• Өнөөдөр 2024-05-06

Ж.ГОМБОЖАВ: ТҮШЭЭД ТӨРИЙН АЖЛЫГ ЭХ, ЭЦГЭЭ БОДОЖ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ ДОО

2023-06-26,   900

   Тэр төр, түмний төлөө залуу нас, ухамсарт амьдралынхаа тэн хагасыг зориулсан төр нийгмийн зүтгэлтэн. Өдгөө ч залуу хойч үедээ төрийн залгамж халааг үлгэрлэн улс орныхоо хэтийн ажилд санаа тавьж, чадахаасаа чадахгүй хүртэл мэдсэн дуулснаа сануулсаар дуулгасаар яваа. Энэ бол АИХ-ын дарга асан, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав.

       Эгэл жирийн малчин айлын хүү сумын сургуулийн босгыг алхсан цагаасаа л нам, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, одоогийн нийгмийг бүтээхэд гар бие оролцсон гэдэг. АИХ-ын дарга асан, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав энэ талаар “Намайг бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болоход сонгууль болж байлаа. Тухайн үед бичиг үсэг мэдэх хүн тун ховор. Нэгдүгээр ангийн сурагч болсон даруйд надаар сонгуульд оролцох иргэдийн нэрсийг хуулан бичүүлж байсан юм. Тэр үед одоогийнх шиг олон хэвлэх төхөөрөмж, техник хэрэгсэл байсангүй. Тиймдээ ч бичиг үсэг тайлагдсан цөөн хүнээр гарыг нь сарвайтал нэрсийг дараалуулан  хуулан бичүүлдэг байв” хэмээн дурсан ярьсан.

    1992 оны анхны УИХ-ын гишүүнээр сонгогдож, анхны нэг парламенттай УИХ-ын дэд дарга гэх хариуцлагатай албыг хашиж явсан. 1990 он бол зах зээлийн нийгэмд шилжсэн амаргүй цаг хугацаа байв. Тэрхүү амаргүй цаг үед Ж.Гомбожавыг хөгжил тааруу аймгууд руу томилоход хэдхэн жилийн дотор тухайн аймаг хөгжлийн түүчээ болчихсон байх нь бий гэх дурсамж бий. Төр, түмнийхээ манлайлагч болж, монголчуудыг соёлт нийгэм рүү дөтлөхөд гар бие оролцсон түүнтэй ийн ярилцлаа.

-Та бол түүхэн цаг хугацааг бичилцэж, 1992 оны шинэ Үндсэн хуулийн эхийг боловсруулахад гардан ажилласан хүний нэг. Гэхдээ энэ удаад тантай улс төрөөс ангид зүйлс ярилцахыг зорьж явна. Насаараа даргын алба хашиж, амьдралынхаа 30 гаруй жилийг төрд зориулсан түүхтэй Ж.Гомбожав гэдэг хүн төр нийгмийн зүтгэлтэн болохоос өмнө ямар хүн байсан бэ гэдгээс яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

      -Би Сүхбаатар аймгийн Асгат сум буюу тэр үеийн VI багийн харьяат хүн. Манайх өвөлжөөндөө буухаас арай өмнө, түрүүчийн цас орчихсон намрын жиндүүхэн өдөр би Асгат сумын Энх-Овоот гэх газар 1942 он буюу усан морин жил төрсөн юм гэнэ лээ. Миний намтарт 1941 онд төрсөн гээд албан ёсоор бүртгэсэн байдаг юм. Эцэг, эх минь миний насыг эхийн хэвлийд олдсон цагаас хойш буюу хий насаар минь албан ёсны дансыг бүртгүүлсэн юм л даа. Би эхээс дөрвүүлээ. Хоёр ахтай, нэг дүүтэй. Тэр үедээ манайх цөөн хүүхэдтэй айлын тоонд ордог байв.

    Намайг төрөөд удаагүй байхад зүүн урдаас хүзүүндээ уургын хуйвтай хүрэн морь гүүн зэлэн дээр ирж тогтоод, зогтусахдаа хуйв нь мултраад уначихсан гэдэг. Миний аав түүнийг нь их бэлгэшээж, “Хүү минь төрчихсөн байхад уургын хуйв зэлэн дээр минь уналаа. Морин жил төрсөн хувьтай, хийморьтой хүн юм” гээд их баярласан гэдэг. Ингээд хүрэн халзан морины хуйваар аав өлгийнд минь бүс хийж өгсөн юм билээ. Намайг нэлээд том болсон хойно “Энэ миний хүүгийн өлгийний бүс шүү дээ” гээд мөнөөх уургын хуйваа харуулж байсан.

