• Өнөөдөр 2024-04-24

БУУДУУЛСАН 13 БУГЫН ЭД ЭРХТНИЙ ЭРЭЛД БУЮУ ХУУЛЬ БУС НАЙМААНЫ МӨРӨӨР-II

2022-02-10,   1807

2012 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал "Балдорж" шагналын шилдэг бүтээлээр шалгарсан нийтлэлийг сэргээн сануулж байна.

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

 

-БУГЫН ЧИВ 1000 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ-

Хулгайн анчид Дархан цаазат Хустайн нуруунд 13 буга агнаж, эд эрхтнийг нь авч зугтаасан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид мэдээлсэн. Хэрэгтнүүд амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэж энэхүү хэргийг үйлдэж байгаа нь годорхой. Тэгвэл хууль бус анчид ховордсон амьтдын эд, эрхтнийг хаана ямар үнээр борлуулж байна вэ. Монголын цагдаа болон бусад хууль хяналтын байгууллагын хараа хяналтад өртөхгүйгээр ховордсон амьтдын эд эрхтний наймаа цэцэглээд байгаагийн нууц нь юунд байна вэ гэдгийг олохыг хичээлээ. Үүнийг уншаад цагдаа нар “Бид маш сайн хараа хяналт тавьж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Монголд ховордсон амьтдын эд эрхтэн худалдаалдаг газар байхгүй” гэж өөрсдийгөө өмөөрч магад юм. Тэгвэл ийм төрлийн наймаа Монголд ид хүчээ авчихсан юм байна. Бүр ил цагаандаа гарчихсан байна гэдгийг тодотгомоор байна. “Цайз”, “Эмээлт” зэрэг түүхий эдийн зах дээр ченжүүд бугын чивийг 1000 ам.доллараар худалдан авч байна. Энэ талаар сурвалжиллаа.

            Бид эхлээд Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз” модны захаар орлоо. Түүхий эд авдаг гурван ченж зогсож байв. Тэднээс “Бугын чив байна уу” гээд асуулаа. Гурвуулаа өмнөөс том харж байснаа “Чамд байгаа юм уу” хэмээн асуух нь тэр. “Хэдээр худалдаж авах вэ” гэвэл шууд л “800 мянган төгрөг бэлэн тоолж өгөөд авна” гэж хариулж байна лээ. Тэдний хэлж буйгаар бугын цусан эврийн наймаа ид «цэцэглэдэг» цаг нь өдийд гэнэ. Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгаас цусан эвэр шөнийн цагаар их хэмжээгээр ирдэг байна. Килограмм нь 150 мянган төгрөгөөр худалдан авдаг гэх. Нac бие гүйцсэн бугын төлжиж байгаа эвэр 2-2,8 килограмм жинтэй байдаг гэнэ. Мөн ургаж байгаа эвэр нь хатуураагүй, шингэн цустай бийдаг болохоор өндөр үнэтэй борлогдох үе нь яг өдийд байдаг байна. “Цайз” зах дээр зурамны арьс 20 мянган төгрөгт хүрчээ. Ихэвчлэн Хятад руу гаргадаг гэсэн. Тэндээсээ хөдөлж, хотын баруун зах болох “Эмээлт” түүхий эдийн зах руу явлаа. “Түүхий эд өндөр үнээр байнга худалдаж авна” гэсэн том хаяг өлгөөтэй сараалжин хашаанууд байх аж. Тэр хавиар үнэтэй машин унасан хятадууд сүлжилдэн давхина. Хашаа болгонд монгол иргэд арьс, шир давсдах ноос, ноолуур хураах ажил хийж байх. Бид зүүн талаасаа эхний хашаа руу яваад орлоо. Өмнөөс хоёр хүн тосоод ирэв. Тэдэнтэй мэнд мэдэлцэн “Согооны сүүл байна уу” хэмээн асуулаа. “Бид энэ талаар мэдэхгүй ээ. Манай эзэд уг нь худалдаж аваад л байдаг юм. Одоо алга байна. Манай газрын замын эсрэг талд байгаа газраас асуу, тэнд авч байгаа” хэмээн хариулав.

