• Өнөөдөр 2024-04-20

СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ, СОНСГОЛОО МАРТУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА, АРДЫН НАМ

2023-06-29,   877

      “Нүүрсний хулгай”-н хэргийн Нээлттэй сонсголыг сонгуулиас наана болно гэж хүлээх хэрэггүй болов бололтой. Ардын намынхан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Адууны наймаачин” Т.Аюурсайхан, Архангайн фракцын тэргүүн Ж.Мөнхбат гуравтай том тохироо хийж, тэдэнд бүгдийг тохоод, бусдыгаа хамгаалж үлдэх тактикт шилжсэн нь тодорхой болж байна. 
 
     "Эргэлт" сэтгүүл улстөрчдийн тэн хагас нь буюу УИХ, ЗГ-ын 40 гишүүн нь нүүрсний бизнестэй холбогдож байгааг хөдөлшгүй баримтаар ил болгосон. “Нүүрсний хулгай”-н хэргийг хянан шалгах үүрэгтэй УИХ-ын Түр хорооны ахлагч Г.Ганболд өөрөө хүртэл “нүүрсний хулгай”-нд хуруу дүрж, халаас нэгтэй болсныг илчилсэн. Өөрөөр хэлбэл, “нүүрсний хулгай”-н гэх энэ хэрэгт эрх баригч намынхнаас холбогдоогүй хүн бараг л байхгүй. Ардын намынхан ч “нүүрсний хулгай”-н хэргийн Нээлттэй сонсголыг явуулбал Төрийн ордон нурахаас наахнуур оволзож, төв талбай хотойхоос наахнуур бужигнана гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Тиймдээ ч “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголыг сонгуулиас наана явуулахгүй байх, ядаж л Үндсэн хуулийг өөрчлөхөөсөө наана явуулахгүй байхын тулд аргаа барцгааж байна. 
 
      “Мянгыг үрж, саяыг олох” маркетингийн мундаг ухаан байдгийг Ардын намынхан, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн “торгон цэрэг”-үүд “нүүрсний хулгай”-н хэргийг мартуулах зорилгоор тун чадамгай ашиглаж байна. Ялихгүй сэдэв, шалихгүй хэргээр сошиал сенсаци дэгдээж, “нүүрсний хулгай”-н хэргийг мартуулж, нийгмийн ой санамжаас “устгах”-аар улайрч байна гэх үү дээ. 
 
    “Шувуу” ажиллагаагаар Х.Нямбаатар хэсэг шуугиулав. Эхлээд, гэмт хэрэг үйлдээд гадагшаа зугтсан 92 иргэний нэрийг нийтэд ил болгож, интерполоор эрэн сурвалжилж, “шувуу” ажиллагааны хүрээнд “шүүрч” авчрахаар болсноо зарласан. Интерполын санд тухайн иргэдийн мэдээлэл одоог хүртэл ороогүй буюу “шоу” байсныг дурдах нь зүйтэй. Дараа нь, 70 шүргэж яваа Т.Бадамжунайг тусгайгийнхнаар сугадуулан, сүр дуулиантайгаар авчирсан. “Болжмор” шиг болчихсон Т.Бадамжунайг “бүргэд” шиг хоёр залуугаар сугадуулан авчирч, сошиалын бүх сувгаар шууд дамжуулан үзүүлж, төгсгөлд нь Х.Нямбаатар ташаагаа тулж зогсоод ярвайсхийн ярилцлага өгч, товчхондоо “шувуу” ажиллагааг тун сайн “тавилттай” эхлүүлсэн. “Хууль зүйн сайд хилийн чандад баривчилгаа явуулсан анхны тохиолдол боллоо”, “Авлигачдын “аав”-ыг авчирлаа” гэх мэтээр уянгалуулахаа ч мартаагүй. Араас нь, “Шувуу” ажиллагаа гэх улс төрийн “шоу”-гаа Н.Удаанжаргалаар үргэлжлүүлж эхэлсэн. “Аргентинд байгааг нь тогтоолоо”, “Тайланд руу нисжээ”, “Машинаар Малайзад хүрчээ”, “Найзынхаа ээжийн картыг ашиглаж байна” гэх мэтээр шуугиулсаар. Хаана, хэнтэй явааг нь, хаанаас хашаа нисээд байгааг нь мэдээд, зарлаад байгаа мөртлөө “шүүрч” чадахгүй байгаа нь “шувуу” ажиллагаа анхнаасаа “нүүрсний хулгай”-н хэргийг мартуулах “шоу” байсныг батлаад өгч байгаа юм. Сүүлд нь, “Х.Нямбаатар ахиад “шувуу” ажиллагааныхныг ахалж, хэрэгтнүүдийг “шүүрэх”-ээр Солонгосыг зорилоо” гэж сошиалаар баахан сэвүүлсэн. Сумо үзэж, самгёмсал идэж байгаа бичлэг нь задрахтай зэрэгцээд “Би хэрэгтнүүдийг барих гэж гадагшаа яваагүй. Эмнэлэгт үзүүлж, хоол идэж, сумо үзээд буцаж ирсэн. Хүн л юм чинь идэх, үзэх, өвдөх эрхтэй биз дээ” гэж өөрийгөө өмгөөлж мэлзсэн. Товчхондоо, Х.Нямбаатар хавар эхлэхтэй зэрэгцээд л “Шувуу” ажиллагаа гэгч “шоу” эхлүүлж, “нүүрсний хулгай”-н хэргийг нийгмийн ой санамжаас “устгахад” онцгой үүрэг гүйцэтгэж байна. 
 