   Аав минь шашин номын мөр хөөж явсан, гэвш хүн байлаа. Банди гэгээний хийд буюу одоогийн Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн голд байдаг алдартай хийдэд 10 гаруй жил номын мөр хөөж, шавилан суусан гэдэг. Манайх удмаараа шашин, номын мөр хөөсөн лам хүмүүс байсан юм билээ. Өвөөгийн минь төрсөн дүү ганданд цорж байсан гэдэг. Сүүлд бурхны шашны том төлөөллийн нэг болох Диваасамбуу гавж энэ талаар надад “Танай өвөөгийн төрсөн дүү Жамъянчоймбол гэдэг хүнтэй олон жил хамт амьдарсан. Сүүлд ганданд цорж болоод ирэхэд тэр хүний хашаа байшинг авч үлдсэн. Нас барахынхаа өмнө бурхан номын бүх эд зүйлээ ганданд өргөж байсан” гэж дурсан ярьж байлаа. Тиймээс ч намайг төрөхөд уургын хуйваа үлдээж давхисан хүрэн халзан морийг аав минь их бэлгэшээж, хүндэлсний учир нь түүний хүмүүжил, сургаалд байсан юм болов уу гэж боддог юм.

ҮГҮЙЛСЭЭР БАЙГААД ҮГҮЙ БОЛДОГ ХОРВОО ЮМ ДАА

-Таныг айлын “энхрий” хүүхэд байсан гэдэг?

        -Би ер нь их дураараа хүүхэд байсан. Надаас өмнө төрсөн, миний дараа төрсөн хоёр хүүгээ аав, ээж хоёр минь алдсан юм билээ, хөөрхий. Би дээрээ хоёр ахтай. Миний өмнө төрсөн ах надаас 12 насаар ах. Тэгээд л 10 гаруй жилийн зайтай төрсөн учраас намайг ээж, аав минь их эрхлүүлнэ. Хоёр хүүхдээ алдчихсан хүмүүс чинь намайг алдчих вий гэхээсээ айж, энхрийлж өсгөсөн гэдэг.

       Авга нар минь хүртэл надад их сайн байлаа. Намайг аавын ээжийнх нь сүнс гэдэг юм. Таван нас хүртлээ би эмээ ээжтэйгээ холбоотой зүйлсийг их ярьдаг байсан гэнэ лээ. Эмээгийнхээ эдэлж байсан эдлэл хэрэгслийг “Минийх” гэж их өмчилдөг байсан гэдэг. Эмээг минь нэг бор мориор хөдөөлүүлсэн юм билээ. Би тэр бор морийг харахаараа “Энэ морин дээр сундлаад би та нар дээр ирсэн шүү дээ” гэдэг байсан гэсэн. Намайг багад хамаатнууд минь надаас “Гомбожав аа, чиний морь аль билээ” гээд асуухаар нь 300, 400-аад адуун дундаас мөнөөх бор морийг алдалгүй заадаг байсан гэдэг. Ингээд л намайг эмээгийн минь сүнс гээд хамаатнууд минь чухам хайрлана. Одоо ч би заримдаа эмэгтэй хүн шиг зан гаргана. Толгой, шийр хуйхалж, гэдэс арилгах дуртай. Аав минь эхээс есүүлээ, тэд цөм намайг хүндэлнэ.

-Та хувь заяанд итгэдэг хүн бололтой?

            -Тэгэлгүй яах вэ. Би өнөөдөр 80 гаруй насандаа улс орныхоо төлөө үгээ хэлээд явж байгаа нь ээж, аавын минь буян хишиг гэж боддог. Үр хүүхдийнхээ төлөө залбирч байсан залбирлынх нь хүчээр би өдий зэрэгтэй яваа гэж боддог доо. Хүн нас залуу байхдаа энэ тухай мэддэггүй юм байна. Өнгөрсөн хойно нь “Би ээжээсээ, ааваасаа тийм зүйл асуухгүй яав даа” гэж үгүйлдэг юм байна. Үгүйлсээр байгаад үгүй болдог хорвоо юм даа.

-Шашны үзэл суртлыг дэмжих нь битгий хэл, тэр тухай ярьдаггүй хатуу цаг үед та төрийн алба хашиж эхэлсэн. Аав тань ер нь гавж байсан тухайгаа дурсан ярьдаг байв уу?

