• Өнөөдөр 2025-06-30

“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”

2025-06-30,   5127

“Хорих ангийн умгар өрөөнд өглөө сэрэх л хамгийн хэцүү байлаа. Цантсан сормуусаа нээх үедээ “Манай камераас хэд нь үхээд хоносон бол” гэх бодол түгшүүртэй төрнө. Оройн тооны дараа амьд сэрүүн байсан хамууд өглөө нь хорихын өрөөний хаа нэгтэй эвхэрсэн чигтээ амьсгал хураачихсан байдаг байлаа. “Нүгэлд нүд дасна” гэдэг үнэн юм билээ. Хорих ангийн өглөөний жижүүр “Танай өрөөнд хэд үхсэн байна” гэж асуудаг. Бид ч “нэг, хоёр, гурав”  гэж хариулна. Удалгүй цантсан төмөр хаалга тар нярхийн дуугарч,  тураалаар нөгөө ертөнцөд одсон хоригдлыг хөнжилд нь боогоод аваад гарна. Хорих ангийн хойхно нүх ухаад, тоогоор таних тэмдэг тавиад булчихдаг байсан. Зарим нь солигддог ч байсан байж мэднэ. Цөөн хэдийг л ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байх. 1991 онд төр засгаас бүсээ чангалах ХХ тогтоол гаргаж, иргэдийн гар дээр байсан мөнгө цаас болтлоо үнэгүйдэж, барааны үнэ хэд дахин нэмэгдсэн. Ихэнх нь хоолгүй хонох дээрээ тулж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй болж байлаа. Тэр үед хорих анги битгий хэл эрх чөлөөтэй хүмүүс өлбөрч үхэх дээрээ тулсан тийм л хүнд хэцүү цаг шүү дээ. Төр засгийнхан улсын хэмжээнд хоригдож байсан 6000 орчим хоригдлыг анхаарлаасаа гаргаж, хорих ангийн дарга нарт “даатгасан”. Нэг ёсондоо биднийг “Үхнэ үү, сэхнэ үү хамаагүй” гээд хөсөр хаясан гэсэн үг. Бид ч цагийн эрхээр яалт ч үгүй өлсгөлөнгийн шуурганд нэрвэгдэж, бусдыг гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй дарга нарын балгаар олон сайхан залуу тураалаар үхсэн. Арай сүйхээтэйнүүд нь дарга нарын аяыг олж байгаад хогийн цэгээс хөсрий яс, төмсний хальс гээд идчихмээр юм хайж олоод, өлөө дардаг байлаа. Хавиргыг зажлахаар чөмөг шиг амттай, шимтэй бор юм гардаг. Хатсан ч гэсэн түүн шиг сайхан амттан тэр үед бараг идэж үзээгүй гэхэд худлаа болохгүй. Хааяа хорих ангийн хашаанд орж ирсэн золбин нохой, муур, тагтаа, болжморыг хаа таарсан газар нь алдалгүй цохиж, унагаад шохойн чулуу шатаадаг баюуны галд шарж иддэг байлаа. Хоригдлууд ажлын талбайд нохой ороод ирчихсэн байхыг харах л юм бол арслан, бар шиг дайрч, тал талаас нь хашиж байгаад аль зоригтой нь унагахад нөгөөдүүл нь яах ийхийн зуургүй гуяыг нь тасдаж аваад зугтчихаж байгаа юм. Өрөөсөн гуягүй нохой үхэж амжаагүй татганаж хэвтэхийг харах ямар аймшигтай гэж санана. Ер нь тэнд олон хүн муур хочтой болтлоо муур алж, олдсон махаа түүхийгээр нь үс, арьстай нь зулгаах нь холгүй байсныхаа хүчинд амьд үлдэж, их өлсгөлөнг давсан. Муурын мах тийм сайхангүй ч үхэхгүйн тулд идэхээс өөр аргагүй. Бидэнд муур, нохойны мах, хаягдал идэх бол үнэндээ дээдийн заяа байсан. Зарим нь төмөр утсаар хавчаар хийчихсэн бусдынхаа ялгадаснаас лууван түүж идээд “нинжа” хочтой болж байсан ч түүх бий. Өлсгөлөн хүмүүс араатнаас дор зан авиртай болдог ч арай л биенийгээ алаад идчихдэггүй юм билээ” хэмээх 65 настай энэ эрэгтэйг Сүхээ /нууц нэр/ гэдэг. Тэрбээр залуу насныхаа 16 жилийг чанга дэглэмтэй хорих ангиудад өнгөрүүлсэн болохоор одоо ч түүнийг цагдаагийнхан хараандаа байлгадаг гэнэ. Тиймээс тэрбээр нэрээ нууцлахыг биднээс хүссэн юм. Монголчуудын амьдрал тэр аяараа хэцүүдсэн 1991-1994 онд шоронгийн амьдрал ямар байсныг ярих нь хэцүү ч гэлээ яалт ч үгүй хүмүүсийн үзэж туулсан амьдрал учир нэгээхэн хэсгийг нь уншигч танд хүргэж байна.

