• Өнөөдөр 2024-04-24

Орон нутгийн “хурган” дарга нар аа, ядах нь ээ нүхэн жорлон, хогийн цэг байгуулчихвал дотоодын аялал дорхноо хөгжчихнө дөө

2021-07-30,   578

-Зуны зугаалга дуусаж, байгаль дүүрэн хогтой л үлдлээ дээ-

          Зуны амралт, зугаалга дуусаж, намар ч ойртож байна даа. Зуны дэлгэр цагт дотоодын аялал  “цэцэглэж” хорионд байсан нийслэлчүүд байгалийн сайхан руу байдгаараа тэмүүллээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг аялагчдын хөлд дарагдсан байгаль бохирдож, “эрэмдэг” болсоор үлдлээ, эцэст нь.

Дотоодын аяллын гол цэг болох Дорнод, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Архангай, Завхан аймаг хүн зоны хөлд дарагдлаа. Буйр, Хөвсгөл, Хяргас, Тэрхийн цагаан нуур, Улаагчин хар нуур зэрэг нь аялагчдын хувьд “гол дүр” л дээ. Гэвч дотоодын аяллын гол төвүүдэд ямар ч анхаарал, хяналт алга.

          Тухайлбал, орон нутаг, аялал, зугаалгын төв газрууд томоохон цэгийн цэггүйн улмаас аялагчид хогоо ил задгай хаяж, дараагийн аялагчийг нь хогоор гялалзсан газар л хүлээх. Өнгөрсөн 2020 онд орон нутаг руу амралтаар явсан хүмүүс нэг өдөрт л гэхэд 2000 тонн хаягдал үүсгэж, байгаль эхийг “яргалж” байгаа тухай судалгаа гарч байв. Яг л энэ жишгийг дахин давтаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ард хөндий, урд дэнж дүүрэн хогтой л угтлаа даа.

22-ын товчоогоор гарч, Элсэн тасархайн цаад дахь гүвээ

          Хогоо ил хаях гэж байсан нэг залууг нөгөө нь “Хөөе, чи наад хогоо зориулалтын газарт нь хаяач” гэхэд нь өөдөөс нь “Хуц п....  минь, чамаар хогоо хаана хаяхаа заалгуулах юм уу” гэж ширүүхэн дугараад замын хажуугийн жалга уруу шидчихэв. Тэр хоёрын маргалдаан нэг хэсэг үргэлжилж, нэгэндээ хэлэх муу үг бараг байхгүй болтлоо арсалдав. Телевизийн шоу үзэж байгаа юм шиг хэдэн талд нь харж зогссон бусад нь барьж явсан ундааны саваа хэнэг ч үгүй өнөөх жалга руу чулуудчихлаа. Авто замын хажуугийн жалгыг хогийн сав болгох энүүхэнд.

          Харин боловсон зан гаргаж, хогоо машиныхаа кабинд авч, явсан нэгэн нь төд удалгүй зам дундаа зогсож, хогоо гаргаад хаях. Хол замд хогийн цэг таараагүй болохоор “тарьсан” хогоо ийн авч явсаар машинд дунд нь хүнс ногоо нь муудаж, зарим нь илжирсэн аж. Хэдий нь боловсон зан гаргаж, хогоо зориулалтын газарт нь хаяхаар явж байсан ч тэсэлгүй хаячихна.

Тэрхийн цагаан нуур эрэг

          16 километр урт, 10 километр өргөн гэгддэг Тэрхийн цагаан нуур орчимд хогийн цэг байдаггүй. Бүр энэ нүсэр нуурт хамаарах ганцхан нүхэн жорлон байдаг. Энэ тухай сонссон аялагчид “Ядаж нүхэн жорлон байгаа нь их юм даа” гээд халаглах. Үнэн хэрэгтээ өнөө нүхэн жорлон нь хэдий нь “гавьяаныхаа амралт”-анд гарч, дүүрсэн байв. 1.5 метр орчим өндөр модон хаалттай нүхэн жорлон нь дүүрсэн учир аялагчид бусад хүний нүдийг “хариулж” байгаад өнөө модон хаалтыг нь тойруулаад “бомб” тавьчихсан харагдах аж. Тэрхийн цагаан нуурыг үзэж, нүд “тайлж”, амрахаар ирсэн улс дэргэдүүр нь зөрөхдөө л “Пий, паа”, “Ямар заваан юм бэ” гээд л хамар, амаа байдгаараа дарчихсан өнгөрнө. Зөрж, өнгөрсөн хүмүүсийн дундаас нэг махлаг эр “За хэдүүлээ мод, хадны ард орж л өөр өөрсдийгөө болгохоос өөр аргагүй нь шүү дээ” гээд л мар мар инээсээр цааш одов. Байгалийн сайхныг үзэж, амрахаар ирсэн хүмүүс “Нэг юмны ард орж, хэрхэн өөрийгөө болгох вэ” гэдэгтээ санаа зовсоор орчны бохирдол, нэгнийхээ муухайг гайхсаар л буцацгаана.