           -Тэр үед шашны талаар дурсаж, ярих нь байтугай нуудаг байсан үе. Хөгшчүүл ч энэ талаар ярьдаггүй байлаа. Ээж минь намайг их сургууль төгсөх жил өөд болсон юм. Залуугийн мэнгэр гэдэг хууч өвчтэй, бие муутай хүн байв. Тэгээд аавд минь захидаг байсан юм гэнэ лээ. “Миний хөгшин надаас хойш хүүхдүүдийнхээрээ битгий дамжаарай. Нэг л хүүхэд дээрээ байгаарай. Олон айл дамжихаар энд тэндгүй нэг хиртэй цамцтай яваад, хувцас хунар нь тарчихсан байдаг юм” гэж захисан гэдэг. Тэгээд аав минь надтай хамт байж, намайг хаана л ажиллана тэнд хамт явдаг байсан даа. Би оюутны ширээнээс буугаад л Дундговь аймгийн Статистикийн хорооны даргаар томилогдож, ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр үед эхнэртэй болоогүй, гэр бүл зохиогоогүй байлаа. Манай том ахын хүү нь ээж, аав дээр минь хүн болсон юм. Тэр хоёрыгоо дагуулаад л Дундговь аймаг руу явж билээ. Түүнээс хойш гурван ч аймагт Засаг даргаар томилогдож, нутагтаа амьдралгүй олон жил болсон. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдож, аавтайгаа нутагтаа очоод долоо хоноогүй байхад аав минь өөд болсон юм. Хүний санаа амарна гэж байдаг шиг байгаа юм. Тэрийг би аавыгаа өөд болох үед л мэдсэн. Одоо бодох нь ээ, аав минь их сайхан эрүүл саруул биетэй хүн байжээ. Нутагтаа ирээд сэтгэл нь тайвширсан юм уу, өвдөж, зоволгүй бурхан болсон доо.

           Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Сайншанд хотоос урагш байдаг Хамарын хийд буюу одоогийн Хүслийн уул гэгдэх Хан Баянзүрх хайрхан, тухайн үедээ Шарилын уул гэдэг ууланд би аавтайгаа очиж мөргөсөн юм. Аав минь шашны ном мэддэг учраас яагаад Шарилын уул гэж нэрлэдэг болсон, хаана ямар хутагтын шарил байдаг вэ гэдгийг зааж өгч билээ. Тэр үед би ч залуу, омголон байж. Дивизийн дарга нартай архи уучихсан. Аав минь бас халамцуу тэндээс хөдөлсөн юм. Маргааш өглөө нь би шартаад босож, чадахгүй хэвтэж байхад аав хэдийнэ босчихсон “Хүү минь бантан ид” гээд зогсож байж билээ. Түүнээс хойш нутагтаа ирээд удалгүй бурхан болсон. Удаан өвдөж, зовоогүй дээ, хөөрхий аав минь буянтай хүн байсан.

-Та эдийн засагч мэргэжлээр их сургууль дүүргэж, Дундговь аймаг руу Статистикийн газрын даргаар томилогдсон гэдэг байх аа? 

        -Тийм ээ, 1964 онд Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Намайг төгсөх өвөл, арванхоёрдугаар сард үйлдвэрлэлийн дадлага хийлгэж байв. Тухайн үед намайг Дундговь аймагт томилж, төгсөх үеэр “Дадлага хийсэн газраа ажиллана шүү” гэсэн юм. Гэхдээ би “Сүхбаатар аймагтаа ажиллана” гэсэн бодолтой байлаа. Ингээд дадлага хийх хугацаандаа сургуульд хичээл заах, сургалт, семинар зохион байгуулах зэргээр нутаг руугаа явчих санаатай нэлээд идэвх гаргалаа. Гэтэл намайг Дундговь аймгийн Статистикийн товчооны даргаар томилно гэдэг юм байна. Би аймаг руугаа явна гээд нэлээд цааргалсан. 10 гаруй хонолоо. Өөрөө дийлэхээ болиод аавдаа “Та очоод уулзаад өгөөч” гэтэл аав өглөө эрт гараад нэлээн орой ирээд “Миний хүү томилсон газар руу яв даа” гэж билээ.

-Аав тань таныг их дураар нь байлгадаг байжээ?

          -Миний аав жирийн тууварчин, малчин хүн байлаа. Тиймдээ ч миний ажилд хэр барагтай оролцохгүй. Гэхдээ намайг өдий зэрэгтэй явах хамгийн гол эхлэлийг тавьсан хүн бол аав, ээж хоёр минь яалт ч үгүй мөн.

     Амьдралаас олж авсан туршлагаа надад хэлж, зааж, сургаж өгсөн нь надад хамгийн том хичээл байжээ. Аав минь намайг зэмлэж, зандрах нь битгий хэл над руу муухай харж үзээгүй. Тэр үед хүүхдээ хоёрхон үгээр л хүмүүжүүлдэг байж. “Сайн зүйл хийвэл буян, муу зүйл хийвэл муу ёр” гэж хэлээд л хүнийг хүн болгон төлөвшүүлдэг байсан байгаа юм.

СУМЫН ТӨВИЙН БҮХ АЙЛ НЭГ ЗЭРЭГ ГЭРЭЭ БУУЛГАЧИХСАН УГААЖ БАЙЖ БИЛЭЭ

-Оюутны ширээнээс аймгийн Статистикийн товчооны даргаар томилогдоно гэхээр залуухан дарга очиж байжээ. Таныг хэрхэн хүлээж авсан бол?