      “Шилэн” ажиллагаагаар Н.Учрал нийгмийн анхаарлыг сарниулж, сошиал сенсацыг угсруулж байна. Сүүлдээ, Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд гэхээсээ “Шилэн” ажиллагааны ахлагч гэвэл зохихоор болов. Төрийн мэдээлэл ил болж, иргэд нээлттэй харах эрхтэй болж байгаа нь сайн хэрэг. Асуудлын гол нь, Н.Учрал хуучны хэргүүдийг сөхөж, шинэ хэргүүдийг дарах ажиллагаа явуулаад байна. Өөрөөр хэлбэл, “Шилэн” ажиллагаа гэх нэрээр халхавчлан хуучны хэргүүдийг сөхөж, тухайн хэргүүдээр нийгмийг “хооллож”, нүүрсний хулгайн хэргийг мартуулахад гол үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь, Н.Учрал эхлээд “Шилэн” ажиллагааны хүрээнд, ЖДҮХС, ХААДС-гийн найдваргүй зээлдэгчдийн мэдээллийг байршуулсан. Түүгээрээ дамжуулан таван жилийн өмнөх “ЖДҮ”-гийн хэргийг сэргээж, сошиалаар нэг найдваргүй зээлдэгчдийн тухай сэвүүлээд эхэлсэн. Таван жилийн өмнө дэгдээд, тэгсхийгээд мартагдсан 800-900 саяын “ЖДҮ”-чдийн хэрэг чухал уу, учруулсан хохирол нь хэдэн их наядаар яригдаж байгаа, улсын баялгийг бүхлээр нь тоносон “Нүүрс”-чдийн хэрэг чухал уу гэдгийг бид тооцоолохгүйгээр Н.Учралын “Шилэн” нэртэй сошиал “өгөөш”-нд орчихоод байгаагаа бид бодох л ёстой. Хамгийн сүүлд, Н.Учрал үе үеийн хотын дарга нарын олгосон газрын мэдээллийг байршуулсан. Тэгмэгц сошиалын анхаарал үе үеийн хотын дарга нар буюу газрын наймаачдын асуудал руу төвлөрч, “нүүрсний хулгай”-н хэргийг санахтай, манатай болчихож байгаа юм. Үнэндээ, М.Энхболд хотын даргаас бууснаасаа хойш өнгөрсөн 18 жил “газрын наймаачин” гэгдсээр л ирсэн. Хэзээ, хэнд, хэдэн төгрөгийн авлигаар газар олгосон нь ард түмний дунд үлгэр домог шиг л яригдаж ирсэн, товчхондоо түмний мэддэг хуучин сэдэв. Гэхдээ Н.Учрал “Хотын дарга нарыг олгосон бүх газрын мэдээллийг ил болголоо” гэх сүржин мэдэгдэл хийгээд, сошиал сэвээд эхэлмэгц шинэ сэдэв болж хувираад, нийгмийн анхаарал тийшээ төвлөрчихөж байна гэсэн үг. Хотын дарга нарын хууль бусаар олгосон газруудыг хурааж авч чадахгүй, тэнд нь баригдсан барилгуудыг нурааж чадахгүйгээс мөртлөө хэзээ, хэрхэн олгосныг нь ил болгож, сошиалаар сэвэх хэнд хэрэгтэй гэж. 
 
      Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болж улс төрд хөл тавьсан, Уул уурхайн дэд сайд болж дэвшсэн, удалгүй унасан тун товч намтартай О.Батнайрамдал гэх залуу Боловсролын зээлийн сангийн хулгай гэж яриад гэнэт гарч ирэв. 2000-аад оны дунд үеэс эхлэн томчуудын хүүхдүүдийг тэжээж тэтгэх зориулалттай явж ирсэн Боловсролын зээлийн сангийн асуудал мөн л навсайтлаа хуучирсан сэдэв. Гэхдээ О.Батнайрамдал өөрөө тус сангаас зээл авч чадаагүй буюу томчуудын хүүхдүүдэд боломжоо булаалгасан түмний хүүхдүүдийн нэг гэх дүрээр гарч ирснээрээ энэ сэдвийг шинэ сэдэв болгож чадлаа. Ингэснээр, нийгэмд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “нүүрсний хулгай”-н хэрэгт хэр гүн хутгалдсныг, хэчнээн төгрөг хууль бусаар халаасалсныг биш, харин охин Р.Сийлэнгийнх нь зээлийг л ярьж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэчнээн компаниар дамжуулж нүүрсний тээвэрт гар дүрснийг биш, харин хүү А.Биндэрьяагийнх нь зээлийг л ярьж байна. Товчхондоо, О.Батнайрамдал “нүүрсний хулгай”-н хэргийг мартуулахад хувь нэмрээ оруулж, намдаа бага ч атугай гавьяа байгууллаа гэсэн үг. 
 
     Энэ мэт Л.Оюун-Эрдэнийн “торгон цэргүүд”-ийн сошиал сенсаци дэгдээх ажиллагаануудын үр дүнд өнөөдөр нийгмээрээ “нүүрсний хулгай”-н хэргийг ор тас мартчихаад, зохион байгуулалттайгаар хаяж өгсөн сэдвүүд дээр нь зодолдохоос наахнуур хэрэлдээд сууцгааж байна. Хуучны, хохирол багатай хэргүүдийг ар араас нь сөхөж, сошиалаар сэвж, “нүүрсний хулгай”-н нийгмийн анхаарлаас алгуурхнаар арилгасаар байна гэсэн үг. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ сонгуулиас наана нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг явуулахгүй байх, хуучруулж мартуулах ажиллагаа тун амжилттай хэрэгжиж байна гэж харагдаж байна. 
 
Эцэст нь, Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө тарьсан “балаг”-ийг өөрөө цэвэрлэж байгаа нь энэ. Намдаа дангаараа ноёрхлоо тогтоож, ах нараа “зайлуулах”-ын тулд Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай хэргүүдийг эхлүүлсэн. Гэвч “жоомоо алах гээд гэрээ галдах” гэгч болж намынх нь нэр хүнд шаварт шигдсэн. Нэмээд нүүрсний хулгайн хэргийн нээлттэй сонсголыг явуулбал Ардын нам шигдсэн шавраасаа гарах аргагүй болно. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэргийн нээлттэй сонсголыг сонгуулиас өмнө явуулахгүй байх, ядаж Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зорилгоо биелүүлэхээсээ өмнө явуулахгүй байхаар бүх аргыг ашиглаж байгаа харагдаж байна. 
 

СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ, СОНСГОЛОО МАРТУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА, АРДЫН НАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-29 13:26:16
    ccc: Hogjliin bank gej shal hudlaa jujig tavij baahan gemgui humuusiig tamallaa,jinhene hulgaich naraa avaad uldsen Oyunerdene,harin shuuh tusdaa zasaglal gedegee haruulj shudraga baij olon huniig helmegdelees avarlaa daa.Ingej uls oron udidana gej bolhgui dee,shuvuu swhuur shoron gej baahan hudlaa orilloo ,oor hiiv ,yu hiij buteev,ard tumen bugdeeree ulniih bolloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 12:10:55
    Зочин : Үгүйблгүйдээ эхэлсэн ажлаа хаяхгүй биз хоёр талаас харж бичмээр дээ юм бичдэг хүн болгон сайн хүн бх ухаантан бх боломжгүй зарим нь элэг авмаар юм бичих зарим нь бүр тэнг тэнэгүүдэд зориулсан юм бичих сонгуульд бэлтгэх чин зөвхөн монголд бдаг асуудал бишээ дэлхийн улсууд бүгд өөрөө чаддаггүй хүн амаараа бусдыг шүүмжилдэг болтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 09:16:31
    өмнө: нүүрсний хулгай гэж юу билээ хэзээ хаанаас тийм хулгай гарсын болоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 08:02:11
    Ү: Качкар ажил явуулах гэж дан тавилттай жүжиг. Дандаа Херо Баатараар дэглүүлсэн олон ангит сериал
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188