• Өнөөдөр 2024-11-08

БУЛГАНЫ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН БУДЛИАНТАЙ ТҮҮХҮҮД

2024-09-29,   945

         Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан, ашиг сонирхлын ямар зөрчилтэй байсан талаарх баримтыг цувралаар хүргэж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид  хэрхэн ажилласан талаарх баримтыг хүргэе.

       2020 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар Булган аймаг 33 төлөөлөгчийг сонгон орон нутагт төлөөлөл болгон илгээсэн. Гэвч Булганчуудыг төлөөлсөн 33 төлөөлөгч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд анхаарахаас илүү олны анхаарал татсан дуулиант асуудлуудад нэр холбогдсон удаатай. Булган аймаг нь аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 21 аймгаас 18 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь Булганы удирдлагуудад хангалтгүй ажилласан гэх дүнг бэлэхнээ тавьж өгчээ. Тэгвэл Булган аймгийн ИТХ-д суусан төлөөлөгч нарын будлиантай түүхийг энд сануулъя.

МУУ НЭР, ЛУУ ДАНСААРАА АЛДАРШСАН С.ГАЛ-ЭРДЭНЭ

       Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул. Булган аймгийн хамгийн залуу бизнесмен бөгөөд “Харгант цамхаг секьюрити” ХХК-аар харуул хамгаалалт, “Эм Жи ти майнинг” ХХК-аар уул уурхайн машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, “Жи ар капитал логистик” ХХК-аар төмөр замын ачаа тээвэр, “Хангай констракшн” ХХК-аараа барилгын бизнес тус тус эрхэлдэг. С.Гал-Эрдэнэ хүүхэд ахуйгаасаа самбо, жудо бөхөөр барилддаг байсан. Тиймдээ ч Булганы Засаг дарга А.Ариун-эрдэнэ, Олимпын аварга Н.Түвшинбаяр нараар дамжуулан Х.Баттулгын хуурай дүү болж, 2020 оноос түүний дэмжлэгээр улс төрд орох оролдлогуудыг угсруулан хийж буй. Эхлээд 2020 оны УИХ-ын сонгуулиар Булганд нэр дэвшсэн боловч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрын араас гуравт жагссан. Улмаар намар нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч, томсгосон тойрогт тонгоруулсан.

Уг нь С.Гал-Эрдэнэ улс төр ч, бизнест ч харьцангуй шинэ хүн боловч хууль хяналтынханд ээрэгдсэн, шалгагдсан хэргүүдээрээ хэдийнээ танил болчихсон нэгэн. Тодруулбал, 2021 оны хавар болсон олимпын аварга Н.Түвшинбаяр, талийгаач Э.Энхбат хоёрын зодооны хэрэгт С.Гал-Эрдэнэ холбогдсон. Хэрэг гардаг өдөр С.Гал-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт байрлах “Их хуралдай” оффистоо Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг аваачиж, хамт архи уусан. Улмаар шөнө нь зодоон болж, эцэст нь нэг нь нартаас буцаж, нэг нь нарсанд орсон байдаг. Эл хэрэгт холбогдуулан С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татахыг олон нийт шаардаж байсан ч гэрчээр байцаагдаад хэргээр сугарч үлдсэн.

        Дараа нь, өнгөрсөн оны долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж байхдаа нэр бүхий цагдаагийн ажилтанд авлига өгч, хэргээ хаалгахыг завдсан гэх хэргээр АТГ-ын хаалга татсан мэдээлэл цацагдсан. АТГ-ынхан С.Гал-Эрдэнийг шалгах явцад нэр бүхий цагдаагийн ажилтны гэр бүлийн хүний данс руу хоёр удаа мөнгө шилжүүлсэн нь илэрсэн гэдэг. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ынхан С.Гал-эрдэнийн авлигын хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлж байгаагаа зарласан. Түүнээс хойш хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй байгаа.

      Сүүлд, “авдар”-таа авлигын 10 тэрбум төгрөгаа нууж байгаад АТГ-ынханд баривчлагдсан С.Батдөлийн хэрэгт С.Гал-Эрдэнийн нэр холбогдсон. Учир нь, С.Гал-Эрдэнийн “Жи Ар Капитал логистик” ХХК нь “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Тавантолгой төмөр зам” ХХК-уудтай гэрээлж, урд хөрш руу төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч С.Гал-Эрдэнэ төмөр замын тээврээ хурдасгахын тулд С.Батдөлд авлига өгсөн байж болзошгүй гэгдэж байлаа. Ийн С.Гал-Эрдэнэ булганчуудыг дөрвөн жил төлөөлөхдөө муу нэр, луу данснаас салсангүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН ХАЛААС НЭГТ ХАМТРАГЧ Д.НАМНАНБАЯР

