• Өнөөдөр 2024-04-27

АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан их хурал Увс аймгийг цар тахлын голомт болгочихжээ

2021-04-15,   2330

         Энэ сарын 3-нд зохион байгуулсан Ц.Тувааны гэх тодотголтой Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг батламжлах их хурал олон цуглуулсан, хүн хоорондын зай бариулаагүй, нийт хүн амд халдвар тараах аюул дагууллаа гэж тухайн үедээ шүүмжлүүлж байсан. Тэгвэл шүүмжлэл ёсоор болж, уг их хуралд оролцсон хүмүүс Увс аймгийг цар тахлын голомт болгожээ. Тодруулбал, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсан уг их хуралд Увс аймгийн Улаангом сумаас ирж оролцоод нутаг буцсан төлөөлөгчдөөс гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 
Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотод ирж АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд оролцсон хүмүүс Увс аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгын гарын үсэг, тамгатай “нэвтрэх зөвшөөрөл”-өөр ирээд буцжээ. Тус “нэвтрэх зөвшөөрөл”“Увс аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн А/157 дугаар захирамжийг үндэслэн Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотод албан журмаар буюу намын их хуралд оролцох УАЗ-Пургон маркийн 1073У.. улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгээр нэвтрэх зөвшөөрөл олгов” гэжээ. Тус Пургон автомашинаар есөн хүн Улаанбаатар хотод ирж, АН-ын их хуралд оролцоод нутаг буцсан байгаа юм. Гэтэл дээрх есөн хүний гурав нь Улаанбаатар хотоос Увс аймагтаа халдвар тээгээд очсон нь батлагдаад байгаа юм. 

Түүнчлэн коронавируст цар тахлын хамгийн аюултай голомт буюу Улаанбаатар хотод ирсэн төлөөлөгчдөө Улаангом сумандаа буцаж очингуут нь Увс аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ч.Чимэд давуу эрх олгож, журмын дагуу тусгаарлаагүй гэх мэдээлэл ч байна. Цар тахал аюулын харанга дэлдэж байхад нэр бүхий хүмүүсийг халдварын голомт буюу Улаанбаатар хот руу илгээсэн, буцаж очмогц нь журмын дагуу тусгаарлаагүй зэрэг түүний энэ хариуцлагагүй үйлдлээс болж Улаанбаатар хотоос Увс аймагт “үсэрхийлсэн” коронавирусийн голомт цаашид увс нутгийнханд аюул заналхийлж болзошгүй байгаа аж. 

АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан их хурлын балаг ганц энэ биш юм. Тус их хуралд оролцохоор ирсэн Булган аймгийн удирдлагууд их хурлын өмнөх өдөр олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нартай уулзан архидан согтуурсан. Энэ архидалтын төгсгөлд Н.Түвшинбаяр багын найз Э.Энхбатыгаа үхлүүт болтол нь зодсон дуулиан өнөө ч намжаагүй байгаа билээ. 
 
 

АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан их хурал Увс аймгийг цар тахлын голомт болгочихжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188