• Өнөөдөр 2024-04-26

ТОДРУУЛГА:Рублийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс 37.9 хувиар суларсан

2022-03-16,   986

                2022 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн байдлаар Монгол банкнаас гаргасан хаалтын ханшаар ам.доллар 2.892.70 төгрөг, рубль 25.15 төгрөг, евро 3.162 төгрөг, юань 454.81 төгрөг, лира 194.94 төгрөгийн үнэтэй байсан. Өнгөрсөн долоо хоногийн ханштай харьцуулахад ам.доллар, рубль, евро өсөж, юань, лираны ханш буурчээ.

 


      


Ханштай холбоотой асуудлаар Монгол банкны холбогдох мэргэжилтнээс тодруулсан юм.

-Украин, ОХУ-ын хооронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш хэлбэлзэж байна. Монголд рублийн ханш сүүлийн өдрүүдэд ямар байна вэ?
 
         -Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм. Дотоодын зах зээлд ам.доллараас бусад валютын арилжааны идэвх бага байдаг тул бусад валютын ханшийг зарлахдаа төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг олон улсын зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш буюу кросс ханшаар үржүүлж тооцдог. Өөрөөр хэлбэл, төгрөгийн рубльтэй харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс давхар хамаардаг юм.  Ингэснээр дотоодын зах зээлд зарлагдаж буй ханш олон улсын зах зээл дэх ханшнаас ялгаатай тогтохгүй байх боломж бүрддэг юм. ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс гуравдугаар сарын эхний байдлаар 37.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.
 
- Рублийн ханшийн уналт манайд нөлөөлөх үү. Мөн манай улсад рублийн нөөц ямар хэмжээнд байгаа вэ?
 
       - Рублиэр хийдэг гадаад гүйлгээ нь нийт гадаад гүйлгээний мөнгөн урсгалын 8-9 хувиар буюу харьцангуй бага хувийг эзэлдэг. Иймд рублийн ханшийн дотоодын зах зээлд үзүүлэх нөлөө харьцангуй бага.
 
-Дотоодод рубль зарахад хязгаарлалт тавихгүй бол нөөц шавхагдах эрсдэл бий юү?
 
         -Төв банкнуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы иен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн валютын эрэлт ОХУ-д өсөж байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж ойлгож болно.
 
-ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой ямар өөрчлөлт, нөлөө үүсэж байна вэ?
 
           -Дээр дурдсанчлан Монгол Улс ба ОХУ хооронд рублиэр хийгдэж буй гүйлгээний хэмжээ харьцангуй бага байдаг тул зах зээлд үзүүлэх нөлөө бага байна гэж харж байгаа. Зөвхөн Монгол улс төдийгүй ОХУ-аас нефтийн болон бусад бүтээгдэхүүн импортоор авдаг улс орнуудын өмнө гадаад худалдааны төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. ОХУ-д тавих хориг арга хэмжээнээс шалтгаалан ОХУ-аас бүтээгдэхүүн импортолдог улс орнууд хохирох магадлалтай тул эдгээр улс орнуудад хохирол багатайгаар гадаад худалдааны төлбөр тооцоогоо хийх шийдлийг бүх талууд эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд ОХУ руу хийх төлбөр тооцоо удааширсан боловч бүрэн зогссон зүйл одоогоор байхгүй.
 
-Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Цаашид ханшийн эрсдэлийг хэрхэн сааруулах вэ. Манай нөөц энэ үеийн эрсдэлийг даах боломжтой юу?
 
          -Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартой харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкнуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна.
Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 3945 сая ам.доллар буюу долоон сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг түвшнээс өндөр байна.

ТОДРУУЛГА:Рублийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс 37.9 хувиар суларсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188