Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн, Японы сүмо бөхийн их аварга асашёорюү хэмээн Д.Дагвадоржийг монголчууд ихээхэн үнэлж, хүндэлдэг. Цагтаа Их наран улсын үндэсний бөхийн дэвжээнд түүнээс өөр хүчтэнгүй мэт аархаж, сүмогийн дэвжээг эзэгнэж явсан нь саяхан. Монголчуудыг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж, сүмо бөхийг үндэсний бөх шигээ шимтэн үзэхэд ч их аварга Д.Дагвадоржийн барилдаан багагүй нөлөө үзүүлсэн биз ээ.

Гэвч үнэн хэрэгтээ Д.Дагвадорж энэ амжилтандаа хэт их бардаж, Монголын ард түмний хайр хүндлэлийг дааж чадахгүйд хүрээд байна. Сүмогийн дэвжээнээс зодог тайлснаасаа хойш тэрбээр бизнесийн салбарт хөл тавьж, өдгөө Монголын толгой бизнесменүүдийн эгнээнд бичигдэх болсон нь нууц биш юм. Тодруулбал, Д.Дагвадорж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Асашёорюү” ТББ, “АСА гүүдс” ХХК, “Лайпэл” ХХК, “Монголын тариалан эрхлэгчдийн гурвалжин будаа холбоо” ТББ, “Монголиан компьютер пауэр центр” ХХК, “Монгол адууны дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ, “Кинг хорс монголиа” ХХК, “Рояал плаза” ХХК зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг.
Хэдий энэ түүний Үндсэн хуулиар олгогдсон эрх байж болох ч нийтийн эрх ашгийг хөндсөн, олон асуудалд нэр холбогдох боллоо. Ингэхдээ улстөрч ахынхаа нөөлөг дор дэндүү дураараа дургиж, сарвайсан болгоноо авах гэж улайрдаг, түүнийг нь эсэргүүцсэн бүгд рүү дайрч давшилдаг хэтийдсэн байдал нь олны дургүйцлийг хүргээд буй.
Угтаа бол хотын даргаар хаацайлуулсан түүний дураараа үйлдлүүд хэрээс хэтэрч, нийтийн эрх ашгийг юман чинээ тоохгүй аархаж явна. Түүгээр ч зогсохгүй тэрбээр улс төр хүч үзэх сонирхолтой нэгэн.
Түүний эзэмшлийн компаниудаас хамгийн олны анхаарал татаж, дуулианд өртөөд буй нь “Аса” групп эзэмшил Аса цирк юм. Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Тэр цагаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан гэдэг. Тухайн үедээ Аса аварга Дэлхийн хэмжээний цирк байгуулна гэх амлалт өгч байсан ч өнөөдөр циркийн барилгыг нурааж, балгас болгосноос ялгаагүй болгоод буй.
Нэг үе Монголын цирк мандан бадарч, өдөр бүр тоглолт зохион байгуулдаг ганц үзвэрийн газар нь байсан. Ингэхдээ нэртэй алиалагчид, жүжигчид, сургуультай амьтдаар дүүрэн, дэлхийн өөр хаана ч байхгүй сургуультай тэмээг үзэх гэж гадаадынхан олноороо ирдэг байсан гэдэг. Харамсалтай нь, өнөөдөр энэ соёлын өв олны чихэнд үлгэр домог шиг сонсогдож, Д.Дагвадоржийн гараар орж, устаж үгүй болох дээрээ хүрээд буй.
Их аваргын балаг дан ганц соёлын өвөөр дуусаагүй. Өнөөдөр төрийн мөнгийг шамшигдуулж, улс төрийн салбарт дураараа дургиж байгаа нь нууц биш юм.
Өөрөөр хэлбэл, гэр бүлээрээ эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж, Монгол Улсын их хэмжээний мөнгийг чанаргүй зээл болгон гаргаж, үрчихээд тус банк дампуурлаа зарлах дээрээ тулсан. Ингэхдээ чанаргүй зээлийн нэлээд хувийг нь өөртөө авсан гэх баримтууд ч байдаг. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж 56.9, түүний төрсөн ах Д.Сумъяабазар 15.9, Б.Баярсайхан 15.9, Ч. Маралмаа 5.3, Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC 5.7 хувь эзэмшдэг аж.
Хувь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаасаа Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, хотын дарга Д. Сумъяабазар найман тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн хувь эзэмшигч Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. Улмаар энэ банк дампуурлаа зарлах дээрээ хүрч, их хэмжээний улсын хөрөнгийг нэргүй салхинд хийсгэх дээрээ хүрээд буй.
Түүгээр ч зогсохгүй Д.Дагвадоржийн шунал үүгээр дуусахгүй нь бололтой. Тодруулбал, саяхнаас Монголын хамгийн томд тооцогдох арилжааны банк ХААН банкны 60 хувийг худалдаж авсан гэх дуулианд Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхан нэр холбогдох болов. Энэ талаар ч Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаан болон цахим хуудсаараа жиргэж, энэ сэдвийг олны анхааралд авч ирээд буй. Ингэхдээ тэрбээр “ХААН банкны хувьцааг худалдан авах гэж байгаа хүний эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг тогтоож, худалдаж авах гэж байгаа мөнгө нь цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг нягтлах ёстой” хэмээн ам нээсэн нь Д.Дагвадоржийн дургүйг хүргэв. Удалгүй Д.Дагвадорж Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт “хаягласан” үгсийг цахим хаягтаа нийтэлж, ХААН банктай холбоотой ам нээсэн бүгд рүү үсчиж, дайрч байгаа харагдана лээ. Ийн түүнийг ХААН банкны дуулианд нэр холбогдсон нь Банкны тухай хууль болон бусад хуулийг зөрчинө гэдэг анхааруулгууд ч мэр сэр явах боллоо.
.jpg)
Д.Дагвадоржийг Монголын ард түмэн сайн сүмоч гэж хүндэлж, ирсэн атал түүний аархуу, дээрэнгүй байдал хэрээс хэтэрчээ. Угтаа бол өөрт нь таалагдахгүй болгон руу дайрч давшилж байгаа нь олны итгэл рүү ус цацаж байгаагаас ялгаагүй үйлдэл болов. “Энэ чинь монгол бөх шүү дээ, Догоо зааны хүү” хэмээн омогшиж, түүнийг хүндэлсэн ард түмний, бөх сонирхогчдын, ирээдүйн мянга мянган сүмочийн хүсэл, хүндлэл өнөөдөр талаар болох вий.
Хайр даадаггүй АСА аваргад хэн хариуцлага тооцох вэ |
|