• Өнөөдөр 2026-03-30

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БАРИХ “CHINА HYWAY GROUP LIMITED” КОМПАНИТАЙ ХОЛБОГДОХ УЛСТӨРЧДИЙН ЖАГСААЛТ

2026-03-30,   156

       Туул гол дээгүүр 32 км хурдны зам барих 2.3 их наяд төгрөгөөр тендерт “Chinа Hyway group limited” компани шалгарсан. Гэхдээ НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээгээ “Хятадын хаоюань групп” нэрээр байгуулсан. Харин 2.3 их наяд төгрөгөө “Хятадын хаоюань групп”-ийн охин компани хэлбэрээр Монголд байгуулсан “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн дансаар авч буй. 
 
        НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрын дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, “Chinа Hyway group limited” компани НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилж орчуулсан гэсэн үг.
        Гол нь, “Chinа Hyway group limited” компани “Хятадын Хаоюань групп” болж зүсээ хувиргасан нь цаанаа хоёр том шалтгаантай байж болох ажээ. Нэгдүгээрт, 10-аад жилийн өмнө “Chinа Hyway group limited” компани Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг засах гэж хөгөө чирч, хацартаа нусаа нааж байлаа. Тэгэхээр 3.4 км замыг засаж гэж мунгинаж байсан “Chinа Hyway group limited” компани 32 км Туулын хурдны замыг барьж байна гэхээр хэнд ч эргэлзээ төрнө. Тиймээс ч “Chinа Hyway group limited” компани Туулын хурдны замын ажилд “Хятадын Хаоюань групп” гэх зохиомол нэрийг ашиглаж байгаа дүр зураг харагдаж байна. 
 
Хоёрдугаарт, “Chinа Hyway group limited” компани нэрээрээ монголын нэр бүхий олон улс төрчтэй холбогдоно. Тиймээс ч “Хятадын Хаоюань групп” гэх зохиомол нэрийг ашиглаж байгаа бололтой юм. 

“Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгараад буй “China Hyway Group Limited” компани 17 жилийн өмнө Монголд орж ирсэн

       “Туулын хурд зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарсан “China Hyway group limited” монголчууд бидэнд шинэ компани огт биш. Одоогоос 17 жилийн өмнө Монголд орж ирж, оффис, орон сууц барих газартай, орд ашиглах лицензтэй болж төвхнөсөн. Удалгүй Улаанбаатар хотын зам засварын тендерүүд оролцдог болж эхэлсэн түүхтэй. Өөрөөр бол, Монголд “бойжсон” компани гэхэд ч хилсдэхгүй болов уу. 
 
Тодруулбал, Хятадын иргэн Лиу Дайвэн 2008 оны нэгдүгээр сарын 25-нд “China Hyway group limited” компанийг Хонконгод байгуулсан. Ингээд ердөө дараа жил нь буюу 2009 оны зургадугаар сарын 22-нд “China Hyway group limited” компани Монголд орж ирж, Хоржавын Амгалан гэгчтэй хамтран “Хувай Монголиа” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.  
“China Hyway Group Limited” компанийн 17 жилийн өмнө Хоржавын Амгалантай хамтран Монголд байгуулсан “Хувай Монголиа” ХХК болон өнгөрсөн онд “Туулын хурдын зам”-ын ажилд зориулж Монголд байгуулсан “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн аль алиных нь эцсийн өмчлөгч Liu Daiwen\Лиу Дайвэн\ байгааг доорх баримтаас харж болно
       Ийнхүү 2009 онд Монголд байгуулагдсан “China Hyway group limited”-ийн охин компани болох “Хувай Монголиа” ХХК нь 2010 оны дөрөвдүгээр сард СХД-ийн 20-р хороонд оффис, орон сууцны зориулалтаар 9992 м2 газрыг дүүргийнх нь Засаг даргаас авч, Монголд суурьшихаар шийдсэн.
 
Дараа нь 2010 оны зургадугаар сард “Хувай Монголиа” ХХК нь “Өгөөмөр баян хайрхан” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар “Өгөөмөр баян хайрхан” ХХК-ийнхаа нэр дээр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд MV-018830 дугаартай Талын таваг гэх Вольфрам, Гянтболдын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг болсон. Одоо ч энэ лиценз нь хүчинтэй буй. 
 