        -Статистикийн товчооны дарга гэдэг том албан тушаал. 22 насандаа бараг дарга гэж юу байдгийг мэдэхгүй тус албанд очиж байлаа. Нутгийнхан ч сайхан хүлээж авсан. Тухайн үед эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн ховор байв. Дундговийнхон намайг өөрийнх нь нутгийн хүн шиг л хүлээж авсан даа. Одоо ч намайг “Та Дундговийн хүн биш юм уу” гэж асуудаг юм. Тэгэхээр нь би зөрүүлээд “Тийм ээ, би Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын хүн” гэх нь бий.  Би Дундговь аймгаас төрийн алба хаагч гэж ийм байх ёстой юм байна гэдэг туршлагаа олж авсан, ажлын гараагаа эхлүүлж байсан учраас тэр нутагт хайртай.

       Статистикийн товчооны даргаар зургаан жил ажиллаад, аймгийн нэгдүгээр орлогч дарга боллоо. Нэгдүгээр орлогч даргаар хоёр жил ажиллаад байж байтал Намын төв хорооноос ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх намын сургуульд суралцуулахаар болсон тухай мэдэгддэг юм байна. Нийт 26 хүн шалгалт өгснөөс 11-т нь тэнцлээ. Тэгээд л намын бодлогоор гадагшаа сургуульд сурсан даа.

-Таныг төрийн албан хаагчаар ажиллаж эхлэх үед малчдын амьдрал амаргүй байсан. Одоо бид хуучны киноноос, ам дамжсан ярианаас л сонсож мэднэ үү гэхээс орчин цагийн хүүхдүүд төсөөлөхөөргүй үйл явдлууд өрнөдөг байсан гэдэг. Энэ тухай та сонирхуулаач?

    -Дундговь аймагт очоод удаагүй байхад тухайн үеийн аймгийн Гүйцэтгэх хорооны дарга Д.Наранхүү гуай намайг хөдөө сумдаар дагуулж их явдаг байлаа. Намайг тоож, юм сургах гэсэндээ тэр шүү дээ. 1960-аад оны дунд үед манайд Соёлын довтолгоо ид өрнөж байлаа. Одоо хүн итгэхгүй ч байж мэднэ, хэцүү үе байсан. Тухайн үед бөөсгүй айл гэж байгаагүй. Орны цагаан хэрэглэл хэрэглэх нь битгий хэл оо, саван гэж мэддэггүй байсан үе. Одоо үүнийг хүнд яривал “Гомбожав элийрч байна” гэж бодмоор. Айлд ороод малгайгаа тавихад бөөс орчихдог байсан тийм л үе шүү дээ.

    Нэг удаа Д.Наранхүү дарга аймгийн захиргааны гурван хэлтсийн даргыг дагуулаад соёлын довтолгооны ажлаар сумдаар явлаа. Хичээл эхэлчихсэн есдүгээр сарын дунд үе байсан санагдаж байна. Нэг дулаахан өдөр сумын төвийн айлуудаар ороод “Гэрийнхээ унь, тооно, бүрээс юу л байдаг юм бүгдийг нь угаа” гэдэг даалгавар өглөө. Тэгэхэд маргааш нь сумын төвийн бүх айл гэрээ буулгачихсан бүгд угааж байж билээ.

    Маргааш нь айлуудаар орж, шалгалт хийхэд орны цагаан хэрэглэлээ хэрэглэхгүй эвхээстэй нь хадгалчихсан айл ч байв. Тэр дунд хэтрүүлэгтэй юм ч байсан байгаа юм. Амандаа шүдгүй хөгшинд шүдний оо, сойз тараачихсан байсан. Захиргаадалтын, хэтрүүлэгтэй, хэцүү даалгаврууд ч байсан. Гэхдээ тэр ажлыг эхлээгүй бол манайхан бөөснөөс салахгүй их удах байлаа.

-Сумын төвийн айлууд бүгдээрээ гэрээ буулгана гэхээр даргын үгийг хууль гэж хүлээж авдаг байж дээ?

          -Нэр хүндтэй даргын үг хуулиас хүчтэй цаг. Би чинь 20 гаруй жил аймгийн Засаг даргаар ажилласан байна. Дарга хийхэд учир бий. Сум болгонд өөр өөр арга барилаар ажиллана. Нэг суманд нь шалгалтаар очих гэж байгаагаа хэлдэг бол нөгөө суманд нь хэлэлгүй очно. Магтуулж юм хийдэг газар, муулуулж, загнуулж ажил хийдэг хүмүүс байна. Тэр бүгдийн түлхүүрийг тааруулахыг хичээдэг байлаа. Нэг жишээ ярихад тэр үед  нэгдлийн агуулахад бүх бараагаа хадгалдаг, бараа тус бүр хаяг тэмдэгтэй, эмх цэгцтэй байдаг байлаа. Тэгсэн нэг өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын агуулахыг шалгатал жаахан замбараагүй байна. Нэлээд орой ч болсон байв. Тэгэхээр нь хариуцсан бүх хүнийг нь шөнө дуудаад агуулахын барааг нь гаргуулаад шөнөжин цэгцлүүлж билээ. Хэдий тэр үед утас шөрмөс байгаагүй, мэдээлэл холбоо муутай ч тэр мэдээ сумдад түгж, бүгд агуулахдаа анхаарсан гэдэг.

