• Өнөөдөр 2025-01-19

АМЬД “ГЭРЛЭН ДОХИО” АЖИЛЛУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

2024-10-28,   373

Манай улс амьд “гэрлэн дохио” ажиллуулж, тэднээр замын хөдөлгөөнөө зохицуулуулдаг дэлхий дээрх цор ганц улс болов уу. Дэлхийн олон улсад замын цагдаа бий л дээ. Гэхдээ тэд шаардлагатай үед л зам дээр гарч, шаардлагатай үед л жолооч нарын үнэмлэхийг шалгадаг болохоос манайх шиг өдөр, шөнөгүй зам дээр өнждөггүй. Харин манай цагдаа нар өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуун, цас, бороо, салхи, шуурга гээд цаг агаар ямар байхаас үл хамааран замын голд хамаг амьтны уур уцаар, гомдол бухимдлыг тээн, хараалгуулан барин замын хөдөлгөөн зохицуулдаг. Тэмдэглэлт баярын өдрүүдэд ч баярлах эрхгүй, бүх нийтийн амралтын өдрүүдэд ч амрах эрхгүйгээр тэд амьд “гэрлэн дохио”-ны үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, замын цагдаа нар гурван ээлжээр ажилладаг байна. Өглөөний ээлж 07:00-14:00 цаг, оройн ээлж 14:00-21:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэдэг бол шөнийн ээлж нь 20:00-08:00 цагийн хооронд ажиллаж, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм журмыг мөрдүүлдэг.

2018 онд Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн 7111 алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчлөлийн судалгаанд хамруулжээ. Ингэхэд алба хаагчдын 884 нь хоол боловсруулах эрхтний, 507 нь зүрх, судас, цусны эргэлтийн, 668 нь бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй байж. Түүнчлэн 403 нь нүдний, 244 нь амьсгалын эрхтний, 219 нь мэдрэлийн эмгэгтэй, мөн харшил, дотоод шүүрэл, яс, булчин холбогч эдийн гэмтэл зэрэг маш олон төрлийн өвчлөлтэй нь илэрсэн байна. Учир нь цагдаагийн албаныхан хэзээ ч тогтсон цагт чанартай хоол унд идэж чаддаггүй, цаг наргүй ажилладаг. Мөн бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй гарсан хүмүүсийн олонх нь замын цагдаа нар байсан бөгөөд өвлийн хасах 30 хэмд гадаа олон цагаар ажиллах нь энэ өвчлөлийн гол шалтгаан болжээ.

Уг нь замын хөдөлгөөнийг зохицуулдаг дүрэм, журам, гэрлэн дохио гээд дэлхийд мөрддөг бүх стандарт манайд бий. Гэтэл жилд импортоор орж ирдэг машиныхаа тоог замын бүтээн байгуулалт нь гүйцдэггүй бөгөөд замынхаа хүчин чадлаас хэд дахин олон автомашинтай. Иймээс ч Улаанбаатарт байгаа бүх машин зам дээр гарвал хот маань тэг зогсоход хүрсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Статистик мэдээллээс харвал, Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Оргил ачааллын үед нийслэл дэх тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой. Дээрээс нь дүрэм журмаа мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй жолооч нар улаан гэрэл асчихаад байхад л уулзвар нэвтрэхээр зүтгэж, улмаар чагтан түгжээ үүсгэж, машинууд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэдэн цаг зогсож, хэн хэнийгээ буруутгасаар түгжрэл үүсдэг. Арга буюу хэдэн цагдаа нар нь очиж зохицуулж байж л шийдэлд хүрдэг болоод удсан.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулахад өдөр тутам 200 орчим цагдаа үүрэг гүйцэтгэдэг. Цагдаа нар замын хөдөлгөөн зохицуулсан үед зарим тохиолдолд  энгийн үеэс ч илүү түгжирдэг, мөн тэд танил тал, дарга нарыг хурдан явуулахын тулд “татдаг” гэх мэдээлэл ч амнаас ам дамжин яригддаг. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас үе үе “Тэгвэл бид цагдаа нараа зам дээр гаргахгүй, замын хөдөлгөөн зохицуулахгүй” гэх гоморхол цухалцдаг.

Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан П.Цэвэгмид “Хойд Солонгос ч амьд “гэрлэн дохио” ажиллуулахаа больсон гэж дуулсан. Манайх шиг ийм улс бараг байхгүй байх. Цагдаа нараа тамлаж байна. Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй, хөдөлгөөн зохион байгуулалт, хяналтаа хийж чадахгүй байна. Хэдэн цагдаа нар маань түгжрэлийн цагаар дарга нарынхаа машиныг өглөө “татаж”, хот руу оруулж ирдэг, орой нь суганыхаа булчирхайг цочтол дохиж хариулдаг, ийм амьдралын хэвшилд бид орлоо. Үүнийгээ ТЦА ажил сайн хийж байна гээд байдаг. Энэ бол ажил биш, ТЦА-ны удирдлагууд дарга нарт ажил хийсэн болж харагдаж, албан тушаалаа хадгалж үлдэх гэж байгаа хэрэг. 21 дүгээр зууны хот уулзвар бүр дээр амьд гэрлэн дохио ажиллуулж байна гэдэг бол эмгэнэл” хэмээсэн юм.

Зарим тоон мэдээллийг дурдвал, өдөрт 2-3 хүн зам тээврийн осолд өртөж байна. Түүнчлэн нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.4 хувийг жолоочийн буруутай үйлдлээс, 292 буюу 0.2 хувийг замын нөхцөлөөс, 2.3 хувийг явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол эзэлдэг. Хэрэв замын цагдаа нар үүрэг гүйцэтгэхгүй бол энэ тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь жолооч нар замын цагдаа харахаараа “номхорч”, дүрмээрээ зорчдог.

Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал нэг талаас соёлгүй, дүрэм журмаа мөрддөггүй жолооч нарын буруу ч, нөгөө талаас замын хөдөлгөөний зохион байгуулалт, хяналтыг зөв хийж чадахгүй, түгжрэлийг шийдэх шийдэл нэвтрүүлж чадахгүй байгаа төр засаг, хэдэн цагдаа нараа зам дээр гаргахаас өөрөөр ажил хийдэггүй ТЦА-ны удирдлагуудын буруу юм. Хэзээ болтол бид амьд гэрлэн дохио ажиллуулсаар байх вэ? 1.6 сая хүн амтай метрополис хотод амьд “гэрлэн дохио” ажиллуулна гэдэг эмгэнэл, ичгүүр, гутамшиг шүү, дарга нар аа.

 

 

 


АМЬД “ГЭРЛЭН ДОХИО” АЖИЛЛУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 20:21:22
    S: XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 20:13:07
    Зочин: Иргэд нь ухамсартай болж замын хөдөлгөөнд соёлтой оролцоогүй цагт зохицуулагч байж байх байхдаа иргэдээ эхлээд ухамсартай болгох хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 15:07:09
    ь: Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байвал ингэж ажиллах хэрэг байхгүй л дээ. Битгий тэнгэрийн юм яриад бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 11:23:35
    Бодлын хулгайч: Ард түмний толгой цэнэглэгдэж дуусаагүй байна даа.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 10:58:12
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 10:46:53
    Зочин: Чаи шиг пиздааг замын хөдөлгөөнд соёлтой зөв дүрэм журамаа биелүүлдэг хүн чанартай болсон цагт мөн дээрээс өгсөн үүрэгийг биелүүлдэг болсон цагт болино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-28 10:45:18
    Зочин: Чаи шиг пиздааг камыг хөдөлгөөнд соёлтой зөв дүрэм журамаа биелүүлдэг хүн чанартай болсон цагь мөн дээрээс өгсөн үүрэгийг биелүүлдэг болсон цагт болино
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188