• Өнөөдөр 2024-04-19

ХЭТ ХУУЧИРСАН ТРАНСФОРМАТОРУУД АМЬ ТАРИА “НЭХЭЖ” ЭХЭЛЛЭЭ

2020-12-16,   1412

-Засгийн газрын тушаалаар цахилгаанаа хязгаарлуулсан монголчууд боллоо-

Жишээ татахад, хоёр тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ачаа тээврийн автомашинд зургаан тонн ачаа ачиж болохгүйтэй адил Засгийн газраас Эрчим хүчний салбарт техникийн хүчин чадлаас хэт давсан ачаа үүрүүлчихлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-нд ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх буюу төр хариуцахаар болсон тухай шийдвэр танилцуулав. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр “даахаар” зохицуулсныгаа ч дуулгасан. Гэвч уг шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа цахилгааны ачаалал энгийн үеийнхээс 50 МВт-аар нэмэгдэн 1215 МВт-д хүрч, 5-6 дэд станц ачааллаа дийлэхгүй шатав.

Маргааш нь буюу энэ сарын 14-нд цахилгааны ачаалал дахин 9 МВт-аар нэмэгдэж, 1224 МВт болов. Улмаар Улаанбаатарт 774 МВт-д хүрч, ОХУ-аас 233 МВт эрчим хүч импортолсон. Тэгвэл өчигдөр 18:00 цагийн байдлаар цахилгааны ачаалал мөн л нэмэгдэж, 1241 МВт-д хүрлээ. Үүнээс Улаанбаатарт 775 МВт, импорт 247 МВт цахилгаан ОХУ-аас авлаа. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрүүд тулсан ачааллаар ажиллаж байгаа бөгөөд импортын эрчим хүчийг мөн байж болох дээд хэмжээгээр авсан үзүүлэлт юм.

2019-2020 оны өвлийн ачаалал 1110МВт байсан гэх албаны мэдээлэл бий. Хоёрхон өдрийн дотор, дээрээс нь өвлийн ид ачаалал эхлээгүй байхад өнгөрсөн өвлийн ачааллаас 100 гаруй мегаваттаар нэмэгдэнэ гэдэг Монголын хувьд огцом өсөлт юм.

Монгол Улсын эрчим хүчний систем суурилагдсан буюу үйлдвэрлэх хүчин чадал нь 1400 орчим МВт. Үүнээс нар, салхины цахилгаан станц 200МВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэхдээ байгаль, цаг уураас хамааралтай бөгөөд нарны станц өвлийн улиралд 17:00 цагаас хойш эрчим хүч үйлдвэрлэхгүй. Тэгэхээр энэ 200МВт 1400-гаас хасагдаад 1200Мвт болно. Дээрээс нь төвийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн  тоноглолд засвар хийх, горимын зохицуулалт  зэргээс хамаараад эрчим хүчний системийн үйлдвэрлэж чадах хэмжээ 1000 орчим МВт гэхэд болох аж. Харин манай улс ОХУ-аас хоногт 240 МВт эрчим хүч импортолдог бөгөөд үүнээс дээш цахилгаан авах техникийн боломжгүй. Ингээд нийт 1240 МВт эрчим хүч болж байгаа юм. Гэтэл өчигдөр цахилгааны ачаалал 1241 МВт-д хүрсэн нь маш хүнд буюу ослын нөхцөлд ажиллаж эхэлснийг илтгэнэ. Энэ ачаалал дахиад нэмэгдэхийг үгүсгэхгүй. Учир нь, Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасантай холбоотойгоор иргэдийн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж байгааг цаг тутмын мэдээллүүд баталж байна.

