АТАМАН БОЛОХ ХЭНЭЭРХЭЛ
1970-аад оны үед Дархан хотод хулгай, дээрэм, танхай, хүчин, хүн амь, архидан согтуурах гэмт хэрэг газар авч дээд цэгтэй тулчихсан байлаа. Хөдөөнөөс ирсэн хүмүүс “Хот суурин газар яахаараа ийм бузар, муухай гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихдог байна аа” гээд гайхдаг байлаа. Орос ах нараасаа монголчуудын гаргууд сайн сурсан зүйл нь архи уух, танхайрах, хулгай дээрэм, хүчин хийх. Монголчууд хамгийн муу, муухай бүх зүйлийг оросуудаас өвлөн авч суралцсан юм. Бид чинь уг нь цоож, цуургагүй үүдтэй, хулгай дээрэмгүй, амар амгалан тайван тал, хээр нутагтаа хэдэн зуун, мянган жилийн турш амьдсаар ирсэн нүүдэлчин ард түмэн шүү дээ.
Биднийг хүүхэд байх үед оросын архидалт, хулгай дээрэмчдийн амьдралыг харуулсан олон ангит цуврал кинонууд зурагтаар их гарна. Уг нь хүүхэд, залууст сургамж болгох гэж тийм кино үзүүлдэг байсан байх. Харин хүүхдүүд тэр киноноос болохгүй зүйлийг нь дуурайж, хуулан авч бодит амьдралд хэрэгжүүлдэг байлаа. Оросын дээрэм, танхайн бүлэглэлийн толгойлогчийг “Атаман” гэх. 1970-аад оны хүүхэд, залуус орос киноны дээрмийн бүлэглэл шиг бүлэглэл байгуулж, атаман болох мөрөөдөлтэй болчихсон.
Хүмүүс өнгөрсөн социалист нийгмийн үед бүх юм сайхан, гэрэл гэгээтэй байсан мэтээр тухайн үеийг санагалзан, сайшаан магтаж ярих нь бий. Яг үнэндээ бодит амьдрал дээр социалист нийгмийн ёс суртахуун, дэг журам ялзарч, бугшсан эдээ бээр нь хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхэд ойртсон үе байсан юм. Үнэн бүхнийг ард түмнээс нууж, өнгөлөн далдалж явсан.

Сургууль, цэцэрлэгийн анги, гудамж, байр бүхэнд атаман болох хэнээрхэл газар авч моод мэт дэлгэрч байлаа. Түүнийг хэн ч зогсоохыг хүсдэггүй байсан нь хачирхалтай. Пионер, залуучуудын эвлэл, МАХН гэсэн шат дамжилгаар социалист ёс суртахуунтай ирээдүйн иргэдийг бэлтгэж, төлөвшүүлнэ гэж ярьдаг байлаа. Гэтэл социалист ёс суртахууны үлгэр жишээ болсон МАХН-ын дарга нарын хүүхдүүд нь “Гахай давуу эрхтэй” гэдэг шиг л даварч, цамаархаж, аав, ээжийнхээ эрх мэдэл, албан тушаалыг ашиглан, “хуулийг гууль” болгодог байсан.
“АЛТАН ГАРТАЙ” БАРИАЧ АГВААНДОРЖ
Дархан хотын А.Дагва прокурорын тэрсхэн хоёр хүү Д.Нацагдорж, Д.Жанчив гэж байлаа. Тэд Деревнийн Долоогийн байрны Цэнгэлдэхийн гудамжинд өөрсдийн ноёрхлыг тогтоож, “Деревнийн морьт арми” гэгч бүлэглэлийн гишүүд байсан. Тус бүлэглэлийн толгойлогч, хамгийн том атаман нь Шархүү гэгч, түүний араас Нацагаа, Жанчив, Поньд нар жагсана. Дагва прокурорын аав Агваандорж гэдэг “Алтан гартай” бариач хөгшин байсан. Харин ээжийг нь хүүхдүүд “Шаамий эмээ” гэж дууддэг байж билээ. Жинхэнэ нэр нь Шаамий биш байсан байх. Тэднийх цөөн адуу, үхэр, гахай, тахиа тэжээнэ. Талх их барина,. Өндөг их чанана. Өндөг идэх гэж тэднийд их ордог байсан. Хаа очиж, тэр үеийн хүмүүс гэртээ орж ирсэн таних, танихгүй ямар ч хүүхдэд заавал чихэр, жимс, амттан өгдөг байсан.