Буган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Д.Намнанбаяр нь Бага тэнгэрийн амыг эзэгнэсэн, “Сод монгол” группын эзэн гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ойрын хүн гэгддэг. Тодруулбал,   “Сод Монгол групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд эзэн суугаад удаж буйг мэдэхгүй хүн үгүй биз. Өдгөө түүний “Нью тур” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд нийт 65 га талбайд “Бага тэнгэр” гэх цогцолбор хотхон барьж буй. Нийтдээ 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж Бага тэнгэрийг амыг дүүргэж байгаа. Өнгөрсөн сард тансаг зэрэглэлийн орон сууцны барилгынх нь I ээлж ашиглалтад орж, айлуудаа хүлээж авсан.

Тус компани Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн нэр дээр байдаг бол гүйцэтгэх захирлаар нь Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Намнанбаяр ажилладаг. Мөн Нью Тур компани Дархан цаазат Богд Хан ууланд хамгийн том тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын нэг гэгддэг. Улмаар тус компани нь зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн мод бут үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байсан удаатай. Харин Д.Намнанбаярын тухайд ИТХ-ын төлөөлөгчөөр сууснаас хойш хугацаанд хөрөнгө орлого нь нэмэгдэж, өссөн баримт байна.

Тодруулбал, тэрбээр 2020 онд жилийн орлого нь 47 сая гэр бүлийн орлого нь нэг сая, 155 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 10 сая төгрөгийн Аксо загварын автомашинтай хэмээн мэдүүлж байж. Харин 2023 онд түүний хөрөнгө орлого нь өсөж, нийт 125 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь есөн сая төгрөг болж нэмэгдсэн хэмээн мэдүүлжээ. Улмаар 135 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй болсон хэмээн дурдсан байна.

ХУВЬДАА БИЗНЕСГҮЙ Ч ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ НЭМЭГДСЭН БУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Маналжавын Бадам Бүрэгхангай сумын уугуул. 1993 онд Бүрэгхангай сумын Засаг даргаар ажиллаж, Бүрэгхангай сумын ЗДТГ-ын Хүүхэд залуучууд хариуцсан түшмэл, ИТХ-ын Нарийн бичгийн даргааар ажиллаж байсан. Мөн Бүрэгхангай сумын Бүрэн дунд сургуулийн Биеийн тамирын багш, ЗДТГ-ын Газрын даамлаар ажиллаж, 2004 оноос Бүрэгхангай сумын ИТХ-д сонгогдон даргаар нь ажиллаж байв. Тэрбээр Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргаар хоёр удаа ажиллаж байсан гэх намтартай. Ийн насаараа төрийн албанд сууж, төсвийн хөрөнгөөр цалинжсан түүний хөрөнгө орлого дөрвөн жилийн хугацаанд огцом нэмэгджээ.

Тодруулбал, 2017 онд нийт орлого нь 12 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 14 сая төгрөг байсан бол 2023 онд нийт орлого нь 125 сая төгрөг болж, гэр бүлийн орлого нь 47 сая төгрөг болж өссөн байна. Улмаар 186 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай, 44 сая төгрөгийн газартай, 72 сая төгрөгийн хадгаламжтай болж хөрөнгө нь нэмэгджээ.

Мягмаржамц Бат-Орших: ШИС, УТИС-ийг төгсөж, Улс төрийн их сургуульд суралцсан гэх товч намтартай. Алтан зуу хийдийн хамба лам тэрбээр Булган аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдсон. Энэ хугацаанд түүний хөрөнгө хэд дахин үржигдсэн баримтыг хүргэе. М.Бат-Орших ИТХ-д сонгогдоод удаагүй байхдаа өөрийн орлого нь 9.2 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 52 сая төгрөг байв.

Улмаар 258 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууц, 144 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй, 322 сая төгрөгийн мал аж ахуй, 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байжээ. Харин 2023 онд түүний орлого огцом нэмэгдэж, 380 сая төгрөг болсон бол гэр бүлийн орлого нь 63 сая төгрөг болж, 408 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай болсон байна.

Амгаланбаатар Сод-Эрдэнэ: Хялганат ХХК-д мастер, инженер, Хялганат тосгоны Захирагчын орлогч, Тамгын газрын дарга, Хангал сумын Засаг дарга, Булган аймгийн МЦХХК-ны даргаар ажилласан гэх намтартай. Булган аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдож, өдгөө Хялганат тосгоны Захирагчийн орлогч гэх “давхар дээл” өссөн А.Сод-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд ИТХ-д сууж, 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай болтлоо хөрөнгөжжээ.

 

 


БУЛГАНЫ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН БУДЛИАНТАЙ ТҮҮХҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188