Төвийн бүсийн эрчим хүчний систем цахилгааны огцом өссөн хэрэглээнээс болж, ослын нөхцөлд ажиллаж байна

Хамгийн чухал нь өвлийн их ачаалал эхлээгүй байгаа бөгөөд цахилгааны хэрэглээ багасахад бидэнд дахиад гурван сарын хугацаа байгаа юм. Нэг сар бүүхэл хоёр хоногт эрчим хүчний системийн үйлдвэрлэж чадах дээд хэмжээнд хэрэглээ дөхөж очно гэдэг уг салбар ослын горимд ажиллаж эхэлснийг илтгэж байгааг албаныхан анхааруулж эхэллээ. Энэ тухайд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням “Монгол Улсын нийт газар нутгийн 70-80 хувийг эрчим хүчээр хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал өнөөдрийн (2020.12.14) 18:00 цагийн байдлаар 1224 МВт хүрсэн нь ачаалал эрс нэмэгдэж, ослын нөхцөлд ажиллаж буй үзүүлэлт. Үүний 777 МВт-ыг Улаанбаатар хот хэрэглэж байгаа нь хяналтын самбарт улаан өнгөөр харагдаж байна. Манай улс ОХУ-аас 233 МВт эрчим хүч авахад хүрлээ. Төвийн бүсийн эрчим хүчний систем цахилгааны огцом өссөн хэрэглээнээс болж, ослын нөхцөлд ажиллаж байна. Хэрэв техникийн хүчин чадлаас давсан тохиолдолд цахилгаан станцын автомат системүүд ажиллаж, тоног төхөөрөмжөө хамгаалахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслахаас аргагүйд хүрнэ” гэсэн юм.

Эрчим хүчний ачаалал огцом өсөж, чадлын дутагдалд орсны улмаас хязгаарлалт хийж эхэллээ

Эрчим хүчийг хэвийн үеийнхээс хэтрүүлэн хэрэглэснээр нийтээрээ болон хэсэгчлэн цахилгаангүй болох эрсдэлд ойртов. Манай улсад сүүлийн 40 жил том чадлын цахилгаан станц баригдаагүй. Нар, салхины станц баригдаж байгаа ч оргил цагийн үеийн ачаалалд оролцох чадвар бага аж. Цахилгааны ачаалал хэтрүүлвэл шинэхэн шугам сүлжээ байсан ч гэмтэх, шатах боломжтой. Шугам сүлжээ “Тэдэн ампер гүйдэл гүйнэ, тийм ачаалал авна” гэх мэт өөрийн гэсэн техникийн хүчин чадалтай байдаг. Түүнээс давсан хэрэглээ бий болбол кабель шугам шатах эрсдэлтэй. Тэгвэл Засгийн газрын шийдвэр гардаг өдөр буюу энэ сарын 13-ны орой хэд хэдэн дэд станц дээр кабель шугам шатсан. Тухайлбал, Тахилт, Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг хэд хэдэн газар трансформатор шатаж, гэмтэл авсан. Энэ нь цахилгаан түгээх ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас эрчим хүч дамжуулж буй кабель шугам шатаж байна гэсэн үг юм.

Өдийд түгээх сүлжээний дэд станц шатаж байгаа бол цаашлаад том станцууд хэт их ачаалалд орох эрсдэлтэй. Цахилгаан станцууд хэт их ачаалалд орвол чадлын дутагдал үүсэх ба энэ тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийх юм. Яг энэ жишгээр Завхан, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт эрчим хүчний дутагдал үүсч, цахилгааны хэрэглээг хязгаарлаж эхлээд байна. Тухайлбал, Завхан аймагт энэ сарын 14-ны 17:00-21:00 цагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийсэн бол Булган аймгийн дэд станцаас тэжээлтэй “Хутаг-Өндөр, Уньт, Тэшиг, Сайхан-Овоо зэрэг суманд 14.00-16.00, 20.00-22.00 цагт хязгаарлалт хийж эхэлсэн.

