Бидний үзэх дуртай алтан үеийн бүх л сор болсон кинонуудын эхэнд "Дууны найруулагч Б.Самбуу" гэх нэр дотнохон гардаг. Тэр бол Алдарт Б.Балжинням, Ж.Бунтар, Д.Жигжид гээд том найруулагчид кинондоо булаацалдах шахам хамтардаг, Монголын номер нэг дууны найруулагч. Бид энэ жил Монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан түүний ууган хүү С.Эрдэнэбилэгтэй уулзаж, аавынх нь тухай дурсамж яриа дэлгэснээ уншигч танд хүргэж байна.
-Юуны өмнө танд болон танай гэр бүлийнхэнд Монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэнд хүргэе. Аав, ээж хоёр нь болон таны хувьд Монголын кино урлагт хөдөлмөр зүтгэлээ зориулсан учир яах аргагүй энэ баяр танай гэр бүлийн баяр байх. Мөн эдгээр өдрүүдэд та аавыгаа илүүтэй дурсан санаж байгаа болов уу?
-Баярлалаа. Тийм ээ, аав, ээж маань ч тэр би ч ялгаагүй монгол кинонд хамаг залуу насаа өнгөрөөсөн. Кино үйлдвэр 1990 онд татан буугдахад, телевизэд очсон. Биднийг эд ажиллаж байхад Кино үйлдвэрийн арын хашаанд киноны алдартнууд бөөнөөрөө байдаг байлаа шүү дээ. Ээж маань мөн л киноны хүн. Монгол кино үйлдвэрийн лабораторт насаараа ажилласан. Кино дэлгэцнээ гарахын өмнө эцсийн байдлаар хянадаг ажил эрхэлдэг байв. Манай бага дүү NTV телевизийн ерөнхий найруулагч Амарбилэг. Ингээд харахаар яах аргагүй бид кино, телевизтэй холбоотой улс.
Миний хувьд аравдугаар ангиа төгсөөд л кинонд ажиллаж эхэлсэн. Аавынхаа хүчээр орчуулгын кинонд дуу оруулж сурсан.
Дараа нь киноны шуум хийсэн. Залуу ч байсан, шуум хийх их сонирхолтой ажил. Тэгж яваад Кино үйлдвэр татан буугдахад, хүн бүр кино хийж эхлэхэд нь би ч бас зээл тавиад кино хийлээ. Мэдээж аавыгаа дууны найруулагчаар авахгүй бол алдас болно шүү дээ. Тэгээд л тухайн үедээ би нэг их том найруулагчдыг дуурайж, "За одоо ингэнэ шүү, аав аа" гэсэн чинь "Гар, битгий дэмий чалч. Чи надад юм заах нь уу" гээд л уурлаад, хөөгдөөд гарсан. Дахиж тийшээ нь ёстой зүглээ ч үгүй.
-Аав нь ямар зан чанартай хүн байв?
-Пунцагийн Бадарч найрагч "Миний ээж нэг л их мэдлэггүй хүн. Хүүхдүүдээ хайрлахаас өөр мэдлэггүй" гэж хэлдэг шиг миний аав ёстой хүүхдүүдээ хайрлахаас өөрийг мэддэггүй хүн. Аав, ээжээсээ бид есүүлээ. Гурван хүү, зургаан охин. Би хамгийн том нь. Аав минь их тайван, дөлгөөн зан чанартай, уур уцаар багатай хүн. Архи уухаараа бүр сайхан зантай. Би аав, ээжийнхээ амьдарч байсан яг энэ буурин дээр байранд орсон юм. Эндээс кино үйлдвэр харагддаг байхгүй юу. Цонх нь гэрэлтээд андашгүй. Тэгээд л гэрэл нь унтрангуут дүү нартаа "Алив гараарай, аав согтуу ирж байна уу, хараарай" гээд л гаргана. Тэгээд л манай нэг дүү гараад, орж ирэхдээ "Ураа, аав согтуу ирлээ" гэнгүүт нь цөм бөөн баяр болно. Согтуу орж ирэхээрээ бүгдийг нь үнсээд гурав, гурван төгрөг өгдөг байхгүй юу.
Тэр үед чинь гурван төгрөг их мөнгө шүү дээ. Хүүхэд байх үеийн тийм нэг дурсамж бий. Кино урлаг дамбуурахад л аав минь их сэтгэлээр унасан. Аргагүй амь, амьдрал, авьяас билгээ зориулсан газар нь болохоор тэр байх. Аавын ихэнх кино Д.Жигжид найруулагчийнх. Тэгээд ер тухайн үед чинь дууны найруулагч З.Гаваа, Б.Самбуу гэж хоёр хүнийг л найруулагчид кинондоо булаацалдаад л авдаг байлаа шүү дээ.