Хөвсгөл нуурын эрэг орчим

          Тэрхийн цагаан нуурт “баастын хөндий” болсон модон жорлон байсан бол Хөвсгөл нуурын эрэг орчимд бүр тэр нь ч байхгүй. Эрэг орчимд нь майхнаа зоосон аялагчид хогоо ч сууцныхаа дэргэд торонд хийгээд тавьжээ. Хэсэгхэн зуур салхи салхилахад л өнөөх нямбайлж тавьсан хөгийг нь “аваад чулуудах”. Тор нь ч задарч, хуванцар сав, нойлын цаас энд тэндгүй тарж, хийсэх нь хийсэж, нуур руу орох нь орж байлаа. Харин өнөө майхны дэргэд зогсож байсан халамцуу эр “Нэг мөр хийсэд алга болсон хогийг араас нь тууж, очиж, түүж авалтай нь биш дээ” гээд л шүдээ яралзуулаад инээж байх.

          Хүмүүс ойр ойрхон машинтайгаа хөдөлж, удалгүй л буцаад ирнэ. Нүхэн жорлон, хогийн цэг ч үгүй Хөвсгөл нуурын эргээс автомашинтайгаа холдож, ил хүндэрчихдэг гэнэ. Тэгэхдээ нэг их холдохгүй. 100-200 метр зайтай очиж, машинаараа халхалж байгаад л “гусчихна”. Энэ мэт байгалийн сайхныг бишрэх гэж очихдоо байгалиа бохирдуулаад хаячихдаг хүмүүс олон байна.

          Дотоодын аяллын томоохон газар, байгалийн цогцолбор газар руу ороход аялагчид тодорхой хэмжээний мөнгө төлнө. Уг нь тухайн мөнгө нь аялагчдыг зөв, боловсон аялах нөхцөлийг бүрдүүлэхэд ашиглах ёстой. Гэтэл аялагчдын ихэвчлэн зорьж, үзэхийг хүсдэг газрууд боловсон 00, томоохон хогийн цэггүй. Хаа нэг таарсан зохицуулах ажилтнууд “Жорлон, хогийн цэг байхгүй. Өөрөө өөрсдийгөө болгоорой” гэж ширүүхэн дугарчихаад зөв зохистой, боловсон аялахыг шаардах юм. Нүдэнд харагдах газарт нь эко 00, томоохон хогийн цэг байгуулчихвал хүмүүс харсаар байтал ил бие засаж, байгальд хогоо хаяхгүй л байх. Хэрэв энэ хэвээрээ дотоодын аялалын “балаг” үргэлжилсээр байвал бүр гаднын аялагчдыг ч мөрөөдөөд дэмий биз. Төсвөө гаргаж, төлөвлөхдөө төлөвлөөд, хатуудаа хатуу үзэж, дотоод аяллаа хөгжүүлж авах хэрэгтэй байна. Хаашаа орсон нь мэдэгдэхгүй сураг нь тасарчихдаг аялагчдын хураалгасан мөнгөө зөв ашиглаж, ядах нь ээ нүхэн жорлон, томоохон хогийн цэг байгуулчихвал дотоодын аялал дорхноо л хөгжчихнө дөө, орон нутагийн “хурган” дарга нар аа.


Орон нутгийн “хурган” дарга нар аа, ядах нь ээ нүхэн жорлон, хогийн цэг байгуулчихвал дотоодын аялал дорхноо хөгжчихнө дөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-30 11:55:13
    123: Хотын аялагчид нь Нүхэн жорлонд нь бие засаад, Хогийн саванд нь хогоо хийгээд сурчихвал Дотоодын аялал дорхноо хөгжинө дөө тийм үү. Үүнийг бичигч А.Азсайханд хаяглав. ккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188