаа хөдөлгөх тухай ч бодохгүй байсан.

                     Харин сүүлийн үеийн үйл явдлууд юу өдөөсөн тухай ярья. Нэгдүгээрт, Украины одоогийн удирдлага Донбассыг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг тусгасны дараа Минскийн гэрээг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Бүр одоогийн Украины Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, бусад бүх өндөр албан тушаалтан Минскийн хэлэлцээр “Таалагдахгүй байна” гэсэн. Өөрөөр, тэд үүнийг эхнээсээ хэрэгжүүлэхгүй байсан. Жил хагасын өмнө Герман, Францын хуучин удирдагчид Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурсан ч хэрэгжүүлэх бодолгүй байсан тухайгаа дэлхий нийтэд илчилсэн. Тэд 2014 онд дайн эхлүүлсэн. Харин бидний зорилго дайныг зогсоох байсан. Бид 2022 онд дайн эхлүүлээгүй. Энэ бол зогсоох гэсэн оролдлого.

-Та зогсоож чадсан гэж бодож байна уу. Зорилгодоо хүрсэн үү?

                       -Үгүй ээ, бид зорилгодоо хүрч чадаагүй байна. Учир нь, бидний зорилгуудын нэг нь деазизаци юм. Энэ нь бүх төрлийн неонацист хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг. Деазизаци бол өнгөрсөн оны эхээр Истанбулд болсон хэлэлцээрийн явцад бидний ярилцсан асуудлуудын нэг. Гэхдээ бидний санаачилга биш. Бид хэлэлцээрийн дараа цэргүүдээ Киевээс татсан. Харин цэргүүдээ татсан даруйд Украины төлөөлөгчид Истанбулд ярьсан бүх тохироог уландаа гишгэж, АНУ болон түүний Европ дахь хиймэл дагуулуудын тусламжийг авч, урт хугацааны зэвсэгт мөргөлдөөнд бэлдсэн. Тэгээд л ийм нөхцөл байдал үүссэн. Одоо харин ямар харагдаж байна.

-Гитлер нас бараад 80 жил болж байна. Нацист Герман үгүй болсон. Харин та Украины үндсэрхэг үзлийг унтраах юм уу, хянахыг хүсэж байгаа гэж бодож байна. Гэхдээ та үүнийг хэрхэн хийх вэ?

                       -Гитлер үхсэнээс хойш 80 жил болсон гэж хэллээ. Гэсэн ч Гитлер тэдний үлгэр жишээ хэвээрээ. Еврей, орос, польшуудыг устгаж, үгүй хийсэн хүмүүс одоо ч амьд байна. Бүр өнөөгийн Украины Ерөнхийлөгч Канадад очоод парламентын танхимд дотор нь алга ташиж байна. Өнөөдөр бид харж байгаа зүйлээ үзэл суртлыг нь үндсэн тасалсан гэж хэлж чадах уу. Бид үзэл баримтлалтай, зан үйлийг дэмждэг хүмүүсээс салж, түүнийгээ хадгалахыг хичээх ёстой. Энэ л деазизаци юм.

-Украины талтай дахин хэлэлцээ хийх болов уу. Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах талаар энхийн яриа яагаад яриагүй юм бэ?

                   -Ярьсан. Гэхдээ бид Киевээс цэргээ гаргасны дараа Украин бүх хэлэлцээрийг хаяж, барууны орнуудын “Оростой эцсээ хүртэл тэмц” гэсэн зааварчилгааг дагасан. Түүгээр ч барахгүй Украины Ерөнхийлөгч ОХУ-тай хэлэлцээр хийхийг хориглож хуульчилсан. Тэр хэлэлцээр хийхийг хориглочихоод байхад бид яах тохиролцох вэ. Ямар нэгэн зүйл дээр зөвшилцөхийн тулд харилцан яриа хэлэлцээ хийх ёстой биз дээ. Тийм биш гэж үү.

-Гэхдээ Украины Ерөнхийлөгчтэй ярилгүйгээр шууд АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярих боломжтой биш гэж үү. Та хамгийн сүүлд хэзээ Жо Байден Ерөнхийлөгчтэй ярьсан бэ?

                           -Санахгүй байна.