Товчхондоо, “China Hyway group limited” нь анх оффис, орон сууцны барилгын бизнес, орд газрын уурхайн бизнес хайж Монголд орж ирсэн, энэ зорилгодоо ч жилийн дотор хүрсэн байгаа юм. 

Хотын дарга Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед “China Hyway Group Limited” компани СХД-ийн Ханын материал-Баянхошууны 3.4 км замыг засах гэж он дамнуулан олны хараалыг барж байв

        “China Hyway Group Limited” компани буюу “Хувай Монголиа” ХХК нь 2012 оноос Улаанбаатар хотын замын тендерүүдийг сонирхож эхэлсэн. Улмаар 2012 онд СХД-ийн Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг 3.7 тэрбум төгрөгөөр өргөтгөж засварлах тендерийн ажлыг авсан. Гэвч “Хувай Монголиа” ХХК-ийн өнөөх 3.4 км замыг өргөтгөж  шинэчлэх ажил нь удааширч, он дамнасан. Улмаар Ханын материал, Баянхошууны иргэдээс “Хувай Монголиа” ХХК-ийн талаар “Олон өдрөөр зам хааж байна”, “Засварын ажил нь хэтэрхий удаан байна” гэх гомдол санал тасрахаа больж, сонин, сайт, телевизийн ээлжлэн очиж сурвалжлага бэлтгэдэг байв. “Хувай Монголиа” ХХК-ийг ингэж СХД-ийн хүн ам хамгийн шигүү суурьшсан Ханын материал, Баянхошуунд зам засах гэж мунгинаж, олны хараалыг барж байхад үед нь одоогийн Хотын дарга Х.Нямбаатар СХД-ийн ИТХ-ын дарга байсан. Тэгэхээр Х.Нямбаатар “Хувай Монголиа” ХХК-ийг буюу “China Hyway group limited” компанийг таньж л байх ёстой. 
 
        Арай гэж Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг дуусгасан “Хувай Монголиа” ХХК 2013 онд ЧД-ийн Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх 1.7 км авто замыг засварлах 2.5 тэрбум төгрөгийн тендерт оролцоод ялагдсан байдаг. 
 
Ийнхүү 10-аадхан жилийн өмнө 1.7 км зам засах 2.5  тэрбум төгрөгийн тендерт гологдож явсан “Хувай Монголиа” ХХК буюу “China Hyway Group Limited” компани одоо Туул голын дээгүүр 32.7 км зам тавих “Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарчихаад даналзаж байна. 

“China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан нь “МИАТ” ТӨХК-ийн онгоцны зорчигчдийн хоолыг 15 жил хариуцсан “Нүхт тур” ХХК-ийн эзэн

        “Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарч, барилгын ажлаа эхлээд буй “China Hyway group limited”  компанитай “Хувай Монголиа” ХХК-ийг 17 жил хамтран эзэмшиж буй Хоржавын Амгалан гэгч нь улс төр, бизнесийн хүрээлэлд бас л зартай нөхөр. 
Тухайлбал,  Х.Амгалан нь “МИАТ” ТӨХК-ийн онгоцны зорчигчийн хоолыг 2009-2024 он хүртэл монопол эрхтэйгээр хариуцаж ирсэн “Нүхт тур” ХХК-ийн эзэн. Энэ хугацаанд “МИАТ”-ийн онгоцоор ниссэн хэн бүхэн Х.Амгалангийн “Нүхт тур” ХХК-ийн хийсэн хоолыг идсэн гэсэн үг. Намтрын тухайд, Х.Амгалан нь 1989 оноос Багануурын депод дарга, 2006 оноос “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүтгүүрийн албаны дарга, 2018-2022 он хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Орлогч даргаар ажилласан нэгэн. 

“China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдох нь

         “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан нь төмөр замын тээврийн “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийг Даваадоржийн Баасанбаттай хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Даваадоржийн Баасанбат нь ажилладаг. 
 