ЖОНХУУНДАА ЦАДДАГГҮЙ ХОРИГДЛУУД СЭТГЭЛЭЭР УНАЖ, ТУРЖ ҮХДЭГ БАЙЛАА

Тэрбээр “Хүн турж эцэхээр хавирга, өвчүүний яс нь хэрзийгээд, хонгийг нь ухаад авчихсан юм шиг эвгүй болчихдог юм билээ. Эцэнхий хоригдлууд ялаа хийх нь байтугай тав ч алхаж чадахгүй сөхрөөд уначихдаг байсан. Зарим нь босож ч чадахгүй энд тэнд үхлүүт болчихсон хэвтэнэ. Сэтгэл санааны гүн хямралд орсон хоригдлууд хэвтсэн, суусан, унтсан газраа бурхан болчихдог байсан. Бид эхэндээ “Тэр маань урд шөнө орондоо явчихаж, оройн тоон дээр тэр явчихлаа” хэмээн харамсангуй ярьдаг байсан бол сүүлдээ “үхэж л байдаг юм” гэсэн шиг тоохоо больсон. Сүүлдээ шоронгийнхон тураалаар нас барсан хоригдлуудаа хадгалах байргүй болж, хажуудаа морг хүртэл бариулж байсан. Мааньтын хориход хамгийн анх казах эр тураалаар нас барсан юм билээ. Цогцос хадгалах байргүй болтлоо хоригдлуудаа өлсгөлөнгөөр “алж” байсан дарга нар биднийг нохой үхсэний дайтай боддоггүй байсан нь олон хүний өшөө хорслыг барсан. Тэр үед шоронгоос өгч байгаа гол хоол нь өдрийн 600 грамм талх байсан. Өглөө, орой өгөх ёстой хоолны оронд жонхуу зуурч өгнө. 50 литрийн кострульд ус, гурил хийгээд хүрзээр хутгаж, хутгаж, адууны гэдэс, толгойны махаар амт оруулах төдийхөн болгоод өгдөг байсан. Идэж байх үед бол “гол орох” шиг л сайхан болдог байсан ч шим тэжээлгүй учир хоол болохгүй. Тэр үед эргэлт оруулна гэдэг өдрийн од л гэсэн үг. Зарим нь эргэлтээр ирсэн гайгүй хувцсаа ганц өдрийн талхаар сольчихно. Эргэлт ирснүүд нь өлссөнийхөө хэрээр ховдоглож байгаад түгжирч юм уу, хордлогод ороод бараг тэр өдрөө үхдэг байсан нь мөн ч харамсалтай. Уг нь, тэр үед бидэнд гадаад, дотоодын тусламжийн байгууллагаас хоол, унд, хувцас хунар хангалттай ирдэг байсан гэдэг. Харамсалтай нь, дарга нар бидэнд өгөлгүй хувьдаа авахыг нь авч, зарахыг нь зараад мөнгө болгодог байсан гэнэ лээ. Хоригдлууд нь нүдэн дээр нь тураалаар хэдэн арваараа үхэж байхад тусламжаар ирсэн хоол, ундыг нь өөрсдөө идчихээд, үлдснийг нь гэр рүүгээ аваад явчихдаг байсныг нь сонсоод одоо ч гомддог. Ийм сэтгэлгүй, дарга нэртэй харгис хүмүүсийн эрхшээлд олон хүн цэл залуугаараа хорвоог орхисон. Энэ бол яалт ч үгүй халхын шоронгийн эмгэнэлт түүх мөн” гэж байлаа.