-Үнэхээр санахгүй байна гэж үү?

                      -Би бүгдийг санах ёстой гэж үү. Надад өөрийн гэсэн хийх зүйл бий. Бидэнд улс төрийн дотоод асуудал ч байгаа.

-Гэхдээ тэр танай улсын тулалдаж байгаа дайныг санхүүжүүлж байгаа нь санаж байх ёстой, мартагдашгүй зүйл болов уу?

                     -Тийм ээ, тэр дайныг санхүүжүүлсэн. Би түүнтэй цэргийн тусгай ажиллагааны өмнө ярилцсан. Тэр үед би түүнд “Та тэнд болж буй зүйлсийг дэмжиж, маш том алдаа гаргаж байна. Харин энэ хүрээд зогсвол зөв байх гэж бодож байна” гэж хэлсэн.

-Ерөнхийлөгч Жо Байден хариуд нь юу гэж хэлсэн бэ?

                     -Чи түүнээс асуугаарай, чамд амар. Чи чинь АНУ-ын иргэн шүү дээ, очоод асуу. Бүгдээс нь асууж болно. Тэд бүгд эрүүл саруул байгаа. Ерөнхийлөгч асан Кондолиза эсэн мэнд, эрүүл саруул, мөн ноён Гейтс, одоогийн Тагнуулын төв газрын дарга, тухайн үед Орос суух Элчин сайдаар ажиллаж байсан Бернсээс асуугаарай. Тэд бүгд ярианы гэрч.

 

Украин дахь эцэс төгсгөлгүй дайчилгаа, хийрхэл, дотоодын асуудал... эрт, орой хэзээ нэгэн цагт энэ бүхэн шийдэгдэж, тохиролцоонд хүрэх л болно.

 

-Гэхдээ дэлхийг бүхэлд зөрчилдөөнтэй болгож, цөмийн зэвсэг ч хөдөлгөх эхлэлийг тавьж болзошгүй энэ асуудал дээр шууд Байден руу залгаад “Үүнийг шийдье” гэж хэлж болохгүй гэж?

                     -Юу хийх вэ гэж үү. Дахиж хэлье, бид олон төрлийн агентлагуудаар дамжуулан холбогдож байгаа. Үнэнээр бид юу хэлж, АНУ-ын удирдлагад юу хүргэж байгаагаа хэлье. Бид “Хэрэв та үнэхээр дайныг зогсоохыг хүсэж байгаа юм бол зэвсэг нийлүүлэхээ зогсоох хэрэгтэй. Тэгээд хэдхэн долоо хоногийн дотор дуусна” гэсэн мэдэгдэл илгээж байгаа.

-Энэ мөргөлдөөн дэлхийн дайн эсвэл цөмийн мөргөлдөөн болох вий гэж НАТО санаа зовж байгаа гэж бодож байна уу?

                     -Наад зах нь энэ тухай ярьж байна. Мөн тэд Оросын хуурмаг заналхийллээр өөрсдийн хүн амыг айлгах гэж оролдож байгаа. Энэ бол илэрхий болсон зүйл. Харин филистууд биш жинхэнэ сэтгэдэг хүмүүс, шинжээчид, жинхэнэ улстөрчид, ухаалаг хүмүүс үүнийг худал мэдээлэл гэдгийг маш сайн ойлгож байгаа байх.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: Владимир Путин Оросын цэргүүдийн хяналт тогтоосон Мариуполь хотод айлчилж байгаа нь

-ШУДАРГА СЭТГҮҮЛ ЗҮЙН АЧААР ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ХУВААГДЛЫГ “ЭМЧЛЭХ” БОЛОМЖТОЙ БАЙХ-

-АНУ-ын Нью-Йорк хотоос сонгогдсон манай ахмад сенаторуудын нэг өчигдөр “Украины хүчин чармайлтыг үргэлжлүүлэн санхүүжүүлэх ёстой. Тэгвээс АНУ-ын цэргүүд, иргэд тулалдаж магадгүй гэж би итгэж байна” гэж хэлсэн. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

                      -Энэ бол өдөөн хатгалга, хямдхан хатгалга. Яагаад америк цэргүүд Украинд тулалдах ёстойг би ойлгохгүй байна. Украинд АНУ-аас иргэн хөлсний цэргүүд байдаг. Тэнд хамгийн олон хөлсний цэргээ илгээсэн нь Польш, хоёрдугаарт Америк, гуравдугаарт Гүрж. Харин хэн нэгэн нь Украин руу байнгын цэрэг илгээх хүсэлтэй байгаа бол тэр хүн төрөлхтний маш ноцтой, дэлхийн мөргөлдөөний ирмэг дээр авчрах нь дамжиггүй.