Баянхонгорын тууварчин мориноос унаж хөлөө хугалчихаад эмнэлгийн бараа харж чадахгүй явсаар Дарханд ирсэн юм. Хөл нь өвчин орж, халуураад болохгүй байна гээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулсан чинь аль хэдийнэ бороолчихсон байна. Одоо өөр эмчилгээ байхгүй гээд эмнэлэгт хэвтүүлээгүй юм. Манай аав, ээж хоёр Агваандорж гуайг дуудаж үзүүлэв. Гэтэл Агваандорж гуай тууварчны хөлний хугархай хэсгийг барьж үзээд “Цусан бороо суух гэж байна. Ясан бороо үүсэх арай болоогүй байна. Хугархай яс нь зөрчихсөн байна. Цусан бороог нь салгаж байгаад хугархай ясыг эвэнд нь оруулна даа. Чи тэсэж чадах уу. Их өвдөнө шүү дээ” гэлээ. Тууварчин ах “ Энэ их өвдөлт, байнгын халуурч, бүлээрч байгаагаас салж байвал, тэр түр зуурын өвдөлтийг тэснэ” гэж хэлсэн юм.
Агваандорж гуай “Дэлгүүр рүү хүн явуулж, нэг шил архи авчруулав. Тэгээд хөл нь хугарсан тууварчин ахад бүгдийг нь уулгасан” юм. Тэр ах цаг гаруйн дараа нөгөө архийг арай гэж ууж дууссан. Түүний аманд ногтны цулбуурыг эвхэж, нугалаад зуулгасан. Хоёр хүнээр сугаар нь тэврүүлээд, нэг хүнээр хугархай хөлийг нь зугуухан татуулсан. Өөрөө хугархай хэсэг дээр гараа тавьж “За одоо зөөлөн тат, ахиад жаахан тат” гэж байгаад, нөгөө хугархай хэсгийг зөөлөн, илж, дараад, за болчихлоо эвэндээ орчихлоо” гэж билээ. Тууварчин эрийн хамаг хөлс бурзайн гарч, нэг их удалгүй нам унтаад өглөө. Агваандорж гуай “Одоо яс нь эвэндээ орчихсон юм чинь гайгүй дээ” гэж хэлээд явсан. Үнэхээр тэр өдрөөс хойш хугарсан хөлтэй тууварчин ахин халуурахгүй байж байгаад нутаг буцсан. Деревнийнхэн хөл, гараа хугалах, мултрах, тархи, толгойгоо хөдөлгөсөн үед Агваандорж гуай дээр очдог байлаа. Тийм гоё “Алтан гартай” бариач хүний хоёр ач хүү нь яагаад хулигаан болчихсныг мэдэхгүй. Бодвол хэтэрхий эрх танхи өсгөсөн болоод л тэр байх. Гомбосүрэн, Пүрэвсүрэн, Пүрэвдамба, Содномдаржаа, Цамба гээд Агваандорж гуайн хамаатнууд Цахир болон Цэнгэлдэхийн гудамжинд байдаг байсан. "Гарын таван хуруу" кинонд тагтан дээрээ цай уугаад сууж байгаа Агваандорж гуайн гэгээн дүр тод томруун үлдсэн байдаг билээ.