     Тэгвэл Даваадоржийн Баасанбат гэгчийг нь судлаад үзэхээр, “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна, Нанзадын Мандухайгийн “Барсууд кенти групп” ХХК-ийн гүйцэтгэх гүйцэтгэх захирлаар ажилладаг залуу ажээ. 2024 оны УИХ-ын сонгуулиар Н.Мандухай болон Д.Баасанбат нар УИХ-ын гишүүн Э.Батшугарт тус бүр 10 сая төгрөгийн хандив өгч байсан баримт байна. 
        Харин Нанзадын Мандухайг судлаад үзэхээр, 2013 оноос хойш УИХ-ын гишүүн Э.Батшугарын “Монсамил” ХХК-ийн Гадаад худалдааны менежер, Э.Батшугарын “Милленниум групп” ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалагчидтай харилцах хэлтсийн дарга, Э.Батшугарын “Медиа холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Мөн Н.Мандухай нь УИХ-ын гишүүн Э.Батшугарын төрсөн дүү, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын охин Э.Бямбадуламтай “Сүбээдэй стар прожектс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалантай “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийг хамтран эзэмшигч Даваадоржийн Баасанбат нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр бүлтэй шууд холбогдож байна. 
Сонирхуулахад, дээр дурдсан Н.Мандухай нь 2023 оноос МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг ажээ. 

“China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай холбогдох нь

        “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан  дээр дурдсан “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнхаа Гадаад харилцаа хариуцсан захирлаар өөрийн найз Цэвгээгийн Эрдэнэбилэгийг ажиллуулдаг. Хэдхэн хоногийн өмнө Х.Амгалан Гадаад харилцаа хариуцсан захирал Ц.Эрдэнэбилэгээ дагуулан Энэтхэгээс Монголд суугаа Элчин сайдтай уулзалт хийснийг доорх баримтаас харж болно. 
      Тэгвэл Цэвгээгийн Эрдэнэбилэг нэрээр хайлт хийж үзвэл 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Чинбаатарын Өгөөдэйбаатартай “Сино мон грийн инвестмент” ХХК-ийг хамтран байгуулж, долоон жил хамтран эзэмшээд 2023 онд татан буулгасан бүртгэл байна. Харин Чинбаатарын Өгөөдэйбаатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн аав буюу худ нь гэдгийг нийгмээрээ таньдаг болсон. 
      Тэгэхээр “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн найз,  “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнх нь Гадаад харилцааны хариусан захирал Ц.Эрдэнэбилэг нь Монголын бүхэл бүтэн 3.5 сая хүнээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай бизнесийн хамтрагч болж таарах нь санаандгүй тохиолдол эсэхийг хууль хяналтын байгууллага даруй шалгах ёстой байх. 

“China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар

        “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан 2017 онд Цэдэндамбын Бат-Эрдэнэтэй “Монголын төмөр замын инженерүүдийн мэргэжлийн нэгдсэн холбоо” ТББ-ыг байгуулж, тэргүүнээр нь Цэдэндамбын Бат-Эрдэнэ нь ажиллаж иржээ. 
 
Тэгвэл Цэдэндамбын Бат-Эрдэнэ 2009 оноос УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагтай “Жемнэт” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. Өдгөө “Жемнэт” ХХК нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийн нэр дээр байдаг. Харин “Жемнэт” ХХК-ийн охин компани болох “Юнайтэд транзит нэтворк оф монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэдэндамбын Бат-Эрдэнэ ажилладаг, эцсийн өмчлөгчөөр нь Ц.Цэрэнпунцаг бүртгэлтэй байдаг. 
 
          Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн буюу охин Ц.Пүрэвжаргалынх нь нөхөр Э.Долгион нь 2021 оноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. 
 
Цаашилбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нь 2015 оноос Ерөнхий сайд асан Г.Занданшатартай “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. 
 
        Энэ мэтээр хөөвөл, “China Hyway group limited”  компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ олон улстөрчтэй холбогдож байна. Үүнийг дагаад, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн тендер шударга авагдсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр болж байна. Ямартай ч хууль хяналтын байгууллага “China Hyway group limited”  компан болон Монгол талын хамтрагч Х.Амгалангийн холбоо хамаарлын шалгах нь зүйн хэрэг биз ээ. 
 

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БАРИХ “CHINА HYWAY GROUP LIMITED” КОМПАНИТАЙ ХОЛБОГДОХ УЛСТӨРЧДИЙН ЖАГСААЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188