“ХОТЫН ТӨВД УУЛЗЪЯ. МӨНГӨТЭЙГЭЭ ИРЭЭРЭЙ”

Тэдний зааж өгсний дагуу замынхаа баруун талд байх блокон хашаа руу орлоо. Нэлээн том биетэй 40 эргэм насны эрэгтэй гараад ирэв.Түүнээс бугын чив хэдээр зарах талаар асуухад “Би тийм юм хийдэггүй ээ. Манайд байхгүй. Хуулиар хориотой гэдгийг нь мэдэж байна уу” гэв. Хэсэг зогстол “Хэдийг авах гээд байгаа юм. Утсаар асуугаад өгч болно шүү. Хөлдүү байгаа. Сайхан шинээрээ байгаа юм. Яг хэзээ авах гээд байгаан. Манайхаас авсан гэж асуудал гаргахгүй биз дээ. Авна гэвэл мөнгөө аваад ир. Нэг ширхэг нь 1000 ам.доллар шүү. Түр хүлээж бай” гээд яваад өглөө. Хашаан дотор байх байшин руу ороод арав гаруй минут болоод эргээд гараад ирлээ. Тэгэхдээ хэн нэгэнтэй утсаар ийн ярих юм. “Баагий тавд байсан юмыг дөрөв лүү шилжүүлчихлээ. Мэргэжлийн хяналтынхан ирэхээс өмнө амжуулаад хийчихвэл юм хийсэн юм шиг харагдах байх. Дараа нь нураагаад авчихмаар хулхи хийж байгаа шүү” гээд ярив. Тэгснээ “Чи миний утсыг авчих. 992805.. Орой хотын төвд уулзаад нөгөөхөө аваарай. 23.00 цагт шүү” гэв. Хамгийн сүүлд ирсэн чив нь хэзээнийх вэ гэж асуухад “Найдвартай, найдвартай” гэчихээд яваад өглөө.

            Бид дээш өгсөн ченжүүдээс бугын цусан эвэр ямар үнээр авах болон худалдаалах талаар асуулаа. Ченжүүд 120 мянган төгрөгөөр худалдаж авна. Зарвал их үнэтэй шүү. 150 ам.доллар хүрнэ» гэх ханш хэлж байна. Тэр хавьдаа том гэгдэх ченжийнд очлоо. Мөн л 40 гаруй насны эхнэр, нөхөр гарч ирээд бугын эвэр байгаа газраи орууллаа. Тэнд 200 гаруй бугын эвэр байгаа гэнэ. Ихэнх нь Tөв аймгаас ирсэн цагаан эвэр юм байх. Харин цөөн хэд нь гэрт сувинер хийх зориулалтын гэгдэх бор хүрэн өнгөтэй эвэр байв. Бор хүрэн эврийг 300 мянган төгрөгөөр худалдаалах гэнэ. Өөрийгөө Батмөнх гэж танилцуулсан тэрбээр “Ахын дүү мөнгө хайрлахгүй бугын гоё эвэр авна гэж байгаа бол олоод өгч болно шүү. Дагзтайгаар эвэр гэрт бүр гоё байдаг юм. Бор хүрэн өнгөтэй шүү. Бас 12 салаа гэж байгаа. Авна гэвэл хот руу ороод л аваад өгнө. Тэнд байгяа юм” гээд л дагзтай бугын эврээ рекламдаж гарлаа. Бугын эврийг килограммыг нь 28-30 мянган төгрөгөөр худалдаж авч байна лээ.

ХЯТАД ЭЗЭН ХИЛ ДАВУУЛАХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛДАГ

            Өөр нэг газраар орлоо. Ченжүүд цуглаж архидаж байгаа бололтой. “Бугын цусан эвэр байна. Авах уу” гэж асуутал бүгд гараад ирдэг юм байна. «Хаана байгаа юм, үзэж байгаад л үнэ тохирно. Хатчихсан юм бол авахгүй шүү» гээд бүчээд авдаг юм байна. “Энд алга байна” гэхэд “Өө юун авчирсан нүдээр хардаг юм. Байгаа юм байх гэж бодлоо” гээд эргээд оров. Харин ногоон цамцтай залуу үлдээд “Би 130 мянгаар л худалдаж авна. Чи тэр үнээр өгнө гэвэл аваад ир. Манай хятад эзэн хил давуулдаг байхгүй юу. Эргээд ямар ч асуудалгүй гэж мэд. За хурдхан яваад аваад ир” гээд 992751.. гэсэн утасны дугаар өглөө.

ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХОЙРГО ХАНДАЖ БАЙГАА НЬ ХОВОРДСОН АМЬТАД РУУ БУУ ШАГАЙХ ЭРХ ОЛГОЖ БАЙНА

Мөн ченжүүдийн хэлж буйгаар буганаас хаях юм байдаггүй гэсэн. Онөөдөр бугын ясан ба цусан эвэр, чив засаа дэлхийн зах зээл дээд асар өндөр үнэ хүрдэг цөөхөн эд эрхтний нэг гэдэг нь хэнд ч нууц биш. Арьс мах, өөх, сүүл, шөрмөс, шингэн цөс, хар гүзээ нь хүртэл олдошгүй эрдэнэ юм байх. Хээлтэй согооны савыг эмийн чухал түүхий эдэд тооцдог байна. Бугын цусан эврийг ченжүүд бундуу гэж нэрлэдэг юм билээ. Харин салаа болоод ирэхээр нь бойтог гэдэг юм байх.

            “Эмээлт” захын ченжүүдийн олонх нь энэ төрлийн хууль бус бизнест орсон гэдгийг хэлж байв. Энэ нь уг эвэр, чив, засаа гэх мэт зүилс хил, гаалиар гарч байгаа нь тодорхой асуудал. Энэ нь нэг талаар хууль хяналтынхан ажилдаа хойрго ханддагтай холбоотой юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ төрлийн гэмт хэрэгтэй эрх бүхий хүмүүс холбогдсон байдаг аж. Энэхүү амар, хялбар аргаар хөлжих гэсэн шунал нь гар хөл нь бологч хулгайн анчдад дэлхийд ховордсон амьтад руу буу шагайх эрхийг олгож байгаа бололтой. Үүний нэг жишээ гэхэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэдэг эмэгтэй нөхөр Н.Оюунбаатарын хамт 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиндаа баавгайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж яваад хоёр жилийн өмнө цагдаа нарт баригдаж байсан. Гэвч энэ хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөгүйгээр барахгүй шүүхээс торгох ялаар л шийтгүүлээд өнгөрч байсныг санаж байгаа биз ээ. Дээрх хэрэгт холбогдсон Б.Гантөмөр, Д.Гансүх, П.Наранбаатар нарыг хулгайн ан хийсэн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцсон байдаг. Тэгсэн ч Б.Гантөмөр, Д.Гансүх нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж сулласан байдаг. Харин П.Наранбаатар хоёр удаагийн үйлдлээр хүдрийн есөн ширхэг заарыг нэг бүрийг нь 150-200 мянган төгрөгөөр Г.Ганчимэгт худалдсан гэдгээ хүлээсэн аж. Шүүх Г.Ганчимэгийг 3.1 сая, П.Наранбаатарыг 2.3 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байдаг бөгөөд хамгийн хачирхалтай нь шүүхийн тогтоолд тэднийг улсад төлөх төлбөргүй гэж тогтоосон байна. Энэ мэтээр илэрсэн хэрэг замхарч, илрээгүй нь илрэхгүй хэвээрээ үлдсээр байгааг Дархан цаазат Хустайн нуруу цогцолбор газрын байгаль хамгаалагчид хэлж байсан билээ.

 

Үүнээс гадна хотын зүүнтэйд байх Налайх дүүргийн түүхий эдийн ченжүүд ч ховор амьтдын эд эрхтний наймаа хийдэг тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Уг нь бол тэднийг барих их амархан юм байна лээ шүү, хууль хяналтынхаан.

 

ХУСТАЙН НУРУУНД 13 БУГА АЛЖ, ЭД ЭРХТНИЙГ НЬ ХИЛЭЭР ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАСААР БАЙНА

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт тавдугаар сарын 29-30-нд шилжих шөнө 13 буга агнаж, чив, сүүл, ясан болон цусан эвэр зэрэг эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарсан. Ховордсон амьтныг нэг дор олноор нь агнасан хэрэг ойрын хэдэн жилд гараагүй. ЭЦГ-ын дарга, хурандаа С.Ганбат, УМБГын дарга, хурандаа С.Баатаржав нарын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг томилогдон дээрх хэргийг шалгаж байна.

            Энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа явцын талаар Ажлын хэсгийн ахлагч, ЭЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Ганболдоос тодруулав.

