• Өнөөдөр 2024-05-10

Хүний эрхийн мэдрэмжгүй ЭМЭГТЭЙ гишүүдийг ЭГҮҮЛЭН ТАТЪЯ

2021-11-03,   1113

- Д.САРАНГЭРЭЛ ГИШҮҮНЭЭР АХЛУУЛСАН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛЭГ ХААНА, ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ-

        Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хэдхэн жилийн дараа ээж аавынхаа ачийг хариулна даа. Ганцхан жил л тэсчихвэл Улаанбаатар хотод очиж, оюутан болоод хүссэн сургуульдаа сурч, гоё хувцас өмсөөд, гоёж гоодно гэж бяцхан зүрхэндээ догдлон, мөрөөдөж байсан 17-хон настай цэцэг, цэврүү шиг охин бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдчихлаа. 
 
       Удаа дараа хүчирхийлэлд өртөж, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон охин хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан аав, ээжийнхээ санааг зовоочих вий гэсэндээ өөрт нь тулгарсан хүнд асуудлаа бусдаас нууж, тэвчихийн аргагүйд хүрэхдээ үеийн нөхөд, ангийнхаа багшид хэлсэн болов уу. Гэвч ангийн багш, сургуулийн захирал нь охиныг хараа хяналтанд авах нь битгий хэл үгийн муухайгаар доромжилж, багш сурган хүмүүжүүлэгч хүнээс гарахааргүй авир гаргажээ. Ингээд л аргаа барсан охин “Ганц л удаа тэр балмад этгээдтэй уулзчихвал өөрийг нь тайван байлгана” гэх үгэнд хууртаж, дотуур байрныхаа төмөр хаалгаар нимгэн халаад, гэрийн углааштай гарахдаа энэ хорвоод эргэж ирэхээргүй хол явчихлаа.
 
Сэтгэл өвтгөм энэ мэт аймшигт хэргүүд өнөөдөр Монголын нийгэмд чихэнд дасал болтлоо гардаг болжээ. Гэвч үнэндээ хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн горыг мянга мянган бяцхан зүрх, бие мах бодь, амиараа төлж байна.
“Ганц л удаа тэр балмад этгээдтэй уулзчихвал өөрийг нь тайван байлгана” гэх үгэнд хууртаж, дотуур байрныхаа төмөр хаалгаар нимгэн халаад, гэрийн углааштай гарахдаа энэ хорвоод эргэж ирэхээргүй хол явчихлаа
    “Биднийг хамгаалаад,  хууль эрх зүйн орчныг нь сайжруулаад өгөөч, төрд миний үгийг хүргээд өгөөч” гэж 2020 оны сонгуулиар Их хуралд 13 эмэгтэйг иргэд, сонгогчид төрд илгээсэн билээ. Харамсалтай нь, энэ хүн сонсохоос ч итгэмээргүй аймшигт хэргийг төрийн өндөр дээд албанд суугаа түшээд маань сонсоогүй дуулаагүй, сонсож дуулсан ч огт мэдээгүй царай гаргаж, чихээ бөглөн нам жим сууцгааж байна. 
       Өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн мянга мянган хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө, эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс үгээ хэлж, “Хууль эрх зүйн орчныг нь сайжруулъя” гээд цаас ч болохнээ бариад гүйх гишүүн энэ парламентад олдсонгүй. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд дунд парламентад удаа дараа сонгогдсон туршлагатай гэх гишүүд ч нэлээд олон бий. Уг нь 13 эмэгтэй гишүүн  нам харгалзахгүй хамтран ажиллана гээд эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулж, сүржин хэвлэлийн хурал зарлаж, олонд өөрсдийгөө сурталчилж байсан удаатай. 
   Уг бүлгийг 2020 онд УИХ-аас “Хатан эрдэнэ” цол чимэг хүртсэн Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахалдаг. Тэд анх байгуулагдахдаа “УИХ-ын 13 эмэгтэй гишүүн УИХ-ын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудалд анхаарал хандуулж, улмаар шийдэл, үр дүнд хүрэх зорилготой. Бид хуралдан үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлсон. Бүлэг арав гаруй асуудалд анхаарал хандуулан ажиллана. Энэ асуудлыг сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзах явцдаа тавьсан санал, хүсэлт, үүрэг даалгаврыг нэгтгэн тодорхойлсон. Эмэгтэй гишүүд эдгээр асуудалд багаар ажиллах бөгөөд асуудлыг эзэнгүйдүүлэхгүйн тулд тус бүрдээ ажлаа хуваарилан авч, ахалж ажиллаж байгаа” хэмээн ам гарч байлаа. 
 
     Бүлэг байгуулагдсанаас хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Харамсалтай нь, өнөөдөр тэдний хийсэн ажлын үр дүн энэ шүү гээд гарт баригдаж, нүдэн үзэгдэх жишээ татаад ярих сэдэв даанч алга.  Тиймээс л өнөөдөр энэ бүлэг хаана юу хийж яваа юм бол гэж асуухад хүргээд байна. 

Үнэндээ УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой болж суугаа гишүүд өнөөдөр Бүх нийтээрээ амрах хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл,  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг шалдар булдархан хуулийн төслүүдэд анхаарал хандуулчихсан, түүнээсээ оноо авах гээд дарга нарынхаа үүдийг сахиад сууж байна. Ямар сайндаа л эмэгтэй гишүүд хэлж ярихаа олж ядан “Ковид тусаагүй иргэддээ мөнгөн урамшуулал олгож, сувилалд амраая” гэх зүйл ярьж байх билээ.

Зарим нь өргөн барьсан хуулийн төслөө уншиж, судлаагүй гарын үсэг зураад түүнийхээ араас цахим хаягаараа мэдэгдэл хийж, бантан хутгаж сууна.  Тэднийг ингэж мунгинаж явах хооронд гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил дээд цэгтэй тултал гаарчихлаа. 
 
        Хоёрхон настай охиныг төрсөн эцэг нь хүчиндэж, хүүхэд хамгааллын байгууллага хамгаалалтад авч чадаагүй гэж ээж нь уйлаад мэдэгдэл хийж байхад энэ 13 гишүүний нэг нь дуугарч, анхаарал хандуулаагүй. Төрсөн ах нь эмэгтэй дүүгээ хөнөөчихөөд, шуудайнд мөчлөөд хийчихсэн хэргийг төрийн түшээд бас л мэдээгүй. 
 
     Яг л ийм хэрэг гаргахгүй байхад анхаарч, үгээ хэлж, хуулиа ярьмаар байна эрхэм эмэгтэй гишүүд ээ. Уг нь эмэгтэй гишүүдийг эх хүний ухаанаар хүний эрхийн мэдрэмжтэй ажиллана, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болно гэж иргэд төрд илгээсэн байлтай.  Хэрвээ хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө дуугарах зориг зүрх, мэдлэг, мэдээлэл байхгүй бол эмэгтэй гишүүд ээ, бүрэн эрхээсээ сайн дураараа түдгэлз.  Эс бөгөөс хүүхдийн төлөө, хүний эрхийн төлөө дуугарч чаддаггүй эмэгтэй гишүүдийг эгүүлэн татъя.
 

Хүний эрхийн мэдрэмжгүй ЭМЭГТЭЙ гишүүдийг ЭГҮҮЛЭН ТАТЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 16:27:56
    Хатан ээжээ сонсооч Зочин: Боловсролын сайдаа энэ хэргийг мэдсэн үү та Энэ ёс зүйгүй захирал багш нартаа хариуцлага тооцооч ээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188