• Өнөөдөр 2024-04-24

“ХАРМАГТАЙН ОРД”-ООС ПОП УЛСТӨРЧИД ХАР САНАА, УРТ ГАРАА ТАТ

2021-01-17,   1382

-“Хармагтайн орд”-ыг халамж болгох нэрээр сонгуулийн шоугаа эхлүүлэв үү-

Засгийн газраас шинэ оны босгон дээр “Хармагтайн орд”-ын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэсэн талаар мэдээлсэн. Угтаа бол “Хармагтайн орд”-оос их хэмжээний алтны нөөц илрүүлж, удахгүй энэ баялгийг иргэдэд хүртээх ойлголтыг төрийн томчууд олон нийтэд өгөв. 
 
Энэ мэдэгдэлтэй зэрэгцүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ “Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй ахмадуудад тавдугаар сар гэхэд нэг сая төгрөг олгоно” гэж зарласан. Алтны их нөөц илрүүлчихээд ийм мэдэгдэл хийхээр хэн хүнгүй л “Салхитын мөнгөний ордыг хувь хишиг болгосон шиг Хармагтайн ордыг ард иргэдэд халамж болгон өгөх гэж байгаа юм байна” гэдэг ойлголт авна шүү дээ.
 
Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар УИХ-ын даргад танилцуулга хийж, “Алтны нөөцийг 53.1 тонноор нэмэгдүүлсэн” хэмээн онцолсон нь “Дарин дээр давс” гэгчээр алтны ордыг юу юугүй л ард түмний хүртээл болгох гэж байгаа мэт ойлголт өгснийг хэлэх, сураглах хүн цөөнгүй болов. 
 

Гэвч “Хармагтайн орд”-оос тийм хурдан халамж хүртэхгүй. Учир мэдэх хэд хэдэн хүн ““Харамтайн орд”-ыг төр мэдэлдээ авах ямар ч боломжгүй” гэлээ. Тэр ч бүү хэл ““Оюутолгой”-н ордоос монголчууд юу ч хүртэж чадахгүй байгаатай адил Хармагтайн ордыг харахаас хазахын заяа монголчуудад байхгүй” гэх тайлбарыг зарим хүн хэлж байна. Учир нь, алтны нөөцөөрөө  “Оюутолгой”-н дараа орох томоохон орд газрын хоёр хэсгийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” ХХК (Xanadu Mines Ltd) компанид 30 жилийн эрхтэйгээр эзэмшүүлсэн байдаг юм байна.  

Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлснээр тус орд газар олны анхааралд өртжээ. Улмаар 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоосон байна. Ингэхдээ “Техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа  3.8 жилийн хугацаанд нөхөх боломжтой” хэмээн үзэж байсан гэдэг. Хайгуулын лицензийг 2002 онд "Айванхоу майнс” компани өөрийн охин компани "Оюут Улаан”-д шилжүүлж, Одоогоор “Занаду майнз” А буюу ашиглалтын лицензтэй бөгөөд “Хармагтайн орд”-д хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх эрхтэй аж. Тухайн үед улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд “Наад орд чинь шалихгүй нөөцтэй. “Оюутолгой”-той харьцуулах шаардлагагүй” хэмээгээд “Гаднын компанийн эзэмшилд байхад нэг их алдаад байх юмгүй” гэх ойлголтыг ч өгч байсан гэдэг. “Оюутолгой”-гоос 120 км, “Цагаан суварга”-ын ордоос 170 км зайтай, томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байрлах орд газарт шалихгүй нөөц байхгүй нь лавтай.
 
Ийн бүлэг том ордныхоо нөөцийн хагасыг манайхан гаднын компанид тал талаас нь дэмжиж өгөөд эзэмшүүлчихсэн түүхтэй.
 
Тэр үед нэр бүхий учир мэдэх хүмүүс “Хармагтай орд”-ын нөөц асар их гэдгийг хэлж байсан ч шийдвэр гаргах түвшнийхэн энэ саналыг нь огт тоогоогүй гэдэг. Ингээд зогсохгүй Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Тогтвортой байдлын гэрээ” гэх нэрийн дор энэхүү орд газраа бүр мөсөн тавиад туучих шахсан гэдэг. Харин “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тн алтны нөөц байгааг илрүүлснээр энэ ордын үнэ цэнийг сая л мэдэж, анхаарч эхэлсэн байдаг. Одоо тогтоогоод байгаа нөөц нь цаашид 60 хувиар нэмэгдэх магадлал байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа гэсэн. 

