• Өнөөдөр 2025-03-16

ХУСТАЙН НУРУУНД 13 БУГА АГНАСАН ХЭРГИЙН МӨРӨӨР

2022-02-09,   2156

2012 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал "Балдорж" шагналын шилдэг бүтээлээр шалгарсан нийтлэлийг сэргээн сануулж байна.

 

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэр Хустайн нуруунд 13 бугыг агнаж, сэг зэмийг нь үлдээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө гарчээ. Гэвч буга агнасан хэрэгтнүүд одоогоор баригдаагүй байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүд Хустайн нурууны цогцолбор газраас буюу байгаль хамгаалагчдаас сүрэг бугыг холдуулж, тал газар руу мотоциклиор хөөж буудсан байсныг байгаль хамгаалагчид ярьж байна. Хууль бусаар буга агнасан анчид бугын чив, сав, цусан эвэр, сүүл зэргийг нь авсан гэнэ. Уг 13 бугын гурав нь хээлтэй согоо байжээ. Бүр өнөө маргаашгүй янзагалах гэж байсан гэнэ. Гэмт этгээдүүд хээлтэй согоонуудыг буудчихаад, гэдсийг нь хүү татаж, хээлийг нь гаргаж хаяад, савыг нь авсан байна.

           Дархан цаазат Хустайн нуруунд хоёр жилийн хугацаанд 40 гаруй буга алагдсан ч эзэн нь тогтоогдоогүй байна. Энэ талаар сурвалжлахаар Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын заагт орших Хустайн нурууны цогцолбор газрыг зорилоо. Нийслэлээс баруун тийш засмал замаар давхисаар Аргалант сумын нутагт ирэв. Энэ жилийн зуны эхэн cap цаг агаар хүйтэн, байсхийгээд л цас орсон болоод тэр үү зуншлага тааруу харагдана. Гэхдээ гурван өдөр дараалан орсон намираа бороо газрыг чийглэж, нар гараатахвал ногоо суга суга ургахаар болжээ.

           Хотоос үдийн алдад хөдөлсөн бид нар баруунтай хэвийх алдад Хустайн нурууны цогцолбор газрын ойролцоо очлоо. Мотоцикльтой гурван залуу бидэн дээр давхиад ирдэг юм байна. Тэд тус газрын байгаль хамгаалагчид аж. Бүгд бороохой, богино долгионы станцтай юм. Байгаль хамгаалагчид мэнд мэдэлцэн “За энэ хавиар ямар ажилтай явж байна вэ. Бичиг, баримтаа шалгуул. Төрийн тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдэж байгаа биз дээ” гээд л байцааж гарлаа. Бүр “Ангийн буу байгаа юу” гэж байна. Сурвалжилгаар явж байгаагаа хэлбэл, зөөлөрч, “Энд 13 буга буудсан хэрэг гарсан. Тэгээд энэ хавиар явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа юм. Манай энүүгээр нутгийн хүмүүс их явдаг юм. Тэдний нэг юм байх гэж бодлоо” хэмээн учирлав. Байгаль хамгаалагч биднийг дагуулаад хэргийн газарт очлоо. Хустайн нурууны цогцолбор газраас 20 гаруй километрийн зайд байх Гулзгай гэх газарт 13 бугыг буудсан юм байна.

           Хэрэг гарсан газраас холгүй сүрэг буга идээшилж харагдлаа. Хажууханд нь хүмүүс явж байхад тоож байгаа юм алга. Тайван гэгч нь идээшилж, хаа нэгтээ өрөөсөн чихээ хөдөлгөн эргэн тойрны анир чагнах аж. Байгаль хамгаалагчид эргэж тойрч, бүртгэж, цогцолбор газрын судлаач, мэргэжилтнүүд энэ газраар өдөр, шөнөгүй явж, судалгаа энэ тэр хийсээр байгаад буга, зарим амьтан хүнээс айхаа больсон тухай нөгөө гурав хуучилсан. Тэр тусмаа мотоцикльтой хүнээс огт үргэхгүй. Байгаль хамгаалагч нар тэднийг бод мал тууж байгаа юм шиг л мотоцикльтой туух аж. Хэд гурван тарвага цомцойн суучихаад, мотоциклийн дуу, хүний яриа хажууханд нь байгааг тоох ч шинж алга. Ийнхүү амьтад хүнээс үргэхээ больсон нь хууль бус анчдын олз болж байгааг тэд онцолж байв.