-“Хойд урсгал”-ыг хэн дэлбэлсэн юм бэ?

                      -Мэдээж чи.

-Би “Хойд урсгал”-ыг дэлбэлээгүй. Би тэр өдөр завгүй байсан...

                      -Та хувь хүнийхээ хувьд асуудалтай байж болох ч Тагнуулын төв газарт тийм зүйл үгүй.

-НАТО эсвэл Тагнуулын төв газар түүнийг хийсэн гэх нотолгоо танд бий юү?

                      -Мэдээж байгаа. Гэхдээ би дэлгэрэнгүй ярихгүй.

-Хэрэв танд үнэхээр “Хойд урсгал”-ыг НАТО, АНУ, Тагнуулын төв газар, барууны орнууд дэлбэлсэн гэх таамаглал, баримт байгаа юм бол яагаад түүнийгээ олон нийтэд танилцуулж, суртал ухуулгын ялалт байгуулж болохгүй гэж?

                      -Суртал ухуулгын дайнд АНУ-ыг ялна гэдэг маш хэцүү. Учир нь, АНУ Европ хэвлэлийн мэдээллээс эхлээд дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж байдаг. Чи мэдэхгүй гэж үү. Тэгэхээр тийм зүйл хийх боломжтой ч зардал ихтэй гэдэг шиг бид мэдээллээ анхаарлын төвд байлгаж чадах ч үр дүнд хүрэхгүй.

-Магад дэлхий хоёр бөмбөрцөгт хуваагдаж мэдэх юм. Нэг нь хямд эрчим хүч, нөгөө нь эрчим хүчгүй гэж хуваагдаж магад. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

                      -Юу гээч, дэлхий хоёр бөмбөрцөгт хуваагдаж байна гэлээ дээ. Хүний тархи хоёр бөмбөрцөгт хуваагддаг даа. Нэг нь нэг төрлийн үйл ажиллагааг хариуцдаг. Нөгөө нь бүтээлч байдал гэх мэт. Гэхдээ нэг толгой хэвээрээ байдаг. Энэ бол дэлхий тогтвортой байхыг урьдчилан таамаглах боломжтой ганц хувилбар. Тэр болтол толгой нь хоёр хэсэг хуваагдаж байгаа нь дэлхий даяар тохиолдож байгаа хүнд “өвчин”-ий үе. Гэхдээ шударга сэтгүүл зүйн ачаар энэ зүйлийг эмч нарын адил засаж, “эмчлэх” боломжтой гэж бодож байна.

-“БРИКС”-ийн бүлэг Хятадын эдийн засагт бүрэн ноёрхох аюулгүй нүүрлэж байна. Тэдний бүрэн эрхт байдалд, эдийн засагт ч. Та үүнд санаа зовж байгаа юу?

                      -Бид БНХАУ-тай ойрын хөрш. Хүн ойрын хамаатан саднаа сонгож чаддаггүй шиг хөршөө сонгож болохгүй. ОХУ БНХАУ-тай хилээрээ 1000 километр холбогддог. Энэ бол нэгдүгээрт. Харин хоёрдугаарт, бид олон зуун жил нэгэнтэйгээ хөрш оршин тогтносон, үүндээ ч дассан. Гуравдугаарт, Хятадын гадаад бодлогын философи нь түрэмгий биш. Үргэлж харилцан буулт хийхийг эрэлхийлдэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр

                      Бидний Хятад хийж буй хамтын ажиллагаа өсөн нэмэгдсээр байна. Харин сүүлийн жилүүдэд Хятад, Европын хамтын ажиллагааны өсөлтийн хурд нь Хятад, Оросын хамтын ажиллагааны өсөлтөөс өндөр болж байгаа. Тэд айхгүй байна гэж үү. Гэхдээ тэд ямар ч үнээр хамаагүй Хятадын зах зээлд нэвтрэхийг хичээсээр байгаа. Харин эсрэгээрээ Хятадын бизнес эрхлэгчид Европын зах зээлийг судалж буй.

