• Өнөөдөр 2024-05-16

С.Амарсайханы хаасан “Хотын гэрэлт гудамж”-ны түүхийг Д.Сумъяабазарын эхлүүлсэн “Өглөөний гудамж” төсөл давтах вий

2021-08-03,   804

       “Эртэч Улаанбаатар” гэх сүржин нэртэй төслийг хотын дарга тэргүүтэй албаныхан өчигдөр нээж, анхны “Өглөөний гудамж”-ийг нийслэлд байгуулав. Өөрөөр хэлбэл, Жуулчны гудамж буюу Гутлын 22-т өнгө алагласан орон сууцнууд дунд өдөр бүр 06:00 цагаас ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахаас гадна төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байгаа юм. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь энэ.
Монголчууд “Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг. Өглөө ажилладаг онгойдог газар байхгүй учир хөгждөггүй” гэх улиг болсон ярианаас нэг алхам урагшилж байгаа таатай мэдээ энэ болов. Гэвч монголын хууль гурав хоног гэгчийн үлгэрээр ам уралдан магтаж байсан төсөл нэг л өдөр замхрах вий. Ингэж сануулахын учир манайд яг ийм бүтээн байгуулалтууд өрнөж, хоёр жил хүрэхгүй хугацаанд хаалгаа барьж байсан гашуун түүх олон бий. 
 
1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮТСЭН “ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ”-ИЙГ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ХААСАН ТҮҮХЭЭ ДАВТАХ ВИЙ
 
       Үүний нэг нь “Хотын гэрэлт гудамж” буюу нийслэлд байгуулсан шөнийн гудамж билээ. Тодруулбал 2017 оны зургадугаар сард “Залуусын цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэх гудамж, талбайг бий болгоно” хэмээн  Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулсан удаатай. Хоёр жил орчим хугацаанд хэрэгжсэн уг төслийг нээхдээ “Нью Йорк, Токио, Сөүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын жишгээр тохижуулж, Улаанбаатар хотыг метрополисс хот болгоно гэж чихэн дээр цэцэг ургуулж байсан нь саяхан. Ингээд гял цал гэрэл гялалзсан гудамжийг хоёр жил хүрэхгүй хугацаанд ашиглаад “Архидалт, гэмт хэргийн үүр уурхай болж байна” хэмээн тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авсан даруйдаа хааж байв.  
1.5 тэрбум төгрөгийн төсвөөр бүтсэн бүтээн байгуулалтыг тэр даруй зогсоож, өнөөдөр гудамжинд барьсан хэдэн хөшөө нь тоосонд дарагдаж, эвдэрч, сүйтгэгдэн буух эзэн буцах хаяггүй орхигдсон гашуун түүх бий. Яг үүний жишгээр дараа дараагийн дарга нар нь “Өглөөний гудамж”-ийг “Болж бүтэхээ болилоо” гээд амарсайханд нь жаргааж орхих вий. 
 
“ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ”-ИЙГ БАЙГУУЛАХАД 300 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРЦУУЛСАН
 
      Шинэхэн дээрээ сонинхон гэгчээр өнөөдөр “Өглөөний гудамж” гэх энэ төслийг ам уралдан магтаж, тууз хайчилж, сүүгээр мялаах нь холгүй нээлээ. Яг нь жишгээрээ дараа дараагийн төслөө үргэлжлүүлж, тун удахгүй гурван гудамж шинээр бий болгох аж. Цаашлаад нийслэлийн зургаан дүүрэгт ийм гудамж байгуулаад “Эртэч Улаанбаатар” болох гэнэ. Хэрэв зээ энэ төсөл цаашид амжилттай хэрэгжвэл аймаг, сум гээд орон нутгийнхан ч жишиг болгох нь гарцаагүй. 

Хотын мээр Д.Сумъяабазарын хэлж буйгаар “Өглөөний гудамж” хамгийн бага төсвөөр босож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ашигтай  үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байгаа аж. Тодруулбал, олны дунд тус төслийг 1.8 тэрбум төгрөгөөр бүтсэн гэх шүүмжлэл гарсан ч, нийслэлийн Засаг дарга үүнийг ор тас үгүйсгэв. 

     Тэрбээр “Дээрх төсөл 300 сая  төгрөгөөр бүтэж, зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна” хэмээсэн. 
 
Ямартай ч монголчууд төрийн болон бусад үйлчилгээг өглөө эрт авах боломж нээгдэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх зорилго тавилаа. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, үр дүнд хүргэдэггүй гол алдааг хотын Засаг дарга Д.Сумъяабазар давтахгүй байгаасай даа.
 

С.Амарсайханы хаасан “Хотын гэрэлт гудамж”-ны түүхийг Д.Сумъяабазарын эхлүүлсэн “Өглөөний гудамж” төсөл давтах вий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-03 11:39:01
    Иргэн: Одоохондоо сайхан л байна...өвөл болохоор яаж ажиллах хувилбар бии юу ???????
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188