 

ДУРАНТАЙ БУУГААР БУУДСАН БОЛОЛТОЙ

Хэргийн газарт цагдаа нар үзлэг хийсэн ул мөр байв. Мөн тэр хавиар орос бахиал, хромны мөр гарчээ. Цагдаа нар мөрийг нь хэмжиж, тойруулж зурсан байгаа харагдана. Хэрэг гардаг өдөр хууль бус анчид Хустайн нурууны хамгаалалтын бүсээс сүрэг буга тасдаж гаргасан юм байх. Тэгээд задгай тал руу нь оруулан тогтоож, харанхуй болгоод буудсан нь эхний үзлэгээр тогтоогдсон байна. Буга хөөсөн гурван мотоциклийн мөр байв. Гэвч айл бүрийн гадаа хэд гурваараа байдаг хужаа мотоцикль тул тэрнийх гэж онооход хэцүү. Дугуйн мөр нь ижил байдаг аж. Эд эрхтнийг нь авахаар агнасан 13 бугыг сүргээс нь тасдаж, тал руу оруулаад харанхуйд гэрэлтэй буугаар буудсан бололтой юм. Хулгайн анчид сүүлийн үеийн ангийн буугаар буга агнаж байгаа нь тодорхой гэнэ. Хэргийн газрын ойролцоогоос орос, чех бууны сумнаас ондоо сумны хэд хэдэн хонгио олдсон байна. Буудуулсан бугын сэг зэм байгаа газар очлоо. Байгаль хамгаалагчид “Энэ анчид их мэргэн бууддаг хүмүүс байсан бололтой. Дандаа дал хавсарч юм уу эсвэл толгойд нь алдахгүй буудсан байдаг. Бууны сум биед нь задарч, үрлэн сум бугын толгой хэсгийг шүүрэн шанага шиг болгосон байна лээ. Тэгээд чив, сүүл, эвэр, савыг нь авахдаа их сурмаг тасдаж авсан байгаа юм. Гэдсийг нь хутгаар хүү татаж хаядаг нь чоно, махчин шувуу зэрэг амьтдад хооллох, өөрсдийнхөө ул мөрийг баллах боломж гаргаж байгаа мэт санагдаад байгаа” гэв. Удаа дараагийн энэ аллагыг бүлэг этгээдүүд үйлдэж байгаа гэх урьдчилсан дүгнэлт гаргажээ.

           Хулгайн анчид зохион байгуулалт сайтай гэсэн. Ачааны машин болон жийпээ хол газар тавьчихаад, мотоциклиор явж, буга агнаад байгаа гэнэ. Өнгөрсөн жил 11 буга нэг дор буудсан хэрэг мөн гарсан юм билээ. Тэр үед тус газрын байгаль хамгаалагчид хэрэгтнүүдийг хэдэн талаас нь бүсэлжээ. Тэгтэл хулгайн анчид мотоциклийнхоо гэрлийг унтраагаад зугтаачихсан байна. Тэгээд барьж чадалгүй алджээ. Мөн хоёр ч удаа машинтай хүмүүсийн араас хөөсөн байгаа юм. Хурдтай жийпний араас мотоцикльтой яаж ч хөөгөөд гүйцэлгүй алддаг байна.

 

ЦАГДАА НАР АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГААС ХЭРЭГ ИЛЭРДЭГГҮЙ

           Уг нь энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаа нар барих боломжтой юм билээ. Хустайн нурууны цогцолбор газрынхан энэ хэрэгтэй холбоотой байж магад хэд хэдэн хүний нэрийг цагдаа нарт өгөөд байгаа аж. Мөн өмнө нь Алтанбулаг сумаас нэг хүн хууль бус анчдад мэдээлэл дамжуулаад байна гэх мэдээллийг хүртэл Төв аймгийн цагдаа нарт өгсөн боловч ажил хэрэг болголгүй өнгөрөөсөн гэнэ. Энэ тухай тус газрын тэргүүн Н.Банди “Төв аймгийн цагдаа нар хэдэн жил дараалан гарч буй хууль бус антай тууштай тэмцэж, хэрэгтнийг барихад шаргуу ажиллахгүй байна. Үнэнийг хэлэхэд, цагдаа нар огт хөдлөхгүй байна” гэж байсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хустайн нуруунд буга буудсан хэрэг хэд хэдэн удаа гарлаа. Хамгийн сүүлд гэхэд 13 буга бууджээ. Хууль бус ангийн эсрэг танайх ямар ажил зохион байгуулж байна вэ?

           -Хууль бус ан бидний шүдний өвчин болоод байна. Бид хууль бус антай чадах ядахаараа л тэмцэж байна. Хөрөнгө, мөнгө их гаргаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна. Бид үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа л нутгийн иргэдийг цалинжуулж, Хустайн нурууны бүс нутгийн ойролцоо нутаглаж байгаа айлуудад энэ хавиар өнгөрч байгаа машинуудыг цаг тухайд нь хэлж, улсын дугаарыг нь бичиж авах ажил оноогоод байгаа. Тэд ч цаг тухайн үед нь бидэнд мэдээлэл өгч байна. Өнгөрсөн жил 22 буга буудаж алсан. Дандаа нэг газар буудаад байсан юм. Тэгээд гадаадаас нэг нь таван сая төгрөгийн үнэтэй хөдөлгөөн мэдэрдэг нууц камер авчирч суулгасан. Тэр ч үр дүнгээ өгч, хэд хэдэн хууль бус анчныг бариад байна. Тэгсэн нууц камер суулгасан талаар нутгийн иргэд мэдчихсэн байна. Учир нь саяны 13 буга агнасан хэрэг хамгаалалтын бүсийн гадаа гарсан. Мөн өнгөрсөн жил хоёр ч удаа буга, тарвага агнасан хүмүүсийн араас хөөсөн. Барьж чадалгүй алдчихсан юм. Тэгээд нэг арга бодож олоод байгаа. Тэр нь гүйцэгдэхгүй байгаа машины дугуйг хагалж барих арга. Чингис хааны үед хэрэглэж байсан морин шөргөө олныг хийлгэсэн. Тэр нь яаж ч хаясан иртэй талаараа буудаг гурван хөлт үзүүртэй төмөр.