“ДЕРЕВНИЙ МОРЬТ АРМИ” ХЭМЭЭХ ТАНХАЙЧУУД
Деревний танхай хүүхдүүд нийлж, бүлэглэн зодоон цохион, үймээн самуун дэгдээдэг байлаа. Өвөртөө буутай, түрүүндээ хутгатай, гартаа ташууртай тэднийг зогсооно гэдэг тийм амар зүйл биш байсан. Миний дуулж сонссон, нүдээр харснаар хоёр л хүн морьтой танхайчуудыг зодож байсан түүх бий. Бусад нь дандаа зодуулж, дээрэмдүүлээд дуусдаг байсан юм билээ. Хүндийн өргөлтийн Гомбохүү гэдэг залууг морьтой танхайчууд зодох гэж дайрах үед,тэдний нэгийг морьноос гуд татаж унаган, биеэ хамгаалсан тухай үлгэр, домог шиг ам дамжсан яриа байдаг. Харин миний нүдээр харсан зодоон гэвэл боксын спортын мастер, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт Чимэддоржийн Оюунбаатар ах танхайчуудтай зодолдож, зэрэг дайрсан 2-3 залууг нам цохин унагаж байсныг тод санаж байна. Ч.Оюунбаатар ахын аав Чимэддорж нь адуучин хүн байсан. Тийм болохоор хааяа нэг бэлтгэлгүй үедээ Ч.Оюунбаатар ах морь унаж явдаг байж билээ. Тэр мөн адил Деревний хүүхэд байсан хэдий ч хулигаан нартай нийлдэггүй байсан юм.

“Деревнийн морьт арми”-ийн гишүүд нь 15-20-иод насны хүүхэд, залуус байсан. Тэд айлуудаас морь, мал, хулгайлж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдэнэ. Өдөр бүр шахам зодоон, цохион хийнэ. Ер нь одоогоор бол үнэгүй, кино, жүжиг шиг л юм орой бүхэн болдог байв. Сэргийлэхийн алаг машин дуут дохиогоо орилуулан сүртэй нь аргагүй ирж, тэр бүхнийг таслан зогсоож, танхайчуудыг барьж явна. Гэвч тэднийг насанд хүрээгүй хүүхдүүд гээд маргааш нь тавьж явуулна. Д.Нацагдорж, Д.Жанчив хоёр прокурорын хүүхдүүд байсан болохоор илүү эрх дарх эдэлдэг байсан. Цагдаа нар тэднийг яаж ч чадахгүй. Харин жирийн айлын хүүхдүүдийг хүч хэрэглэн гавалж аваад явж байхыг олон удаа харсан.
ДАГВА ПРОКУРОРЫН ДАВУУ ЭРХТЭЙ ХҮҮХДҮҮД
Дагва прокурорын хүү Д.Нацагдорж самбо, жүдо бөхөөр барилддаг байсан. Тийм болохоор бөхийн спортод их дуртай. Цэнгэлдэхийн гудамжны багачуул биднийг хооронд нь барилдуулж, зодолдуулна. Ирээдүйн атамануудыг нь тодруулна гэж бидний цөсийг хөөргөнө. Тэр бидэнд “Бацаанууд минь эр хүн шиг атаман бай л даа. Охидууд шиг битгий уйлж унжиж, уруу дорой царайлж бай. Арчаагүй эр хүн хов зөөдөг юм шүү” гэж ирээд сургаал айлдана. Гудамжаар мөрөөрөө явж байгаа залуусыг биднээр өдүүлнэ. Атаманууд “Яагаад “бацаан” дээрэлхээд байна аа” гээд гарч ирээд өнөө залуусыг зодож дээрэлхэж, дээрэмдэнэ. Заримыг нь бүр малын өвөлжөөндөө оруулж, гарыг нь хүлж байгаад дүүжилж зугаацна. Манай гудамжны бацаанууд, ах нарыгаа зоригтой, мундаг атаман гэж ирээд ам уралдуулан магтаж, сайрхана.
