• Өнөөдөр 2024-04-26

Үе үеийн хотын дарга нарын “үлгэрийн” АМЛАЛТУУД-I

2023-08-08,   2814

          Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байна. Мөн их сургуулиудын 95 хувь, аж ахуйн нэгжүүдийн 67 хувь, тээврийн хэрэгслийн 68 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 38.1 хувь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлд бий. Тэгвэл үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотын энэ их төвлөрөл, хөгжлийн түгжрэлийг бууруулах, үгүй болгох талаар ямар “үлгэр” ярьж, нийслэлчүүдийг “хуурч” байсныг сөхөн танилцуулж байна. Энэ удаад "түгжрэл" гэх агуулгын хүрээнд Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан нар ямар амлалт өгч байсныг сануулж байна. Хэрвээ тэдний “үлгэр” биелсэн бол хотын төвийн түгжрэл үгүй болох байв. Мөн нийслэлчүүд 2020 оноос метрогоор, энэ сараас агаараар ажилдаа явж байх байлаа.
 

Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛЧҮҮД 2020 ОНООС МЕТРОГООР ЗОРЧИНО

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл \2012-2016\
 
         Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар хотын иргэд 2020 он гэхэд метрогоор зорчино. Түгжрэлийг мартана” гэдэг "үлгэр" ярьж, метроны буудлуудын шав хүртэл тавьж байлаа.  
 
Тодруулбал, “Улаанбаатар метро” Амгалан-Толгойт хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байхаар "зурагдаж" байв. Гол нь Улаанбаатар хот метротой болсноор авто замын түгжрэл 20 хувь буурч, нийтийн тээврийн ачааллыг 87 хувь хөнгөлж, жилд давхардсан тоогоор 216 сая хүн зорчих боломжтой гэсэн тооцоолол гаргасан нь нийслэлчүүдийг баярлуулж байлаа.
 
2013 оны тавдугаар сарын 17. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ өдөр "Улаанбаатар метро” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад өргөн барьж байлаа. 
 
Тухайн үед Э.Бат-Үүл “Улаанбаатарт 17.7 км урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 саяыг, үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой. Ойролцоогоор 150  мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлнэ” хэмээж сүр дуулиантайгаар зарлаж байв. 
 
2013 оны зургаадугаар сарын 11. Амгалан-Толгойт хүртэлх 17.7 км “Улаанбаатар метро”-ны шугамыг тэмдэгжүүлэх ёслол болж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн X дугаар хороо,  Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гармын дэргэд нэг, Сонгинохайрхан дүүргийн XXIX дүгээр хороо, “Драгон” авто вокзалын баруун талд нэг өртөөний самбар зоож байв.
 
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж байв.
 

С.АМАРСАЙХАН: 2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРД БАЯНХОШУУ, ХАНЫН МАТЕРИАЛ ЧИГЛЭЛД АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛНЭ

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан \2020\
           С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагч байхдаа нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах хэд хэдэн “үлгэр” ярьсны нэг нь “Агаарын дүүжин тээвэр”. “Метро” гэдэг үлгэрт долоон жил хоосон итгэсэн нийслэлчүүдэд “агаараар” зорчих шинэ “үлгэр” ярьж өгч, мөн л итгүүлсэн. Түүнийхээр бол өнөөдөр Баянхошуу, Ханын материал орчмын иргэд “агаараар” ажилдаа ирж байх ёстой байв. 
 
2020 оны нэгдүгээр сарын 21. Энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн кабинуудыг нийтэд танилцуулсан. Францын Засгийн газрын 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөгийн зээлээр “Агаарын дүүжин тээвэр” үйлчилгээг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах болсноо зарлаж байлаа. 
Энэ өдрөөс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы А/198 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, “Агаарын дүүжин тээвэр” төслийн бэлтгэлийг хангаж эхэлсэн. “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээ нь нийт 157 кабинтай, нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, хүлээлгийн хугацаа нь 3-5 минут буюу цагт 3000 зорчигч, жилд 3,2 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хэмээн тайлбарлаж байлаа. 
 
С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээний тухай “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4.9 км, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэл 2.9 км тус тус агаарын зам барьж, дүүжин тээвэр явуулна. Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн мэдэгдэж байсан билээ. 
 

С.БАТБОЛД: ХОТЫН ЗАХИРГАА ЯАРМАГ РУУ НҮҮЖ, ХОТЫН ТӨВ ТҮГЖРЭЛГҮЙ БОЛНО

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд \2016-2018\
 
          Э.Бат-Үүл Нийслэлийн захиргааг Ханын материал рүү нүүлгэхээр шинэ барилгын шав тавьж байсан бол Су.Батболд хотын дарга болмогцоо Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэж, шинэ барилга барьж эхэлсэн. Тодруулбал, Яармагийн дэнж буюу Нүхтийн амны төгсгөлд А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилгыг нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвтэйгөөр барьж эхэлсэн билээ. Түүнийхээр бол хотын захиргаа Яармагт нүүж очоод, хотын төвийн түгжрэл үгүй болно гэх амлалт өгч байв. Харамсалтай нь өнөөдөр Хотын захиргаан нүүсэн ч түгжрэл арилах нь битгий хэл хэд дахин нэмэгдлээ. 
 
Мөн аймгаас том дүүргүүдийг дагуул хот болгох, Майдар, Аэросити зэрэг шинээр бий болох хотуудад хүн амыг тараан суурьшуулах замаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах “үлгэр”-үүд ч түүнийх. 
 
Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
 
 
 
 

Үе үеийн хотын дарга нарын “үлгэрийн” АМЛАЛТУУД-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188