            Хустайн нуруунд гарсан хэргийг шалгахаар ЭЦГ, УМБГ-аас хамран Ажлын хэсэг гаргаж, бүрэлдэхүүнд нь Төв аймгийн болон бусад цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд оролцон шалгаж байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруунд тавдугаар сарын 29-30- нд шилжих шөнө 13 буга агнаж, ясан болон цусан эвэр, чив, сүүл, согооны савыг нь авсан хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

-Шалгалтын явцад өөр олон хэрэг илрүүлсэн гэв үү?

            -13 буга хулгайгаар агнасан хэргийг шалгах явцад өмнө нь 100 гаруй буга агнасан асуудлыг илрүүлж, мөрдөн байцаалтыг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст болон орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд хийж байна. Шалгалтын явцад Ан агнуурын тухай хууль зөрчиж, хориотой ангийн эд эрхтэн борлуулж байсан хулгайн анчид болон түүнийг худалдан авдаг ченж нийлсэн 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднээс бугын цусан эвэр 34 хос, ясан эвэр 2.7 тн, сүүл 102, чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, доньт дөрөв, шилүүсний толгой зургаа, зэрлэг гахайн төмсөг, чонын ходоод тус бүр долоо, зээрийн 124 эвэр болон цайруулсан самар 127 шуудайг хурааж авлаа. Бугын 102 сүүл байна гэдэг тийм тооны буга хулгайгаар агнажээ гэсэн үг. Хураан авсан ангийн эд эрхтнийг стандартын дагуу хадгалж байна.

-Хулгайн анчдыг санхүүжүүлдэг, захиалга өгдөг хүмүүс нь ченжүүд гэдэг. Тэднийг саатуулсан уу?

            -Ховордсон ан хууль бусаар авлаж, эд эрхтнийг нь худалдаж байсан хүмүүсээс зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 12 буу хураан авлаа. Хулгайн анчдын олонх нь Хэнтий, Дорнод, Төв, Булган, Хөвсгөлд хориотой ан хийдэг байлаа. Тэднийг тухайн орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Харин хулгайн анчдаас эд зүйлсийг нь авдаг, тэдэнд захиалга өгдөг ченжүүдийг тогтоож, одоо УМБГ-т шалгаж эхэллээ. Ченжүүд ихэвчлэн гадаадын буюу БНХАУ-ын иргэдийн захиалгаар агнахыг хориглосон амьтны эд эрхтэн авч, тэдэнд борлуулж байсан нь тогтоогдсон. Зөвхөн нэг ченжээс гэхэд бугын 69-79 ширхэг сүүл хураасан. Байгаль орчны үнэлгээг нь тооцох юм бол хулгайн анчид : экологид их хэмжээний хохирлыг ченж нэртэй хулгайн эд зүйл борлуулагчдын захиалгаар учруулаад байна. Ченжүүд эд эрхтэн авдаг чингэлэгтээ хэд хэдэн хөлдөөгч тавиад ангийн эд эрхтнийг хадгалдаг байж.

-13 буга агнасан хүмүүсийг илрүүлсэн, илрүүлээгүй гэж ярьж ; байна. Үүнээс гадна ченжүүд ангийн хориотой эд эрхтнийг хилээр яаж гаргаж байв гэдгийг тогтоосон уу?

            -Хустайн байгалийн цогцолбор газраас 13 буга агнасан хулгайн анчдын сэжүүрээс атгаад байгаа. Гэхдээ одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Ангийн эд эрхтний ченжүүд бараагаа  БНХАУ руу гаргадгийг тогтоосон. Эд зүйлийг нь нууцаар гаргахад оролцдогхүмүүсийгилрүүлэн УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахаар авчраад байгаа.

            Хулгайн анчид, түүнийг нь авч борлуулдаг ченжүүд, амьтны эд эрхтнийг хилээр гаргахад оролцдог хүмүүст зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж авсан, хориглосон эд зүйл хил давуулсан, Ан агнуурын тухай хууль зөрчиж их хэмжээний хохирол экологид учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ дашрамд, аливаа зүйлийг худалдан авч цааш нь борлуулдаг ченж нэртэй хүмүүс бол гэмт хэргийн зохион байгуулагч гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс ангийн эд, эрхтэн худалдан авч, цааш нь борлуулж байгаа ченжүүдэд хатуу хариуцлага тооцох, тэдэнд ногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгамаар байгаа юм.

-Хустайн нуруунд байгаль хамгаалагч ажилладаг биз дээ?