Харин бацаанууд бид ах нарыгаа дуурайж, Партизаны гудамжны Ганзамын арми, Зургаагийн гудамжны Нохойноогийн арми, Урд болон баруун Деревний Алтанцагийн армитай цаг товлож байгаад чулуун байлдаан хийнэ. Тэр бүхнийг “Бүдүүн” хэмээх Алтансүх зохион байгуулж, хэлэлцээ, гэрээ аятай юм байгуулдаг байсан. Манай Цэнгэлдэхийн гудамжинд бидний үеийн эрэгтэй хүүхэд цөөн байсан. Тийм болохоор зарим үед чулуун байлдаанд ялагдан ухарна. Тэр үед “Бүдүүн” Алтансүх маань нэмэлт хүч дуудаж, Даваа, Цэнгээ, Сүхээ, Төрөө, Аагий гээд ах нарыг авчирна. Ах нар үнэхээр зоригтой, 30-40 гаруй хүүхдүүд ёстой нэг “Чулуун мөндөр” буулгана. Гэтэл тэр их чулуунаас бултаж, гүйгээд тэдний ухрааж, зарим нэг хүүхдийг олзлон авчирч өгнө. Тэгээд л бид ялалтыг бүрэн дүүрэн авдаг байж билээ. Ах нар “Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд үеийн үед атаманууд явсан юм шүү. Та нар хэзээ ч ялагдаж болохгүй шүү. Ах нарынхаа шийрийг хатаана шүү” гэж биднийг хөөргөнө.

Манай гудамжны морьтой танхай ах нар оросын мэргэжилтан нарыг айлган сүрдүүлж, дээрэмддэг байсан. Харин Деревний местний орос, хятадуудад гар хүрдэггүй байж билээ. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр байх Орос клубийн киноны билет авахаар дугаарлаж байсан монголчуудыг оросууд бүлэглэн зодсон юм. Түүний улмаас орос, монгол иргэдийн дунд олныг хамарсан зодоон, мөргөлдөөн гарсан юм. Тэр үеэс хойш морьтой залуус монголчуудынхаа өшөөг авна гээд мэргэжилтэн оросуудыг тааралдсан газар бүртээ ташуурдаж зодоод зугтдаг болсон.
Түүнээс шалтгаалж Дархан хотын МАХН-ын хороо, Үзэл суртлын хэлтэс, Цагдаагийн газар, Монгол-Зөвлөлтийн ган бат найрамдалд сэв суулгасан танхайчуудын үйлдлийг таслан зогсоохын тулд орой болгон үйлдвэр албан байгууллагын ажилчдыг “Интернацианаль эргүүл”-д гаргадаг болсон юм. Эргүүл хийж буй ажилчид, цагдаа нартай хүч хавсран явна. Ханцуйндаа “Интернацианаль эргүүл” гэсэн бичигтэй улаан туузыг зүүж явдаг байлаа. Эргүүлийнхэн олуулаа яваа болон шижигтэй хүнийг зогсоож нэгжлэг хийнэ. Тэр үеийн хүүхэд, залуус биеэ хамгаалахын тулд “Орос киноны атаманууд” шиг хутга, заажуур, сүх, гар хийцийн буутай явдаг байсан. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл төмрийн хөрөөг хутга болгон ирэлчихсэн авч явна. Хэрүүл, маргаан гарвал ямарч өчиггүй шууд л дүрнэ.

Дархан хотын сэргийлэгч нарын “Шүдний өвчин” нь “Деревнийн морьтой залуус” байсан. Тэдэнтэй тэмцэхэд хамгийн том тээг, саад нь прокурор байсан байх гэж боддог. Цагдаагийн байгууллага арав гаруй жил Деревнийн атамануудтай тэмцэл өрнүүлж, зүтгэсний хүчинд 1980 оны эхэн үед тус бүлэглэлийг бүрэн тараан устгаж, толгойлогч нарыг нь шоронд явуулж чадсан юм. Бусдыг дээрэлхэж, зодоон, хулгай, дээрэм хийдэг “Деревнийн морьт арми” гэгч бүлэглэлийн хүүхэд, залуус орон шоронд орж, үхэж үрэгдээд олигтой амьдарч чадаагүй.