Би аавтайгаа кинонд 20 гаруй жил хамт явсан. Аав дууны найруулагчийн авьяас билигтэйгээс гадна өөрийгөө байнга хөгжүүлж байдаг их дайчин чанартай хүн. Тухайлбал "Мандухай цэцэн хатан" киног Япончуудтай хамтарч хийхэд, сарын дотор толь бичиг үзээд япон хэл сурчихаж байх жишээтэй. Германтай кинонд хамтарлаа гэхэд хэзээний л герман хэл ойр зуур мэддэг болчихсон л явж байгаа юм. Түүгээрээ их гоц гойд хүн байлаа.
-Дууны найруулагчаар ажиллаж байхдаа киноны хөгжим, дуундаа илүүтэй уярч орох тохиолдол байдаг байсан уу. Аав тэр бүтээлийн үеэр нэг тийм сэтгэл хөдлөлтэй сууж байсан даа гэх дурсамж бий бол уу?
-"Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний хөгжмийг бичиж байхдаа тамхи их татсан. Нэг биччихээд л гарч тамхи баагиулаад л, нэг л өөр. Тэгэхэд нь л "Энэ хөгжим дээр л их сэтгэл нь хөдөлж дээ" гэж мэдэрсэн. Ойр ойрхон гарч тамхилаад, их андашгүй байдаг байхгүй юу.
-Орчуулгын кинонд дуу оруулах жүжигчдийг мөн сонгодог байсан байх?
-Тийм ээ. Аав орчуулгын кинонд дуу оруулах жүжигчдийг их гярхай, яг таг сонгосон байдаг. Тухайлбал, "Ийм нэгэн явдал" кинонд манай улсын жүжигчид дуу оруулахад, Оросчууд өөрсдөө ирээд, "Ийм адилхан байх гэж" гээд их гайхаж, биширч байсан гэдэг юм.
-Ээжийнхээ тухай яриа дэлгэх байх. Ямар хүн байв?
-Ээж маань дээр хэлсэнчлэн Монгол кино үйлдвэрийн хяналтын хэсэгт ажиллаж байсан. Би ч ээжтэй ажил дээр нь очиж олон сайхан киноны анхны үзэгч болж байлаа. Ээж их шулуун шударга зантай хүн. Аав, ээж хоёр маань анх 19 настайдаа Кино үйлдвэрт танилцаж, гэр бүл болсон байдаг. Манай ээж, найруулагч Г.Золжаргалын ээж хоёр багын найзууд. Ээж маань хоёр салаа гэзэгтэй, царайлаг, киноныхон бүгд нүд унагадаг гоё эмэгтэй байж. Золоогийн ээж ч ялгаагүй. Бодвол, тэр дундаас л Гомбо гуай, аав хоёр шалгарсан юм байлгүй. /инээв/
Ээж маань их чанга гарын хүн. Аргагүй байх л даа, есөн хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Тэр ч утгаар чанга, зарчимтай байх нь эргээд бодоход их зөв санагддаг. Багадаа би том нь гээд их банга хүртдэг байлаа. Одоо бол ээждээ хамгийн эрх нь.
-Аавыгаа ямар үед хамгийн их үгүйлж, боддог вэ?
-Киноны ойгоор киноныхон цуглаад, зуу татна, дурсамжаа ярьна. Тэр үед л аав минь хамгийн их бодогдоно. Кинонд шуум хийж байхдаа аавыгаа бодож, телевизээс гарч явахдаа автобусны буудал дээр ганцаараа нэлээд уйлсан. Оролцсон кинонуудыг нь гарахаар, дууны найруулагчаар ажилласан байсан үеийнх нь дүр төрх санаанд ургана. Ялангуяа, киноны хөгжим явахаар их огшино. "Гэрлэж амжаагүй явна" кино гарч, “Буцах хунгийн дуунаар сэрсэн..." гээд л дуу нь явахад аав минь тамхиа зуучихсан, ажлаа хийж байгаа нь санагддаг юм.
-Кино нь нэгдүгээр зэрэгт үнэлэгдэхэд л. Тэр үед чинь нэг, хоёр, гуравдугаар зэрэг гэж үнэлдэг байлаа. Тэгээд л кино нь нэгдүгээр зэрэгт үнэлэгдэхэд их баярлачихсан явдаг байсан. Ер нь өөрөө их тайван, намдуухан. Ихэнхдээ цүнхээ бариад хөгжмөө бодоод л алхдаг хүн байлаа шүү дээ.
-Энэ хүрээд хоёул дурсамж яриагаа өндөрлөе. Та Монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэндийг салбарынхандаа хүргэх байх?
-Тийм ээ. Бүх үе үеийн уран бүтээлчиддээ баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.
ДУУНЫ НЭРТ НАЙРУУЛАГЧ Б.САМБУУГИЙН ХҮҮ ЭРДЭНЭБИЛЭГ: Миний аав Монголын номер нэг дууны найруулагч байлаа |
|