• Өнөөдөр 2024-05-11

Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг өгөх албан бичиг явууллаа

2021-04-08,   808

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан дөрвөн их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр нэг сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
 
“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавирусийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.
 
Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан дөрвөн их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

 
Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.
 
Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.
 
 

Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг өгөх албан бичиг явууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-08 21:53:25
    Эмээ: Яасан сайн юм бэ? Ерөнхийлөгч маань засгийн газраа дэмжээд офшороо оруулж ирээд тараах нь уу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188