     Соёлын довтолгоо бараг 30-аад жил үргэлжилсэн. 1970-аад оны сүүлчээр дахин эрчимжүүлсэн байдаг. Тухайн үед архитай тэмцэж байна гээд айлын бүрхээрийг хүртэл шатаасан гэдэг.

-Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж, малчид норм биелүүлэх хүндхэн даалгавар гүйцэтгэдэг байсан байх аа?

         -Тэгэлгүй яах вэ. Биднийг хүүхэд байхад аав тууварт явчихсан, ээж байсан юм. Нэг өдөр сумын дарга дуудлаа гээд л ээж уйлаад сум руу явлаа. Ээж минь их нулимс ойрхонтой хүн байж.

         “Би одоо яасан юм бол, буруу юм хийж” гээд л уйлаад байсан. Оройхон ээж буцаад ирлээ. Ээжээс яасан юу болсон бэ гээд л асуулаа. Тэгсэн тэмээний тушаасан ноос нэг килограмм дутаж гэнэ. Миний хүү яваад хэдэн тэмээгээ хураагаад ир гэдэг юм байна. Тэгээд л би тэмээгээ хурааж ирээд, тэмээнийхээ өвдөг тохой, толгойг нэг бүрчлэн самналаа. Ханын толгойд үлдсэн жаахан ноосоо нийлүүлээд бут харгана, бутарганад наалдсан ноосыг нь түүгээд ээж минь маргааш нь нөгөө жаахан ноосоо аваад сум руу явж билээ. Төлөвлөгөө, норм гэдэг тийм хатуу байсан үе л дээ.

        Намайг аймгийн даргаар ажиллаж байхад одоо хийхээ больсон 40-60 нэр төрлийн барааг аймаг, сумд өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Биологийн идэвхтэн Лувсанчоймбол гэдэг хүн “Нүүсэн айлын бууцнаас 20 мөнгөнөөс доошгүй баялаг олдог байлаа” гэж хуучилдаг байсан. Тэр үед шил, лааз, хөнгөн цагаан, цаасны хаягдал бүгдийг нь цуглуулж тушаадаг байв. Одоо ярихад итгэмээргүй ч, аймагт 5000 төгрөгөөр төлөвлөгөөний ажил хийвэл заавал төлөвлөгөөгөө бичүүлж, батлуулдаг байлаа.

ХҮН БАЙГАЛИАС, САЙН, МУУ БҮХ Л ЗҮЙЛЭЭС СУРАЛЦДАГ ЮМ БИЛЭЭ

-Аймгийн Засаг даргаар та 20 гаруй жил ажилласан гэдэг. Тухайн цаг үед даалгаж байсан хамгийн содон сонин ажил юу байв?

         -Намайг Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхад манайх БНХАУ-тай бараг харилцаагүй байсан. Тэр үед хятадууд их хэцүү байсан шүү. Зээр, шувууг өвчлүүлээд хил давуулаад оруулчихна. Түүнээс нь болоод малын гоц халдварт өвчин их гардаг байлаа. Үхэр гурав хоног халуураад хэвтчихдэг өвчин гарна. Тагнуул бол байнга явуулна. Дорноговь аймгийн Засаг даргаар дөнгөж томилогдож байхад нэг хүндхэн даалгавар өгдөг юм байна. Хил орчмын зэрлэг, эзэнгүй адууг устга гэдэг даалгавар өгч байсан юм.

Жилд ойролцоогоор 1500 адуу устгаж, цэргийн хүнсний хэрэгцээнд өгч байсан. Яагаад адуу тэгж олширч, эзэнгүй болсон бэ гэхээр эх орны дайны үед говийн бүсийн эрчүүдийг цэрэгт дайчилсан эрчүүд ховор болсон байв. Ингээд мал харах хүнгүй болж, адуугаа маллахаа больсон. Мөн 1945,1946 оны бичин жилийн зуднаар олон мал уруудаж алга болсны олонх нь адуу байсан байгаа юм. Дээр нь 1950 хэдэн онд нэгдэлжих хөдөлгөөн үргэлжлэх үеэр иргэд малаа тоолуулахгүй адуугаа сул тавьсан зэрэг шалтгаанаар хилийн зурвасаар зэрлэг адуу олширсон байгаа юм. Ингээд адуу, мал хилээр гаргахгүй гэж хилийн зурвасаар тор татаж байсан.

          Бас нэг сонирхолтой зүйл ярихад Дорноговь аймгийн даргаар ажиллаж байсан нэг зун аймгийн төв Өргөн сум хоёрын хооронд үер бууж, урдаас ирж байсан олон улсын суудлын галт тэрэг үерт автаж, зам эвдэрдэг юм байна. Суудлын галт тэргэнд сууж явсан хүмүүсийг Эрдэнэ суманд хүргэлээ. Зуны нимгэн хувцастай явсан хүмүүс тэр чигтээ усанд автаж, дотуур хувцастайгаа шахуу үлдсэн байв. Тэгээд галт тэргэнд явсан хүмүүст хувцас өгөхөөр Эрдэнэ суманд хүргэсэн нөөцөд нь дан нэг загварын нэг ижил хэмжээтэй шар цув, манайд үйлдвэрлэдэг байсан 90 төгрөгийн ботинк байсан. Гутал нь 41, 42 размерынх. Хөгшин, залуу, эр эмгүй тэр хувцсыг нь өмсөж билээ. Тэгээд дараа нь би Сайд нарын зөвлөл дээр энэ асуудлыг хэлж, хилийн бүс дээр иргэний хамгаалалтад зориулсан хувцас, хоол бэлэн бүтээгдэхүүн байх хэрэгтэй юм байна гээд нөөцтэй болох ажил хийж билээ. Хүн ер нь байгалиас, сайн, муу бүх л зүйлээс суралцдаг юм билээ.

 -Та Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа АИХ-ын даргын албыг давхар хашиж байсан байх аа?

         -Засаг дарга гэдэг чинь 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш бий болсон нэршил. Түүнээс өмнө Аймгийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэж нэрлэдэг байв. 1985 онд Төв аймгийн даргаар очиж байлаа. Ингээд Төрийн ордонд давхар ажилладаг болов. Олон ч ажлын комисст багтаж байсан. 1990 оны Сонгуулийн тухай хуулийг ч боловсруулах Ажлын хэсэгт  багтаж байлаа.

      1990 онд АИХ-ын даргаар томилсон юм. Манай намын гишүүд ч тэр, нөгөө намынхан ч татгалзсангүй, 100 хувийн санал авсан. Би долоо хоногийн дөрвөн өдөр аймаг дээр, гурван өдөр нь хотод ажилладаг байв.

     1990 оны тавдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг анх баталж байсан. Тухайн үед манайхан хоёр танхимтай парламенттай, дээд, доод хуралтай байхаар анх оруулж байлаа. Ингэхдээ Ардын Их Хурал нь төрийн удирдах дээд байгууллага мөн. Ардын бага хурал нь байнгын ажиллагаатай, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй байна. Бага хурал, Их хуралд ажлаа тайлагнана гэж заасан. Хоёр танхим 1960 он хүртэл байсан тогтолцоо.

     Хоёр танхимтай байхад олон давуу тал байжээ. “Улсын бага хурал, шүүхийн байгууллага, Засгийн газар биднийг хянадаг газар байгаа шүү” гэж айдаг, хяналттай байсан байна.

АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ХҮНДЭЛДЭГГҮЙ, ХУУЛИА ДЭЭДЛЭЭГҮЙ ТӨР ХҮЧГҮЙ

-1992 оны Үндсэн хуулийг хэлэлцүүлэн батлах үеийн хамгийн том гэрчийн нэг нь яах аргагүй та. Тухайн үед олон депутат ажиллаж, санаагаа тусгаж, хуулийн төслийг олон хоног сууж боловсруулсан гэдэг шүү дээ. Энэ тухай та сонирхуулбал?

       -Бид Үндсэн хууль боловсруулах мандатыг ард түмнээсээ авсан хүмүүс. Засаг захиргааны нэгж бүрээс хүн сонгож, нийт 430 депутаттай Ардын Их Хурлыг байгуулж байлаа. Ардын Их Хурлаас Улсын бага хурлыг зохион байгуулж байсан юм. Бага хурал хуулийн төслөө боловсруулаад хоёр удаа хэлэлцээд гурав дахь дээр нь Ардын Их Хуралд өргөн барьсан. 

          1992 оны Үндсэн хуулийг батлахад би бэлтгэл үе дээр нь АИХ-ын дарга, хэлэлцүүлэх үед нь 21 хүний бүрэлдэхүүнтэй АИХ-ын депутатын хорооны дарга байлаа. Энэ хороо нь Үндсэн хуулийн зүйл заалт тус бүрийг нэг бүрчлэн уншаад, эцсийн найруулга хийдэг байсан. Ингээд Улсын бага хурлыг төлөөлж, Б.Чимид Үндсэн хуулийн танилцуулгыг хийж байлаа. Тиймээс одоо түүнийг Үндсэн хуулийн эхийг баригч гэж ярьдаг юм.

    Үндсэн хуулийг хэлэлцүүлэн баталсны дараа нь би УИХ-ын дэд даргаар ажилласан. Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх бүх шатанд нь би оролцсон гэсэн үг. Би өөрийн сайндаа энэ бүгдийг хийгээгүй. Манай хамт ажилласан журмын нөхөд итгэл хүлээлгэж, түүнийг нь би гүйцэтгэсэн юм.

  Бид Үндсэн хуулийн төслийг боловсруулж байхдаа 21 хоног хуралдана. 1991 оны арваннэгдүгээр сарын 26-нд шинэ Үндсэн хуулиа батална гэж зорьж байв. Гэтэл үг үсэг нэг бүрийг хэлэлцээд эхлэхээр цаг хугацаа орж нийт 76 хоног хуралдлаа. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ёсчилж байлаа.

  Үндсэн хууль багц тунхаглалын шинжтэй. Түүнийг задалж унших нь үе үеийн парламентын мэдлэг боловсрол, төрд бэлтгэгдсэн хүмүүсийн оюун санаанаас шалтгаална.

-Одоо Үндсэн хуульд гар хүрэх, шинэ Үндсэн хуультай болох асуудлыг яриад эхэллээ. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

    -1992 онд бидний бичиж баталсан Үндсэн хууль агуулгаараа бүрэн дүүрэн хэрэгжээгүй. Үндсэн хуулийн хамгийн сүүлийн заалт дээр “Мэдэгтүн, сахигтун” гэсэн байдаг. Энэ хоёр заалтын аль нь ч хэрэгжээгүй. Хуулиа дээдлэхгүй байна

    Манай улсад хамгийн харамсалтай нь хуулиа дээдлэх соёл байхгүй. Ард түмнийхээ итгэлийг хүндэтгээгүй, хуулиа дээдлээгүй төр хүчгүйд тооцогддог. Хууль дээдлэх ёс дээрээсээ эхлэх ёстой.

     Үндсэн хуульд 1999, 2019, 2022 онд хийсэн өөрчлөлтүүд “бай”-гаа оноогүй, Үндсэн хуулийг сайжруулахад чиглээгүй. Харин ч түүний агуулга чанарыг өөрчилсөн. Тэгээд л ард түмний дүнд дордуулсан долоон заалт гэж нэрлэгдэх болсон. Үндсэн хууль судлаач их олон болж, Үндсэн хуулийг өөрчилнө гэж байна. 1992 оны Үндсэн хуульд дутагдал байгаа. Гэхдээ тэд оношоо зөв олохгүй байна. Үнэндээ одоогийн Их хурал Үндсэн хуулийг шинэчлэх чадамжгүй.

-Таныхаар яаж өөрчилбөл зөв юм бэ?

      -УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна гэдэг нь буруу байж. Ард түмний хяналтгүй нэг танхим гэдэг бол хийхийг хүссэн зүйлээ хийгээд, хүсэхгүй бол юу ч хийдэггүй юм байна. Уг нь энэ 76 гишүүнийг ард түмэн хууль боловсруулж, батал, гэж явуулснаас биш нэг сургуулийн нээлтэд очиж, тууз хайчил гэж явуулсан юм биш. УИХ бол хамтаараа 76-уулаа байж шийдвэр гаргадаг хууль тогтоох дээд байгууллага.

        Гэтэл өнөөдөр УИХ-ын ажлыг Засгийн газар, Засгийн газрын ажлыг УИХ хийгээд байна. Өнгөрсөн 30 жил ард түмэн Засгийн эрхийг барих мэдлээ намд алдсан. 76 хүнийг сонгохдоо ард түмэн намаас нэр дэвшүүлсэн хүнийг дуртай ч дургүй ч сонгохоос өөр аргагүй болжээ. Тиймээс өнөөгийн Их хурал ард түмнийг төлөөлөхөө больж, нам түүнийг нь авчихсан байна. Манай нэг танхимтай УИХ төрийн залгамж чанарыг алдагдуулж байна.

   Ер нь төрийн аль ч шатны босго багасаж, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Дээр үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референтийн босгыг давах гэж яамдын сайд нар үйлээ үздэг байлаа. Энэ бол Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн албаны мэргэшсэн албан хаагч байхгүй болсонтой холбоотой. Нэг танхимтай парламентын гор нь энэ байна даа. Гэхдээ одоо гишүүдийн тоог нэмээд ямар ч нэмэргүй. Хяналтгүй байгаа энэ үед иддэг, уудаг, хийдэггүй хэвээр байна. Хууль тогтоох байгууллагын дээр дээд хяналт тавьдаг бүтэц байх хэрэгтэй. УИХ, Засгийн газрыг төр гэдэггүй юм. Баг, хороо, сум, дүүргээс Ерөнхийлөгч хүртэлх бүх албыг бүхэлд нь төр гэж байгаа юм.

-Ер нь улс, эх орон, ард түмнийхээ төлөө хийж бүтээнэ гэж төрийн өндөр албан тушаалд оччихоод үндсэн зорилгоосоо буцдаг, ухардаг байдал хаа сайгүй болчихлоо. Өөрийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг нь манай төрийн түшээдийн бодит байдал. Эрх мэдэл хязгааргүй байх ёстой юу?

   -Уг нь эрх мэдлийг хязгаарлахын тулд Үндсэн хууль байгаа юм шүү дээ. Зарим нь улсын эрх ашгийн төлөө биш, хувийн эрх мэдлийнхээ төлөө өрсөлдөж байна. Эрх мэдлийг хязгаарлахаар тусгасан зүйл заалтуудыг нь дээр хэлснээр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гажуудуулчихсан. Хулгай хөрөнгө мөнгөн дээр тогтдог байсан бол төрийн тогтолцоо хууль руу орж байна.

   Би өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ярихад 1990 оны үйл ажиллагааг дахин давтах хэрэгтэй байна. Ингэхдээ хоёр асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, төрийн тогтолцооны талаар, хоёр танхимтай парламенттай байх уу, нэг танхимтай байх уу гэдгийг нэг мөр болгох ёстой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээ шийдэх нь зүйтэй.

-Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гэж төрдөө залбирч, сүсэглэж, төрийн хүн гэж хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Энэ хүндэтгэл аажим аажмаар үгүй болсоор л байна. Төрд ажиллахын мөн чанарыг та тодорхойлж хэлэхгүй юү?

      -Төрийн хүн Монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Монголоо гэсэн зүтгэл байх ёстой. Хүн өсөхөөс өтлөх хүртлээ суралцаж байдаг. Дарга бол бусдыг манлайлж, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн үйлдэлдээ үнэнч байх хэрэгтэй. Төр барьж байгаа түшээд эхийгээ, эцгийгээ бодож ажиллах ёстой. Эхдээ хайртай байгаа шигээ улс үндэстэндээ хайртай байх хэрэгтэй.

-Та төрийнхөө төлөө ажилласан цаг хугацаагаа эргэцүүлж бодож үзэв үү?

     -Би хувь заяандаа баярладаг. Би хоёр мянган дамжиж, хоёр нийгмийн нүүр үзлээ. Хүний хамгийн сайхан үе бол амар амгалан юм байна. Би одоо тэр амгаланг мэдэрч чадаж байна гэж боддог. Хүн амьдралдаа ханиа зөв сонгох хэрэгтэй. Ханиа зөв сонгож гэмээнэ үр хүүхэд нь зөв хүмүүжнэ. Үр хүүхэд нь зөв байж нийгэм амгалан байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

     -Баярлалаа.

 


Ж.ГОМБОЖАВ: ТҮШЭЭД ТӨРИЙН АЖЛЫГ ЭХ, ЭЦГЭЭ БОДОЖ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ ДОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:41:30
    Моломжамц: Би Ж.Гомбожав гуайтай амин хувийн болон албан ажлын шугамаар 2 удаа учирч байлаа. 1 дэх учралаа дээр бичсэн. Хоёрт нь 1988 оны намар Увс аймгаас шилжиж ирээд удаагүй Налайх хотын ПГазар ерөнхий хяналт эрхэлсэн прокуророор ажиллаж байхдаа Нийслэл болон Төв аймгийн ПГ-ын хамтарсан шалгалтын хэсэгт орж Богд хаан уулыг бүтэн тойрч байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийн байдалд хяналт шалгалт явуулсан юм. Шалгалтын дүнг УБ хот,Төв аймгийн НХ-ны товчооны өргөтгөсөн хурлаар хурлаар хэлэлцүүлэхэд түүний гаргаж байсан байр суурь, дүгнэлтийг сонсоод төрийн түшээ гэдэг хүн ийм л байдаг байхдаа гэж бодоод биширч байлаа. Танд урт нас, удаан жаргалыг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 07:28:14
    Моломжамц: Би Ж.Гомбожав гуайтай амин хувийн байдлаар 2 удаа учирч байлаа. Нэгд нь 1987 оны зун Увс аймгийн Прокурорын газар ажиллаж байхдаа ээлжийн амралтаар ирсэн үед хадам аавынхаа гэр бүлийн хамт тухайн үеийн УБ хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан Л.Лантуу даргын зусланд зочилсон юм. Тэгэхэд Төв аймгийн дарга Ж.Гомбожав гуай мөн гэр бүлийн хамт ирсэн байсан. Тэгэхэд тийм том дарга хүн шинэ гаргасан хонины гэдэс дотрыг өөрөө цэвэрлэж байхыг их л гайхаж байж билээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188