Хүн амины хэрэгтэй 1970-аад оны дунд үед шоронд орсон Шархүү гэгч толгойлогч нь 2002 онд чанга дэглэмтэй шоронгоос дэглэм буурч Ширээ нурууны хорих ангид ирсэн байв. Түүнийг сургийг гаргаж “Спиртийн үйлдвэр” дээр ажиллаж байсан хоригдлуудаас асуусан юм. Гэтэл хоригдлууд “Ямар юмныхан нь Деревнийн атаман байдаг юм. Насаараа нарсанд суусан эр эмэлдэг муу шуумар уу” гээд үзэн ядсан байдалтай ярьж байлаа. Харин Шархүүгийн дүү Поньд хэмээх их сайхан бие бялдар, нуруу туруутай залуу байсан. Тэр хоёр гэхдээ Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд биш. Тэдний гэр Бондарь оросын ойролцоо байсан. Поньд шоронгоос гарч ирээд голд загас барих гэж тэсэлгээ хийж байгаад өрөөсөн нүд, хөлөө гэмтээсэн. Тэрээр насны эцэст орон гэргүй “Буян” захын чингэлэнгийн дор нохой аятай амьдарч, амьдаараа өтөнд баригдсан өөдлөхгүй байсаар дууссан.
ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАГДАА НАР ХАМГААЛДАГ БАЙСАН
Ер нь эрх мэдэлтэй дарга нар л гэмт хэргийг нууж, дарагдуулж, өмгөөлж, хамгаалдаг байсан даа. 1984-1985 оны үед хэсэг бүлэг 14-18 насны Шинэ Дарханы хүүхдүүд байнга айлуудын номхон морьдыг барьж хулгайлж, зардаг байв. Тэднийг адуучид нийлэн хөөж бариад цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн юм. Гэтэл маргааш нь адуучдыг Цагдаагийн газрын Дулаанжаргал гэдэг байцаагч дуудаж уулзаад “Та нар морь малаа өөрсдөө харж, хамгаалах, хариулах үүрэгтэй. Эдгээр хүүхдүүд малын хулгайчид биш. Морь унах дуртай, малд хайртай байрны хэдэн хүүхдүүд л байна. Эцэг, эх нь хариуцлагатай ажил, албатай хүмүүс. Харин танай Ноёнхонгорт жинхэнэ морь, малын хулгайлчид бүгсэн газар шүү” гэж зад загинаад адуучдыг хөөж гаргасан гэдэг.
Манайх хүний өөрийн, алба, амины нийлсэн 50 гаруй тооны адууг увуулж, цувуулан хулгайд алдсан юм. Аав маань 3-4 жил хойноос нь сураг, чимээ гарган хөөцөлдөж яваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нэгийг, Төв аймгийн Баянчандмань сумаас нэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас нэг морио олж авсан. Харин гурван адуу ижил сүрэгтэй буцаж гүйж ирсэн юм. Гэтэл Хөвсгөлөөс ирсэн залуу манай хулгайд алдсан зээрд морийг зарах гээд Бирж дээр явж байхтай аав таарч таниад цагдаагийн газар мэдэгдэв. Малын байцаагч ирж үзээд танай морь биш байна гэлээ. Аав мориныхоо зургийг үзүүлж содон сарыг зааж үзүүлсэн. Тэгсэн малын байцаагч “Энэ Хөвсгөлийн залуугийн унаган адуу гэдгийг манай Цагдаагийн газрын даргын жолооч Батмөнх нотолж байна. Та нар гомдолтой байгаа бол шинжээч дууд” гэлээ.

