• Өнөөдөр 2024-04-29

Хуучныг өмөөрч, шинийг буруутгахын ЭСРЭГ ХОЁР ӨНЦӨГ

2020-12-26,   940

“ЭМЯ-ны 20 гаруй ажилтан, албан хаагч, тэр дундаа тус яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл нарыг  ажлаас нь чөлөөлсөн” гэх асуудал “Коронавирусийн халдвартай хүн хэдээр нэмэгдсэн бэ” гэдгээс ч илүү анхаарал татсан сэдэв болж хувирлаа. Тэр дундаа бүр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай “зөрчилдсөн” шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн хоёр хоногийн топ сенсаци болж байна.
 
“Цар тахлын хүнд үед яамандаа халаа сэлгээ хийж, нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүсийг халж, өөрийн хүнийг томилох гэж байна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг бүгд л хардаж, буруутгаж байна. Үндсэндээ өнгөрсөн 10 гаруй сар өдөр алгасалгүй дэлгэцээр уулзаж ирсэн Д.Нарангэрэл, Я.Буянжаргал, Д.Нямхүү нарыг бүгд өмөөрч, харин “Шинэ хүн” буюу Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг бүгд буруутгаж байна. 

Гэхдээ нийтээрээ “Т.Мөнхсайхан сайдын зөв байж болох уу” гэж огт бодохгүй, энэ талаас нь ерөөс олж харахгүй байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы яамандаа хийж буй бүтцийн өөрчлөлт, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүтэй маргасан асуудлаар түүнийг зөвтгөж харах хоёр өнцөг байна. 

Өнцөг 1. 

Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг ажлаас халсан гэж дайрахаас урьтаж тэдгээр албан хаагчдыг яамны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийн хүрээнд байршуулан томилох гэж байгаа гэх нэр томъёогоор нь харах нь зөв. 
 
Тухайлбал, ЭМЯ-ны албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн гэх асуудлаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулган “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 221-ний өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан. Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эмийн агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, үйл ажиллагааг нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр болсон. 
 
Мөн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бодлогоор энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан. Эдгээр тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна” хэмээн тайлбарлаж байна. 

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны “халагдсан” гэгдээд байгаа албан хаагчдыг шинээр байгуулагдаж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх ажил хийгдэж байгаа гэсэн үг. Түүнээс биш Эрүүл мэндийн яаманд хашиж байсан албан тушаалаас нь шууд халаад “гудамжинд” гаргачихаж байгаа ойлголт ердөө ч биш юм. Тэгээд ч холбогдох хуулиндаа албан хаагчдыг ажлаас нь түр чөлөөлж өөр газарт байршуулан томилохдоо эрхзүйн байдлыг нь дордуулахгүй байх буюу өмнө нь хашиж байсантай нь ижил түвшний албан тушаалд томилох заалтууд ч бий. 

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдаж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар л гэхэд улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, эмийн зах зээлд төрийн зохицуулалт хийх, эмийн аюулгүй байдалд хяналт тавихад чухал үүрэгтэй газар болно. Эмийн асуудал хэзээд л хөндүүр сэдэв байсаар ирсэн. Ялангуяа коронавирусийн цар тахлын энэ үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хяналтын зориулалтын чиг үүрэгтэй ийм газартай байх нь ард түмэнд л тустай. 

Өнцөг 2. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын маргааны тухайд “ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэх” асуудал дээрээс үүссэн гэх. Д.Нямхүү өөрөө ч “Эмнэлгүүдийн өвчтөнүүдийг нүүлгээд ариутгана гээд байгаа. ХӨСҮТ-өөс сүрьеэгийн өвчтөнүүдийг хүртэл нүүлгэнэ гэсэн. Би үүнд эсрэг байр суурьтай. Тиймээс маргасан. Үгүй гэсний төлөө намайг ажлаа өгөөрэй гэсэн” хэмээн хэвлэлүүдэд ярилцлага өгөөд явж буй. 