Тоохгүй шахам хаячихсан байсан энэ газарт их хэмжээний алтны нөөц байгааг ойлгосон эрх мэдэлтнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ түүгээр хийхээр зэхэж буй бололтой. Ингэхдээ тэд илрүүлсэн нөөцөө Эрдэнэсийн санд бүртгүүлээд л шууд ашиглалтад оруулж, үр ашгийг нь хүртээх мэтээр “пи-ар”-аа явуулаад эхэлжээ. Гэвч хамгийн бодит зүйл гэвэл тус ордын нөөцийг тийм хурдан ашиглалтад оруулахгүй. ТЭЗҮ боловсруулах гэхчлэн ажил нэлээд бий. Энэ мэт ажлууд нь урагштай, богино хугацаанд ахисан ч ирэх зургадугаар сарын дунд гэхэд яасан ч амжихгүй. Яаж ийж байгаад амжууллаа ч энэхүү байгалийн баялаг, алтны орд газрыг сонгуулийн шоу болгож, халамж болгож тараамааргүй байна.

Цар тахал, гадаад өр, ажилгүйдэл, амьдралын баталгаажих түвшний уналттай статистик, сөхөрсөн эдийн засаг гээд Монголд додомдох, тэтгэх зүйл цөөнгүй бий ч баялаг бүхнээ халамж нэрээр төр барьж байгаа намынхны халаасанд хиймээргүй байна. Өмнөх гашуун туршлагуудын адил ард иргэдэд хусмыг нь хувааж, өөрсдөдөө өрөмийг нь авахыгаа аль ч Засгийн газрын “том”-чууд марталгүй ирснийг мартаж болохгүй. “Хармагтайн орд”-оос хар санаа, урт сарвуугаа тат, эрх баригчдаа. 
 

“ХАРМАГТАЙН ОРД”-ООС ПОП УЛСТӨРЧИД ХАР САНАА, УРТ ГАРАА ТАТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-30 11:59:52
    ганаа: АРД ТҮМЭН АВНАА ОЛБОРЛОНО ТӨР ЗАСАГ АВНАА АШИГЛАНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-12 11:05:23
    ОСС: Энэ нөхдүүд 30 гаруй жил арай дэндүү даварч дураараа аашлан ард түмний өмч "ЭХ ОРОН" оор минь тоглож эрх ямба, эд хөрөнгө, хүсэл шуналаа гүйцэлдүүлэхийн төлөө улайран тэмцэж, ТӨРийн хуулийг уландаа гишгэн өөрсдийн зорилго хүсэлд нийцүүлэн өөрчилж дураараа дургиж ёстой цагаандаа гарчээ. Одоо эднийг таслан зогсоож эх орон, газар шороо, эрднэс баялагтаа эзэн нь болж чадахгүй бол, УХСАН НҮХ ОВООЛСОН ШОРОО хоёртой үлдэх цаг тун удахгүй ирэх нь гэдгийг санаж сэрэхгүй бол хожимдож амаа барих цаг тулж ирээд байна. Ард түмэн бид байглийн баялаг, орд газруудаа өөрийн мэдэлд:" АРД ТҮМЭН"- ИЙ мэдэлд авч харийнхнй гар хөл бологсод болон Дэлхийн баялгийгЦӨЛМӨГЧ Акултай нь хамт эх орноосоо ХӨӨН ЗАЙЛУУЛАХ нэн чухаЛ. МӨХШГҮЙ ТЭМЦЭЛ ээр монгол түмэн санаа зорилго нэгдэж босох цаг нэгэнт болжээ. САНАХТҮН СЭРЭХТҮН МОНГОЛЧУУДАА.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-12 11:03:22
    ОСС: Энэ нөхдүүд 30 гаруй жил арай дэндүү даварч дураараа аашлан ард түмний өмч "ЭХ ОРОН" оор минь тоглож эрх ямба, эд хөрөнгө, хүсэл шуналаа гүйцэлдүүлэхийн төлөө улайран тэмцэж, ТӨРийн хуулийг уландаа гишгэн өөрсдийн зорилго хүсэлд нийцүүлэн өөрчилж дураараа дургиж ёстой цагаандаа гарчээ. Одоо эднийг таслан зогсоож эх орон, газар шороо, эрднэс баялагтаа эзэн нь болж чадахгүй бол, УХСАН НҮХ ОВООЛСОН ШОРОО хоёртой үлдэх цаг тун удахгүй ирэх нь гэдгийг санаж сэрэхгүй бол хожимдож амаа барих цаг тулж ирээд байна. Ард түмэн бид байглийн баялаг, орд газруудаа өөрийн мэдэлд:" АРД ТҮМЭН"- ИЙ мэдэлд авч харийнхнй гар хөл бологсод болон Дэлхийн баялгийгЦӨЛМӨГЧ Акултай нь хамт эх орноосоо ХӨӨН ЗАЙЛУУЛАХ нэн чухаЛ. МӨХШГҮЙ ТЭМЦЭЛ ээр монгол түмэн санаа зорилго нэгдэж босох цаг нэгэнт болжээ. САНАХТҮН СЭРЭХТҮН МОНГОЛЧУУДАА.....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188