• Өнөөдөр 2024-04-27

МАН-ЫН “ХҮЛЭМЖНИЙ ЦЭЦЭРЛЭГЧ”

2021-02-27,   938

-У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙГӨӨ “УЛС ТӨРИЙН ХҮЛЭМЖИНД БОЙЖООГҮЙ УЛСТӨРЧ” ГЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮҮ ДЭЭ. ХАРИН Ч “УЛС ТӨРИЙН ХҮЛЭМЖИНД БОЙЖИЖ, ДАРАА НЬ ХҮЛЭМЖИЙН ЭЗЭН БОЛЖ, ХАМГИЙН ОЛОН УЛСТӨРЧИЙГ БОЙЖУУЛСАН “ЦЭЦЭРЛЭГЧ”” ГЭВЭЛ ҮНЭНТЭЙ НИЙЦЭХ БУС УУ-
 

           Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны анхны бүрээг У.Хүрэлсүх үлээлээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө цахим ертөнцөд У.Хүрэлсүхийг бүтэн 25 минутын турш гоё ганган үгээр магтсан “Улс төрийн хүлэмжинд бойжоогүй улстөрч” хэмээх нэвтрүүлэг цацагдсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж буйг нийтэд тунхаглав. Ерөнхий сайдын албаа өгснөөсөө хойш нам гүм байж, Ерөнхийлөгчид дэвшинэ, дэвшихгүй гэгдэж буй У.Хүрэлсүх өөрийгөө буцааж олны анхаарлын төвд оруулах алхмаа бага багаар хийж эхэлж буй нь энэ аж. 

 
Эх болсон Монгол хэл хэн нэгнийг бусдад бялууртал нь магтахад даанч баялаг үгийн сантай юм гэж санагдсаныг нуух юун. Аав, ээж нь тээврийн жолооч байсан агаад “Зил-130”-ын дугуйг тэвш рүүгээ төвөггүй шиддэг байсан л гэнэ, тэр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит бага сургууль, их сургуулийг дүүргэж, Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа л гэнэ. Өглөө бүр Жанжин Д.Сүхбаатарыг бодож сэрж, өдөр нь агуу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шөнө нь зүүдэлж унтдаг гэхээс наагуур л. За энэ ч яахав, хүссэн хүсээгүй ихдээ л сарын дараагаас үүнээс ч илүү дотор бялуурам магтаалтай нэвтрүүлэг, сурталчилгаанууд нь залхтал цацагдахаас хойш. 
 
        Гол нь эл 25 минутын магталтын нэрийг “Улстөрийн хүлэмжинд бойжоогүй улстөрч” гэж өгсөн нь У.Хүрэлсүхийг бусад улстөрчөөс тэс өөр, таримал биш, төрмөл улстөрч гэж дөвийлгөн тодотгох гэсэн санаа бололтой. Өөрөөр хэлбэл, тэр хэрвээ нэр дэвшвэл “У.Хүрэлсүх бол бусад улстөрчөөс өөр” гэсэн тактикаар энэ удаагийн сонгуулийн “давшилт”-д орох бололтой. Хар үгээр хэлбэл бусад улстөрч нохой, У.Хүрэлсүх бол чоно гэж байгаа юм. Ер нь ч Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй улстөрчид бүгд л “Би бусдаас өөр” гэх тактик ашиглаж, бусдаасаа ямар нэг юмаар ялгарахыг хичээдэг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд л гэхэд Х.Баттулга “Би Монгол, бусад нь Хятад” гэсэн уриатай өрсөлдөөд ялсныг санаж буй байх. Үүнтэй адилхан У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд “Би бол төрмөл улстөрч, бусад нь хүлэмжний таримал” гэсэн уриатай өрсөлдөх нь ээ гэж төвөггүй ойлгогдож байна. 
 