Шинжээч нь ирж зурагтай нь тулгаж хараад “Танай морь мөн байна” гэв. Гэтэл нөгөөх малын байцаагч “Энэ Хөвсгөлийн залуу манай жолооч Батмөнх ахын дүү нь байгаа юм. Унаган адуугаа авчирч зарах гэж байгаа гэсэн. Ахиад сайн нягтлаад зурагтай нь тулгаж хардаа” гээд дахин шалгуулах юм болов. Шинжээч дахин нэлээн удаан тойрч, үзээд биш байна. Зураг яагаад ч нотлох баримт болохгүй гэлээ. Аавын маань арга нь барагдаад “Би унаган адуугаа танилгүй яах вэ дээ. Та нар үнэмшихгүй байгаа бол би эмээлээд унаж үзүүлье. Эмээлээд шууд морьдох үед миний морь булгидаг. Жаахан хөтөлж яваад морьдвол зүгээр байдаг юм. Би 70 гарсан настай хүн. Хүнийг гүжирдэхгүй гэсэн” юм.
Гэтэл нөгөөх Хөвсгөлийн залуу “Тийм ээ. Энэ үнэхээр булгидаг адуу. Би мордохгүй” гээд мордсонгүй. Бирж дээрх хүмүүс тойрч шаваад кино, жүжиг үзэж байгаа юм шиг зүйл болсон. “Аав зээрд морио эмээлж, жаахан хөтөлж яваад унаж үзүүлэв”. Зээрд морины маань сайвар алхаа яг хэвээрээ байлаа. Малын байцаагч, шинжээч хоёр “Ах минь дээ, олон адууны аль адилхан ааш, араншинг тэр гэх вэ дээ . Наадах чинь нотлох баримт болохгүй” гээд халгаадаггүй. Тэгсэн Батмөнх гэдэг хүн ирлээ. Тэр хүн “За та уучлаарай, энэ манай Хөвсгөлд байдаг дүү байгаа юм. Түүний унаган адуу гэдгийг би баталж байна. Энэ морийг би унага байхаас нь мэднэ. Ээж гүү нь хүртэл одоо Хөвсгөлд бий. Би насаараа цагдаагийн газрын жолооч хийсэн хүн. Манай эхнэр эрүүлжлэхийн эмч, манай хүү Тагнуулын газрын даргын жолооч хийдэг. Бид үе удмаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа шударга хүмүүс. Худал хэлж, хулгай хийж яваагүй” гэсэн. Хүмүүс бүүлдээд “Хулгайлсан байсан шүү дээ. Дүүгээ битгий хамгаалаад бай” гэж хашхирч байсан.
.jpg)
Арга нь барагдсан аав маань “За та нар дагаад яв. Ижил сүрэгт нь очоод морио тавьж үзүүлье” гэлээ. Малын байцаагч, шинжээч хоёр “Наад асуудлаа та нар хоорондоо ярьж шийд. Энэ чинь Цагдаагийн газарт ямар ч хамаагүй зүйл” гээд яваад өгсөн. Аав нөгөө Хөвсгөлийн залууд гэрээ зааж өгөөд, орой манай гэрт нөгөө залуу очих хонохоор болсон юм. Гэтэл тэр залуу ирээгүй. Тэр шөнө манайх дахин зургаан адуугаа хулгайд алдсан. Аав маань, за одоо болъё доо. Энэ хулгайч нар хөгшин надаар бүр тохуурхаж байна. Төрийн цагдаа нь хүч хүрэхгүй зүйлд хөгшин бий яах ч билээ дээ” гээд уйлж билээ.