Нэг трансформатор шатлаа гэхэд тухайн айлууд доод тал нь найман цаг цахилгаангүй байна

Хөвсгөл аймагт цахилгааны ачаалал хэр байгаа талаар болон цахилгааны хязгаарлалтын талаар 110/35/6Кв-ын Мөрөн дэд станцын диспетчер З.Баянмөнхөөс тодруулахад “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эрчим хүчний ачаалал өчигдөр шөнийн  (2020.12.14) байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5 МВт хүрсэн. Энэ нь 18 хувь буюу 6.2 МВт-аар өссөн гэсэн үг. Оргил цагуудад цаг гаруйн хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс хэт ихсэх буюу 100КВт-ын трансформатор 150-200Квт-ын ачаалал авч байна. Ингэснээр удаан хугацаагаар цахилгаан дамжуулах боломжгүйд хүрч, ачаалал ихэссэнээр тоног төхөөрөмж гэмтэх, шатах зэрэг аюултай. Тийм учраас тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн байлгахын тулд ачааллыг зайлшгүй хөнгөлөх шаардлагатай болж байна. Түүнчлэн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор иргэд цахилгаан халаагуур зэрэг өндөр хэрэглээг ихээр ашигладаг болчихлоо. Тухайлбал, галлагаа болон тень ашигладаг хосолсон халаалттай айлууд голцуу цахилгаанаа ашигладаг болж байна.  Нэг цаг гаруй хугацааны зайтай хязгаарлалт хийж байгаа. Иргэдийн хэрэглээ болон тоног төхөөрөмжийн ачааллаас хамаарч хэвийн хэмжээнд байвал цахилгаан хязгаарлах шаардлага үүсэхгүй. Нэг трансформатор шатлаа гэхэд тухайн айлууд доод тал нь найман цаг цахилгаангүй байна гэсэн үг. Шинэ трансформатор авчирч солино. Тухайн үед трансформатор байх уу, үгүй юү гэх мэт нөөцийн хувьд асуудалтай” гэв.

Энэ асуудал улсын хэмжээнд яригдах бөгөөд орон нутаг ч бай, ачаалал их үүсдэг гэр хороолол ч бай бүх айл, өрх цахилгааны хэрэглээг хэтрүүлбэл шугам сүлжээнд гэмтэл үүсч, засварлах боломжгүй эрсдэлд хүрэхийг ч үгүйсгэхгүй юм. Эрчим хүчний энэ огцом ачаалалд өмнө хэлсэнчлэн хэрэглэгчдийн тоо нэмэгдэх болон цахилгаан халаагуурын хэрэглээ нөлөөлж буй.

Эцэст нь дүгнэвэл, Засгийн газар цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэрээрээ иргэдийн эрчим хүчний хэрэглээг 100 мянган төгрөгөөр худалдчихав. Тодруулбал, суурь хэрэглээний төлбөр болох 100-200 мянган төгрөгийг тэглэх шийдвэр гармагц уухайн тас баярласан иргэд энэ хэмжээний мөнгөний төлөө түүнээсээ ч их зүйл алдаж байгаагаа анзаарах сөхөөгүй байна, одоохондоо. Гэхдээ Засгийн газрынхаа “ачаар” бид эрчим хүчний хэт их ачааллын улмаас цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулах нь ээ, энэ өвөл.  


ХЭТ ХУУЧИРСАН ТРАНСФОРМАТОРУУД АМЬ ТАРИА “НЭХЭЖ” ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 15:40:36
    Зочин: Эрчим хүч үнэгүй байх ямарч боломжгүй дэлхийд хаана ч ийм боломж байхгүй,улс орноо мөхөөх гэсэн шуналт ард түмэнд зохихгүй таарахгүй,шийдвэрээ буцааж хайрла.Ирээдүйгээ арай өөрөөр харья.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 11:01:34
    Цогтбаатар: Цөөхөн бидний монголчууд дэндүү амин хувиа хийчээсэн өрөвдөлтөй нэгэн болж дээ Төр засгаас нь энэ хүнд хэцүү цаг үед хөнгөлөлт үзүүлж байгааг мэргэн ухаанаараа нэг бодмоор юм даа Тэг зогсолт болвол гоё байхдаа эвий дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188