Л.ГАРАМЖИЛ, Л.САНЖААСҮРЭН НАРЫН АЧААР ХОРИГДЛУУД ӨЛСГӨЛӨНГӨӨС АВРАГДАЖ БАЙЛАА

1996 оны нэгдүгээр сард Авдрантын хорих 403 дугаар ангиас онц аюултай гэмт хэрэгтэн “онгорхой” хочит Чулуунбаатар болон 25 жилийн ялтай Лхагвасүрэн, Төртогтох нар зургаан хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд, оргосон нь ард түмнийг айдаст автуулж байсан. Улс түмнийг цочроосон тэрхүү аймшигт явдлын талаарх мэдээлэл Ерөнхий сайд асан П.Жасрайд хүрснээр асуудал дэгдэж, одоогийнхоор ШШГЕГ-ын дээд удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн. Ингэснээр Эрүүгийн цагдаагийн газрын даргын алба хашиж байсан хурандаа Л.Гарамжилд генерал цол олгож, ШШГЕГ-ын даргаар томилсон бол Хорих ял эдлүүлэх газрын даргаар Л.Санжаасүрэнг ажиллуулахаар болж байлаа. Ийм шийдвэр гарснаар их өлсгөлөнд хуйгаараа нэрвэгдэж байсан хоригдлуудад амьд үлдэх аз тохиож, шоронгийн амьдрал дээрдсэн гэж болно. Шинэ дарга нар хоригдлуудын эргэлтийг чөлөөтэй болгож, хоолны амт, чанарт ихээхэн анхаарч эхэлсэн. Хоолны амт, чанар муу байгаа хорих ангиуд дээр гэнэтийн шалгалт явуулж, хариуцсан албан хаагчидтай нь хариуцлага тооцож “Та нар хоригдлуудыг хүн талаас нь хар. Хүн ямар хоол идэж, ямар байранд амьдрах ёстойг бодож бүрэн шийд. Төрийн цээрлэл хүлээсэн ялтныг дахин яллаж болохгүй” гэдэг байлаа. Тэднээс өмнө ажиллаж байсан зарим дарга нохой ч шиншилж үнэрлэхээргүй өмхийрсөн гэдсээр бантан зуурч өгдөг байлаа. Хүлээлт, өлсгөлөн дунд тарчилсан хоригдлууд Л.Гарамжил, Л.Санжаасүрэн нарыг “Загалмайлсан эцэг” хэмээн хүндэлж, “Засанд тэдэн шиг хүмүүс дахин иртлээ зуун жил болно” гэцгээдэг байж билээ. Тэдэн шиг сайн хүмүүс засанд нэмэгдсний хэрээр олон ялтанг үхлээс аварч, нарт ертөнцөд үлдээж чадсан юм. Тэр үеийн хоригдлууд нэг дор хэд хэдээрээ өлсөж үхдэг байснаас гадна бөөс хуурсандаа баригдаж, үнэхээр туйлдаа хүрсэн байсан. Тэр асуудлыг ч Л.Гарамжил, Л.Санжаасүрэн нар бүрэн шийдэж өгсөн.

