• Өнөөдөр 2024-05-16

Н.Энхбаяр намаа Цэцийн даргын суудлаар сольсон уу

2021-05-31,   868

        Н.Энхбаяр арваад жилийн өмнө Ардын намынхандаа гомдож, хэсэг нөхдийн хамт намаасаа туурга тусгаарлаж байлаа. Тухайн үедээ тэрбээр МАХН гэх нэрээ сэргээж, тусдаа нам байгуулж, ойрын хэдэн нөхдийн хамт улс төрийн замналаа үргэлжлүүлсэн билээ. Түүнийг дагаж МАН-аас гарсан нэр бүхий улстөрчид Н.Энхбаяраас урваж, Ардын нам руугаа эргэж орж байсан ч удаатай. Гэвч Н.Энхбаярын намынхан ээлжит сонгууль бүрээр парламентад нэг суудал авч, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших боломж авчихдаг чамгүй өрсөлдөөнтэй нам байв. Түүгээр  ч зогсохгүй МАХН-ын үзэл баримтлал, үйл хэргийг дэмждэг үнэнч сонгогч цөөнгүй байв.

      Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуульд тус намынхан улс төрийн хоёр намтай нэгдэж, эвсэл байгуулаад парламентад нэг суудал авч чадсан билээ. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон  хэдий ч намын дарга Н.Энхбаяр гэнэтийн шийдвэр гаргаж, хуучин журмын нөхөдтэйгөө ганзага нийлж, МАН-тай нэгдэхээр болсноо зарласан. Одоогоос таван жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор яг ийм шийдвэр гаргаж байсан удаатай.

Энэ удаагийн шийдвэрийг ч тухайн үеийнхтэй ижил байх, удалгүй буцаад МАХН нэрээрээ үйл ажиллагаагаа эхлүүлэх байлгүй гэх хүлээлт олны дунд байсан ч тэгсэнгүй. Эргэж буцалтгүй шийдвэр байсан гэдэг нь өнгөрсөн долоо хоногт МАХН-ыг татан буулгах хүсэлтийг нь Улсын дээд шүүх хүлээж авснаар эцэслэгдэв. Магад тэдэнд одоо буцах сонголт, бяр тэнхээ үлдээгүй бололтой.
Ингээд хоёр нам нэгдэж,  Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч, МАХН-ыхан бүрэн бүрэлдэхүүнээрээ У.Хүрэлсүхийн талд үйлчилж буй.
Хоёр нам нэгдэх яриа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгөхөөс л эхэлж байсан түүхтэй. Н.Энхбаяр залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр өөрийн биеэр очиж, МАН-ын байраар ойрхон эргэлдэх болсон гэх цуу яриа дэгдсэн нь ийм учиртай байжээ. Тэд ийн нэгдэж, нэг намын нэрээр үйл ажиллагаа явуулах тухайгаа анх гуравдугаар сарын 1-нд буюу Эх орончдын баяраар албан ёсоор дуулгаж, нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан удаатай. Хоёр нам нэгдэхдээ МАН-ынхан МАХН-д чамлахааргүй санал тавьж, намын залуу гишүүдийг нь өөд нь татна гэх амлалт өгсөн гэдэг яриа ч бий. 
Харин энэ талаар хуучин МАХН-ын дарга, одоогийн МАН-ын гишүүн Н.Энхбаяр “Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан бууж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан.
 
Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, цахим хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгсөн. Цаашид төрийн том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа” гэх тайлбарыг хийж байв. МАН-д нэг хэсэг өш зангидаж, шаралхаж байсан Н.Энхбаяр даргад энэ тийм ч хангалттай тохироо биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэцгээж байв.
 
Тэгвэл ирэх сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, МАХН-ны дарга төрийн томоохон албанд тушаалд томилогдох сурагтай байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Цэцийн дарга болж, томорно гэх яриа дэгдэх болжээ. Түүгээр ч зогсохгүй МАХН талаас гурван хүн сайд болно гэх бор шувуу ч бий. Ийн МАХН-ынхан МАН-тай нэгдэж, төрийн эрхийг барилцах нь сонгуулийн үр дүнгээс шалтгаалах нь.
 

Н.Энхбаяр намаа Цэцийн даргын суудлаар сольсон уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-01 10:25:34
    Маам.Ганцогт : Ү.Х.Ц- гэмт хэрэгтэн хог новоосл бүрдэх юмдаа .Өгзөг ялтан өөр юу юуч билээ , ийм цэцтэй байхаар яаж хууль шудрага хэрэгжихэвдээ .Н.Энхбаяр зүгээрл намаа тараах хүн хэээч биш ,улс эх орон гэж орилоодл л хувийн эрх ашигаа гүйцэлдүүлдэг хуухдаа хулгардаа , ХУЛГАЙЧ САЙН НЬ САЙН ЦААНААЛ ЁЗГҮЙ гэж үнэндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-31 21:30:05
    зочин: Луйварчин Энхбаярын сүүдэрт босоо Ганбаа хэлмэгдэгдлээ дээ хөөрхий.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188