Гэхдээ У.Хүрэлсүхийг “Улс төрийн хүлэмжинд бойжоогүй улстөрч” гэхэд нэг л худлаа санагдаад байгаа юм. Тэрбээр 21 настайдаа буюу 1989-1990 онд ганц жил Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажилласныг нь эс тооцвол өдийг хүртэлх ажил, амьдралынхаа бүхий л цаг хугацаанд МАН-д уяатай яваа. Чухамдаа  тэр бол улс төрийн, тэр тусмаа МАН-ын хүлэмжинд бойжсон нэгэн яах аргагүй мөн. Эл хүлэмжинд бойжиж, улс төрийн арга ухаанд суралцаж дуусмагцаа тэр МАН-ын хүлэмжийн “цэцэрлэгч” болсон байдаг. 

 

Тодруулбал, У.Хүрэлсүх МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо буюу одоогийн НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр 1997-1999, 2000-2005 онд хоёр удаа сонгогдож ажилласан. Тус байгууллага нь залуучуудын холбоо нэртэй боловч үнэн хэрэгтээ МАН-ын шинэ залуу лидерүүдийг бэлтгэдэг сургууль. Өөрөөр бол, МАН-ын дараагийн үеийн улстөрчдөө “үрслүүлдэг” жинхэнэ “хүлэмж” нь юм. Энд бэлтгэгдсэн залуус хэсэг хугацаанд нам дотроо ажлын алба хэсэж байгаад нэг тойрог олж, нэр дэвшээд улс төрд ордгийг бүгд мэднэ. Жишээ нь, 2005 онд тус холбооны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх, ТУЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгч нь Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Я.Содбаатар байлаа. Хожим нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болж, Г.Занданшатар УИХ-ын дарга, Я.Содбаатар Шадар сайд болсон. Тэдний араас буюу 2010-2014 онд тус НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан Л.Оюун-Эрдэнэ өдгөө Ерөнхий сайд болчихсон, дэд ерөнхийлөгч нь байсан Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичиг болж, гал тогоог нь "базаж" байна. Мөн тэдний араас 2015 онд тус холбооны Ерөнхийлөгч болсон Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болчихсон явна. Товчхондоо МАН-ын залуучуудын холбоо гэх хүлэмжинд бойжигсод, тэднийг арчилж, тордож байсан үе үеийн “цэцэрлэгчид” нь өдгөө төрийн толгойд заларчихсан явна. 

 

Ингээд харахаар У.Хүрэлсүх эхлээд МАН-ын хүлэмжний бойжигч байгаад дараа нь цэцэрлэгч болж, дараа нь МАН-ын дарга болсноороо өөрөө “хүлэмжний эзэн” болчихсон гэх үү дээ. Тэрбээр хүлэмжний цэцэрлэгч байхдаа хамгийн сайн арчилж, тордож, бөөцийлж, бойжуулсан нь өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тиймдээ ч түүнийг өөрийнхөө оронд “цэцэрлэгч”-ээр өв залгамжлуулж, НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллуулсаныхаа дараа улс төрд хөл тавиулж, Ерөнхий сайд болтол нь өөд нь татсан. Удахгүй түүнийг МАН-ын дарга буюу хүлэмжний эзэн болгох гэнэ гэх бор шувуу ч нисэж буй.  

 
        Ийм байхад У.Хүрэлсүх өөрийгөө “Улс төрийн хүлэмжинд бойжоогүй улстөрч” гэж сурталчилуулах нь зөв гэж үү дээ. Харин ч “Улс төрийн хүлэмжинд бойжиж, дараа нь хүлэмжийн эзэн болж, хамгийн олон улстөрчийг бойжуулсан “цэцэрлэгч” улстөрч” гэвэл үнэнтэй нийцэх бус уу. Ямартай ч У.Хүрэлсүх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол түүний анхны сурталчилгаа нь ихээхэн худал хуурмаг байлаа. 
 
 

МАН-ЫН “ХҮЛЭМЖНИЙ ЦЭЦЭРЛЭГЧ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188