19 НАСТАЙДАА МӨНГӨНМОРЬТЫН ШОРОНД ОЧСОН НЬ

Би 18 настайдаа Дорнодын хилийн цэрэгт татагдаж, 19 настайдаа зодоон цохион хийж, гурван жилийн ял сонсоод, 1979 онд Мөнгөнморьтын шоронд очсон. Мөнгөнморьтын шорон бол Мааньтынхаас хэцүү байсан. Мааньтад өлсөж л үхэх гээд байдаг байснаас ажил нь хөнгөн. Мөнгөнморьтын уулын хэсэгт хамгийн ихдээ 50-60 хоригдол ажилладаг байлаа. Хоригдлууд өдөрт 15 куб метрийн зай дахь гуалинг заавал унагааж дуусгах үүрэгтэй. Өдрийнхөө ажлыг хийхгүй бол жадлах, буудах бол энүүхэнд байсан. Тиймээс тэнд би ажлыг хүчээр хийж сурсан. Гуалин хөрөөдөж, унагаад дөрвөн метрээр тайрч, бэлтгэнэ. Бэлтгэсэн модоо Багануур, Налайхын баазын машинуудад ачиж явуулдаг байлаа. Мөн гуалингуудаа Мөнгөнморьтын төвийн шоронд аваачиж зүсэж, банз болгоод Орос, Хятад руу гаргана гээд мөн ч их ажил хийлгэдэг байсан. Модоо сайхан бэлтгэхийн тулд хамгийн залуу, гоё модыг нь унагадаг.  Иймэрхүү байдлаар би Хэнтийн нуруунд хоёр жил мод бэлтгэсэн. Тухайн үед хоол, ундаа гар дээрээ авдаг байлаа. Долоо хоног идэх хүнсийг маань нэг дор нь өгчихдөг байсан болохоор ариг гамтай идэхгүй бол 2-3 хоноод л дуусчихна. Ингэж би Мөнгөнморьтын шоронд гурван жил суугаад, 1982 онд суллагдсан.

ЗҮҮНХАРААГИЙН ХОРИХОД ЗУРГААН ЖИЛ СУУСАН НЬ

Шоронгоос гарч ирээд бүтэн жил хүний дайтай ажил хөдөлмөр хийж байгаад гал хамуудтайгаа Элчин сайдын яамд болон гадаад айлуудыг удаа дараа ухаад 10 жилийн ял авч, Зүүнхараагийн шоронд очсон. Тэнд мөн л хоригдлуудын хийдэг хүнд, хүчир болгоныг сурсан. Уулнаас бэлтгэж ирсэн гуалингуудыг раманд ороон зүсэж, банз болгоод нэг, хоёрдугаар зэргээр нь ялгаж, вагонд ачаад Хятад руу гаргахаар явуулна. Рамны бүх төрлийн ажлыг тэнд сурсан. 1990 онд Зүүнхараагаас суллагдаад, 1991 онд дахин хулгайн хэргээр мөрдөнд жил суусан.

ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛТАЙ МААНЬТЫН ШОРОНД ОРООД ТУРЖ ҮХЭНГЭЭ АЛДСАН НЬ

1992 онд хулгайн хэргээр Мааньтын хориход очсон. Залуу насаа шорон хэсэж өнгөрүүлсэндээ харамсдаг л юм. Мааньтынхан нацелк үүрээд баюунд цагаан чулуу шатааж, шохой болгодог ажилтай. Тэр шохойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК авч, зэсийн баяжмал ялгахдаа ашигладаг юм билээ. Тэгэхээр Мааньтын шоронд “Эрдэнэт үйлдвэр”-ээс их мөнгө орж ирдэг байсан байх. Түүнийг нь өнөөх сэтгэлгүй дарга нар “идчихдэг” байсан биз. 1995 онд миний дэглэм буураад, Чойрын шорон руу шилжсэн. Тэндэхийн хоригдлууд өлсгөлөнд ид нэрвэгдэж байсан. Тэнд өлсөж сурсан гэх үү дээ. Өлссөндөө ухаан санаа орж гарч, үхэж байна уу даа гэж хүртэл бодогдох үе байсаан, надад. Гэхдээ Мааньтын шоронг бодоход хүн үхэх нь арай цөөн. Чойрын шоронд жил гаруй болоод гарсан. Түүнээс хойш 20 гаруй жил тодорхой ажил эрхлээгүй, гэр зуур амьдарч байна.