                      Харин Хятадын бизнесүүд АНУ-д бага оролцоотой байдаг. Тэд улс төрийн шийдвэрээрээ Хятадын хамтын ажиллагаагаа хязгаарлахыг оролдож байгаа. АНУ Хятадтай хамтын ажиллагаагаа хязгаарлаж байгаа нь өөрийгөө хохироож байгаагаас өөрцгүй.

-НАТО-ГИЙН ОРНУУД НАМАЙГ “БАЯР ХҮРГЭЕ. ТА НАР ЯЛЛАА” ГЭЖ ХЭЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА-

-Тэгэхээр дэлхий даяар хамтын ажиллагаатай байсан бол өрсөлдөхүйц эвсэлд хуваагдаагүй байсан бол дэлхийн илүү сайхан байх байжээ. Жо Байдены дараа шинэ засаг захиргаа гарч ирвэл та АНУ-ын Засгийн газартай дахин харилцаа холбоо тогтооно гэж бодож байна уу. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй юу?

                      -Би чамд хариулна аа, гэхдээ өмнөх үгээ дуусгая. Бид миний хамтран зүтгэгч, найз Ши Жиньпин даргатай хамтран энэ онд Хятадтай хийх худалдааны хэмжээгээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Бид зорьсон түвшнээ давсан. Тоо баримтаас үзвэл, БНХАУ-тай хийсэн хоёр талын худалдааны хэмжээ аль хэдийнэ 230 тэрбум, Хятадын статистик мэдээллээр 240 тэрбум ам.доллар даваад байгаа. Өөр нэг бидний худалдааг тэнцвэртэй байлгадаг чухал зүйл нь  өндөр технологи, эрчим хүч, шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн чиглэлээр харилцан бие биеэ нөхдөг байдал. Энэ маш том тэнцвэр бий болгодог.

                      Харин “БРИКС”-ийн хувьд энэ жилээс ОХУ даргалж эхэлж байгаа бөгөөд “БРИКС”-ийн орнууд маш хурдацтай хөгжиж байгаа. Хэрэв миний санаж байгаа зөв бол 1992 онд “Их долоо”-гийн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх хувь 47 хувь байсан бол 2022 онд 30 гаруй хувь болсон. Харин “БРИКС”-ийн орнууд тухайн үед ердөө 16 хувийг эзэлж байсан бол одоо “Их долоо”-гийн бүлгээс ч илүү болсон. Гэхдээ энэ Украинд болсон үйл явдалтай ямар ч холбоогүй. Миний сая хэлсэн зүйл дэлхийн хөгжил, дэлхийн эдийн засгийн чиг хандлагатай холбоотой юм. Энэ зүйл цаашид үргэлжилсээр байх бөгөөд үүнд дасан зохицох хэрэгтэй. Харин АНУ яаж зохицож байна вэ. Хүчний тусламж, хориг арга хэмжээ, дарамт шахалт, бөмбөгдөлт, зэвсэгт хүчин... Энэ бол харгис хэрцгий явдал. Тэр дундаа Орос болон бусад оронтой холбоотой үйлдлүүд нь сөрөг үр дүнд хүргэдэг.

 

Бүслэлтэд орсон украин цэргүүд манай цэргүүдийн өмнөөс төгс орос аялгаар "Орос цэргүүд хэзээ ч бууж өгдөггүй" гэж хашхирч байсан.

 

-Таныг Украин руу цэргээ оруулахын өмнөхөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Украины Ерөнхийлөгчийг НАТО-д элсэхийг уриалсан. Энэ нь таныг цэргийн ажиллагаанд өдөөн турхирсан явдал байв уу?