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
1989 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал Монгол Улсад гарч, нийгэм өөрчлөгдлөө. Гэтэл нөгөөх Деревнийн атамануудын толгойлогчдын нэг А.Дагва прокурорын хүү Нацагдорж “Эрдэнэ” компани гэгчийг байгуулж, Дархан хотын мисс хүүхнүүдийг нарийн бичиг, нууц амраг, эхнэр болгон “Гарын бээлий” аятай сольж, ёстой нэг шуугиан дэгдээж эхэллээ. Хүмүүс “Гудамжны хулигаан компанийн эзэн болчихыг хардаг л юм байна” гэж байлаа. Нацагдорж хөрөнгө, мөнгийг гарын салаагаар цацна. Урлаг, спорт, соёл, улс төрийнхөн бүгд л Нацагаа хэмээн шүтэж, түүний компанийн өмөг түшиг, нөмөр нөөлөгт орохыг хичээж, уралддаг болов. Арав гаруй жил хөрөнгө, мөнгөөр туйлсан Нацагаа атаманыг нэг л өдөр гудамжинд лааз өшиглөж явахтай таарсан. Тэр хэмжээгүй эрх мэдэлтэй прокурорын эрхийн тэнэг хүү байлаа. Элдэв муу бүхний үүр, уурхай болсон гудамжны хулигаан явсан. Эгнэшгүй хөрөнгө мөнгөтэй компанийн эзэн ч байв. Эцэст нь тэр гудамжны гуйлагчин аятай болжээ хөөрхий.
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр таарч, хэсэг зуур хууч хөөрөх боломж олдсон юм. Би гайхсанаа нуулгүй. “Та чинь ойгүй баян компанийн эзэн байсан шүү дээ. Яагаад дампуурчихсан юм” гэв. Нацагаа ах “Харин тийм ээ, би их баян байсан шүү. Зарим хүн үнэмшдэггүй юм. Чи ахыгаа мэдэж байгаа. Би ямар атаман байсан билээ. Эр хүн тугал ч хариулна. Туг ч барина гэдэг. Мөнгөтэй баян байхад мисс хүүхнүүдийг ёстой нэг бохь шиг зажлаад хаядаг байлаа. Улстөрчид бараг миний үүдэнд жагсдаг байлаа шүү дээ. Ах нь хамаг, хөрөнгө мөнгөө, бусдад тарааж, өгөөд дууссан. Их сахилгагүй явсны горыг ах нь амсаж явна. Ахыг нь зарим хүмүүс Ноён солиот гэдэг. “Ноён солиот” киног миний амьдралаас сэдэвлэн хийсэн юм шүү дээ” гэж ярьсан. Үнэн худлыг нь мэдэх юм алга. Гэхдээ Деревнийн атаман ахын маань үг, яриа нэг л хэвийн бус юм шиг надад санагдсан. Тэрбээр үнэхээр сэтгэцийн өвчтэй солиотой хүн лугаа адил болчихсон байж билээ.
| ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ” |
|
Б.Дулмаа Азийн элсний "САНЬЯА-2026" наадамд VI байрт шалгарлаа
2026-04-27 08:15:34
Монгол, Чехийн “Иж бүрэн түшлэлд хүрсэн замнал” ном хэвлэгдэн гарлаа
2026-04-27 08:06:38
ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН МАН-ЫН ЗАХИАЛГААР АН-ЫНХНЫГ ШОРОНД ХИЙЖ ДУУСЛАА
2026-04-27 07:14:04
“Аварга” цолны хүндэтгэлийн барилдаанд О.Хангай аварга түрүүллээ
2026-04-27 07:10:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-04-27 07:00:00
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-04-27 07:00:00
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-04-27 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-04-27 07:00:00
ТӨРСӨН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДАЖ, ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛАРСАН С.АНХБАЯР
2026-04-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
2026-04-27 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 11 хэм дулаан
2026-04-27 06:00:00
Эрэгтэй баг Индонезийг 15:12-оор хожлоо
2026-04-26 14:25:10
Элсний наадам "САНЬЯА-2026" эмэгтэй баг эхний ялалтаа авлаа
2026-04-26 14:20:18
Монгол хэл, соёлын сургалтын төвүүдэд дэмжлэг үзүүллээ
2026-04-26 11:46:42
Таеквондо-гийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болов
2026-04-26 11:08:41
Баянчандмань сумын ойн барилдаанд харцага Ууганбаяр түрүүллээ
2026-04-26 08:50:50
МУБИС-ийнхан оюутны их наадмаас 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-26 08:43:31
Монгол Улс "G-7”-гийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцлоо
2026-04-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |