• Өнөөдөр 2024-04-20

Н.ЭНХБАЯР: Хятад Улс дутагдаж байгаа нүүрсээ дотоод олборлолтоосоо нөхөхийг илүүд үзэж байна

2020-12-21,   663

-БҮТЭН ЖИЛИЙН ГЭРЭЭ ХИЙХГҮЙГЭЭР, ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ 42 САЯ ТОНН НҮҮРС НИЙЛҮҮЛНЭ ГЭЭД ТУСГАЧИХААР ЗҮГЭЭР Л МӨРӨӨДӨЛ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ-

Хятадын эрх баригчид эрчим хүчний төрийн өмчит компаниуддаа Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн аравдугаар сарын 14-нд гарсан байдаг. Түүнээс хойш өдийг хүртэл Австралиас экспортолсон нүүрсийг Хятад Улс хүлээж авахгүй боомтууд дээрээ хүлээлгэж байсан юм. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газраас Австралийн нүүрсний импортод тогтоогоод байсан хоригоо албан ёсны болгосон гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ мэдээлэл үндэслэлтэй эсэх болон манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-БНХАУ-ын Засгийн газраас Австралийн нүүрсний импортод тогтоогоод байсан хоригоо албан ёсны болгосон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Хятадын нүүрсний салбарын талаар дагнан бичдэг Sxcoal.com сайтад гарсан мэдээллийг харахад нэгдүгээрт, Өвөрмонголын нүүрсний олборлолт эрс нэмэгдсэн байна. Өмөрмонголын нүүрсний ордоос 2019 оны мөн үеэс энэ оны эхний 11 сарын байдлаар 15 сая тонн нүүрс илүү олборлосон байна. Энэ нь дотоодын олборлолтоо эрс нэмэгдүүлж, Австралийн нүүрсний дутагдлыг нөхөж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Хятадын Засгийн газраас Австралийн нүүрсний импортод тогтоосон хоригоо албан ёсны болгосон тухай мэдээлэл Sxcoal.com сайтад арай өөрөөр тавигджээ.

Тодруулбал, уг сайтад дотоодын эрчим хүчний нүүрсний дутагдалтай холбогдуулан хил дээр импортоор орж ирж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлтийн процессийг шуурхайлах үүрэг даалгавар өгсөн тухай нийтэлсэн байна. Тэгэхээр хүлээгдэж байгаа усан онгоцнууд түрүүчээсээ бууж эхлэх нь байна. Хоёр талын эх сурвалжийг харахгүй бол Австралийг хориглоод бусдыг нь нээлттэй болгосон зүйл биш байна. Гааль дээр байгаа нүүрсийг түргэвчилж байна гэдэг нь Австралийг үлдээгээд бусад улсын импортыг нэвтрүүлж байж болзошгүй. Гэхдээ Австралийн нүүрс Хятад руу бууж эхлэх үү, үгүй юү гэдэг мэдээлэл одоогоор алга байна. Хэд хоногоос энэ мэдээлэл тодорхой болох байх. Ямартай ч Хятад Улс дутагдаж байгаа нүүрсээ дотоод олборлолтоосоо нөхөж, хил дээр байгаа нүүрсний татан авалтаа сайжруулж байна.

-Хятад Австрали хоорондын зөрчил одоогоор ямар түвшинд байна вэ?

-Жо Байдений ялалт тодорхой болчихлоо. Тэгэхээр ирэх нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгресс хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Байдений ялалтыг баталгаажуулж, тунхаглана. Тангараг өргөх ёслолын зөвшөөрлийг Конгресс өгч, нэгдүгээр сарын 21-22 хавьцаа тангараг өргөнө. Тэгээд танхимаа бүрдүүлээд ажилдаа орж, хоёрдугаар сарын 10 хавьцаа Конгресст баримтлах бодлогынхоо талаар илтгэл танилцуулна.