Эмнэлгүүдийн өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлээд ариутгах нь яагаад буруу шийдвэр гэж. Коронавирусийн халдвар гудамжинд алхаж яваа иргэнээс биш эмнэлгүүдийн дотроос илэрч байна. Тэр тусмаа Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв цөм коронавирусийн голомт болчихсон, эмч, сувилагч, ажилтнууд нь халдвар аваад, шинэ тохиолдлуудын тоог нэмээд байна. ХӨСҮТ л гэхэд тэр чигтээ “тэсрэх бөмбөг” болж хувираад 40 гаруй эмч, сувилагч нь халдвар аваад байгаа. Эмнэлгүүдийн агаарт нь ч, булан тохой бүрт нь ч коронавирусийн нян “буглачихсан” учраас дотроосоо халдвар аваад байна. Ийм нөхцөлд коронавирусийн эмчилгээ, оношлогоо явуулж буй эмнэлгүүд болон бусад эмнэлгүүдийг бүрэн ариутгах ёстой. Тэгж байж эмнэлгүүдийг жинхнээсээ аюулгүй бүс болгож чадна. Чухамдаа “Эмнэлгүүдийг ариутгахгүй” гэж эсэргүүцэх нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн буруу. 

Түүнчлэн Шадар сайд Я.Содбаатарын захирамжаар ХЗДХЯ, ЭМЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ХӨСҮТ-ийг шалгасан гэж мэдээлэл байгаа. Уг шалгалтаар тус төвийн эмч, ажилчдад цалин урамшууллын нэмэгдэл зүй ёсны дагуу олгогдоогүй, хүний нөөцийн бодлогогүй байсны улмаас цар тахлын хүнд үед эмч, ажилтнууд хэт их ачаалал авч байгаа, эмнэлгийн бохирын систем аюултай түвшинд хүрч, эрүүл ахуйн горим алдагдсан, зарим ажилтнаасаа PCR шинжилгээ огт авч байгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэх. Уг шалгалтын дүнтэй холбогдуулан Д.Нямхүүг АТГ-аас шалгаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй. 
 
Товчхондоо, “ХӨСҮТ-ийг 10 гаруй жил удирдаж байна, ажлаа би мэднэ” гэж “томорч” суугаа Д.Нямхүү коронавирусийн цар тахал хүндэрвэл ХӨСҮТ ямар зохион байгуулалтаар ажиллах, эмнэлгийн ажилтнуудаа хэрхэн халдвар хамгаалал сахиулах, эрүүл ахуйн горимоо яаж мөрдүүлэх вэ гэдэг төлөвлөгөө огт гаргаагүй байсныг нь салбарын сайд Т.Мөнхсайхан нь ил болгочихсон байгаа юм. 
 
Түүнчлэн “Бид л нойр хоолгүй ажиллаж байна. Тиймээс ч эмч, ажилчдаа ижил тэгш шагнаж байгаа” хэмээн олны өмнө баатрын дүр эсгэж суусан атлаа жинхэнэ голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудаа багаар өөрийгөө ихээр шагнаж байсан нь ил болсон байж болзошгүй байна. Ийм байхад Т.Мөнхсайхан салбарын сайдын хувиар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг биш гэж үү. Цар тахал цаашид ч үргэлжилнэ. 
Гэтэл тэргүүн шугаманд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн захирал нь өөрийгөө л шагнаад, эмч, ажилтнууд нь халдвар аваад байвал цаашид юу болох вэ.
Энэ хоёр өнцгөөр харвал Т.Мөнхсайхан сайд цар тахлын хүнд цаг үед халаа сэлгээ хийгээд байгаа бус илүү нарийн зохион байгуулалттайгаар коронавирустэй тэмцэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгээр коронавирустэй тэмцэх ажилд хариуцлага алдсан л бол хэдэн жил удирдсан, хэн байхаас үл хамааран хариуцлага тооцно гэдгээ Д.Нямхүүгээр дамжуулан харуулж байна гэж ойлгож болно. 
 
 
 

Хуучныг өмөөрч, шинийг буруутгахын ЭСРЭГ ХОЁР ӨНЦӨГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-26 13:42:06
    Иргэн: Сайдын шийдвэр зөв бүх зүйл тодорхой байна. Нямхүү гуай зүгээр л дуугай ажлаа өгчих . Олон нийтийн сүлжээнд өөрийгөө баатар гэж өргөмжлүүлж хүмүүсийг талцуулахаа больчих. Юу ч хийгээгүй хүмүүсийн хийсэн ажлыг цаас харж уншихаа болиоч ичээч.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188