            -Хустайн байгалийн цогцолборт газрын орчимд амьдардаг иргэд зун уулнаас бууж, голын хөндий бараадаж, тэндхийн ан амьтан, газар нутаг хараа хяналт муутай үлдсэнийг гэмт хэрэгтнүүд ашиглан дээрх тооны буга агнаж, эд эрхтнийг авчээ. Байгаль хамгаалагч нарт онгон дагшин байгалиа хамгаалах хүсэл эрмэлзэл байвч ажил лах орчин нөхцөл муу байна шүү дээ. Хулгайн анчид хурдан машин, онч сайтай буугаар зэвсэглээд шөнийн цагаар гэмт хэрэг үйлдээд алга болж байхад морьтой, эсвэл мотоцикльтои байгаль хамгаалагч яаж гүйцэх вэ. Албаны хүн ийн ярьж байна. Орчин үеийн хүчтэй, хурдан зэвсэг агсан яваа хулгайн анчдыг нэлээд хэдэн уулыг хариуцан ганцаараа ажиллаж байгаа байгала хамгаалагч хэрхэн гүйцэж, гэмт үйлдлийг нь таслан зогсоох билээ. Дайн тулаантай Афганд нэг өндөрлөг газарт дуу чимээ, хөдөлгөөн, дулаан мэдэрдэг хүчин чадал сайтай хяналтын камер ашиглаж, 24 цагийн турш эргэн тойрныхоо 20 гаруй км газрыг хянаж байна.

            Манайх дархан цаазтай, байгалийн цогцолборт газартаа олигтойхон хөрөнгө өгч, хүчин чадал сайтай камер суурилуулбал хулгайн анчдын үйлдлийг таслан зогсоох нь дамжиггүй гэдгийг холбогдох төрийн байгууллагынхан анхаарч үзээсэй. Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн байгалийн цогцолбор газарт 2011 оны зургаа дугаар сараас хойш дөрвөн удаагийн үйлдлээр 37 буга, согоо агнаж, цусан эвэр, хэл, чив, согооны савыг авч явсан гэмт хэрэг гарч, гэмт этгээд нь тогтоогдоогүй байгаа аж. Эдгээр хэргийг илрүүлэх шалгалтын явцад ченж Б гэгч нь Чингэлтэй дүүргийн VIII хороонд байрлах өөрийн эзэмшлийн чингэлэгт бугын цусан эвэр 15, чив дөрөв, хүдрийн заар зургаа, баавгайн доньт дөрөв, шилүүсний толгой зэргийг хоёр хөлдөөгчид хадгалж байжээ.

            Мөн өнгөрсөн сарын 15-нд ченж Н нарын гурван хүн бугын цусан эвэр найман хос, тайрч хөрөөдсөн ясан эвэр долоо, сүүл 79, чив найм, бугын засаа 12, баавгайн савар 20, хүдрийн заар зургаан ширхгийг БНХАУ руу нэвтрүүлэх гэж байгаад баригдсан аж. Энэ мэтээр ченжүүд гэмт үйлдлийг зохион байгуулагч болж байгааг баталсан хэд хэдэн хэргийг Ажлын хэсгийнхэн илрүүлэв. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цайз" захын ченж Д нь бугын цусан эвэр дөрөв, чив тав, сүүл найман ширхгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Ченжүүдийн дээрх үйлдлийн маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд “Цайз” захын ченж Ц нь бугын чив, сүүл тус бүр гурав, тайрч хөрөөдсөн ясан эвэр 23, хүдрийн хоёр заар хууль бусаар худалдан авч, Шадивлангийн зуслангийн орчимд гэртээ хадгалж байсныг илрүүлсэн байна.

            Ажлын хэсэг ажилласны дүнд энэ оны тавдугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр буга агнасан хэргийг П, Б нар үйлдсэнийг тогтоож, тус аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлжээ. Ажлын хэсгийнхэнд баригдсан нь ийм байна. Баригдалгүй, хил, гаалийнхан оролцсон хууль бус сүлжээнийхний гараар ангийн хэчнээн эд, эрхтэн хилээр гарч байгааг таашгүй.

 

Үргэлжлэл бий...


БУУДУУЛСАН 13 БУГЫН ЭД ЭРХТНИЙ ЭРЭЛД БУЮУ ХУУЛЬ БУС НАЙМААНЫ МӨРӨӨР-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-14 00:59:57
    Dr. Adity: If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email address: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-28 04:15:28
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188