• Өнөөдөр 2024-04-24

М.ТУЛГАТ: АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын төлөө зүтгэнэ

2021-04-01,   994

Ардчилсан нам энэ сарын 28-нд намын даргын сонгуулиа зохион байгуулсан. Цахим хэлбэрээр зохион байгуулсан сонгуульд нэр дэвшигч М.Тулгат олонхийн санал авч ялалт байгуулсан юм. Тэгвэл өчигдөр намын дарга С.Эрдэнэ түүнд үнэмлэхийг нь гардууллаа. Намын даргын сонгуулиар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Их хуралд танилцуулж, улмаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх дүрэмтэй. Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан М.Тулгаттай ярилцлаа.

 
-Юун түрүүнд танд намын гишүүдээсээ олонхийн санал авч, намын даргын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Анх удаа цахим хэлбэрээр Ардчилсан нам намын даргын сонгуулиа явууллаа. Хэр өрсөлдөөнтэй сонгууль байв?
 
-Богино мөртлөө амаргүй хугацаанд сонгуулиа зохион байгуулсан. Бид сонгуулиа амжилттай зохион байгуулж чадлаа. Энэ хугацаанд бүх нэр дэвшигч ардчиллын үнэт зүйл, үзэл санаандаа ойр байгаа нь ажиглагдлаа. “Загас усандаа жаргалтай” гэдгийн адил намдаа хайртай, намынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүстэй өрсөлдөж, тэднээс маш олон зүйл сурлаа. Мэдээж өрсөлдөөнтэй сонгууль байлаа.
 
-Ардчилсан намын гишүүд дэмжигчид танд итгэл хүлээлгэж, дараагийн намын даргаар нэрлээд буй. Улсын дээд шүүхээр баталгаажуулсны дараа намын даргын буухиаг үргэлжлүүлнэ. Та  намын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
 
-Нэгдүгээрт, манай нам эв эеэ олох нь чухал. Мэдээж цахимаар явуулсан сонгууль албан ёсных учраас энэ сонгуулийн үр дүн албажаад явчихна. Бид нөгөө талд байгаа хүмүүсээ хамтарч ажиллаасай гэж бодож байна. 
 
Хоёрдугаарт, намынхаа үйл ажиллагааг нээлттэй, ил тод гишүүдийн оролцоотой болгоно. Ардчилсан үзэл санааг дэмждэг олон хүн, гишүүд дэмжигч бий. Энэ хүмүүсийг намын үнэт зүйл дээр нэгдэж, нягтруулахын төлөө ажиллаж, үүнд уриална. 
 
 Гуравдугаарт, нам дотроо дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Дүрмээ хатуу мөрддөг соёлыг бий болгоно. Ардчилсан намд эрс шинэчлэл хийнэ. Цаашид намаа илүү хүчтэй болгохын төлөө ажиллана. Хаяанд ирээд байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын төлөө зүтгэнэ. Улмаар дараа дараагийн сонгуулиудад ялалт байгуулж, Ардчилсан намын үзэл баримтлал, хөгжлийн суурь бодлогыг төрийн бодлого болно гэж бодож байна.
 
-Ардчилсан нам хоёр хэсэг сонгуулиа зохион байгуулаад дотроо нэлээд зөрчилтэй байгаа. Энэ зөрчлийг хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд нам дотроо толхилцоод байгаа мэт харагддаг. Гол шалтгаан нь 2000 онд таван нам нэгдэж, ардчилсан нам бий болсон. Үндсэн агуулгаараа механик нэгдэл байсан гэсэн үг. Тухайлбал, Социал-демократ, Шашны ардчилсан нам, барууны чиг баримжаатай МҮДН, МоАХ  гэдэг ч юм уу. Хэдийгээр Ардчилсан нам гэж байгаа ч зарим нь Зүүний бодлого ярьж, дэмждэг бол нөгөө хэсэг нь Барууны бодлого ярьдаг гэх мэтээр зөрчилдөх асуудал их байсан. 2017 онд бид үзэл баримтлал дээрээ нэгдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Сонгуулийн үеэр гишүүд, дэмжигчид үзэл баримтлал дээрээ нэгддэг болсон нь ажиглагдлаа.

-Цар тахлын амаргүй үед сонгуулиа явуулсан. Түүнчлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан гэдгээрээ нэлээд онцлог сонгууль болсон. Цахим сонгуулийн давуу талаас танилцуулбал?
 
-Дотоод сонгуулиа бид цахимаар явуулсан. Уламжлалт хэлбэрээр буюу цаасан сонгуулиас 11-12 дахин бага зардлаар зохион байгууллаа. Цаашдаа намын гишүүдээс санал асуулга явуулах, оролцоог хангах, бүртгэлжүүлэх асуудал дээр цахим технологи ашиглах нь зөв шийдэл гэж харж байна.
 
-Хоёр талд сонгууль явуулсан нь намын гишүүнчлэлийн асуудлыг хөндөж байна. Нэг талд нь 154 мянган саналын хуудас, 70 гаруй мянган хүний саналаар нэр дэвшигч нь ялалт байгуулсан. Харин танайд 30 гаруй мянган хүн саналаа өгсөн байна. 200 мянган гишүүнтэй Ардчилсан намын хэд нь нөгөө талд саналаа өгч, хэд нь таны дарга болох статусыг баталгаажуулсан нь эргэлзээтэй байгаа. Тэгэхээр энэ эргэлзээг яаж тайлах вэ?
 
-Цахим санал хураалтад битгий оролцоорой гэдэг ажиллагаа нэлээд явж харагдсан. Тиймээс саналаа өгөх гэж байсан хүмүүс эргэлзэх шиг боллоо. Дүрмийн дагуу намын даргын сонгуульд ирцийн босго байдаггүй. Цахим сонгуулийг Дотоод сонгуулийн хороо сайн зохион байгуулсан. Нэр дэвшигчдийн дунд маргаангүй сонгууль болсон. Цаашид сайжруулах асуудал бий. Тухайлбал, гишүүнчлэлийн бүртгэлтэй холбоотой гэх мэт.
-Гишүүд хоёр удаа хоёр газар сонгууль өгчихсөн гэдэг асуудал хүртэл бий. Тэгэхээр дүрмээ зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Одоо бол албан ёсны тамга, тэмдэг, гэрчилгээ, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нэг л Ардчилсан нам байгаа. Монгол Улс хуулийн засаглалтай орон процесс хуулийн дагуу явна гэж бодож байна.
-Цаасаар  өгсөн хүмүүсийн санал хүчингүй гэсэн үг үү?
 
-Бид давхар сунгаа зарлаж, мөнгө төгрөг зарцуулж, давхар эрсдэл хүлээх вий  гэж сануулж байсан. Хүмүүсийн ойлголт янз бүр байснаас давхар сонгууль болчихлоо.
 
-УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна. Мэдээж танай нам энэ хуульд өөрийн байр суурь, үзэл санаагаа шигтгэх сонирхол байгаа байх. Улс төрийн намын шинэчлэлийг ямар түвшинд хийх ёстой гэж та харж байна вэ?
 
-Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нээлттэй байх, гишүүнчлэлийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Хатуу гишүүнчлэлээс дэлхий нийтээрээ татгалзаж байна. Хатуу гишүүнчлэлээс болоод ардчилсан үзэл бодолтой хэрнээ намын гадна байдаг хүмүүс бий. Тэгэхээр хатуу гишүүнчлэлээс зайлсхийх хэрэгтэй. Хуулийн төсөл дээр Бүлгийн гишүүдээрээ дамжуулж оролцоно.
 
-Ярилцсанд баярлалаа.
 

М.ТУЛГАТ: АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын төлөө зүтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-01 19:37:36
    Ч.Оюунцэцэг: Цогтгэрэл АН-ын дарга болно.яагаад гэвэл илт давуу олон саналыг авсан шүү.Шударга үгүй нь одоо л харагдах болж дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188