• Өнөөдөр 2024-04-26

Хотын даргын ХОНГИНУУР ЗУРГАА

2021-02-08,   1465

Даргын орлогч гэх албан томилгоогоор эрх мэдэлтнүүд багаа бүрдүүлж, төрийн бүтцийг данхайлгадаг жишиг аль ч шатанд бий. Улаанбаатар хотод гэхэд л Засаг даргын үүргийг орлодог зургаан дарга байна.
 
Татвар төлөгчдийн мөнгөөр сул цалинждаг энэ орон тоог нэг тийш нь цэгцэлнэ гэж үе үеийн удирдлагууд ам гардаг ч улам бүр бүтцээ нэмж, хүрээгээ тэлсээр. Хотын орлогчийн албан тушаалд улстөрчийн ойрын хүрээллийн хүн очдог учраас мэдлэг, ур чадвараар эрэмбэлэгддэг эсэх нь эргэлзээтэй. Нэг үгээр хэлбэл, нөлөө бүхий улстөрчтэй ойр байсан хэнбугай ч хотын орлогч гэх албанд томилогдон нэр алдраа өсгөдөг гэсэн үг. Хамгийн сүүлийн томоохон жишээг дурдахад, байшин шатаж, гал гарч байхад цагаан бүрх малгай, нүдний шил зүүчихсэн эмэгтэй жишим ч үгүй селфи хийж зогссон үйл явдал жилийн өмнө өрнөсөн.
 
Хамгийн сонирхолтой нь үйл явдлын гол дүр нь нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал гэгч эмэгтэй байв. Угтаа бол 1.5 сая хүн амыг удирдаж, бодлого тодорхойлох эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн карьераа нэмэгдүүлэхээс хэтрэхгүй ажилладаг том жишээ нь энэ болсон. Уг нь бол хуулиар хотын дарга хоёр орлогчтой байх зохицуулалттай.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын  тухайд орлогч дарга нараа томилоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай хотыг удирдаж буй.
Өөрөөр хэлбэл, төслийн удирдагч гэх нэрийн дор хотын даргын хийх ёстой ажил үүргийг зургуулаа хувааж хийгээд, төсвийн мөнгөөр цалинжиж байгаа юм.
Тэгвэл хотын даргын зургаан орлогчийн хэн хэн болохыг товч танилцуулъя.

НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн томилогдсон. Д.Сумъяабазарын урдаа барьдаг ганц хүн хэдий ч цар тахлын үед сайн менежер, үлгэр жишээ удирдагчийн үүргийг төдийлөн гүйцэтгэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Уг нь бол нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг удирдаж байсан туршлагатай нэгэн. Цар тахлын хүнд үед нийслэлийн иргэдэд ээрч муурсан, эргэж буцсан шийдвэр танилцуулж, иргэдийн итгэлийг алдсан нь олон. Түүнд нийслэлийн нэгдүгээр орлогч гэх албан тушаал ахадсан уу гэлтэй.  
 
Улаанбаатар хотын уугуул гэгдэх Ж.Сандагсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Анх 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаас ажлын гараагаа эхлүүлж, улмаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Ингээд 2013 онд УИХ-ын Тамгын газар, гишүүний зөвлөхөөр ажиллаж, 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болсон.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  Н.БАЯРЧИМЭГ

Д.Сумъяабазар хотын дарга болохдоо өөрийн ойр гэгдэх хэд хэдэн хүнийг багтаа авсны нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг байв.
 
Түүнийг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилсон. Н.Баярчимэгийн тухайд хуульч мэргэжилтэй. 2011 оноос Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хуульчаар ажиллаж, үүнээсээ хойш Д.Сумъяабазартай гар нийлэн ажилласан гэдэг. Сонирхуулахад түүний жилийн орлого нь 82.8 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 50.7 сая, 205 сая төгрөгийн үнэ бүхий жижиг суудлын машинтай. Түүнчлэн гурван сая төгрөгийн үнэ бүхий 0.7 га газартай аж. Хадгаламжиндаа 13.9 сая төгрөгтэй  "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшдэг аж.

ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Д.ИХБАЯР

Баянгол дүүргээс  НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр эрхзүйч мэргэжилтэй, Монгол-Япон хэл орон судлаач, хэл шинжлэлийн магистр хамгаалсан байна
Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.
 
Нийслэлийн  МАН-ын хорооны гишүүн, НАМЗХ-ны бага хурлын гишүүн, удирдах зөвлөл гишүүн, НАМЗХ-ны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Баянгол дүүргийн НАМЗХ-ны тэргүүний сонгуульт ажлыг хийж байсан.

НИЙСЛЭЛИЙН АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ

Тэрбээр СУИС-ийг соёл, урлагийн удирдлага мэргэжлээр суралцаж төгсжээ. Хэвлэл, мэдээллийн салбарт түлхүү ажилласан тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр орон нутгийн ээлжит сонгуулиар сонгогдсон юм. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-ын даргын орон нутгийн ажлын багт багтан малчдад өвс, тэжээл, гурил, будаа тараасан шигээ явж харагдсан.
 
Уг нь бол Улаанбаатарын утаа, агаарын бохирдлын асуудал бүрэн шийдэгдчихээгүй л байлтай. Гэтэл үүрэгт ажлаа умартан УИХ-ын даргыг дагаж, малчны хотоор явж байгаа нь олны дургүйцлийг түрүүлсэн.

ЗАМ, ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.ОДСҮРЭН

 Б.Одсүрэн нь Мэдээллийн тенхологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, бизнесийн удирдлагын чиглэлээр давхар боловсрол эзэмшсэн нэгэн. Мөн НИТХ-ын тэргүүлэгч юм.
 
“Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал, “Эн Эс Жи” ХХК-ийн захирал,  “Миний байшин” төсөл санаачлагч,  “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал,  “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бизнесийн салбарын хүн юм.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.СҮХБААТАР

Түүнийг олон нийт НОСК-ийн дарга гэдгээр илүү мэднэ. 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчийн албанд томилогдсон. Б.Сүхбаатар нь "Суман гүн трэйд"-ийн захирал, “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал, “TV10” телевизийн захирал, “Эрүүл хүнс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
 
Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэж байв.
 
“Зуун ямаанд жаран ухна” гэгчийн үлгэрээр Засаг даргатайгаа нийлээд долоон хүн 1.5 сая хүнийг удирдаж байгаа хэр нь цар тахлын хүнд үед оновчтой шийдвэр, зөв менежменттэй ажиллаж чадахгүй байгаа нь бэлхнээ харагдаж буй. Эргэж буцсан, судалгаагүй шийдвэр нь нийслэлчүүдийг туйлдуулж байна. Энэ мэт төсвийн мөнгөөр сул цалинждаг эрх мэдэлтнүүдийн тоог цөөлж,  бизнес эрхлэгч нараа дэмжье, ХОТЫН ДАРГА АА.
 

Хотын даргын ХОНГИНУУР ЗУРГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188