• Өнөөдөр 2024-05-11

Ө.ШИЖИР: МАН-ыг тараах захирамжтай холбоотой 200 гаруй хуудас материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна

2021-04-23,   867

          Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ захирамжийнхаа хүрээнд холбогдох баримт материалуудыг өнөөдөр 11:00 цагт өөрийн биеэр Улсын дээд шүүхэд авчирч өгөхөөр товлоод байсан. Гэвч Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын голомт гарсан учраас шүүгчид цуглах буюу Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах боломжгүй гэдэг тайлбарыг өнөө өглөө ЕТГ-т хүргүүлсэн билээ. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхэд ирж, бичиг хэргээр нь дамжуулан МАН-ыг тараахтай холбоотой баримт материалуудыг хүлээлгэн өглөө. 
 
Тэрбээр, Улсын дээд шүүхээс гарч ирснийхээ дараа “Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамж гаргасан. Энэхүү захирамжийн хүрээнд Ерөнхийлөгч өнөөдөр Улсын дээд шүүх дээр өөрийн биеэр ирж, МАН-ыг тараахтай холбоотой бичиг баримт, нотлох баримт, материалуудыг шүүгчдэд өгөх ёстой байсан. Гэвч коронавируст халдварын улмаас Улсын дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэсэн хариулт ирүүлснийг хүндэтгэн үзэж, Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирсэнгүй. Харин нотлох баримт материалуудаа бичиг хэргээр нь дамжуулан хүргүүлж байна. Одоогоор МАН-ыг тараах захирамжтай холбоотой 200 гаруй хуудас бичиг баримт бүрдээд байгаа. Улсын дээд шүүхэд хүргүүлж буй энэхүү материалуудаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын веб сайтдаа бүрэн эхээр нь байршуулах болно. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүх дээр биечлэн ирэх болсныг улс төрийн зорилгоор “Дээд шүүхийн шүүгчдэд нөлөөлөх гэж байна” гэх утгатайгаар тараасан явдал гарсан.  Гэхдээ Ерөнхийлөгч шүүгчдэд нөлөөлөх гэж биш захиргааны үйл явцын дагуу шүүгчидтэй биечлэн уулзаж, тайлбар өгөх гэж байсан гэдгийг тодотгон хэлмээр байна. Хөл хорионы дэглэм цуцлагдсаны дараа Ерөнхийлөгч өөрийн биеэр Улсын дээд шүүхэд ирж, өөрийн хүргүүлсэн нотлох баримт, материалууддаа тайлбар өгөх болно” гэлээ.  
 

Ө.ШИЖИР: МАН-ыг тараах захирамжтай холбоотой 200 гаруй хуудас материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188