• Өнөөдөр 2024-04-29

Ариутгалын даавуун хаалга ба Монгол төрийн үнэн төрх

2021-07-05,   1857

          Коронавирусийн нөхцөл байдал иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаа ч Монгол Улсын үнэн төрхийг байгаагаар нь нэмэлт хачиргүй харуулж байна. Цар тахалд хоёр жил бэлдсэн монголын төр засаг бодит байдал дээрээ “Нохой явган, гахай нүцгэн” гэдгээс ялгаагүй байгаа нь олон жишээнээс харагдаж буй. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахалд бэлдэж байгаа гэж  жил орчим төсвийн хөрөнгийг хайр гамгүй цацсан хэр нь аюул хоолойд тулж ирэх цагт өвчтнөө хүлээж авах эмнэлэггүй, эргэлтэд оруулах эдийн засгийн бүтээлдэгдэхүүнгүй байгаа нь харамсалтай. 
 
        Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон сар чихнээс нь хонх уясан Замын-Үүдийн нөхцөл байдалтай танилцахаар очихдоо хэлэх үгүй болоод буцав бололтой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс хилийн боомт дээрээ даавуугаар хийсэн ариутгалын хаалгатай угтсан нь Ерөнхий сайдын амыг таглав. Халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, эрсдэлтэй байгаа цаг үед өмнөд хөрш хилээ хааж, орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлахаас биш яах билээ гэмээр байдалтай угтлаа. Аргаа барсандаа Ерөнхий сайд “Ийм хаалга барихаар аргагүй шүү дээ” гээд дэмий л толгойгоо илж зогсоо харагдана билээ. 
 
 Монголчилно, хэмнэнэ гэхэд арай хэтрүүлчихсэн байжээ. Нутгийн удирдлага, хариуцсан алба хаагч нар даавуун хаалгаа хээв нэг тайлбарлаад зогсож байгаа нь даанч ичмээр. 
Улс орноо “тэжээх” хоёрхон боомттой хэр нь хамгийн том экспорт, импортын боомт нь даавуугаар хаалга хийчихээд “Хятадын тал биднийг хүлээж авахгүй байна” гээд гомдол мэдүүлэх. Дэлхийд тэргүүлэгч орон битгий хэл захын хүн шоолохоор хаалга барьчихсан тэдэнд гомдох эрх байхгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. БНХАУ, Монгол Улсын хил тэнгэр газар шиг ялгаатай гэж захын наймаачид шүүмжилж байхад өдийг хүртэл хуруугаа ч хөдөлгөөгүй эдийн засгаа таг гацааж, зогссоны том жишээ энэ байлаа. 

          Хэдий монголчуудын дунд сайн нэргүй хэдий ч өмнөд хөршийнхөн энэ хүнд цаг үед эдийн засагт чадахаараа дэмжлэг үзүүлж буй. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчийн үлгэрээр ариутгалын хаалганы хөрөнгөө ингэж хэмнэсэн нь улсын нэр хүндийг шороотой хутгаж орхив. Орон нутгийн хөргөөр барьсан даавуун хаалга 170 сая төгрөгийн өртөгтэй  гэдгийг албаныхан Ерөнхий сайдад танилцуулж байгаа харагдсан. Хятадын тал битгий хэл захын хүн шоолохоор ийм хаалгыг энэ хэмжээний хөрөнгөөр барьсан гээд хэнэгчгүй тайлбарлаж буй нь харамсалтай.

          Цар тахлын амаргүй цаг үе гэлээ ч манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ сүүлийн жил гаруй хугацаанд дэлхийн зах зээл дээр өсөлттэй байж, үнээ тогтвортой барьсан. Гэвч монголчууд энэ боломжийг тэр чигт нь алдаж, өнөөдөр төсөв санхүү нь улайчихсан нь нууц биш юм.  Энэ мэт хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж, өнөөдрийг хүртэл хил дээр экспорт, импортын бүтээгдэхүүнүүд гацаанд оржээ. 
Бүтэн жил гаруйн хугацаанд улсын хилээр өдөрт ердөө 100-150 нүүрс тээврийн автомашин гарсан. Хэрэв зээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал биелүүлж, өмнөх жишгээрээ өдөрт 1000-1500 машин нүүрс экспортолсон бол эдийн засаг, иргэдийн амьдралд мөн чиг их дэмжлэг болох байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдтэй арга хэмжээ авахгүй байсаар хилийн наана цаана, аль алинд нь хэдэн мянган ачааны машин гацааж, олон хүнийг туйлдуулаад буй.
 
       Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын тайлбарлаж буйгаар “Өдөрт хилээр 100 машин гарч байгаа. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээсэн. Хамгийн гол нь нөхцөл байдлыг нүдээр харж, биеэр танилцсан Ерөнхий асуудлыг шийдвэрлэх нь хэл албаныхны толгойг илээд 30 хоногийн даалгавар өгөөд буцлаа. Монголын төрийн бодит байдлыг ариутгалын даавуун хаалга үнэнээр илчиллээ.
 

Ариутгалын даавуун хаалга ба Монгол төрийн үнэн төрх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-05 11:22:56
    Зочин: Тендер зарлаж цавчаа хийж мөнгө хусахаас өөр юм хийж чаддаггүй Замын үүдийхэн олон жил цавчиж байна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188