• Өнөөдөр 2024-04-23

Хуульч Д.БОЛД-ЭРДЭНЭ: Арилжааны банкуудын валютын хязгаарлалтаас болж хохирсон бол шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой

2022-11-04,   1639

        Өнөөдрийн байдлаар, арилжааны банкуудаар валютын гүйлгээ хийхэд 10 сая төгрөгийн хязгаартай байна. Хязгаарлалтын талаар Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкнаас лавлахад “Аравдугаар сард валютын гүйлгээний өдрийн лимит 5.0 сая төгрөг байсан. Харин ч одоо 10 сая төгрөг болгож нэмэгдүүлээд байна” гэх адилхан тайлбар өгч байна. 10 сая төгрөгийн хязгаарлалтыг ам.доллароор жишээлэхэд, иргэн, аж ахуйн нэгж өдөрт дээд тал нь 2900 ам.долларын гүйлгээ хийх эрхтэй гэсэн үг. Арилжааны банкуудын энэ хязгаарлалт нь валютаар төлбөр, тооцоо хийдэг аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл болж, тогтсон хугацаанд гүйлгээгээ хийж чадаагүйгээр алданги бодуулах, цаашлаад бараа таталт нь удаашрах гэх мэтээр хохирол амсах ч тохиолдлууд гарч байгаа юм.
 
Тэгвэл арилжааны банкуудын валютын гүйлгээний хязгаарлалт тогтоох нь хууль бус ажээ. Энэ талаар Хуульч Д.Болд-Эрдэнээс тодрууллаа. 
 
- Арилжааны банкууд валютын гүйлгээг хязгаарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Үүнийгээ халдварт цар тахлын дараах хямралаас үүдэлтэй валютын нөөцийн хомсдол гэх маягаар тайлбарласаар өдий хүрч байна. Тэгвэл иргэн, аж ахуйн нэгжийн хүссэн хэмжээгээр гүйлгээ хийхгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
 
- Манай улс Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 оны тавдугаар сарын 12-нд баталсан байдаг. Энэ хуулийн зорилт нь валютын зохицуулалтын талаарх төрийн зохих байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Валютын гүйлгээ хийхтэй холбоотой харилцаанд арилжааны банкууд энэ хуулийг дагаж мөрдөх ёстой гэсэн үг юм. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт зааснаар арилжааны банк нь гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх үүрэгтэй. Харилцагчийн анхны шаардлагаар гадаад валютын гүйлгээг хийнэ гэдэг нь иргэн, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр ам.доллар авъя гэхэд тэр хэмжээний ам.долларыг банк гаргаж өгөх үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нэг иргэн өдөрт тийм хэмжээний доллар авах эрхтэй гэдэг шаардлага бол өөрөө хууль бус юм. 
 
- Тэгэхээр арилжааны банкууд хууль бусаар хязгаарлалт тогтоож, үүнээс нь болж иргэд, аж ахуйн нэгжүүд хохироод байна гэж ойлгож болох нь ээ?
 
- Энэ хязгаарлалтаас болж, ялангуяа худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад маш хүндрэлтэй байгаа. Бараа бүтээгдэхүүнээ товлосон ёсоороо захиалж чадахгүй байх, төлбөрөө тогтсон хугацаандаа төлж чадахгүй байх, үүний улмаас банкны зээл, бусад гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн ханшийн өөрчлөлт, хязгаарлалтаас болоод их хэмжээний алдагдал хүлээж байгаа аж ахуй нэгжүүд ч олон байна. Гэхдээ валютын зах зээлийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжийн талаарх хууль эрхзүйн ойлголт зэргээсээ болж алдагдал, хохирлоо хүлцээд байгаа нь олонх байна л даа. 
 
- Хэрвээ арилжааны банкны валютын хязгаарлалтаас болж иргэн, аж ахуйн нэгж хохирсон бол тухайн банкнаас хариуцлага, хохирлоо нэхэх эрхтэй юү?
 
-  Хэрэв арилжааны банк таны валютын гүйлгээнд хязгаарлалт тогтоож, гүйлгээ хийж өгөхгүй байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “Гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Монголбанкны хянан шалгагчид хандаж, зөрчлийн шинжтэй энэхүү үйлдлийг шалгуулж болно. 
 
- Тэгэхээр валютын хязгаарлалтаас болж хохирсноо баталбал тухайн арилжааны банкнаас нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн үг үү?
 
- Тийм. Иргэний хуульд заасны дагуу валютын хязгаарлалтын улмаас учирсан хохирлоо хязгаарлалт хийсэн арилжааны банкнаас иргэний шүүхэд хандаж нэхэмжлэх боломжтой. 
 

Хуульч Д.БОЛД-ЭРДЭНЭ: Арилжааны банкуудын валютын хязгаарлалтаас болж хохирсон бол шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188