Энэ мэт бид хууль бус антай олон аргаар тэмцэж байна. Энэ хэрэг илрэхгүй шалтгаан нь цагдаа нарын ажилдаа хойрго ханддагтай шууд хамааралтай гэдгийг хэлмээр байна.

-Цагдаа нар хэргийг шуурхай мөрдөж байгаа гэсэн шүү дээ?

           -Биднийг асуухаар тэгж хэлдэг. Яг үнэндээ буга хууль бусаар агнасан хэрэг гарлаа гэхэ бид цагдаа дуудна. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж байгаа юм. Манай ажилчид сумны хонгио, бугын зэмнээс сумны тугалгыг нь хүртэл олоод өгч байгаа юм. Бас ажилласан цагдаа нарт хоол унд, томилолтын мөнгө хүртэл олгож байна. Тэгэхэд хэргийн газарт үзлэг хийчихээд л яваад өгдөг. Араас нь огт мөрдөн байцаалт хийж, сэжигтэй хүмүүсээс байцаалт авахгүй байгаа юм. Цагдаа нар ингэж ажиллаж байгаа болохоор яаж илрэх юм бэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газарт хандах санаатай байгаа.

-Замын цагдаагийн газартай хамтарч ажиллаж байгаа гэсэн үү?

           -Замын цагдаагийн газартай хамтарч ажиллах гэрээ хийж байгаа. Бид эндээс хууль бус анчид машинтай зугтаалаа гэхэд ямар нэгэн байдлаар улсын дугаарыг мэдэж аваад Замын цагдаагийн газарт мэдэгдэх юм. Тэгээд хэрэгтнүүдийг шуурхай барих ёстой.

-Сүүлд гарсан хэргийн хэрэгтнүүдийг нутгийн иргэдээс харсан хүн олдоогүй юу?

           -Нэг хүн байгаа. Тэр хүн машиныг нь сайн анзаараагүй гэсэн. Ер нь нутгийн иргэд бидэнд мэдээлэл их өгдөг юм. Нэг буганы амь тасалахад таван сая төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл энэ хууль үнэндээ хэрэгжихгүй байна шүү дээ. Зөвхөн Хустайн нуруунд л буга хядаад байна гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Яг үнэндээ бугын сүрэг хамгаалалт сул газар бугыг олноор хядаж байгаа гэх мэдээлэл байдаг юм. Цагдаа нар ч огт бүртгэхгүй хаядаг юм билээ.

ЯНЗАГАЛАХ ГЭЖ БАЙСАН СОГООНЫ ГЭДСИЙГ ХҮҮ ТАТАЖ, САВЫГ НЬ АВЧЭЭ

           Ийнхүү биднийг ярилцаж суух зуур Хустайн нурууны баруун талаас хоёр морьтой хүн гараад ирлээ. Байгаль хамгаалагчид хамгаалалтын бүсэд орж ирсэн хоёр хүн рүү давхилаа. Тэд малаа эрж яваа нутгийн иргэд байсан юм. Хустайн нуруунд 780 орчим буга байгаа гэсэн. Энэ жил 200 гаруй согоо янзагалж байгаа юм билээ. Хууль бус анчдын буудсан 13 буганы гурав нь согоо байсан. Бүр өнөө маргаашгүй янзгалах гэж байжээ. Анчид хээлтэй согоог араас нь хөөж буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад савыг нь аваад явсан Тэгээд савыг нь авч дутуу төрсөн янзагыг нь хаяад явжээ. Хэрэг үйлдсэн этгээдүүд хэргийн газар ямар нэгэн ул мөр юу ч үлдээхгүй байгаа гэсэн. Цагдаа нар ядахдаа тамхины иш нь байвал бариад авч болмоор байна. Энэ бууны хонгиог шинжилгээнд өгч үзсэн цохилуураар нь хөөгөөд үзэхээр огт бүртгэл байхгүй буугаар ан хийгээд байгаа талаар Хустайн нурууны цогцолборын даргад хэлсэн байна лээ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай.

 


ХУСТАЙН НУРУУНД 13 БУГА АГНАСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-10 15:55:35
    Zochin: Neg heseg ni urjuulen olon bolgoh geed baidag getel nuguu tald ni buunuur alj baidag. Yamar geechiin uhamsar doroi humuus baidag bainaa. Baigali eh tednees hariugaa avnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-10 15:43:01
    Ха ха: 2012 онд болсон явдал байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-09 17:48:18
    Алдаа: Юун тухай бичиж байгаагаа алдаа мадаг байна уу гэдгээ хянаач Э.Хүрэлбаатараа. өвөл байсан чинь гэнэт хавар зун бороо тарвага энэ тэр болоод явчихлаа арай ч дээ эсвэл согтуу байсан юм уу.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188