Тэгэхээр энэ бодлого дотор Хятад, Оросын талаар баримтлах бодлого заавал тусгагддаг. Түүн дотор Хятадын талаар болон АНУ хоорондын худалдааны маргаанаа хэрхэн тухай үндсэн санаа орно. Энэ бодлого тодорхой болсны дараа АНУ-ын Төрийн департмент бусад түншүүдтэйгээ гадаад худалдаагаа яах вэ гэдэг талаар ярилцана. Одоогийн байдлаар Хятадын эсрэг АНУ-ын бодлого хэвээр байхаар байгаа. Тэгэхээр Их Британи, Австрали, Канад зэрэг гол түнш орнууд АНУ-аас зөрөхгүй, санал нэгдэнэ.

АНУ-ын ерөнхий бодлого ирэх хоёрдугаар сард тодорхой болох үед Австрали Улс Хятадын эсрэг хариу арга хэмжээ авах гэдгээ тодорхойлно. Хятадын Засгийн газраас Австрали Улсыг чангалавал Австрали зөрүүлээд Хятадыг чангална. Австрали дангаараа АНУ-аас зөрөөд Хятадтай харилцаагаа сэргээе гэж чадахгүй. Тэгэхээр ирэх хоёрдугаар сарын сүүлч үед нөхцөл байдал тодорхой болох байх.

-Хятадын Засгийн газраас гаргасан энэ шийдвэр манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улсын нүүрсний экспорт нэгдүгээр улиралд угаасаа тасалдалтай байдаг. Өвлийн нөхцөл болон Хятадын гааль зуных шигээ шуурхай ажилладаггүй. Мөн хоёрдугаар сард Хятадын цагаан сар болох үед 10-14 хоног хилээ хаадаг. Энэ нь 28 хоногтой хоёрдугаар сарын 50 хувьтай тэнцэх хоногоор хилээ хаадаг гэсэн үг. Дээрээс нь манай улсын нүүрсний экспорт оны нэгдүгээр улиралд сарын дундаж нь 1.5-2 сая тонноос хэтэрдэггүй. Үүний 50 хувь нь байхгүй гэж үзвэл ирэх 2021 оны нэгдүгээр улиралд буюу бүтэн гурван сарын туршид 3-6 сая тонн нүүрс л гаргана. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр улиралд найдах юм ерөөсөө байхгүй. Энэ жил нүүрсний экспорт оны эцсээр 30 сая тонн хүрэхтэй, үгүйтэй гарч байна. Ирэх жил үүнээс илүү гарах ямар ч нөхцөл байхгүй. Сангийн яамнаас нөхцөл байдал хүнд үед бонд гаргаад төвбанкнаас их хэмжээний зээл авна.

Хятадад зөвхөн нүүрс, төмөрийн хүдэр тээхэд зориулсан хоёр том хүчин чадалтай төмөр зам бий. Хүчин чадал нь нийлээд 300 сая тонн. Тэгэхээр Шианси, Өмөрмонголын нүүрсний орд газрууд маш том давуу тал болж байгаа. Австралийн нүүрсний импортыг дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэсэн үг. Түүнчлэн Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд хоёр эргэлт гэсэн бодлого барьж байгаа. Энэ бодлогын дагуу уурхайгаа нээж, ажлын байр бий болгож байна. Ялангуяа манай улсад хүндрэлтэй байгаа ирэх 2021 онд энэ Хятадын Засгийн газраас энэ бодлогоо баримтална. Дээрээс нь Орос, Индонез хоёр манай улсыг бодвол дэд бүтцийн хувьд илүү давуу талтай. Тэгэхээр манай улсад олдсон багахан боломжийг Орос, Индонез хоёр хувааж эдлээд л дуусна.

Индонез Улсаас ирэх гурван жилийн турш нүүрс авах 1.5 их наяд долларын гэрээ байгуулсан. Манай улсын хувьд дутагдаж байгаа зүйл нь үүнтэй адил хоёр улсын хооронд ийм эрчим хүчний гэрээг ерөөсөө байгуулахгүй байгаа. Нэг үгээр, тухайн жилд тэдэн тонн нүүрс нийлүүлнэ гэдэг ч юм уу. Ийм л гэрээ хэрэгтэй байна. Бүтэн жилийн гэрээ хийхгүйгээр ямар ч үндэслэлгүй 42 сая тонн нүүрс нийлүүлнэ гээд тусгачихаар зүгээр л мөрөөдөл болчихож байгаа юм.

Манай улсын нүүрсний олборлолт хоёр компанийн хооронд буюу Тавантолгой-Өмөрмонголын нэг компани хоёрын хооронд хийгдэж байгаа. Үүнийг олон улсын худалдаа гэж хэлэхэд ч хэцүү. Манай улс олон улсын худалдааны түвшинд хүрээгүй гэсэн үг. Тэгэхээр дэд бүтэц, худалдааны гэрээ, хэлэлцээрийн асуудлаа сайжруулахгүй бол ахиц гарахгүй. Sxcoal.com сайтаас харахад Хятад Улс 2020 оны эхний арван сарын байдлаар ОХУ-аас авсан импортын нүүрс өмнөх жилээс 11 хувиар өсч, 3.5 сая тоннд хүрсэн байна. ОХУ-ын импорт оны эхээс хойш тасралтгүй өсөж байна. Манай боломжийг Орос, Индонез хоёр хамгийн түрүүнд ашиглана. Тэнд өндөр хүчин чадалтай төмөр зам, далайн тээвэр нь байна. Харамсалтай нь, манай улсад тийм боломж байхгүй. Гашуунсухайтын төмөр зам 2022 оны долдугаар сард ашиглалтад орно. Ашиглалтад ороод хилийн боомтын асуудлаа шийдэж байтал 2022 он дуусна. Тэгэхээр үр дүнг нь 2023 онд л үзэх болов уу.

-Улсын төсвийн нэлээд хувийг уул уурхай бүрдүүлдэг. Гэтэл манай улсад Хятадаас өөр гадаад зах зээл байхгүй. Дээрээс нь Хятад Улс дотоодын олборлолтоо дэмжих бодлого барьж байна. Түүнчлэн Орос, Индонез хоёр манай улсад олдсон багахан боломжийг хувааж эдэлнэ гэлээ. Тэгэхээр энэ томоохон хүчин зүйлүүдээс хамаарч манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Дотоодын эдийн засаг хумигдана. Ирэх 2021 оны эдийн хүнд байх тухай хэлээд л байгаа. Тэгээд ирэх жилийн төлөвлөлтөөр гадаадын өр зээл улам нэмэгдсэн. 2021 онд эргэн төлөх гадаад өрийг хойшлуулсан ч 2022 онд дараагийн бондуудын эргэн төлөлт, 2023 онд Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацаа дуусна. Их л ухаалаг байхгүй бол хүндрэл рүүгээ явж байна. 2013-2016 онд эдийн засаг саарсаар байгаад хасах руу хүрлээ гэдэг зам руу явж байна. Энэ жил Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийг -6 хувьтай гарна гэж таамагласан. Энэ бол 1992 оноос хойш анх удаа -6 хувьд хүрч байна гэсэн үг. 28 жилийн түүхэнд зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үеийн хямрал руугаа буцаад очиж байна гэсэн үг. Дээрээс нь хүлээгдэж байгаа өр төлбөр, одоогийн ложистикийн систем, төрийн удирдлагын байгаа байдлыг харахад ойрын хоёр жил тун амаргүй байх болов уу.


Н.ЭНХБАЯР: Хятад Улс дутагдаж байгаа нүүрсээ дотоод олборлолтоосоо нөхөхийг илүүд үзэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-22 13:17:56
    Уншигч: Өмөрмонгол гэнэ үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188