• Өнөөдөр 2024-05-06

ОВИЛГОГҮЙ төрийн ОНЧГҮЙ шийдвэрүүд улсаа дампууруулах нь

2021-09-29,   294

        Монгол Улсад өнөөдөр хамгийн их эрх дархтай  ганц байгууллага байгаа нь Улсын онцгой комисс. Хэн хаана юу хийж болох вэ, юуг хийж болохгүй вэ гэдгийг зөвхөн УОК-ынхон л шийднэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд УОК-ын дарга нараас өөр эрх мэдэлтэн байсангүй. Тэд юу гэж л хэлнэ иргэд түүнийг нь дагах хууль үйлчилнэ.  Харамсалтай нь, цөөн хэдэн хүнд  энэ эрхийг бүрэн дүүрэн өгчихсөн нь том алдаа болов бололтой. Хийсэн ажилдаа эзэн болж чадахгүй, хэлсэн ярьснаасаа буцдаг, туйлбаргүй зангаас нь болж, иргэд эрүүл мэндээрээ, улс орон эдийн засгаараа хохирч үлдэх нь.
 
      Коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаад хоёр жил Монгол Улсад илрээд бүтэн жил болох гэж байна. Энэ хугацаанд улсынхаа аюулгүй байдлыг Улсын онцгой комиссынхон хар толгойгоороо хариуцсан. Тэд хоёр жилийн хугацаанд коронавирустэй тэмцсэн хэр нь өнөөдрийг хүртэл яаж ажиллах арга барилаа олоогүй л явна. Хоёр жилийн хугацаанд олон ч дарга солигдож, олон ч шийдвэр гаргалаа.
 
      Гэвч гаргасан шийдвэрээсээ эргэж буцахгүй цаг үе тэдэнд байсангүй. Цар тахлын шуурга таарсан болгоноо хуу хамж, хөл хүнд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийг авч одож, үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдэж байхад Засгийн газар, УОК цар тахалтай тэмцэх үйл ажиллагаагаа сайжруулах нь битгий хэл улам назгайруулж, хайхрамжгүй хандаж байна.
 

Засгийн газар, Онцгой комиссын гаргасан шийдвэр, энэ шийдвэрээсээ буцсан хоёрын тоог харьцуулж үзвэл яг л тэнцэхээр байна. Хамгийн сүүлчийн эргэж буцсан шийдвэрээ Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан УОК-ын багийнхан өнгөрсөн даваа гарагт танилцуулсан. Төр ийм туйлбаргүй байгаагийн горыг иргэд, аж ахуйн нэгж  амсаж, тэдний амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж буй.

       Хэдэн сарын өмнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Коронавирусийн нөлөөгөөр хөл хорио тогтоож, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Олон сар хөл хорио тогтоосон нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байна. Цаашид төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хөл хорио, цагийн хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж, үйлчилгээний газруудыг шат дараатай нээнэ” хэмээн хариуцлагын гэрээ байгуулсан.
 
    Ингээд хариуцлагын гэрээ хийсэн ресторан, биллярд, спорт төв, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг долдугаар арын 30-наас 07:00-00:00  болгож өөрчилсөн билээ. Энэ шийдвэр хэрэгжиж эхлээд удаагүй байтал УОК-оос хариу арга хэмжээ авч хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоож, 22:00 цагаас хойш үйлчилгээ явуулахыг хориглох шийдвэр гаргав. Түүнчлэн дэлхий дахинд тархаж буй коронавирусийн мутацлагдсан хувилбараас иргэдээ хамгаалах өргө хэмжээ авч байгаа хэмээн хэдхэн сарын өмнө гаднаас ирэх иргэдийг тусгаарлах шийдвэр гаргаж байсан. Үүнийгээ сая өөрчилж, гаргасан шийдвэрээ бас л буцаалаа. Ингэхдээ гаднаас ирсэн иргэдийг тусгаарлах шаардлагагүй, түргэвчилсэн оношлуураар тест аваад гэрт хариулах гэнэ. Энэ мэт УОК-ын эргэж буцсан шийдвэрийг тоолбол гарын 10 хуруунаас аль хэдийн даваад явчихжээ. 
 

Улсын онцгой комисс гэх сүржин нэртээ даржин байгууллагын коронавирустэй тэмцэх, халдварыг багасгахад авч хэрэгжүүлж байгаа гол бодлого нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, өөрчлөх, нэг гараараа барьсан зүйлээ нөгөө гараараа нураах байсан гээд хэлчихэд хол зөрөхгүй. Бүхэл бүтэн улсын хувь заяа, иргэдийн эрүүл мэндийг хариуцаж байгаа гэхэд дэндүү хариуцлагагүй байгааг сануулах нь зүйн хэрэг биз ээ. 

 
       Халдвар дотоодод дөнгөж илэрч, иргэдийн дунд өвчлөл нэмэгдээгүй байхад хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулах нь хамгийн зөв арга байсан. Иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрч, Засгийн газар, Онцгой комиссын шийдвэрийг үг дуугүй биелүүлж байлаа. Гэвч өнөөдөр халдвар авсан хүний тоо 298 мянгад хүрч, нас баралт 1169 хүрсэн байтал мөнөөх хуучин улиг болсон хөл хорио тогтоох, цагийн хязгаарлалттай үйлчлэх зэрэг хуучин арга хэрэглэж, арга ядаж суугаа харагдах юм. 
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд УОК-ынхны туршилтад орсоор байгаад тарлаа гээд хэлчихэд хол зөрөхгүй биз. Одоо ч тэдний туршилт дуусаагүй үргэлжилсээр байна.
 

ОВИЛГОГҮЙ төрийн ОНЧГҮЙ шийдвэрүүд улсаа дампууруулах нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188