                      -Дахин хэлье. Бид 2014 онд болсон төрийн эргэлтийн дараа Украинд үүссэн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг олон удаа санал болгож, удаа дараа оролдсон. Гэвч бидний үгийг хэн ч сонсоогүй. Тэгээд ч АНУ-ын бүрэн мэдэлд байсан Украины удирдагчид Минскийн гэрээг биелүүлэхгүй гэдгээ гэнэт мэдэгдэж, тэр нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулсан. Үүний зэрэгцээ тэр нутаг дэвсгэрийг НАТО-гийн цэргийн бүтэц, боловсон хүчин бэлтгэх олон төрлийн төвийн нэр дор ашиглаж байсан. Үндсэндээ тэд цэргийн бааз байгуулж эхэлсэн. Ингээд л болоо.

-Танд одоо ч Украинд илүү том, илүү аймшигтай зүйл тохиолдож болзошгүй гэдгийг бодоод АНУ-ын Засгийн газар руу утасдаж, “Зохицуулъя” гэж хэлэх хүсэл бий юү?

                      -Би хэдийнэ хэлсэн. Бид хэлэлцээрээс татгалзаагүй, татгалзах ч үгүй. Харин Украин өнөөгийн байдлаар АНУ-ын дагуул болсон. АНУ Украинд 72 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Хоёрдугаарт, Герман, араас нь Европын бусад орон дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн хэдэн арван тэрбум ам.доллар Украин руу урсаж байна. Үүгээр ч зогсохгүй зэр зэвсгийг урсгал, дэмжлэг ч асар их байна. Хэрэв Украины одоогийн удирдлага тэр утгагүй зарлигаа цуцалж, хэлэлцээрийн ширээний ард суувал бид татгалзахгүй.

-Та “Баяр хүргэе, НАТО. Та нар яллаа” гэж хэлэхийг хүсэж байна уу?

                      -Тэд хүсэж байгааг би мэднэ. Харж байгаа юм биш. Тэд үнэхээр хүсэж байгааг би мэдэж байна. Нөхцөл байдал ийм гунигтай байгаагүй бол эсрэгээрээ инээдтэй байх байсан. Украин дахь эцэс төгсгөлгүй дайчилгаа, хийрхэл, дотоодын асуудал... эрт, орой хэзээ нэгэн цагт энэ бүхэн шийдэгдэж, тохиролцоонд хүрэх л болно. Одоогийн нөхцөл байдлаас харвал хачирхалтай санагдаж байж магадгүй ч хоёр ард түмний харилцаа ямар ч байсан сэргэх болно. Маш их хугацаа шаардагдах хэдий ч эдгэрэх болно.

                      Чамд нэг гайхалтай жишээ ярьж өгье. Одоо дайны талбарт тулалдаан болж байгаа. Украинд цэргүүд бүслэгдчихсэн... Манай цэргүүд тэдэнд хандаж “Та нарт боломж байхгүй. Бууж өг. Зэвсгээ хаяад гараад ир. Тэгвэл амьд үлдээнэ” гэхэд украин цэргүүд төгс орос аялгаар “Оросууд бууж өгдөггүй” гээд хашхирч байна. Тэд одоо ч орос хүн гэдгээ мэдэрдэг. Тиймээс одоо болж байгаа зүйл иргэний дайны нэг элемент. Барууны хүн бүр Оросын ард түмнийг дайсагналцуулж, мөнхөд хагаралдуулсан гэж боддог. Үгүй ээ, бид дахин нийлнэ. Эв нэгдэлтэй болно.

                      Одоо Украины эрх баригчид яагаад Украины үнэн алдартны сүмийг татан буулгаж байгаа гээч. Учир нь, одоо хийж байгаа зүйл нь бидний нутаг дэвсгэрийг төдийгүй сэтгэл, сүнсийг нэгтгэдэг. Сүнсийг хэн салгаж чадахгүй. Одоо хоёул энэ хүрээд дуусгах уу эсвэл өөр ярих зүйл байна уу?

-Үгүй дээ, ярилцлага хийх саналыг минь хүлээн авч, ярилцлага өгсөнд баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө...

 

 


ТАКЕР КАРЛСОНЫ В.ПУТИНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: УКРАИН БОЛ И.СТАЛИНЫ ХҮСЛЭЭР БИЙ БОЛСОН ХИЙМЭЛ УЛС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188