ОРГОХЫГ ОРОЛДВОЛ Л ХЭЗЭЭ Ч ГАРДАГГҮЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ

Шоронгийн гурван өдөр ч гуравддаггүй юм. Хүнийг дийлэхээ хүрвэл яаж ч тамлан зовоож, тарчилгаж болдог. Хамгийн гол нь, шоронд байхдаа өвдөж болдоггүй. Өвдөх л юм бол дахин эмчилгээ авдаггүй юм билээ. Ханиад хүрэх эрхийг ч өөртөө өгч болохгүй. Харин өөртөө анхаараад өвдөхгүй байх юм бол хэзээ нэгэн цагт гарах нь тодорхой. Мааньтад би зургаан жилийн ялтай байхад миний хажууд 25 жилийн ялтай хулгайч байсан. Тэгээд би “25 жилийн ялтай хулгайч юу ч болоогүй юм шиг байхад би яагаад сэтгэлээр унах билээ гэж сэтгэлээ өргөдөг байсан. 1980-аад оны мөрдөн аймар байсан гэдэг. Нэг өрөөнд 3-4 хүн байх ёстой байтал 20-30 аар чихдэг байж. Хэрэг хүлээлгэх гээд бараг жил шахуу хорино. Тэнд талх ч идэхгүй. Талх өгвөл овгорууд нь булаагаад идчихнэ. Бараг өгөөгүй байсан нь дээр. Мэдээж хүн байгаа газар сайдах, муудах асуудал гарна. Тэглээ гээд хоригдлууд зодолдож, нүдэлцэж маяглахгүй, шууд л хутга, шөвгөндөө тулцгаана. Хоригдол болгон өөрийн гэсэн хутгатай. 200-ын хадаасыг алхаар балбаж, давтсаар байгаад хутга хийчихнэ. Бариулыг нь давуугаар бондойтол нь ороогоод гялгар уут шатааж наана, сойзны иш нийлүүлж наагаад хутганы бариул хийчихдэг байсан. Аятайхан төмөр олох юм бол чөлөө зайгүй ирлэж байгаад жад болгодог. Түүгээрээ амиа зогоох хоолоо олж иднэ дээ. Бас бие биедээ оргох санал тавина. Намайг Мааньтад байхад олон хүн оргох санал тавьж байсан. Бүгд удалгүй баригдаж ирээд онцгой дэглэмтэй шорон руу явдаг. Тийм болохоор би “Яаж ч зовж байсан ялаа эдлээд гарна” гэж боддог байлаа. Надтай Зүүнхараад хамт байсан хаамбаа Батбаатар Оросод хэсэг бүгэж байгаад хоёр жилийн дараа баригдаж, онцгой дэглэмтэй шоронд нас барсан. Шоронгоос нэг л оргох юм хэзээ ч гардаггүй юм. Нэг оргосон бол хоёр дахиа оргоно. Хоёр оргочихоор бүр цагаандаа гарчихдаг. Тэгсээр байгаад насаараа суусан хүн олон байна. Хүн зодоод нэг жилийн ялтай орсон Буянгийн Төмөрбаатар гэх нөхөр 25 жилийн ялтай болтлоо оргосон гэдэг. Ээж минь намайг сүүлд шоронгоос гарахад “Чи намайг олон жил зовоолоо. Дахиж тэнд орж, битгий зовоогоорой” гэж байсан юм. Би ч хар нялхаараа шоронд орж, ээжийгээ их ч зовоосон. Хожуу ээжийгээ чадахаараа асарч, харж байгаад бурхны оронд үдсэн. Ээжийгээ өнгөрснөөс хойших 15 жилийн 12-т нь буюу 2022 он хүртэл архи их уусан. Гэтэл хамт уудаг байсан найзууд маань сүүлийн хэдхэн жилд жил дараалан бурхан болцгоочихлоо. Одоо ах нь архи ууж, бусдад саад төвөг болохгүй хүн шиг амьдрахыг хичээж явна. Картын барааны үеийн монголчуудын амьдрал эрх чөлөөтэй, чөлөөгүй ялгаагүй хэцүү байсны нэг гэрч ах нь мөн. Монголчуудад ийм хэцүү үе байсан гэдгийг залуус мэддэг байх хэрэгтэй.


“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 14:36:37
    Зочин: ANUSDI80955877BOOW XXNO VANXANDI XUCHINDEX ERTEI SEKSDEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 14:20:48
    Зочин: Энэ үед л хүн чанар танигддаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 12:10:40
    Зочин: За арай ч дээ битгий шаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188